Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01898

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01898

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/02007 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХХХХХ-д холбогдох тус сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/56 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХХХХ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ, хариуцагчийн төлөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оноос тус сургуульд сургалтын менежерээр ажиллаж эхэлсэн. Захирал ХХХХ нь намайг үндэслэлгүйгээр хардаж, тодорхой бус шалтгаанаар надад сахилгын шийтгэл авах болсон. Эдгээр сахилгын шийтгэлүүдийн үндэслэл нь хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн дотоод журамд заагдаагүй нөхцөл байдлууд байсныг миний бие зөвшөөрөхгүй байсан ч нэгэнт үүссэн харилцааны доголдолтой асуудлыг гүнзгийрүүлэхгүйн улмаас ямар нэг гомдол санал тухайн үед гаргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгууллагын зүгээс 2017 оны 5 сарын 10-ны өдөр гаргасан тушаалаа хүчингүй болгож 2017 оны 5 сарын 17-ны өдөр Б/56 тоот ажлаас чөлөөлөх тушаал гаргасныг 2017 оны 5 сарын 19-ний өдөр хүлээн авсан. 2017 оны 5 сарын 10-ны өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүй болгосонд бид маргахгүй. Намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргах болсон нөхцөл байдал нь 2017 оны 4 сарын 11-ний өдрөөс 12-ны өдрүүдэд Нийслэлийн боловсролын газраас түвшин тогтоох шалгалт авах ёстой байсан бөгөөд сургуулийн захиргааны зүгээс шалгалт авах нөхцөл боломж бүрдүүлж өгөөгүйн улмаас 10 дугаар ангийн англи хэлний хичээлийн шалгалт хугацаанаас хоцорч 3 хоногийн дараа авагдсан. Шалтгаан нь шалгалтын сэдэв, материалыг хүүхэд бүрийн тоогоор олшруулах боломжгүй, хоргүй байсан бөгөөд энэ нөхцөл, боломжийг сургуулийн захиргаа бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл захирал ХХХХ нь дээрх нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэхгүйгээр, надаас үл хамаарах байдлаар шалгалт авах хугацаа хойшлогдсон асуудлыг миний ажил үүрэгтэй шууд холбож, намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байгаа болно. Иймд 2017 оны 5 сарын 17-ны өдрийн Б/56 тоот тушаалыг хүчингүй болгуулж, намайг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ХХХХ нь хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглох сайдын тушаалыг ноцтой зөрчсөн, хичээлийн үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан гэсэн үндэслэлээр 2017 оны 2 сарын 13-ны өдөр Б/29 дугаар захирлын тушаалаар сануулах арга хэмжээ, мөн боловсролын бичиг баримт буруу хөтөлсөн, багш нарыг арга зүйгээр хангаж ажиллаагүй, хичээлд хангалтгүй суусан сурагчийн дүнг гаргасан зэрэг зөрчилд нь 2017 оны 3 сарын 28-ны өдөр Б/38 дугаар захирлын тушаалаар дахин сануулах арга хэмжээ авагдаж байсан. ХХХХ-ийн ажлын хариуцлага муутай байдлаас болж 2017 оны 1 сарын 31-ний өдөр 5/05, 2017 оны 3 сарын 17-ны өдөр 30 дугаартай прокурорын мэдэгдлүүд сургуулийн захиргаанд ирж байсан. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдах шалгалтыг хариуцлагагүй байдлаасаа болж 3 хоног хэтрүүлж шалгалтыг авсан, сурагчийн хувийн хэргийг дур мэдэн зассан зэрэг үйлдлүүд нь ноцтой зөрчил гэж үзэж захирлын 2017 оны 5 сарын 17-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлөн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх байдлаар удаа дараа болон ноцтой зөрчил гаргасан тул ажлаас ХХХХийг чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХийг ХХХХХХХ-ийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ХХХХХХ-ийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/56 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ХХХХт олгож, хариуцагч ХХХХХХХ-иас 70 200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагчаас ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ 2017.02.17-ны өдөр Б/29 тоот, 2017.03.28-ны өдөр Б/38 тоот тушаалуудаар сануулах арга хэмжээ авагдсан байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэж тодорхойлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд энэхүү зохицуулалтаас ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлийг барин нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Энэхүү хуулийн зохицуулалтад заавал тушаал шийдвэртээ гаргасан зөрчлийг тусгах ёстой гэсэн Улсын дээд шүүхийн зөвлөмж болон тайлбарт байхгүй болно. Зөвхөн хуулийн үндэслэлээ тодорхой заасан байх шаардлагатай гэсэн байдаг тул хуулийн холбогдох үндэслэлээ заагаад тушаалаа гаргасан бөгөөд уг тушаалд заасан үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар болон бусад холбогдох нотлох баримтаар нотолсон байхыг анхан шатны шүүхээс харгалзаж үзсэнгүй.

