Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1361

 

 

 

   2024            12            17                                         2024/ДШМ/1361

 

                                                  Б.Б, Д.Г нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Хилчинбаатар,  

шүүгдэгч, хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, С.Тэгшжаргал, С.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/1132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г өмгөөлөгч С.Тэгшжаргал, Б.Нандин-Эрдэнэ нарын хамтран гаргасан, мөн түүний өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б, Д.Г нарт холбогдох 2306000002608 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч, хохирогч Д.Г 2023 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cinemanext” кино театрын баруун талын авто зогсоол дээр үл таних хүмүүстэй маргалдаж, улмаар уг зодооныг таслан зогсоох гэсэн Б.Б нүүр, толгой хэсэгт 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cinemanext” кино театрын үүдэнд хохирогч Г.Х нүүр хэсэгт 1 удаа алгадаж, 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Б 2023 оны 09 дугээр сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cinemanext” кино театрын гадаа хохирогч Д.Гтай маргалдан улмаар түүний нүүр хэсэгт мөргөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Г-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 525 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 525 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн З, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан 2 жил 9 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г баривчлагдсан З хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гас 22.071.543 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, шүүгдэгч Б.Бас 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарын энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулан хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Г өмгөөлөгч С.Тэгшжаргал, Б.Нандин-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн хэргийн зүйлчлэл гэм буруугийн байдалтай маргаагүй гэдгийг илэрхийлэх нь зүйтэй.

2. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлээ тодорхойлохдоо шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээсэн боловч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас эрх нь хүний хууль ёсны эрх сэргээгүй буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг арилаагүй зэргийг харгалзан тухайн зүйлчлэлд заасан хүнд төрлийн ялыг сонгон хэрэглэсэн байна. Үүнтэй холбоотойгоор миний үйлчлүүлэгчийн ар гэрээс болон ажилладаг байгууллага нь санаачлага гаргаж хохирогчтой богино хугацаанд уулзаж гэмт хэргийн талаар учирсан хохирлыг бүрэн барагдуулах байдлаар хохирогчтой ойлголцож гэмт хэргийн улмаас бий болсон хохирол, хор уршгийг арилгаад байна.

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруудаа шүүгдэгч дүгнэлт хийж буй байдал учирсан хохирол, хор уршгийг арилгасан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх байдлаар өөрчилж, торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэл бий болоод байна.

3. Миний үйлчлүүлэгч Д.Г нь залуу насандаа өөрийн сэтгэл зүйн тэсрэлтээ барьж чадахгүй, бусдад хүндэтгэлгүй харьцах явцдаа бусдын эрхийг зөрчсөн харамсал дүүрэн хэрэг үйлдсэн ч өөрийн гэм буруу үйлдэлдээ чинь сэтгэлээсээ гэмшиж буй байдал, гэмт хэргийн улмаас бий болсон хохирол, хор уршгаа арилгасан байдал, түүний хувийн байдал зэргээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх байдлаар өөрчилж торгох ял оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх тул хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт хийх байдлаар шийдвэрлэж өгнө үү.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Г өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдолдоо: “...Энэхүү шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны шүүхийн зүгээс дүгнэсэн гэм буруугийн талаарх дүгнэлттэй санал нэг байна гэдгээ өмгөөлөгчийн зүгээс ч тэр, үйлчлүүлэгчийн зүгээс ч маргаагүй юм. 

Гэхдээ шийтгэх тогтоолын 26 дугаар хуудасны 5 дахь мөрөнд дурдсан “Хохирогч, шүүгдэгч Д.Г өмгөөлөгч С.Чинзориг: “улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нэг байна” гэх дүгнэлтийг гаргасан гэж миний огт хэлээгүй үгийг хэлсэн мэтээр бичигдсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн зөрчил байна гэж үзэж байна. /Иймд шүүх хуралдааны тэмдэглэлийг дуу-дүрсний бичлэгтэй нь тулгаж үзэх боломжоор хангаж өгөхийг хүсье/

Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлээд шүүхийн хэлэлцүүгийн шат хүртэл Д.Г нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргаагүй бөгөөд хамгийн анх хохирогч нарын гаргасан зүй бус, хууль зөрчсөн үйл ажиллагааны үүдэлтэйгээр энэхүү гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл байсан гэдгийг шүүх хуралдааны явцад хангалттай тогтоосон байдаг. Түүнчлэн манай үйлчлүүлэгчийн зүгээс учруулсан гэм хорыг арилгуулахаар өөрийн санаачилгаар хохирогч талтай уулзаж 7.000.000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сараас хойш боломжоороо цуглуулан шүүх хуралдааны өмнө өгсөн байсан бөгөөд эрүүгийн хариуцлагын талаарх шүүх хуралдааны үеэр завсарлага авсны дараа төлөх дутуу байсан 2.271.543 төрөгийг бүрдүүлэн өгч амжаагүй байдалтай байснаас шалтгаалан түүний эрх зүйн байдал дордсон гэж үзэхээр байна. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр миний бие “...шүүгдэгч Д.Г улсын яллагчаас болон хохирогч нарын гаргасан саналаас зарчмын зөрүүтэй байдлаар санал гаргасан бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул мөн түүний гэм буруугаа гэмшиж байгаа байдал, ар гэрийн хувьд хагас өнчин дүү нараа тэжээн тэтгэж ганцаараа ажил хийдэг байсан байдал, эх нь биеийн байдлаас шалтгаалж ажил хийх боломжгүй зэрэг нөхцөл байдлуудаас гадна хохирлоо төлсөн байдал, цаашид гэм хорыг нөхөн төлөхөө илэрхийлж байгууллагын удирдлага нь тусалж дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрсөн хэдий ч гадаад улсад байсан тул ирж уулзаж чадаагүй байгаа тухайгаа илэрхийлж, шүүхээс тогтоосон 22.071.573 төгрөгийг бүрэн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх байдлаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж өгнө үү. ...” гэж хэлсэн.

Энэ нь Д.Г бусдад гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд нь тохирсон ял шийтгэл бөгөөд түүнийг заавал нийгмээс тусгаарласнаар уг хэрэгт оногдуулж буй эрүүгийн хариуцлагын зорилго биелсэн гэж үзэж болохгүй юм. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиж байдаг. Энэ талаас нь хараад үзвэл түүний хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан торгуулийн ялыг бүхэлд нь хүлээж гүйцэтгэх бүрэн боломжтой юм гэж харагдаж байна.

Д.Г биед хууль бусаар халдаж зодсон, мөн Д.Г биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнгийн зулгаралт гэмтлийг олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэний улмаас түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж үзсэн бөгөөд энэхүү гэмтлийн зэрэгтэй нь маргалддаг бөгөөд манай үйлчлүүлэгчид холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа нь хэт нэг талыг барьсан шинжтэй байна гэж үзэж байна.

Тухайлбал, манай үйлчлүүлэгчийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хувиар түүнээс мэдүүлэг аваагүй, Д.Гас хэн, ямар учраас, хэзээ, хаана, хэрхэн түүнд гэмтэл учруулсан болох, учруулсан гэмтлүүдийг нэг хүн учруулсан уу, эсхүл хэд хэдэн хүн учруулсан уу гэдгийг шалгаж тогтоогоогүй байна гэж үздэг билээ. Түүнд хэн, хэрхэн гэм хор, хохирол учруулсан болохыг ч тогтоогоогүй байж хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэх боломжгүй гэж харж байна. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Гд гэм хор учруулсан гэж өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлдэггүй, гэм буруугаа огт хүлээдэггүй, шүүх хуралдаан дээр ч гэсэн мөн адил гэм буруугаа хүлээгээгүй болно.

Д.Г бусдад зодуулснаас болж чихнээс нь цус гарч, чихэндээ гэмтэл авсан бөгөөд энэ тухай шүүх эмнэлэг үзүүлэхдээ хэлсэн гэх боловч шинжээчийн дүгнэлтэд энэ талаар тусгаагүй орхигдуулсан тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж тодруулж, тодруулах ажиллагаа хийх байсан. Энэ талаар гомдол гаргасаар байтал хариулт болон няцаалт өгч чадаагүй. Д.Г нь одоог хүртэл толгой нь өвдөх зовиуртай, баруун чих нь зарим үед юм сонсохгүй байдалтай болсон байгаад анхаарах нь зүйтэй юм.

