Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2026/0752

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Г*******” ХХК, РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ү.Д*******, Л.О нарын хоорондын  “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ү.Д*******, Л.О нарын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн НА-232 нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, хариуцагч улсын байцаагч Л.О, Ү.Д*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ү.Д*******, Л.О нараас “Г*******” ХХК-ийн 2021 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн НА-232 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 36,378,872.72 төгрөгийн нөхөн татвар, 10,913,661.82 төгрөгийн торгууль, 22,333,717.54 төгрөгийн алданги, нийт 69,626,252.08 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

1.2. “Г*******” ХХК-иас дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргаж, тус зөвлөлөөс 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаартай тогтоолоор татварын улсын байцаагч нарын НА-232 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

1.3. Нэхэмжлэгчээс 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ү.Д*******, Л.О нарын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн НА-232 нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ү.Д*******, Л.О нарын NA-232 дугаар актаар “Г*******” ХХК-д нийт 69,626,252.08 төгрөгийн төлбөр ногдуулсан бөгөөд тус актыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ.

Маргаан таслах зөвлөлийн тогтоол болон татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хууль болон хууль дээдлэх, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох, татвар төлөгчийн эрхийг хамгаалах зарчмуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэг. Татварын акт нь бодит нөхцөл байдалд тулгуурлаагүй

Татварын улсын байцаагч нар нь “Г*******” ХХК нь “С” ХХК-аас худалдан авсан бараа материалтай холбоотой зардал болон нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг үндэслэлгүй гэж үзсэн байна.

Гэвч бодит байдал дээр:

“Г*******” ХХК болон “С” ХХК-ийн хооронд дизель түлш худалдах, худалдан авах ажиллагаа бодитоор явагдсан, төлбөр тооцоог өр төлбөрт тооцон суутган тооцсон, нягтлан бодох бүртгэлийн тайланд үнэн зөвөөр шивж баталгаажуулсан.

Татварын байгууллага нь зөвхөн нийлүүлэгч этгээдийн тайлагнал, бүртгэлтэй холбоотой эргэлзээгээр татвар төлөгчийн бодитоор гарсан зардлыг бүхэлд нь үгүйсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Татварын ерөнхий хуулийн дагуу татварын хяналт шалгалт нь бодит нөхцөл байдалд үндэслэх ёстой бөгөөд зөвхөн гуравдагч этгээдийн зөрчил байгаа эсэхээр татвар төлөгчийн эрхийг хязгаарлах боломжгүй юм. Манай компанийн зүгээс хуулийн дагуу дүрэм, журамд заасан үйлдлийг хийснээр гуравдагч этгээдийн тайлан тооцооны алдааны улмаас татварын нөхөн төлбөрт унасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Хоёр. Татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаа нотлогдоогүй

Татварын улсын байцаагч нар үндэслэлгүйгээр татвар ногдох орлого бууруулсан гэж дурдсан боловч “Г*******” ХХК нь хуурамч хэлцэл байгуулсан, зохиомол гүйлгээ хийсэн, татвараас зайлсхийх зорилготой байсан, эсхүл мэдсээр байж хууль бус баримт ашигласан болохыг нотолсон нэг ч шууд нотлох баримт байхгүй. Татварын байгууллага нь татвар төлөгчийн буруутай үйлдлийг бүрэн нотлох үүрэгтэй байхад зөвхөн таамаглал, дотоод дүгнэлтэд тулгуурлан акт тогтоосон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу:

Хууль ёсны байх, үндэслэл бүхий байх, бодит нөхцөлд нийцсэн байх зарчмууд ноцтой зөрчигдсөн байна.

Гурав. Татварын байгууллага нотлох үүргээ хэрэгжүүлээгүй

Маргаан таслах зөвлөлийн тогтоолд:

Бараа материал бодитоор нийлүүлэгдээгүй, ажил үйлчилгээ огт хийгдээгүй, санхүүгийн баримт хуурамч болох талаар хангалттай нотолгоо гаргаагүй байна.

Харин эсрэгээрээ татвар төлөгчөөс:

Нягтлан бодох бүртгэлийн тайлан, татварын тайлан, НӨАТ-н баримтууд гаргаж өгсөн байхад тэдгээрийг бодитойгоор үнэлээгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч байгууллага уг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй атлаа бүх эрсдэлийг татвар төлөгчид шилжүүлсэн нь хууль бус байна.