Нэхэмжлэгч тушаалд заагдсан холбогдох хуулийн үндэслэл болох нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдах шалгалтыг 3 хоног хэтрүүлсэн гэдгээ хариуцагч надад 2017.05.05-ны өдөр өөрөө бичгээр бичиж өгсөн байхад яагаад тогтоогдохгүй байна гэж үзсэн юм бэ гэх тайлбараас харахаар тэрээр өөрийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэдэг ч 2017.02.08-ны өдрийн Нийслэлийн боловсролын газрын орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ХХХХ-ийн "Стандарт цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад шинжилгээ хийж зөвлөн туслах ажил зохион байгуулах ажлын удирдамжийн нэг сургуулийн зохион байгуулалтын 2-т Сургалтын менежерүүд Боловсролын газраас ирүүлсэн сэдвийг ЗАН-ийн ахлагчаар нягтлан шалгаруулж олшруулан гэж тухайлан нэхэмжлэгчийн үүрэг болгоод заагаад өгсөн байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгч нь түвшин тогтоох шалгалт болох гээд байна хувилах төхөөрөмж хор байхгүй тул шалгалтын материал хувилах боломжгүй байгаагаа нягтлан, нярав нарт хэлж байгаагүй гэдгийг гэрчүүдийн тайлбараар давхар нотлогдож байхад шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн тус удирдамжийн 7-д Анги хичээлийн өөрчлөхгүйгээр 4 сарын 10-д дахин түвшин тогтоох шалгалт ав гэж заагаад байхад хувилагч төхөөрөмж хор байхгүйгээс болоод шалгалтын материал хугацаанд нь хувилаагүй гэдгээ өөрөө тайлбартаа тодорхой бичсэн байгаа нь тухайн зөрчил түүний гэм буруутай эсэх талаар өөрөөс нь тайлбар авсан гэж үзэх үндэслэлтэй байхад шүүхээс аваагүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Түүний зөрчлийн асуудлаар 2017.05.10-ны өдөр хурлаар хэлэлцэхэд нэхэмжлэгч өөрөө, ҮЭ-ийн хороон дарга ХХХХ, ХХХХ, ХХХХ, протоколыг ХХХХ нар хөтөлсөн баримт нотлох баримтаар өгсөн болно. Уг хурал дээр тэрээр өөрийгөө ажлаас халагдах хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй байна гэсэн байгаа нь тусгагдсан байхад яагаад зөрчлийн төрлөөр нь хурлаар авч хэлэлцээгүй гэж шүүхээс үзээд байгааг ойлгохгүй байна.

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны 4 дүгээр зорилтын хүрээнд ...улсын шалгалтын бэлтгэлийг хангах, зохион байгуулах... гэж заасан үүргээ биелүүлээгүй болно. Тэрээр ажлын байрны тодорхойлолтонд ингэж зааж өгөөд байхад зөвхөн анги дэвшин улсын шалгалтын бэлтгэл хангах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. учир нь дээрх шалгалт нь улсын хэмжээнд нэгэн зэрэг 4 сарын 10-ны өдөр зохион байгуулах шалгалт учир нийслэлийн хэмжээнд авч байгаа шалгалт болно.

Мөн нэхэмжлэгч ажлаас халагдсан асуудал болох хамгийн сүүлийн зөрчил болох түвшин тогтоох шалгалттай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болохоос өмнөх сахилгын шийтгэлүүдтэй холбогдуулан гомдлоо гаргаагүй болно. 2017.03.27-ны өдрийн болон 2017.05.10-ны өдрийн хурлын протоколууд хуулбар үнэн дарагдаж хэргийн матөриалд нотлох баримтаар авагдсан байгаа бөгөөд үүнийг нотариатаар баталгаажуулах боломжийг анхан шатны шүүхээс өгөөгүй. Тухайлбал нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2017.05.17-ны өдөр гаргасан бөгөөд шүүх хурал 2017.06.09-ны өдөр болсон, мөн тус өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарт хэргийн материал танилцуулаад шүүх хурлыг явуулсан нь ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим алдагдсан, 44 дүгээр зүлд заасан Бичмэл нотлох баримт гаргах үйл явц алдагдсан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлээгүй шийдвэрээ гаргасан явдлыг нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХХХХ-д холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/56 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэж маргасан байна.

 

ХХХХ нь 2011 оноос ХХХХХХХ-д сургалтын менжерээр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулан ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 30, 51-52/

 

Нэхэмжлэгч ХХХХт 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/29, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар хичээллэх цагаар гар утас хэрэглэхийг хориглох тухай сайдын тушаалыг ноцтой зөрчиж, хичээлийн үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан, боловсролын бичиг баримтыг буруу хөтөлсөн, хичээлд хангалтгүй суусан сурагчийн дүнг гаргаж, багш нарыг арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллаагүй гэх үндэслэлийг тодорхой зааж тус тус сануулах арга хэмжээ авагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

Харин уг ажилтныг ажлаас халсан ХХХХХХХ-ийн захирлын тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй болно. Учир нь ХХХХийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх боловч ажлаас чөлөөлсөн тушаалдаа ямар зөрчлийг гаргасан талаар нэрлэн заагаагүйтэй холбоотой маргаан үүсчээ.

 

Ажил олгогч нь ажилтныг нийслэлийн хэмжээнд явагдсан түвшин тогтоох шалгалтыг хоцроосон нь сахилгын зөрчил гэж тайлбарлаж байх боловч энэ талаар уг тушаалдаа заагаагүй байна.

 

Хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцохын тулд зөрчилд тооцож буй үйл баримт буюу шалгалтыг хоцроосон гэх нөхцөл байдлаас гадна ажилтан ХХХХ-ийн буруутай үйлдэл тогтоогдсон байх учиртай. Иймд түвшин тогтоох шалгалтын хугацаа хоцроосон гэх зөрчилд холбогдуулан нэхэмжлэгч ХХХХт 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр сахилгын арга хэмжээ авсан гэдэг нь тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хурлын тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй хэдий ч уг баримтуудыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй байх бөгөөд ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/02007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ-ийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

                                                        Ц.ИЧИНХОРЛОО