| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2026/0584/З |
| Дугаар | 128/ШШ2026/0729 |
| Огноо | 2026-08-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2026/0729
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т******* овогт Ө*******ын М*******, РД:*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д,
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М, Б.Г, Б.Г нарын хоорондын “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/338 дугаартай “Албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулснаас үүссэн цалингийн нийт зөрүүний мөнгөн дүн болох 960,000 төгрөгийг олгох, дээрх цалингийн зөрүүгээс тооцох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, даатгалын дэвтэрт /цахим бүртгэлд/ нөхөн бичилт баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.Г, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/338 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар Ө.М*******ад Д******* аймгийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтний ажлаас 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 03 дугаар сарын 04-ний өдрөөс мөн газарт Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагчаар томилж, “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан.
1.2. Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 04/1134 тоот албан бичгээр “... уг шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны тухай хууль тогтоомжид зааснаас өөрөөр буюу Цагдаагийн албаны тухай хуульд заасан зохицуулалтыг үндэслэсэн байх тул Төрийн албаны зөвлөлийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй бөгөөд гомдолд дурдсан асуудлаа шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгсөн.
1.3. Нэхэмжлэгчээс 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/338 дугаартай “Албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “албан тушаал бууруулснаас үүссэн цалингийн нийт зөрүүний мөнгөн дүн болох 960,000 төгрөгийг олгох, дээрх цалингийн зөрүүгээс тооцох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, даатгалын дэвтэрт /цахим бүртгэлд/ нөхөн бичилт баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах” гэж нэмэгдүүлсэн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Ө.М******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/96 тушаалаар Д******* аймгийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтнээр томилогдон 2023 оны 01 дүгээр сарын 25-наас эхлэн тус албан тушаалд ажилласан.
2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үйл явдал.
Нэхэмжлэгч ажлын бус цагаар найзтайгаа ажлаа тараад тухтай хоорондоо ярилцаж сууя гээд уулзан караокед хамт байх үед оройн 20 цагийн үед гэр бүлийн хүн болох Г.Н******* утсаар ойр ойрхон залгаж байхаар нь дууг нь хаагаад утсаа авалгүй сууж байхад караокед хүрч ирээд за харъя гээд хамт байсан найзыгаа гэрийн гадаа нь буулгаад бид цааш харих замдаа хувийн гэр бүлийн маргаан гарч хоорондоо үл ойлголцол үүсэж гэр бүлийн маргаан үүсээд байхад цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид ирж, нэхэмжлэгчийг цагдаагийн газарт авч ирж шалгалт явуулан тухайн өдөр нэхэмжлэгчийн согтолтын зэргийг шалгахад 1.65 хувь тогтоогдсон байдаг.
Үүнээс хойш Дархан Уул аймгийн цагдаагийн газрын дотоод хяналтын шалгалтын хүрээнд 20250360000030 дугаартай албаны шалгалт хийгдсэн.
Шүүхийн шийтгэврийн дүгнэлт:
Д******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ЗШ/2179 дугаартай шийтгэврийн тодорхойлох хэсэгт:
Хохирогч л. Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай бага хүүхэд 6 сартай. Мөн 3,4 насны нийт 3 хүүхэд байдаг. Бага хүүхэд маань тухайн өдөр өдөржингөө уйлаад бие нь таагүй байсан. Нөхөр маань 10 дугаар сарын 10-ны өдөр 5 дахь өдөр удахгүй очлоо гэсээр байгаад оройн 21 цаг өнгөрсөн. Гадуур гарахаараа SB гэх бааранд очдог учраас би шууд яваад очсон. Тэгэхэд тагтан дээр нь тамхи татаад зогсож байсан. Тэгээд найзыг нь хүргэж өгөөд гэрийн гадаа очсон. Машинаас бууж гэртээ оръё гэхэд үгүй гээд байсан. Бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Тэр үед угаасаа хүний яриаг ойлгохооргүй зөрүүдлээд байсан. Бид хоёр хамт амьдраад 7 жил өнгөрч байна. Би хүүхэд асрах чөлөө авснаас хойш ажил хийгээгүй. Гэртээ хүүхдүүдээ харж, ар гэрийн ажлаа зохицуулдаг. Нөхөр маань ажилдаа л хамаг цаг заваа зарцуулдаг учраас би маш их бухимдалтай байдаг. Тэгээд тэр өдөр уурласандаа цагдаагийн байгууллагад намайг алгадсан, миний биед хүрчихлээ гэж дуудлага өгсөн. Дарханд амьдраад 3 жил болж байна. Их хэмжээний зээл төлбөр төлдөг учраас нөхөр маань л ганцхан ажилласан цалингаараа амьдралаа зохицуулдаг. Тухайн үеийнхээ уур бухимдлын улмаас нөхрийнхөө эсрэг худал мэдүүлэг өгч, муухай үйлдэл хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Манай нөхөр надтай 7 жил хамт амьдрахдаа огт гар хүрч байгаагүй гэв.
Хохирогч Л.Н******* нь холбогдогч Ө.М*******ыг “намайг алагдаж зодоогүй” харин “орилж, хэл амаар доромжилсон” гэж мэдүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн үйлдлийг бусдын бие, эрх чөлөөнд халдах биш, харин хэрүүл маргаан үүсгэж танхайрах (ЗТХ 5.2.1.1) зөрчилд зүйлчлэн 100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан.