Мөн өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирогч Б.Бд учирсан гэм хорын хохиролд 22.071.543 төгрөгийг бүрэн арилгасан байна гэж үзэхээр байна. Иймд энэхүү үндэслэлээр миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Д.Г өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч, хохирогч Д.Г Цагдан хорих 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байхад нь очиж уулзан хохирогчийн мэдээллийг авч, гэр бүлтэй нь хамтран 5 хоногийн завсарлагааны хугацаанд машин борлуулахтай холбоотойгоор төлж амжаагүй байсан шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч Хөх хотод эмчлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тухайн үед нь шүүгдэгч, хохирогч Д.Г хорих ангиас гарч, ажил хөдөлмөр эрхэлж, цалингийн зээл авч хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, ойлголцсон. ...” гэв.

Шүүгдэгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруу дээр маргаагүй, хийсэн үйлдэлдээ их харамсаж байна. Энд цагдан хоригдож байх хугацаандаа олон зүйлийг бодож эргэцүүлсэн. Миний болчимгүй үйлдлээс болж их хүн зовж, шаналсан. Хохирогч тал нь миний эгч, ах шиг хүн гэж бодож, эхнэрийг нь уйлахыг хараад их гэмшсэн. Эхийгээ уйлахад миний сэтгэл их өвдөж, эмэг эхийн бие өвдсөнд их харамсаж байна. Энд байгаа хүмүүсээс уучлалт гуйж байна. Дахиж ийм болчимгүй үйлдэл хийхгүй, энэ алдаагаа давтахгүй. Надад тусалж байгаа компани, миний багш нар, хуурай ах С.Ч, гэр бүлдээ их баярлаж байна. Надад нэг удаа боломж олгож өгнө үү. Цаашид Б.Б, Л, тэдгээрийн гэр бүлээс уучлалт гуйж, гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Хилчинбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч, хохирогч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хувийн байдалд тохирсон. Шүүгдэгч, хохирогч Д.Г нь анхан шатны шүүх хуралдаанаас 5 хоногийн завсарлага авсан боловч уг хугацаанд хохирол төлөөгүй тул шүүхээс түүнд хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч, хохирогч Д.Г 2023 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cinemanext” кино театрын баруун талын авто зогсоол дээр үл таних хүмүүстэй маргалдаж, улмаар уг зодооныг таслан зогсоох гэсэн Б.Б нүүр, толгой хэсэгт 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cinemanext” кино театрын үүдэнд хохирогч Г.Х нүүр хэсэгт 1 удаа алгадаж, 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Б 2023 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cinemanext” кино театрын гадаа хохирогч Д.Гтай маргалдан улмаар түүний нүүр хэсэгт мөргөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтууд тогтоогдсон байна. 

          хохирогч Б.Б “... Тэгэхээр нь эргээд харахад хаалганы гадна Г.Х хэвтчихсэн дээрээс нь шамбааралдсан байхаар нь би очоод “боль та хэд яагаад байгаа юм” гээд салгаад Хөх-Чоныг босгосон. Тухайн залуучууд нь хаалганы хажууд зогсож байсан. Бид нарыг анх гарч ирэхэд байсан залуучууд байсан. Ингээд салцгаагаад бид нар явах гэхэд нөгөө залуучууд “бүгдийг чинь ална аа” гээд гүйгээд ирсэн. Тухайн үед бид нар тээврийн хэрэгслийн зогсоол орчимд явж байсан. Ингээд бид хэд нөгөө хэдтэй барьцалдаад авсан. Би “та нар больцгоо” гээд салгаад явж байхад нэг залуу намайг цохиод унагаасан. Тэгээд сэрэхэд Гэмтлийн төвийн гавал тархины тасагт сэрсэн. Миний дагз ясны зүүн талаас суурь ясны их бие хүрсэн хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальс доорх цус харвалт гэсэн онош гарсан. Би хагалгаанд орсон, шүүх эмнэлэгт үзүүлсэн. ...” /1хх 36-381/ гэсэн,