 Дөрөв. Хариуцлагын арга хэмжээ нь хэт нэг талтай байна

 Татварын байгууллагаас нөхөн татвар, алданги, торгууль зэрэг олон төрлийн хариуцлагыг давхардуулан ногдуулсан байна.

Гэтэл татвараас санаатай зайлсхийсэн, хууль бус ажиллагаа явуулсан, зохион байгуулалттай зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд торгууль ногдуулах үндэслэл хангалтгүй байна.

Тав. Маргаан таслах зөвлөл хэргийг бүрэн, бодитой шалгаагүй

Маргаан таслах зөвлөл нь татвар төлөгчийн гаргасан тайлбар, нотлох баримтуудыг бодитоор үнэлэлгүйгээр улсын байцаагчийн актыг үндсэндээ хэвээр баталсан байна.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн эрх ашигт нийцүүлэн эргэлзээг шалгаагүй, нотлох баримтуудыг харьцуулан үнэлээгүй, бодит ажиллагааг тогтоох ажиллагаа явуулаагүй, зөвхөн актын дүгнэлтийг давтсан шинжтэй шийдвэр гаргасан болно. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 106 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн “Г*******” ХХК-д холбогдуулан гаргасан NA-232 дугаар татварын актыг бүхэлд нь хүчингүй болгож, “Г*******” ХХК-д ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г******* ХХК-д 2025 оны 11  дүгээр сарын 27-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаар нийт 69,626,252 төгрөгийн төлбөр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон НӨАТ-ын татвар тайлагнаагүй буюу түүнээс үүссэн торгууль, алдангийн хамтаар төлнө үү гэсэн акт тавигдсан. Тус акттай холбоотой үндсэн процесс дээр манайх бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйгээр оролцож байгаа. Өмнө болсон процессын хувьд татварын хяналт шалгалтын байцаагч нар нь өөрсдийн эрх болон үүрэгт заасан арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл зөвхөн татварын систем дээр байрлах мэдээлэл буюу НӨАТ-ын падаантай холбоотой мэдээллээс бусад байдлаар гуравдагч этгээд, хөндлөнгийн гэрчийн төлөөлөгч гэдэг юм уу эс үгүй бол мөн шалгалт үүсэх болсон эх сурвалж болох С******* ХХК-тай холбоотой ямар нэгэн байдлаар хөндлөнгийн мэдээллүүдийг татварын акт шалгалтад хамруулж үзээгүй. Зөвхөн нэг талыг барьсан, ганц байдлаар үндсэн систем дээр баригдсан НӨАТ-ын падаан, тэрний хий бичилт гэдэг үндэслэлээр манай дээр энэхүү актыг тавьсан. Хий бичилттэй холбоотой Г******* ХХК нь түлшний худалдан авалт болох 181 сая төгрөгийн 21 ширхэг баримтыг үйлдсэн байдаг. Энэ нь 2021 оны 09 дүгээр сард болсон процесс буюу тухайн үедээ татварын тайлан болон НӨАТ-ын тайлангаар баталгаажаад хэвийн явагдаад дууссан процесс. Үүнтэй холбоотой шалгалтаар тогтоогдсон зүйл нь хий бичилт гэж үзсэн боловч хий бичилттэй холбоотой үндэслэх баримт бичиг хөрөнгө татвараас тодорхой гараагүй, зөвхөн анхан шатын баримтыг хавсаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр акт авагдсан байгаа. Анхан шатын баримттай холбоотой