Албаны шалгалт болон зөвлөлийн хурлын дүгнэлт:
Дархан Уул аймгийн цагдаагийн газрын дотоод хяналтын шалгалтын хүрээнд №20250360000030 дугаартай албаны шалгалтын шалгагчийн материалд хавсаргагдсан Д******* аймгийн цагдаагийн газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №09 дугаартай зөвлөлийн хурлын тэмдэглэлийн дүгнэлт хэсэгт:
Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ө.М******* нь Монгол Улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн.
Д******* аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн №09 дугаартай зөвлөлийн хурлаар нэхэмжлэгчийн асуудлыг хэлэлцэж, шүүхийн шийдвэрт “бие, эрх чөлөөнд халдсан” гэж тогтоогдоогүй байхад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” хэмээн дүгнэлт гарган “албан тушаал бууруулах” санал хүргүүлэхдээ хэрэг явдлыг бүхэл талаас нь шалгаагүй, нэг талыг барьсан.
Цагдаагийн хошууч А.М******* нь зөвлөлийн хурлын гишүүдэд амаар тайлбар хэлэхдээ шүүхээс бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл тогтоогдоогүй танхайрах зөрчилд хариуцлага оногдуулсан талаар тайлбараа ярьсан боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн чинь тогтоогдсон мэтээр албаны шалгалтын дүгнэлт үйлдэж улмаар цагдаагийн ерөнхий газрын удирдлагад бүрэн гүйцэт, сайтар нягтлан шалгалгүйгээр “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах санал хүргүүлсэн нь албан хаагчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлсөн.
Мөн Ө.М*******ад холбогдуулсан явуулсан албаны шалгалтын явцад эхнэр Л.Н******* гэж тодорхойлсон нь хуулийн нэршил буруу бөгөөд нэхэмжлэгч Ө.М******* нь Л.Н*******тай гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд ба хууль ёсны гэрлэлтийн лавлагаагаар Д.Ц*******той бүртгэгдсэн үүнийг дүгнэвэл албаны шалгалт нэр төдий явуулсан нэхэмжлэгчид хэт хүнд шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.
Албаны шалгалт явуулсан байдал нь зөвхөн алба хаагчийн ёс зүйн зөрчлийг гуйвуулан, бусдын бие эрх чөлөөнд халдсан гэсэн талыг барьж шалгаж тогтоосон мэт дүгнэж байгаа нь Д******* аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтны хувийн үзэмж хандлага харилцаа нөлөөлсөн байж болзошгүй байна.
Нэхэмжлэгч Ө.М******* нь иргэн Д.Ц*******той хууль ёсоор гэрлэлтийн бүртгэлтэй байх бөгөөд Л.Н******* нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд нь үнэн боловч нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу гэрлэлтийн харилцаатай эхнэр биш байдаг. Энэ мэт агуулгыг албаны шалгалтаар нягтлан тодруулж тогтоолгүй нь шалгалтын ажиллагааг бүрэн дүүрэн нотлоогүйн илрэл болж байна. Хамтран амьдрагч Л.Н*******ын бие, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь хангалттай үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад халдсан үйлдэл гаргасан хэмээн үндэслэлгүй тушаал гаргаж Ө.М*******ын гаргасан зөрчилд тохироогүй сахилгын шийтгэлд оногдуулсан нь алба хаагчийн эрх зүйн байдал хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.
Сахилгын шийтгэл оногдуулсан тушаал танилцуулсан байдал:
Нэхэмжлэгчид энэ оны 03 дугаар сард тус цагдаагийн газрын удирдлагаас Цагдаагийн ерөнхий газрын 550 дугаартай тушаалын мэдэгдэх хуудас ирсэн чамд сахилгын шийтгэл оногдуулсан гэж амаар болон бичгээр танилцуулсан.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/338 дугаартай тушаалын 550 дугаартай мэдэгдэх хуудаст цагдаагийн хошууч Ө*******ын М******* нь ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Л.Н*******тай хэрүүл маргаан үүсгэж, бие эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 ний А/194 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.4.10-д заасныг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь заалтад заасныг баримтлан сахилгын шийтгэл оногдуулсан.
Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “...ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан. Хариуцагч нь шүүхийн шийтгэврийн дүгнэлт, хохирогчийн өөрийн тайлбарыг үл харгалзан нэг талыг хянан шалгаж буруу дүгнэлтэд хүрсэн нь эдгээр заалтыг зөрчсөн болно.
Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэрийг зорилгод хүрэхэд шаардлагатай, зохистой байдлаар гаргана” гэж заасан. Д******* аймгийн Шүүх зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 5.2.1.1 (танхайрах) хэмээн зүйлчлэн 100,000 төгрөгийн торгууль оногдуулан шийдвэрлэсэн байтал хариуцагч “албан тушаал бууруулах” шийтгэл оногдуулсан нь зөрчил болон шийтгэлийн хоорондын тэнцлийг алдагдуулсан тэгш бус шийдвэр болсон.
Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйл Сахилгын шийтгэл оногдуулах шалгуур:
Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12.15-д сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, учирсан хохирол, үр дагавар зэрэг хүчин зүйлсийг харгалзана гэж заасан. Энэ тохиолдолд шүүхийн шийтгэврээр бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл тогтоогдоогүй бөгөөд хохирогч өөрөө мэдүүлгээ буцаасан байхад “албан тушаал бууруулах” шийтгэл оногдуулсан нь дүрмийн шаардлагыг хангаагүй буюу нийцэхгүй болно.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Код 112.7.2 Бодитой үнэлгээ хийх.