          хохирогч Г.Х “...Ингээд бид нар 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 03 цагийн орчимд караокеноос гарсан. Ингээд гадна хаалганы шатан дээр тамхи татангаа юм ярьж байсан. Миний өдөр идсэн хоол гэдэс эвгүй байхаар нь би нөгөө хэдээс зайтай зогсож байсан. Бид нарын хажууд костюмтай 5-6 залуу юм яриад байсан. Голд байсан нэг залуу намайг харснаа “яасан пизда минь” гэхээр нь би харцаа буруулаад өөр зүг руу харсан. Дахиад нөгөө залуутай харц тулгарахад намайг “яасан муу атийсан лалар минь” гэхээр нь би нөгөө залуугийн дагз хэсэг руу гараараа цохисон. Тэгтэл нөгөө залуу эргэж хараад заамдаж аваад нэг алгадаад, нэг цохиход нь би арагшаа унасан. ...Бид нар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Cinemanext кино театрын зүүн талын зогсоол руу гараад явж байхад шар үстэй дээд хувцсаа тайлсан эрэгтэй араас гүйж ирсэн. Түүний араас нэг өндөр залуу ирээд наад хэдийг “алчихъя, араа дааж чадах юм чинь” гээд дайраад ирсэн. Тэгтэл З өөдөөс нь очоод “за больцгооё бид нар явлаа” гэхэд учир зүггүй дайраад ороод ирэхээр нь хоёр залууг нь З цаашаа аваад явсан. Тэгээд бусадтай нь бид нар барьцалдаад байж байтал Л эгч “хүн алчихлаа” гээд орилоход Б ах газар ухаан алдаад хэвтсэн. Л эгч “цагдаа дуудчихлаа, наад залуучуудаа байлгаж байгаарай” гэхэд нөгөө залуучууд нь тараад явсан. ....” /1хх 1711/,     

          хохирогч Д.Г “...Ингээд 1 давхрын гадна шатанд бороо зогсохыг хүлээгээд зогсож байсан. Тэгтэл хар өнгийн үүргэвч, хар энгийн малгайтай цамцтай эрэгтэй миний дагз руу цохисон. Тэгэхээр нь эргэж хараад нүүр хэсэгт нь хоёр удаа цохиод унагасан. ...Тэгээд тэд нар намайг шатны зүүн хэсгийн булан руу шахаад оруулсан. Миний санаж байгаагаар цэнхэр ногоон өнгийн бомбортой махлаг эрэгтэй миний зүүн талын чих, болон чихний ар талын дагз руу цохисон. Тэгэхээр нь би одоо больё гэтэл цаанаас нь энгэр хэсэгтээ улаан бичиглэлтэй хар өнгийн фудволктой, саарал өнгийн өмдтэй махлаг эрэгтэй намайг дуудаад “хоёулаа юм ярья” гэхээр нь би тэр ах дээр очиход миний шилэн хүзүүнээс зүүн гараараа барьж байгаад дух хэсгээрээ миний хамар руу нэг удаа хүчтэй мөргөсөн. Тэгээд би ухаан балартаж манараад доошоо суусан. ...Ингээд нөгөө хүмүүсээс нэгийг нь барьж авах санаатай араас нь очиход миний өмнө нь чих рүү цохисон бомбортой залуу миний өөдөөс ирэхээр нь “та нар яагаад намайг цохиж байгаа юм бэ, одоо больё, цагдаа ирж байгаа шүү” гэсэн. Тэгтэл цаана Э нэг эрэгтэй нь муудалцаад заамдалцаад байж байсан. Тэгэхээр нь тэр эрэгтэйг араас нь татахад миний хамар руу мөргөсөн эрэгтэй байхаар нь “та яагаад намайг хамар руу мөргөж байгаа юм бэ, цагдаа ирж байгаа одоо больё” гэхэд нөгөө ах Э өшиглөх шиг болохоор нь заамдаж байгаад нүүр рүү нь хоёр удаа цохисон....” /1 хх 177-1781/,