Г******* ХХК-ийн өөрсдийгөө хамгаалдаг зарчим нь системд бүртгэгдсэн, албан ёсоор баталгаажсан НӨАТ-ын падаан нь шивэгдэж ирсэн, тэрийг нь Г******* ХХК татварын тайлан болон НӨАТ-ын тайландаа тусгаж явсан байгаа. Энэ процесс даамжирснаараа хяналт шалгалтын процессын дагуу 69 сая төгрөгийн акт тавигдсан боловч үүнтэй холбоотой маргаан таслах зөвлөлд Г******* ХХК гомдол өгсөн. Маргаан таслах зөвлөлд гомдлын шийдвэр нь хэвээр үлдээсэн. Хэвээр үлдээсэнтэй холбоотой маргаан таслах зөвлөлд Г******* ХХК-аас НӨАТ-ын хий бичилтийг хууль бус гэж үзэж байгаа. С******* ХХК-ээс шалтгаалан хууль бус гэж үзэж байгаа бол 18 сая төгрөгийг манайх хариуцан, хувиар гаргаад төлье. Үүнтэй холбоотой манайх үйл ажиллагаагаа хэвийн явуулах, бусад үйл ажиллагаанд оролцох боломжгүй байгаа болохоор энэ процессыг хүлээн зөвшөөрөөд 18 саяыг төлнө, харин аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр ноогдуулсан 18 сая төгрөг болон алданги, торгуулийг төлөхгүй гэсэн байдлаар маргаан таслах зөвлөлд гомдлыг гаргасан. Гэвч маргаан таслах зөвлөлд 69 сая төгрөгийг хэвээр нь үлдээж актыг хэвээр нь шийдвэрлэсэн. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдэг процессын хувьд шүүхэд хэрэг шилжсэнээс хойш нотлох баримт гаргуулах хүсэлттэй холбоотой С******* ХХК-ийн хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээллүүдийг бид нар харах боломжгүй, бид нарт тийм эрх нь байгаагүй. Анх эх сурвалж болох эрсдэлтэй харилцагч гэдэг аман мэдээллээс өөр бичгээр мэдээлэл ирээгүй. Тэрэнтэй холбоотой хүсэлт гаргаж, тухайн процессыг шалгаж үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С******* ХХК-тай холбоотой татварын акт гэсэн зүйл гараагүй. Мөн тэднийхийг хууль бус үйлдэл хийсэн, хийгээгүй эсэх талаар холбогдох цагдаа бас шүүхийн ямар нэгэн шийдвэр байхгүй. Харьяа татварын газрын тодорхойлсон акт нь гаргадаг. Ингээд дүгнээд үзэхээр Г******* ХХК-д хамааруулж тавьсан хий бичилт гэж үзэж байгаа 181 сая төгрөгтэй холбоотой 18 сая төгрөг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардлаас тооцохгүй гэдэг 18 сая, мөн торгууль болон алданги нийт дүн болох 69 сая төгрөг нь үндсэн эх үүсвэр болох үндэслэл нь С******* ХХК-аас эхлэлтэй гэж эх сурвалж дээр тайлбарладаг. Тус эх сурвалжийнх нь шалгалтын процесс, ажил нь дуусаагүй байж байхад Г******* компанийг урьдчилаад логикийн алдаатайгаар акт тавиад торгууль тавьчихсан процесс харагддаг. Ийм болохоор татварын акт гаргах үндсэн суурь шаардлагаа хангаагүй, бодит нөхцөл байдал дээрээ үндэслээгүй, хэргийг тал бүрээс нь бодитой үзээгүйгээр зөвхөн анхан шатны баримтын шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр нэг талд шийдвэр гаргаж акт тавьсан тул нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Нэхэмжлэлийн нэг болон хоёрдох хэсгийн хариу тайлбар.