Тус журмын 112.7.2-т “алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүйг бодитой үнэлэх” гэж заасан. Хариуцагчийн зүгээс явуулсан албаны шалгалт нь нөхцөл байдлыг нэг талаас нь барьж шалгасан, шүүхийн шийдвэрт тогтоогдсоноос давсан дүгнэлт гаргасан нь уг заалтыг зөрчсөн үйлдэл болжээ.
Д******* аймгийн цагдаагийн газрын гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ө.М*******ад оногдуулсан “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдал, учирсан хохирол, үр дагавар зэрэг хүчин зүйлсэд тохироогүй, хэт хүнд сахилгын шийтгэл оногдуулсан нь Ө.М*******ын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/338 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дархан- Уул аймгийн цагдаагийн газрын гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Нэхэмжлэгч Ө.М******* нь өмнөх албан тушаал буюу Д******* аймгийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа сард Үндсэн цалингийн хэмжээ 1,715,000 төгрөгийн цалин авч байсан. Албан тушаал буурснаас хойш бууруулсан албан тушаал болох хэсгийн байцаагчаар томилогдон ажиллах хугацаанд сард “Үндсэн цалингийн хэмжээ 1,555,000” төгрөгийн цалин авсан тул сарын цалингийн зөрүү дүн 160,000 төгрөг байна.
2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 6 сарын хугацааны нийт цалингийн зөрүүний дүн 960,000 төгрөг болжээ. Мөн тухайн хугацаанд дутуу олгогдсон цалингийн зөрүүд тохирох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулж, нөхөн бичилт хийлгэх шаардлагатай” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч ажлын бус цагаар найзтайгаа уулзаж, караокед байх үед орой 20 цагийн үед гэр бүлийн хүн болох Л.Н******* нь утсаар ойр, ойрхон холбогдож байсан учраас утасныхаа дууг хаачихсан байсан. Улмаар холбогдож чадаагүй байна. Тэгээд гэр бүлийн хүн нь караокед байж байхад нь хүрч ирээд найзтай нь хамт авч яваад, найзыг нь гэрт нь хүргэж өгөөд цаашаа гэр лүүгээ харьж байх замд хоорондоо маргаж үл ойлголцол үүсэж, гэр бүлийн маргаан үүссэн. Тухайн цаг хугацаанд цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид ирж, нэхэмжлэгчийг тус цагдаагийн газарт шалгалт явуулан тухайн өдөр нэхэмжлэгчийн согтолтын зэргийг шалгахад нэг бүхэл 65 хувьтай тогтоогдсон. Түүнээс хойш Д******* аймгийн Цагдаагийн газрын хяналт шалгалтын хүрээнд 5, 30 дугаартай албаны шалгалт хийгдсэн. Мөн Д******* аймгийн сум дундын анхан шатын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20252179 дугаартай шийтгэврийн тодорхойлолт хэсэгт нь болохоор хохирогч Л.Н*******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Нөхөр маань тухайн 10 дугаар сарын 10-ны өдөр удахгүй очлоо гэсээр байгаад 21 цаг өнгөрсөн. Гадуур гарахаараа Изберг караокед очдог, шууд тэр газар нь яваад очсон. Тухайн үед найзтайгаа сууж байсан. Ингээд бид гэр лүүгээ харих замдаа хэрүүл, маргаан болсон. Тэр үед ойлголцоогүй, харилцан зөрүүдлээд байсан учраас бид хамт амьдраад 7 жил өнгөрч байна. Би хүүхэд асрах чөлөө авснаас хойш ажил хийгээгүй, гэртээ хүүхдүүдээ харж, ар гэрээ зохицуулдаг. Нөхөр маань ажилдаа бүх цагаа зарцуулдаг учраас би маш их бухимдалтай байдаг. Тэгээд тэр өдөр уурласандаа цагдаагийн байгууллагад намайг алгадсан, миний биед хүрчихлээ гээд дуудлага өгсөн. Дарханд амьдраад 3 жил болж байна. Их хэмжээний зээл төлбөр төлдөг учраас манай нөхөр ганцхан ажил хийж, цалингаараа амьдралаа зохицуулдаг. Тухайн үеийн уур бухимдлаас болоод нөхрийнхөө эсрэг худал мэдүүлэг өгч, тухайн үйлдэл хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Манай нөхөр надтай 7 жил хамт амьдрахдаа огт гар хүрч байгаагүй. Мөн Л.Н*******, нэхэмжлэгч Ө.М******* намайг алгадаагүй, зодоогүй, харин зайл гэх хэл амаар доромжилсон гэж шүүх хуралдааны явцад мэдүүлжээ. Шүүх нэхэмжлэгчийн үйлдлийг бусдын биеийн эрх чөлөөнд халдсан гэдэг зүйлчлэлээр биш. Харин олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, танхайрах буюу Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1.1-д заасан зөрчил үйлдэгдсэнд тооцох 100.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Мөн албаны шалгалт болон нэхэмжлэгч Ө.М*******ыг зөвлөлийн хурлаар шийдвэрлэх асуудлыг товч дурдъя. Тухайн Д******* аймгийн Цагдаагийн газрын хяналт шалгалтын хүрээнд албаны шалгалтын материалд хавсаргачихсан. Мөн тус аймгийн Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай зөвлөлийн хурлын тэмдэглэл хэсэгт болохоор Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн Гэмт бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн Ө.М******* нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бусдын бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж тодорхойлсон. Мөн Д******* аймгийн Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцэж байхад нэхэмжлэгч Ө.М******* нь шүүхийн шийдвэрт бие, эрх чөлөөнд халдсан гэж тогтоогдоогүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зөвлөл болон албаны шалгалтын тогтоолд дүгнэлт гарган албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах санал хүргүүлэхдээ бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй үйл баримтыг бүх талаас нь шалган тогтоогоогүй гээд нэг талыг барьсан ийм албаны шалгалт явагдсан. Мөн Л.