          гэрч Д.Э “...Би Г “зодооноо болио” гээд салгаж байтал Г миний үгийг үл тоон миний хажууд байсан залууг цохиод унагаасан. Нөгөө залуу унаад ухаан алдсан. Тэгээд нөгөө залуучуудын найзууд нь намайг цохисон гэж андуураад намайг зодсон. Тэдгээр залуучууд намайг зодоод нэг эмэгтэй нь миний дээрээс суусан байсан. Хажуу талаас нэг залуу “ирээд энэ мууг дэвсээд алья” гэж хэлсэн. Тэгсэн миний дээр сууж байсан эмэгтэй “үгүй энэ хүн буруугүй” гэж хэлсэн. Жоохон байж байгаад намайг явуулсан. ...Тухайн үед эргээд харах үед нэг махлаг биетэй хүн газарт унасан байдалтай дээр нь Г зогсож байсан. Би тухайн хүнийг бие нь зүгээр эсэхийг шалгахаар очсон боловч намайг ойртуулаагүй, нөгөө талын хүмүүс татаж чангаагаад түлхээд байсан болохоор би тэр хүн дээр очиж чадаагүй. ...Зодооны дараагаар Гас би “чи яагаад тэр хүнийг цохиод унагаасан юм бэ” гэж асуухад зодуулсан учраас цохисон” гэж надад хэлж байсан. ...” /1хх 46-47, 215/,

          гэрч М.Г “...Гадаа тамхи татаад зогсож байтал үл таних залуу манай ажлын Г гэх залууг цохиод авсан. Тэгээд бужигнаан болоод зодоон болсон. Хүмүүс шатаар буугаад барьцалдаж аваад зодолдоод эхэлсэн. Тэгсэн нэг эмэгтэй ирж намайг бариад явуулахгүй байсан. Удалгүй нэг эрэгтэй ирээд “чи байхгүй байсан шүү” гэж хэлээд намайг явуулахгүй байсан эмэгтэйг аваад явсан. ...” /1хх 49-50, 204/,

          гэрч А.Н “...Гадаа бороо орж байсан учраас бид нар бороо зогсохыг хүлээж байхад үл таних нэг залуу манай ажлын залуу Г дагз руу нэг удаа алгадсан. Г эргэж хараад буцаагаад алгадсан. Тэгсэн нөгөө хүмүүстэй хамт явж байсан хүмүүс орж ирээд бид нар хоорондоо маргалдаж зодолдсон. Би зодолдож байсан хүмүүсийг салгасан. Тэгээд бид нар автомашины зогсоолд очоод бас дахин маргалдсан. Гэнэт нөгөө хүмүүсийн нэг нь газар хэвтэж байсан...” /1хх 52-53/,

          гэрч Б.Л “...Гэтэл чимээ гараад хажуу талд зогсож байсан костюмтай 7-8 залуучууд зодолдоод эхэлсэн. Би дүү рүүгээ хартал манай дүү болох ХЧын нүүр нүд нь хөхөрсөн, хөмсөг нь сэтэрсэн газар хэвтэж байсан. Бид нар зодолдож буй хүмүүсийг салгаад эрүүл байсан гурван эмэгтэй, дөрвөн эрэгтэйг үл таних хүмүүсээс салгаад автомашины зогсоол чиглээд явтал ардаас нөгөө залуучууд хувцсаа тайлсан “бүгдийг чинь ална” гээд хүрээд ирсэн. Хүрч ирээд манай залуучуудыг бүгдийг нь зодоод, эмэгтэйчүүдийг “гичий, янхан” гэж дуудсан. Тухайн үед миний нөхөр Б эрүүл байсан ба тухайн залуучуудыг зодоон хийгээд байхаар нь салгасан. Би бас хүмүүсийг салгаж байтал манай нөхөр газар ухаан алдаад унасан байсан. ... Гэр рүүгээ ортол манай нөхөр цусаар бөөлжөөд “толгой өвдөөд” байна гэж хэлсэн. ...Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг явах замд манай нөхрийн хамраас цус гараад мөн бөөлжөөд байсан. Гэмтлийн эмнэлэгт ирээд шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариу “цус харвалттай, гавлын яс няцарсан, духны цус харвалттай байна” гэж хэлээд дахин шинжилгээ авсан. Тэр шинжилгээний хариугаар мэс засалд орох эсэхээ шийднэ гэсэн. ...” /1хх 56-57,