Нэг: Татварын акт нь бодит нөхцөл байдалд тулгуурлаагүй.

Хоёр: Татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаа нотлогдоогүй.

Г******* ХХК-ийн 2021 онд С******* ХХК-иас 181,894,363.63 төгрөгийн бараа материалын худалдан авсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл 29.1.1.анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх гэж заасны дагуу татварын тайланг гаргах ёстой байтал татварын хяналт шалгалтын хугацаанд анхан шатны баримт, кассын тайлан ирүүлээгүй, харилцах дансаар гүйлгээ хийгдээгүй нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Мөн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлд тус компанийн захирал Ч овогтой Д нь 2021 онд С******* ХХК-тай ямар ажил гүйлгээ хийсэн бэ гэх татварын улсын байцаагчийн асуултад О ХХК-иас түлш авахаар анх тохиролцсон боловч мөнгөө залилуулан шүүхээр шийдвэрлүүлсэн. О компани нь төлбөрөө барагдуулахын тулд С******* ХХК- иас бартераар жаахан арматур болон паркет шал авсан гэх, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлд С******* ХХК-иас худалдан авсан хий бичилттэй баримтаар хасалт хийж төлөх татвараа бууруулсан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна уу гэх асуултад зөвшөөрч байна гэсэн тайлбарыг хэлсэн нь татвар төлөгчийн гарын үсгээр баталгаажсан ярилцлагын тэмдэглэлээр нотлогдож байгаа тул зөрчилд хариуцлага оногдуулсан. Мөн татвар төлөгч нь 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолдоо тухайн зөрчлийн нөхөн татварыг хариуцан төлөхөө зөвшөөрч илэрхийлсэн нь бодит бус худалдан авалтыг нотолж байна.

Зөрчилд хариуцлага оногдуулахдаа:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015.07.09/ 14 дүгээр зүйл.Албан татварт хасалт хийх. 14.1.Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно: 14.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн; 14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй;

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019.03.22/-ийн 16 дугаар зүйл.Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал 16.1.Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй: 16.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал; 13 дугаар зүйл.Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага 13.1.Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; гэсэн заалтыг үндэслэн зөрчилд нөхөн татвар ногдуулсан.

Гурав: Татварын байгууллага нотлох үүргээ хэрэгжүүлээгүй

23251003185 тоот татварын хяналт шалгалтын томилолт 2025 оны 10 дугаар сарын  27-ны өдөр олгогдсон ба Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйл. Татварын хяналт шалгалт 41.5. Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-aac доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ. гэсэн хуулийн заалтын дагуу 2025 оны 10 дугаар 29-ний өдөр тус компанийн захирал Ч овогтой Дгийн дугаарын утсаар мэдэгдсэн. Мөн 2025 оны 10 дугаар 29-ний өдөр баримт бичгийн хүсэлтийг татвар төлөгчийн d******* хаягт хүргүүлэхэд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хас банк, Хаан банк, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банкны нийт 52 хуудас харилцах дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ болон захирлын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлсэн. Татварын хяналт шалгалтын шийдвэр 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсан бөгөөд татвар төлөгч дээрх хугацаанд нэмэлт санхүүгийн баримт материал ирүүлээгүй болно. Тухайн зөрчилд тооцсон худалдан авалтыг бодит бус талаар нэхэмжлэлийн тайлбарын нэг дэх хэсэгт дурдсан. Мөн Г******* ХХК-д хий бичилттэй борлуулалт хийсэн С******* ХХК-ийн 2019-2022 он хүртэл иж бүрэн хяналт шалгалт, 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М*******, А.Б******* нар хяналт шалгалт хийж, 2021 онд нэр бүхий 50 татвар төлөгчид 10,867,623,446.43 төгрөгийн бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр цахимаар нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бичилт хийж, төсөвт төлөх татварын хэмжээг 1,086,762,344.64 төгрөгөөр бууруулах боломж олгосон нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр танилцуулга үйлдэн цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна.

Дөрөв: Хариуцлагын арга хэмжээ нь хэт нэг талтай байна.

Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл. Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага 82.1. Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно: 82.1.1.төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар; гэсэн заалтыг үндэслэн торгууль оногдуулж, мөн тус хуулийн 73 дугаар зүйл. Алданги 73.1. Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно: гэсэн заалтыг үндэслэн алданги ногдуулсан болно.

 Тав. Маргаан таслах зөвлөл хэргийг бүрэн, бодитой шалгаагүй

 Нийслэлийн маргаан таслал зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолыг хавсралтаар хүргүүлэв” гэжээ.

3.2. Хариуцагч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий газраас Г******* ХХК-д эрсдэл үүсэж, томилолт орсон. Хянан шалгалтын хугацаанд Г******* ХХК-ийн захирал нь цаад компанийн талаар мэдээлэл өгөөч гэж байсан. Тэгэхээр бид нар С******* ХХК-ийг шалгаагүй. Нийслэлийн татварын газар шалгаад дансны хуулгаар их хэмжээний борлуулалт, худалдан авалт нь огт нотлогдоогүй учраас их хэмжээний дүнтэй гээд цагдаагийн байгууллагад танилцуулга бичигдээд ажиллагаа явагдаж байна. Эрсдэлийн удирдлагын газраас дүгнэлт үүсээд шалгагдаад, манайх шалгахаар Г******* компаниар дансаар хийгдсэн гүйлгээ ерөөсөө байхгүй. Захирал нь гүйлгээ хийгээгүй талаар ярилцлагын тэмдэглэлд гарын үсэг зурсан” гэв.