Н*******ын гаргасан гомдолд холбогдож байгаа нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөх шийдвэр гарч болзошгүй талаар гомдол гаргагчид огт мэдэгдээгүй буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т заасан өөрийн гэр бүл, гишүүдийн хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулаагүй байдаг. Төрийн албаны тухай хуульд зохицуулснаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдэхийг нь харгалзан дараах шийтгэлүүдийг аль тохирохыг нь оногдуулна гэдгээр хуульчлан зохицуулсан. Мөн Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах шалгуур гэж байгаа. Тухайн шалгуурт цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, учирсан хохирол, үр дагавар, хүчин зүйлсийг харгалзана гэж зааж тодорхойлсон. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэрээр бие эрх чөлөөнд халдсан үйлдэл нь тогтоогдоогүй байна гээд хохирогч мэдүүлгээсээ буцаасан ийм албан тушаалд нөхцөл байдал тодорхойлж, шүүх шийдвэр гаргасан байхад бусдын биед халдсан гэдэг байдлаар тус цагдаагийн газраас албаны шалгалт явуулж байгаад нэхэмжлэгч гомдолтой байгаа. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам буюу код 112.7-д зааснаар албаны шалгалтыг бодитой үнэлгээ хийх гэж тодорхойлсон. Тус журмын 12.7.2-т алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүйг бодитой үнэлэх гэж заасан бөгөөд хариуцагчаас явуулсан албаны шалгалтад нөхцөл байдлыг нэг талаас нь барьж шалгасан. Шүүхийн шийдвэрээр буюу шүүх хуралдаанаар тогтоогдсоноос давсан дүгнэлт гаргасан нь тухайн заалтуудыг илт зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Мөн Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар Цагдаагийн алба хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж тодорхойлсон. Энэ болохоор Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд тодорхой зүйлчлэлээр сахилгын шийтгэлийг зохицуулж өгснөөр зохицуулагдаж байна. Энэ хуулийн заалтуудаас үзэхээр цагдаагийн албан хаагч Ө.М******* нь төрийн жинхэнэ албан хаагч болон түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулиар тус, тус зохицуулагдсан. Иймд эрх бүхий албан тушаалтанд ёс зүй, сахилгын дүрэм зөрчсөн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн төрлөөс сонгон хэрэглэхдээ Төрийн албаны тухай хуульд зааснаар үндэслэл болгох буюу зөрчлийн шинж байдал, түүний анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, нөхцөлийг зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа юм. Учир нь эрх бүхий албан тушаалтанд хуульд заасан сахилгын шийтгэлийн төрлийг сонгон хэрэглэх нь Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд тус, тус нийцэх учиртайг анхаарах хэрэгтэй байна. Мөн эхнэр Л.Н******* гомдолтой бол хэл амаар доромжилсон, зүй бус харьцсан, маргалдсан гэх мэт Ө.М*******ад холбогдон гаргасан үйлдлийг ёс зүйн асуудалд хамруулан зөрчил гэж үзэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Харин албаны шалгалтыг явуулахад эхнэр Л.Н*******ын биед халдсан гэж шалгаж шийдвэрлэсэн болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/338 дугаартай албан тушаал бууруулах тушаалд дурдагдсан бодит нөхцөл байдалд нягтлаагүй, үзээгүй буюу сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй байгаа гэдгийг илтгэн харуулж байна. Мөн Ө.М*******ын гаргасан зөрчил нь ажлын бус цагаар хувийн гэр бүлийн хүрээнд гарсан ёс зүйн зөрчил юм. Мөн анх удаагийн үйлдэл байхад шууд сахилгын шийтгэлийн төрлийг алгасуулан буюу албан тушаалд бууруулах хүнд шийтгэлийг оногдуулсан нь зөрчлийн шинж байдал тохироогүй гэж үзэж байна. Ө.М******* хурлын үеэр нийт гишүүдэд амаар тайлбар хэлэхдээ өөрөө шүүхээс надад бол бусдын биед халдсан гэж үйлдэл тогтоогдоогүй, танхайрсан зөрчилд хариуцлага оногдуулсан талаараа удаа дараа хэлсэн. Энэ үйлдлийг зөвлөлийн гишүүд авч хэлэлцээгүй, албан тушаал дээр дүгнэж, улмаар гаргасан зөрчлийг нягтлан шалгаагүй, хэт нэг талыг барьж нотлох баримтыг буруу үнэлж, шийдвэр гаргах, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй сахилгын шийтгэл оногдуулж санал хүргүүлсэнд Ө.М*******ын эрх зүйн байдлын хувьд сөргөөр нөлөөлсөн. Учир нь Ө.М******* албан тушаал дээр албаны харилцааны хувьд санал нийлээгүй, танилцуулаагүй, гаргасан шийдвэрт нь өөрийн байр сууриа үгээр илэрхийлэх зарчмын санал тавихад надад заадаг хэн бэ гэх байдлаар ам зөрсөн тохиолдол гарч байсан. Үүнээс хувийн сонирхол буюу сахилгын шийтгэл оногдуулахдаа албан шалгалтыг удирдан явуулж байгаа удирдлага буюу Цагдаагийн газрын дарга хуурамч сөрөг харилцаатай байсан. Улмаар Ө.М*******ын гаргасан зөрчлийг ашиглан албан тушаалыг нь бууруулах санаа зорилго агуулсан байдал ажиглагдаж байна. Мөн үүнтэй ижил зөрчил гаргасан бусад алба хаагчидтай харьцуулсан байдлаар авч үзэхэд ер нь ижил зан төлөв болон олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн бусад алба хаагчидтай сануулах, эсвэл цалин буруулах шийтгэл оногдуулсан байхад нэхэмжлэгч Ө.М*******ад албан тушаал бууруулах шийтгэл оногдуулсан нь тэгш бус хандсан, ялгавартай шийдвэр болохыг онцолмоор байна. Учир нь Ө.М******* 2025 оны 12 дугаар сард тухайн ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд тухайн цагдаагийн газрын хэв журмын цагдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр шалгагдаж, тухайн үед тайлбар мэдүүлэг Ө.М******* өөрөө авч байсан. Улмаар тухайн алба хаагчид цалингийн 20 хувийг 3 сараар оногдуулах шийдвэр гаргасан. Эхэнд нь цалингийн 3 сар оногдуулаад, ямар албан тушаалд нь болохоор албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулаад байгаад ялгаварлан гадуурхсан буюу тэгш бус байдал үүсгэж байна. Мөн захиргааны байгууллагын ижил төрлийн ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчид хөнгөн шийтгэл оногдуулдаг атал Ө.