          гэрч Б.О “...Тэгэхэд Г.Х газарт унасан, тэгтэл Б ах “яагаад манай дүүг цохиж байгаа юм бэ” гэж хэлээд тухайн шатан дээр зогсож байсан хүмүүстэй маргаан үүссэн. Тэр үедээ бид нар бүгд “андуурсан юм байна аа” гэж хэлээд салаад автомашины зогсоол дээр алхаж явж байхад ардаас нөгөө залуучууд олуулаа болоод 9-10 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс гүйгээд ирсэн. Тэгээд л учир зүггүй зодоод эхэлсэн. Б ах нь салгах гээд тухайн хүмүүсийг “боль, та нар боль” гэх мэтийн зүйл хэлээд дундуур нь ороод салгаад байсан. Тэгсэн чинь миний хажууд Э нь үл таних эрэгтэй хүмүүст зодуулаад газар хэвтэж байхаар нь би салгах гэж дундуур нь ороод Эг татаж босгоод эргээд харсан чинь Б ахыг үл таних эрэгтэй хүн нүүр рүү нь 1 удаа цохиж байгаа харагдсан. Тэгсэн чинь Б ах газарт хойшоо саваад унасан. ...” /1 хх 59/,

          гэрч Ц.Б “...Миний санаж байгаагаар Г толгойны хэсэг руу нэг үл таних эрэгтэй хүн цохисон. Тэгсэн чинь Г эргэж хараад шууд нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон. Би тэр залуугаас “яагаад хүний биед шууд халдаж байгаа юм бэ” гэж асуусан чинь Г биед халдсан залуу юм дуугараагүй. Тэгээд би тэр залуутай юм яриад мөн зодоон болж байгаа газар руу явуулахгүй, хориод зогсож байсан. Тэр үед машины зогсоол дээр бужигналдаад байсан. Улмаар зодоон болоод даамжраад байхаар нь би очоод хэрэггүй гэж бодоод шууд алхаад гэр рүүгээ явсан. Намайг алхаад явж байхад Г над руу залгаад “миний хамар хугарчихлаа, Э ахын мөр мултарчихлаа” гэж хэлж байсан. ...” /1хх 61/,

          гэрч Д.Т “...Тэгтэл Г ардаас үл таних эрэгтэй хүн толгойны ар хэсэг рүү нь цохисон, улмаар маргаан эхэлж тухайн үл таних залуучуудын дунд байсан цагаан, саарал өнгийн үстэй дунд зэргийн нуруутай залуу миний нүүр хэсэг рүү нэг удаа, Г нүүр рүү нь 2-3 удаа цохисон, Г хамраас цус гарсан. ...Тэгсэн чинь цагаан саарал өнгийн үстэй залуу нь намайг дахиад цохисон, би тэр залуутай зууралдаад байж байсан чинь махлаг биетэй эмэгтэй дундуур орж ирээд салгах үед нөгөө хамт явж байсан эмэгтэй нь гэнэт ухаан алдчихлаа гэж орилсон. Тэгэхээр нь би харсан тухайн ул таних залуучуудын арай ах гэж харагдаж байсан залуу нь газарт ухаан алдчихсан, хэвтэж байсан. Нэг эмэгтэй нь тэвэрчихсэн сууж байсан, миний ойлгосноор тэр тэврээд байсан эмэгтэй нь тухайн залуугийн эхнэр юм шиг байна лээ. Би тэр эмэгтэй дээр очих гээд алхаж байсан чинь нэг залуу ирээд “манай ахыг цохиод унагаачихлаа” гэж хэлээд над руу дайрсан, би тэр залууд “наана чинь хүн уначихсан байна” гэж хэлсэн чинь тэр залуу над руу дайраад толгойны ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Анх салгаж байсан эмэгтэй нь дахиж ирээд “наадах залуу чинь цохиогүй ээ” гэж хэлээд тэр эрэгтэйг салгаж авсан юм. ...Тэгсэн чинь тухайн ухаан алдсан залуугийн дүү нар нь дахин дайраад байхаар нь би хар үстэй залуу руу нь буюу миний толгойн ар хэсэг рүү цохисон залууд хандан “одоо боль” гэж хэлээд салаад би Э ах, Г, Н бид нар Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” /1хх 63/,