3.3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс Г******* ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын ногдуулалт төлөлтийн байдал, нэмэгдсэн өртгийн албан татварыг хялбаршуулсан татварын хяналт шалгалтыг хийсэн. 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23251003185 тоот томилолтын дагуу татварын улсын байцаагч Л.О, Ү.Д******* нар хийж 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2325000000192 тоот нөхөн ногдуулалтын актаа нийт 363,633,788,727.26 төгрөгийн зөрчилд 69,626,252.08 төгрөгийн төлбөр төлүүлэхээр актыг тогтоосон. Ингээд хяналт шалгалтын процесс ажиллагааны талаар нэхэмжлэгчээс ажиллагаа алдаатай байсан, нэг талыг барьж шийдвэрлэсэн гээд байна. Хяналт шалгалтын ажиллагаа Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйл татварын хяналт шалгалт хийх ажиллагааны журмын дагуу явагддаг. Процессын алдаатай гэдэг буруу байна. Татварын ерөнхий газар, эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн томилолтын дагуу ороод дүгнэлтийн дагуу татварын улсын байцаагч татвар төлөгчийг дуудаж ирүүлээд татвар төлөгчөөс ирүүлсэн материал, татварын удирдлагын нэгдсэн системд хөндлөнгийн мэдээлэл, үүнд манайх татварын алба төрийн 41 байгууллагатай хамтарч ажиллаад хөндлөнгийн мэдээллээс 41 газраас цахимаар шууд мэдээллийг нь татаж авдаг. Хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчийн ирүүлсэн материал, дансны хуулга зэрэг баримтуудад тулгуурлаад хяналт шалгалтын актыг тодорхойлж нөхөн ногдуулалтын актыг гаргасан. Ямар нэгэн процесс, алдаа байхгүй. Татварын хяналт шалгалтын хугацаанд анхан шатын баримт, кассын тайлан ирүүлээгүй, хариуцагч дансаар гүйлгээ хийгдээгүй. Энэ нь дансны хуулгаар нотлогдчихож байгаа юм. Хэрвээ ямар нэгэн байдлаар худалдан авалт хийсэн борлуулалт үнэн гэж үзэж байгаа бол С******* ХХК, Г******* ХХК хоорондоо 10 сая төгрөгийн борлуулалт хийсэн гэж үзэх юм бол хоорондоо ядаж дансаар нотлогдож байх ёстой. Гэтэл ямар нэгэн байдлаар дансны хуулганаас хоорондоо худалдан авалт хийсэн гүйлгээ, гүйлгээний хуулга байгаагүй. Г******* ХХК-аас анхан шатын баримтууд ерөөсөө ирүүлээгүй, кассын тайлан ирүүлээгүй, байсан мэдээллүүдээ тулгуурлаад татварын хөндлөнгийн мэдээлэл тулгуурлаж шийдвэрлэсэн. Хяналт шалгалтын явцад Г******* ХХК-ийн захирал Ч овогтой Д С******* ХХК-тай ямар ажил гүйлгээ хийсэн бэ гэдэг асуулт дээр нь үйл ажиллагаа хийгээгүй, манайх  хий бичилттэй худалдаж авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд актаа гардаж авсан байдаг. Зөвшөөрч байна гэдгээ хэлсэн энэ нь тэмдэглэлдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 2 дахь нь болохоороо маргаан таслах зөвлөл актыг хэвээр үлдээсэн гээд хэлж байна. Маргаан таслах зөвлөлийн явцад нэхэмжлэгч талын өмгөөлөгч оролцсон. Оролцох явцдаа зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэдэг мэдүүлгийг өгсөн учраас маргаан таслах зөвлөл үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэдэг үндэслэлээрээ татварын хяналт шалгалтын процессын ямар нэгэн алдаагүй байна, үнэн зөв байна гэдэг үндэслэлээр 69 сая төгрөгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. С******* ХХК-д 2 удаа татварын томилолт орсон. 2 удаа томилолт ороод татварын хяналт шалгалт хийгээд ерөнхийдөө 1 бол нөхөн ногдуулалтын акт гардаг. Нэг болбол танилцуулга гардаг. Ийм 2 төрлийн баримт гардаг гэсэн үг. Үнийн дүн нь бага хэмжээний хохиролтой үед нөхөн ногдуулалтын акт гараад энэ дээрээ нөхөн татвар торгууль алданги бичигдэж байгаа. Их хэмжээний хохирол учруулж байгаа тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 41-д их хэмжээний хохирол гарч ирж байгаа тохиолдолд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд татвар улсын байцаагч нөхөн ногдуулалтын акт биш танилцуулга бичээд цагдаагийн байгууллагад хүргүүлдэг. Ингээд цагдаагийн байгууллага танилцуулга хүргүүлсний дагуу тухайн компаниуд ямар ямар гэмт хэрэг үйлдсэн бэ гэдгийг шалгаж явуулдаг. С******* ХХК-д 2 удаа татварын хяналт шалгалт 2 жил дараалаад орсон. Хуульд их хэмжээний борлуулалт, худалдан авалт хийсэн гэдэг үндэслэлээрээ цагдаагийн байгууллага руу танилцуулга бичүүлж хүргүүлсэн. Ийм учраас акт ямар нэгэн байдлаар Г******* ХХК-тай адилхан хяналт шалгалтын акт гаргана гэж ойлгохгүй. Танилцуулга нь татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг. Үүнийг цааш нь цагдаагийн байгууллага шалгадаг. Шүүх хуралдаанд танилцуулгыг хүргүүлсэн” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ү.Д*******, Л.О нарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ү.Д*******, Л.О нарын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн НА-232 нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ,