М*******ад хувийн хандлагаар ялгавартай хандаж, хүндрүүлсэн шийтгэлийг оногдуулсан учир Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/338 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Д******* аймгийн Цагдаагийн газрын Гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн ахлах мэргэжилтэнд эргүүлэн тогтоолгож, хариуцагч байгууллагаас албан тушаал бууруулснаас үүссэн цалингийн 960.000 төгрөгийг нөхөн олгуулах. Дээрх цалингийн зөрүүг тооцох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу дэвтэрт болон цахим бүртгэлд нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Ө.М******* нь Д******* аймгийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасгийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байхдаа 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамтран амьдрагч Л.Н*******ын үснээс нь зулгаан баруун талынх нь хацар луу 2 удаа алгадаж зодсон үйлдэлд нь албаны шалгалт явуулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна:” гээд 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5.1.6-д ““хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” гэж тус тус хуульчилсан.
Төрийн албаны тухай хуулийн 10.1-д “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна:” гээд 10.1.3-д “төрийн тусгай албан тушаал”, 13.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна:” гээд 3.1.6-д “....., цагдаа, байгууллагын ажилтан” гэж төрийн албан тушаалын ангилал, төрлийг тодорхойлж өгсөн.
Мөн хуулийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 48.3-д “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж тус тус заасан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 5.1-д “Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, зарчмыг баримтална.”, 69.1.1-д “хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах;”, 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.4-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:” гээд 81.4.3-д “албан тушаал бууруулах” гэж тус тус зохицуулсан.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1 дэх хэсэг “Хууль дээдлэх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө”-ийн 2.1.1 дэх заалтад "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээний акт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах;”, 2.4 дэх хэсэг “Хариуцлагатай байх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:”-ийн 2.4.10 дахь заалтад “гэр бүлийн гишүүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдахгүй байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэжээ.
Мөн даргын 2025 оны А/146 дугаар тушаалаар баталсан Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтний “Албан тушаалын тодорхойлолт”-ын Зорилго, Зорилтод тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх түүн дундаа гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны бодлогыг хэрэгжүүлж ажиллах, энэ чиглэлээр батлан гаргасан хөтөлбөр, журам, заавар, тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг татан оролцуулах” гэж хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг дэлгэрэнгүй зааж өгсөн.
Үүнээс үзэхэд Цагдаагийн алба нь Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх зарчмыг баримтлан хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх алба болохын учир цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг төрийн тусгай албаны онцлогт нийцсэн салбарын хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлэсэн.
Өөрөө хэлбэл Ө.М*******ад Д******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2025/3Ш/2179 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн зөрчлийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 100 (нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 (нэг зуун мянга) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зорилгод нийцүүлсэн шийдвэр бөгөөд цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэлд нь Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтад заасан сахилгын арга хэмжээг оногдуулж байгаатай хамааралгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар Ө.М*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ө.М******* нь Д******* аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасгийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байхдаа буюу 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамтран амьдрагч Л.Н*******ын үснээс нь зулгаан, баруун талынх нь хацар луу 2 удаа алгадаж зодсон үйлдэлд албаны шалгалт явуулаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/338 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж хэнийг хэлэх үү, 5.4.6-д хамтран амьдрагч гэж хэнийг хэлэх үү гэдгийг хуульчлан зааж өгсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн албан тушаалын ангилал, төрлийг тодорхойлж өгсөн байдаг. Энэ хуулийн заалтаар цагдаагийн байгууллагын ажилтан буюу энэ албан тушаал нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаарч байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн албан хаагчид хориглох зүйлийг зааж өгсөн байдаг бөгөөд энэ хуулийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 48 дугаар зүйлд сахилгын шийтгэлийг оногдуулахдаа заавал дэс дараалал хэрэглэхийг шаардахгүй гэсэн зохицуулалт байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөө хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, олон нийтийн итгэл хүлээж, үйл ажиллагаанд дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх зарчмыг баримтална гэж заасан. Мөн хуулийн 69.1.1-д зааснаар хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах, 81.1-д зааснаар цагдаагийн албан хаагч нь үйл ажиллагаандаа Цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын журмыг