          гэрч Б.Г “...Би Г.Х газарт унах үед л болж байгаа үйл явдалд анхаарал хандуулсан. Тэнд байсан хүмүүс гэнэт л зууралдаж эхлээд хоорондоо зууралдаад маргалдаад эхэлсэн. ...” /1хх 187/,

          гэрч О.3 “...Би ертөнцийн зүгээр баруун урагшаа хараад зогсож байхад ард чимээ гарахаар нь би эргээд хартал ХЧг хар хөх өнгийн костюмтай эрэгтэй цохиод унагаж байсан. Тэгэхээр нь бөөнөөрөө очоод тэр хоёрыг салгасан. ...Тухайн залуучууд нь хоёр гурваараа салаад ирсэн ба би хажууд хоёр гурван залууд зодуулсан. Тэгтэл цаанаас “хүн алчихлаа” гээд эмэгтэй хүн орилоход намайг зодож байсан хоёр залуу намайг хаяад явсан. Тэгээд нөгөө хэд дээр очиход Б ах газар ухаан алдчихсан хэвтэж байсан. Хажууд Б ахын эхнэр Л эгч тэврээд сууж байсан. Нөгөө хүмүүсийнх нь нэг эрэгтэйтэй нь би ярилцсан ба яагаад манай ахыг зодож байгаа юм гэхэд манай Л эгч ирээд намайг аваад явсан. Ингээд Б ахыг аваад бөөндөө эмнэлэг явцгаасан. ...” /1хх 202/ гэсэн мэдүүлгүүд,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11209 дугаар “...Д.Г биед хамрын таславчын мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. ...” гэсэн /1хх 75-76/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11328 дугаар “...Б.Б биед дагз ясны зүүн талаас суурь ясны их бие хүрсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, голын бүрдлийн хазайлт, аалзан хальсанд цус харвалт, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т, 3.1 .З-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хунд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. ...” гэсэн /1хх 97-98/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11339 дугаар “...Г.Х биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн /1хх 104-105/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 214 дугаар “...Б.Б сэтгэцэд 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр болсон гэмт хэргийн улмаас тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусдад эмгэгтэй болсон байна. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэц, мэдрэлийн эмчийн хяналтад тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. ...” гэсэн /1хх 104-105/ дүгнэлтүүд,

Дуудлага лавлагааны хуудас /1хх 2/, хэргийн газарт үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-4, 5-6, 7-9, 10-11/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12, 13-16/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18-24/, эд зүйлд дахин үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 157-164/, хохирлын баримтууд /2хх 45-55, 116-120/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Г нь хохирогч Б.Б нүүр, толгой хэсэгт 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Г.Х нүүр хэсэгт 1 удаа алгадаж, 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд,

шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Гтай маргалдан улмаар түүний нүүр хэсэгт мөргөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Б, Д.Г нар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Д.Г нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч нар “оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгөхийг” хүссэн ба ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг иш татсан байна.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Д.Г нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, заалтад заасан хорих болон торгох ялын хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

          Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүх дээрх заалтуудыг хэрэглэхдээ хохирогчийн гомдол санал, хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлэлийг төрүүлдэг ач холбогдолтой.

            Хэдийгээр анхан шатны шүүхээс хохирогч Б.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн 22.071.543 төгрөгийг шүүгдэгч Д.Г нь төлж барагдуулсан боловч тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн, мөн хохирогч Д.Гд учирсан хүнд гэмтэл нь “цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хохирогчийн эрүүл мэнд нь бүрэн эдгэрэх эсэх нь эмчилгээний явцаас хамаарахаар тусгажээ.

            Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Б эрүүл мэндийн байдал бүрэн сэргэсэн буюу энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байна гэж үзэв.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г үйлдсэн гэмт хэрэгт хуульд заасан төрөл, хэмжээний дотор хүнд биш ял оногдуулсан бөгөөд уг ялыг дахин хөнгөрүүлэх зайлшгүй шаардлага үүсээгүй, оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн аюул, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн санаа зорилго болон үйлдэлд тохирсон байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Д.Г өмгөөлөгч С.Тэгшжаргал, Б.Нандин-Эрдэнэ нарын хамтран гаргасан, мөн түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.Г шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г өмгөөлөгч С.Тэгшжаргал, Б.Нандин-Эрдэнэ нарын хамтран гаргасан, мөн түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