- Татварын улсын байцаагч нар нь хяналт шалгалтыг зөвхөн татварын цахим системийн хүрээнд хэрэгжүүлж шалгалт хийгдэх үндэслэлийг бий болгосон, “С*******” ХХК-ийг шалгаагүй, тус компаниас тайлбар аваагүй, баримт гаргуулаагүй нь татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд нийцээгүй, татварын улсын байцаагч хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй,

- Худалдагч талаас хууль тогтоомжид заасны дагуу бичигдсэн цахим баримтыг үндэслэн татварын тайлан гаргасан байхад биднээс үл хамаарах шалтгааныг харгалзан үзээгүй,

- Худалдагч тал болох “С*******” ХХК-д нөхөн ногдуулалтын акт үйлдсэн, буруутгасан аливаа шийдвэр байхгүй байхад худалдан авагч тал болох манай компанид урьдчилан акт тавьсан нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Хариуцагч татварын улсын байцаагч нараас “Г*******” ХХК-ийн 2021 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн НА-232 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 36,378,872.72 төгрөгийн нөхөн татвар, 10,913,661.82 төгрөгийн торгууль, 22,333,717.54 төгрөгийн алданги, нийт 69,626,252.08 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

4. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар татвар төлөгч нь “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх” үүрэгтэй бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдөх орлогыг хасаж тооцох”-оор, 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар “бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан зардал”-ыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохоор тус тус зохицуулжээ.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Г*******” ХХК нь “С*******” ХХК-иас худалдан авалт хийгээгүй атлаа 181,894,363.63 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр цахим баримт үйлдэж тайлагнасан нь татварын нэгдсэн системд бүртгэгдсэн болох нь татварын албанаас хийсэн удаа дараагийн хяналт шалгалтаар танилцуулагджээ.

6. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх зохицуулалтад заасан шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан баримт бүхий зардлыг хасагдах зардалд тооцож татвар ногдуулах орлогоос хасч татвар ногдох орлогоо тодорхойлохоор байхад хуулийн шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй зардлыг хасч тооцсон Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 1-д заасан “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан” зөрчилд тооцогдоно.

7. Иймд маргаан бүхий актаар мөн хуулийн Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу татварыг нөхөн төлүүлж, 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох ...”, 82 дугаар зүйлийн 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар торгоно” гэж заасан хүрээнд шийдвэрлэснийг хууль бус гэж үзэхгүй.

8. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”, 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж заасны дагуу “С*******” ХХК болон нэхэмжлэгч “Г*******” ХХК-иудын хэн аль нь борлуулалт болон худалдан авалтаа татварын цахим системд бүртгэсэн хэдий ч эдгээр  борлуулалт, худалдан авалт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар давхар баталгаажсан байх шаардлагатай.

9. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь “тухайн худалдан авалт нь аж ахуйн нэгжүүдийн хоорондын өглөг авлагын тооцоогоор зохицуулагдсан, удирдлагуудын утсаар ярьж тохиролцсоны дагуу хийгдсэн гүйлгээ байсан” гэж тайлбарлан уг тайлбарыг нотлох аливаа баримтыг татварын хяналт шалгалт болон гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүнчлэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж ирүүлээгүй тул “Татварын улсын байцаагч нар нь хяналт шалгалтыг зөвхөн татварын цахим системийн хүрээнд хэрэгжүүлж шалгалт хийгдэх үндэслэлийг бий болгосон, “С*******” ХХК-ийг шалгаагүй, тус компаниас тайлбар аваагүй, баримт гаргуулаагүй нь татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд нийцээгүй, татварын улсын байцаагч хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, худалдагч талаас хууль тогтоомжид заасны дагуу бичигдсэн баримтыг үндэслэн татварын тайлан гаргасан байхад биднээс үл хамаарах шалтгааныг харгалзан үзээгүй” гэх тайлбараар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

10. Хэдийгээр технологийн хөгжилтэй холбоотойгоор аливаа гэрээ хэлцлийг утсаар хийх, амаар тохиролцох байдлаар зохицуулж болох боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд санхүүгийн анхан шатны баримтуудыг цаасаар бүрдүүлэхээр заасан, эрх бүхий этгээдээс холбогдох баримтуудын маягт, загварыг баталсан байх тул аж ахуйн нэгж нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлэх үүрэгтэй гэж үзнэ.

11. Хариуцагч татварын улсын байцаагч нараас “С*******” ХХК-ийг шалгаагүй, баримтыг шаардаж гаргуулаагүй, мөн тус компанийн татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж тогтоосон аливаа шийдвэр гараагүй хэдий ч дээр дурьдсан хуулийн зохицуулалтуудын дагуу худалдан авагч тал болох “Г*******” ХХК нь тухайн худалдан авалтын анхан шатны баримтуудыг бүрдүүлсэн байх үүрэгтэй.

12. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд хэрхэн өр авлага үүссэн, хэрхэн ямар журмаар барагдуулсан, тооцоо нийлсэн эсэх харилцааг төрийн эрх бүхий байгууллагуудаас, тэр дундаа татварын улсын байцаагч нар таамаглан мэдэх боломжгүй бөгөөд өглөг авлагын харилцаа үүссэн, дуусгавар болсон талаар санхүүгийн анхан шатны баримтыг хөтлөх, түүнд үндэслэн санхүүгийн болон татварын тайлан гаргах үүргийг хуулиар аж ахуйн нэгж хүлээнэ.

13. Хэрэвзээ нэхэмжлэгч хуулийн этгээд нь бодитой худалдан авалт хийсэн тохиолдолд “С*******” ХХК-ийг шалгасан эсэх, тус хуулийн этгээдээс баримт гаргуулсан эсэхээс үл хамааран худалдан авалтыг үнэн зөв, бодитой хийгдсэн болохыг нэхэмжлэгч хуулийн этгээд нотлох боломжтой байсан гэж үзэх бөгөөд үүнийг нотлох, өөрт байх ёстой баримтыг нэхэмжлэгч гаргаж ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасанчлан татварын улсын байцаагч нараас маргаан бүхий нөхөн ногдуулалтыг актыг үйлдсэнийг буруутгах боломжгүй юм. 

14. Дээр дурьдсан үндэслэлээр “Г*******” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ү.Д*******, Л.О нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4, 13.5, 13.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ү.Д*******, Л.О нарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ү.Д*******, Л.О нарын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн НА-232 нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