мөрдөж ажиллана, 81.4-д зааснаар Төрийн албаны тухай хууль, энэ хууль, сахилгын ёс зүйн дүрмийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд дараах сахилгын шийтгэл оногдуулна гээд албан тушаал бууруулах 81.4.3-т зааснаар албан тушаал бууруулахыг заасан. Үүнтэй холбоотойгоор уг хэрэгт оногдуулсан сахилгын шийтгэл нь Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар дэс дарааллыг харгалзахгүйгээр оногдуулна гэдэг зарчмын дагуу оногдуулсан байгаа. Сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэл нь хуульд заасан сахилга, ёс зүйн дүрмийг баримтална гэсний дагуу Цагдаагийн газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэмжээг дагаж мөрдөнө гээд 2.1.1 дэх заалтад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээний акт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлан, 2.4 дэх хэсэгт зааснаар хариуцлагатай байх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. 2.4.10 дахь заалтад гэр бүлийн гишүүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдахгүй байж нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээг сахиж мөрдөнө гэж заасан байна. Мөн даргын 2025 оны А/146 дугаар тушаалаар баталсан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн гэр бүлийн хүчирхийлэл урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилтод тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны бодлогыг хэрэгжүүлж ажиллах, энэ чиглэлээр батлан гаргасан хөтөлбөр, журам, заавар, тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулах гэж хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг дэлгэрэнгүй тодорхой зааж өгсөн байдаг. Эдгээр хуулийн зохицуулалт болон сахилга, ёс зүйн дүрэм, албан тушаалын тодорхойлолтод зааснаас үзэхэд цагдаагийн албанд Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах үйл ажиллагаанд тасралтгүй байх зарчмыг баримтлан, хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахихтай холбогдсон төрийн тусгай шүүхийн хэрэгжүүлэх алба болсон учир цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, эрх зүйн байдлыг нь Цагдаагийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулж өгсөн байдаг. Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг төрийн тусгай албаны онцлогт нийцсэн салбарын хууль тогтоомж буюу Цагдаагийн албаны тухай хуулиар баримтлан энэ асуудлыг шийдвэрлэсэн байна.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар Ө.М*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахын өмнө нотлох ажиллагааг явуулна гээд заасан байдаг. Энэ хүрээнд тухайн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой болсон үйл явдалд цагдаагийн байгууллага буюу Д******* аймгийн цагдаагийн газраас албаны шалгалт явуулсан. Энэ албаны шалгалтын хүрээнд нэхэмжлэгч эхнэр болох Л.Н*******ын тайлбарт дурдсанаар бол гэр бүлийн гадуур харилцаа үүсгэсэн. Энэ гадуур харилцаа үүсгэсний дагуу би тэр цаад талын буудалд ажилладаг дэд ахлагч эмэгтэйтэй холбогдсон. Мөн энэ талаараа стресстээд, миний бие дийлэхээ болиод, олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк групп дээр тэр хүний нэрийг дурдаж пост тавьсан гэж дурдсан байдаг. Үйл явдал нь энэ гэр бүлийн гадуурх харилцааны шинжтэй үйл явдлаас эхэлсэн байдаг. Тэгээд энэ үйл явдлын орой нэхэмжлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглээд, үүний дагуу эхнэр нь олон удаа холбогдож чадахгүй болохоор нь хайж олоод уулзсан. Ингээд тухайн цуг архи уусан хүнийг гэрт нь хүргэж өгчхөөд, гэртээ харих үед энэ 2 маргалдаад улмаар гомдол гаргагч буюу эхнэр Л.Н*******ын биед халдсан байдаг. Энэ Л.Н*******ын 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн тайлбар болон 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн н.Т******* ахлах дэслэгчийн илтгэх хуудсанд тодорхой дурдагдсан байдаг. н.Т*******ын илтгэх хуудсанд яасан бэ гэхээр, н.Т******* ямар учиртай хүн бэ гэхээр тухайн өдөр ахлагч н.Н******* гээд байгаа ахлагчтай Л.Н*******ын өгсөн дуудлагын дагуу тухайн үйл явдал болсон газраа очиход Л.Н******* тайлбарлахдаа манай нөхөр намайг зодсон, толгой тус газар 2-3 удаа цохисон гээд тайлбар ярьдаг. Ингээд үйл явдалд албаны шалгалт явуулаад, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Эрх зүйн хувьд Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар цагдаагийн алба хаагч нь цагдаагийн төв байгууллагаас баталсан сахилга, ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана, 81.2-т зааснаар сахилга, ёс зүйн дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална гээд заачихсан. Ингээд 2024 оны А/196 дугаартай тушаалаар, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм болон цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг баталж, үйл ажиллагаандаа мөрдөж явдаг. цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэрэг журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, төрийн тусгай алба түүнд ажиллаж байгаа алба хаагчид нь тусгай эрх эдэлж, тусгай үүрэг хүлээдэг. Өөрөө энэ хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах, хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, энэ үүргийг биелүүлэх гол субъект юм. Ийм учраас цагдаагийн алба хаагч тусдаа ёс зүйн дүрэм, сахилгын дүрмийг баримталж ажилладаг. Энд ажилласныхаа төлөө төрөөс цалин дээрээ онцгой албаны нэмэгдэл авдаг. Тэгэхээр зөрчил, сахилга ёс зүй гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Энэ цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа бол цагдаагийн төв байгууллагын даргаас тогтоож өгсөн сахилга, ёс зүйн дүрмийг баримталж ажиллах ёстой. Хэрэв түүнийг зөрчсөн бол сахилгын шийтгэл оногдуулна гээд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т зааснаар байгаа. Дүрмийг зөрчсөн, сахилга ёс зүйн дүрмийг зөрчсөн бол сахилгын шийтгэл оногдуулна гээд заачихсан байгаа. Дээрээс нь нэхэмжлэгч тухайн үед Д******* аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн буюу албан тушаалын тодорхойлолтоор тухайн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг нэгтгэн зохион байгуулж, дүнг танилцуулж, энэ чиглэлийн үйл ажиллагааг хариуцсан нутаг дэвсгэртээ толгой даан хэрэгжүүлдэг алба хаагч юм. Өөрөөр хэлбэл Д******* аймгийн цагдаагийн газраас явуулсан албаны шалгалтын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын бие махбодод халдсан нь хангалттай тогтоогдсон. Дээрээс нь Д******* аймгийн цагдаагийн газраас сахилга ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах талаар 2-3 удаагийн ажлын чиглэл өгсөн. Мөн тасгийн даргаас нэг удаагийн ажлын чиглэл өгсөн зааварчилгаа нь албаны шалгалтын материалд авагдаж, өөрөө гарын үсгээ зурж биелүүлэхээ илэрхийлсэн байдаг. Энэ бол албаны шалгалтын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу гэр бүлийн гишүүнд сэтгэл санааны дарамт учруулдаг, бие махбодод нь халдахгүй байх, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчих, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас хууль ёсны шийдвэрийг ёсчлон биелүүлэх, захирах, захирагдах ёсны зарчмыг зөрчсөн асуудалд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь зүйн хэрэг юм. Зөрчил гэдэг нь Зөрчлийн тухай хуулийн 2.1.1-д зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан зөрчлийг хэлнэ. Энэ зөрчил нь тусдаа шалгах процесс болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиараа тусдаа шалгадаг. Энэ Зөрчлийн хууль гэдгийг Монгол Улсын хэм, нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөх, зөрчиж болохгүй хэм хэмжээ юм. Энэ сахилга, ёс зүйн дүрмийн хэм хэмжээ гэдэг нь цагдаагийн байгууллагад ажилласныхаа төлөө энэ хэм хэмжээг зөрчиж болохгүй. Хэрвээ үүнийг зөрчих юм бол Захиргааны ерөнхий хуульд зааснаар албаны шалгалт явуулаад сахилгын шийтгэл авна, нөгөө нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэл авна. Энэ 2 бол тусдаа асуудал. Энэ бол тэнд албаны шалгалтын дүгнэлтэд тусах ямар ч шаардлага байхгүй. Албаны шалгалтын хүрээнд ярьсан, гаргасан үйл баримт нотлогдсон учраас гаргасан зөрчлийнх нь шинж байдалд тохируулаад, албан тушаал бууруулчихсан. Тэр ажлын бус цагаар гээд байна. Ажлын бус цагаар гэдэг нь Эрүүгийн хуульд заасан байдаг. Тагнуул, Авлигатай тэмцэх газар, дотоодын цэрэг, цагдаагийн байгууллагын ажилтнууд хууль сахиулагч гээд тодорхойлчихсон байдаг. Ажлын бус цагаар байсан гээд хууль сахиулагч, албан тушаалтанд дураараа авирлахыг ойлгохгүй. Нэгэнт хууль сахиулагч гээд төрийн тусгай албанд ажиллаад, үүний баталгааг эдэлж байгаа тул нийтээр дагаж мөрдөх болон байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдөх ёстой. Зөрчихгүй байх ойлголт юм. Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны Б/338 дугаартай албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь үндэслэлтэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.М*******аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/338 дугаартай “Албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулснаас үүссэн цалингийн нийт зөрүүний мөнгөн дүн болох 960,000 төгрөгийг олгох, дээрх цалингийн зөрүүгээс тооцох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, даатгалын дэвтэрт /цахим бүртгэлд/ нөхөн бичилт баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
3. Маргааны үйл баримтын тухайд,
3.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/96 дугаар тушаалаар Ө.М*******ыг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн штабын орлогч, хамгаалалт, төлөвлөлт хариуцсан ахлах офицерын ажлаас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Д******* аймгийн цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтнээр томилж, “цагдаагийн ахмад” цол олгожээ.
3.2. Д******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ЗШ/2179 дүгээр шийтгэврээр “... Ө.М*******ыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1.1-т зааснаар “хэрүүл маргаан үүсгэж танхайрах” зөрчил үйлдсэнд тооцсугай” гэж шийдвэрлэсэн. Ингэхдээ “... хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл хохирогч Л.Н******* нь холбогдогч Ө.М*******ыг “намайг алгадаж зодоогүй” харин “зайл гээд орилж, хэл амаар доромжилсон” гэж мэдүүлж байгаа нь хүчирхийллийн шинжтэй бус, хэрүүл маргаан үүсгэж танхайрах, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1.1-т заасан зөрлийн шинжийг хангаж байна” гэж дүгнэжээ.
3.3. Улмаар Д******* аймгийн Цагдаагийн газраас 20250360000030 дугаар албаны шалгалт явуулж,
3.3.1. 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн танилцуулгад “Ө.М******* нь өөрийн эхнэртэйгээ ... хэрүүл маргаан үүсгэж танхайрсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.10, 2.1.1-д заасныг зөрчсөн” гэж дүгнэн Цагдаагийн хошууч Ө.М*******ад Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь хэсгийг үндэслэн “Албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах саналтай байгааг илтгэн танилцуулсан,
3.3.2. Мөн газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр хуралдаанаар “... Цагдаагийн хошууч Ө.М*******ад Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь хэсгийг үндэслэн “Албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах шалгагчийн саналыг дэмжиж” шийдвэрлэсэн байна.
3.4. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/338 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар Цагдаагийн хошууч Ө*******ын М*******ыг Д******* аймгийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтний ажлаас 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 03 дугаар сарын 04-ний өдрөөс мөн газарт Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагчаар томилж, “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай” гэж шийдвэрлэжээ.
4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цагдаагийн хошууч Ө.М******* нь эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэж танхайрсан зөрчил үйлдсэн болох нь шүүхийн шийтгэврээр тогтоогдсон байна.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Д******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ЗШ/2179 дүгээр шийтгэвэр” нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болоогүй, албаны шалгалтын явцад гэр бүлийн хүний биед халдсан нөхцөл байдал тогтоогдсон” гэж тайлбарласан.
6. Дээрхээс үзвэл, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал,
7. Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Цагдаагийн албанд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна” гэж заасан ба 79.2-т албан тушаал дэвшүүлэх, бууруулах үндэслэлийг “энэ хуульд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан; албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай эрүүл мэндийн болон эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан; ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн; үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” тохиолдол байхаар нарийвчлан зохицуулсан байна.
8. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:”, 16.1.1-д “гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох”, 16.1.2-т “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;”, 16.1.3-т “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах”, 16.1.4-т “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах” гэж, 16.3-т “Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасныг зөрчсөн бол тухайн хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж заажээ.
9. Маргаан бүхий Б/338 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээний акт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах, 2.4.10-д “гэр бүлийн гишүүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдахгүй байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэсний зөрчсөн гэсэн үндэслэлээр гарчээ.
10. Дээрх 5 дахь хэсэгт дурьдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон маргаан бүхий Б/338 дугаар шийдвэрийн үндэслэлд Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн зохицуулалтыг дурьдсан байгаагаас үзвэл, хариуцагчаас Ө.М*******ыг сахилгын зөрчил үйлдсэн гэж буруутгаагүй, харин ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэжээ.
11. Энэ тохиолдолд хариуцагч нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой хуулийн зохицуулалтуудыг хэрэглэх шаардлагатай буюу нарийвчилсан зохицуулалтууд болох Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан, эсхүл Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсгийн бусад төрлийн сахилгын шийтгэлийн арга хэмжээг хэрэглэхээр байхад хэрэглээгүй байна.
12. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.3 дахь зохицуулалтын хүрээнд Төрийн албаны тухай хууль, ..., ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах боломжтойтойгоор хуульд заасан боловч энэ нь “...Цагдаагийн албанд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал бууруулах” нарийвчилсан зохицуулалт, мөн сүүлд хүчин төгөлдөр болсон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудаар үгүйсгэгдэж байх тул цагдаагийн алба хаагчийн гаргасан ёс зүйн зөрчилд “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
13. Иймд маргаан бүхий актын гаргахдаа хариуцагч нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэлэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч талын “зөрчлийн бодитой үнэлгээ хийгээгүй, ... зөрчлийн шинж байдлыг харгалзалгүй хүнд хэлбэрийн шийтгэл оногдуулсан нь алба хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.
14. Нэхэмжлэгчийг сахилгын зөрчил үйлдсэнд хариуцагчаас буруутгаагүй байх тул нэхэмжлэгч талын “танхайрсан зөрчилд шийтгэл ногдуулсан байхад шүүхийн шийтгэвэрт тогтоогдсоноос давсан дүгнэлт гаргасан” гэх агуулга бүхий үндэслэлд шүүхээс тусгайлан дүгнэлт хийхгүй.
15. Д******* аймгийн Цагдаагийн газраас хэрэгжүүлсэн албаны шалгалтын явцад Ө.М******* болон хамтран амьдрагч Л.Н*******аас удаа дараа тайлбар авсны зэрэгцээ, Ө.М******* Л.Н******* нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүүхдүүдийн хамт гэр бүл болон хамтран амьдардаг гэрлэлтийн харилцаатай болохоо тэд мэдүүлсэн, түүнчлэн сахилгын шийтгэл ногдуулах талаар сонсох ажиллагааны мэдэгдлийг танилцуулсан, Ө.М*******аас уг мэдэгдэл гарын үсэг зурж, өөр шийтгэл хүлээх талаараа тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгч талын “Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох ажиллагаа хийгээгүй, гэрлэлтийн харилцаагүй болохыг нягтлан тодруулаагүй, эрх ашиг хөндөгдөх шийдвэр гарч байгаа талаар мэдэгдээгүй” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
16. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх удаагийн үйлдэл байхад шууд сахилгын шийтгэлийн төрлийг алгасуулан буюу албан тушаалд бууруулах хүнд шийтгэлийг оногдуулсан нь зөрчлийн шинж байдал тохироогүй” гэж маргаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “анх удаагийн үйлдэл байхад шууд сахилгын шийтгэлийн төрлийг алгасуулан буюу албан тушаалд бууруулах хүнд шийтгэлийг оногдуулсан нь зөрчлийн шинж байдал тохироогүй”, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3.2-т “Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид ... Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулна” гэсэн зохицуулалтуудаар үгүйсгэгдэв.
17. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан ба нэхэмжлэгч Ө.М******* нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан шийтгэл ногдуулах эсэх, цалингийн зөрүү олгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байна.
18. Дээр дурьдсан үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/338 дугаар тушаалыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/338 дугаартай тушаалыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлуудыг дүгнэсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/338 дугаартай тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