Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 114

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Хохирогч А-,

Шүүгдэгч Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-ад холбогдох эрүүгийн 1818000390061 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б-,  -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн,  - настай, яс үндэс казак, эмэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны нөхөн сэргээлтийн инженер мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын - тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй түр оршин суух, Дархан-Уул аймгийн Дархан сумын -  тоотод засаг захиргааны бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, -  регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний иргэн А-эд хямдхан машин олж өгч зуучилна, урьдчилгаа өгөх хэрэгтэй гэж хуурч 2 857 000 төгрөгийг ХААН банкны 5119030333 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний иргэн А-эд хямдхан машин олж өгч зуучилна, урьдчилгаа өгөх хэрэгтэй гэж хуурч 2 857 000 төгрөгийг ХААН банкны 5119030333 тоот дансанд шилжүүлэн авч залилсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б-ын өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Адилбек гэх хүнээс машин оруулж ирнэ гээд 2 857 000 төгрөг аваад цааш нь шилжүүлээгүй нь үнэн. Мөнгө өгөхгүй удаад байсан болохоор ийм асуудал болчихлоо. Баттөмөр гэх хүнд мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Би төрөх дөхөөд мөнгө хэрэг болоод ийм буруу зүйл хийж хүний мөнгө аваад үрчихлээ. Би буруу зүйл хийсэндээ харамсаж байна.  Би ямар ч байсан энэ хүнд учруулсан хохирлоо төлж барагдуулна гэх мэдүүлэг,

           Хохирогч А-ийн өгсөн: Би том хүүдээ машин авч өгөх санаатай хүүдээ хэлж байсан. Хуучин хажуу айл байсан айлын охин Б- машин оруулж ирдэг гэж бидэнд урьд өмнө нь ярьж байсан. Тэгээд манай хүү Б- гэх охин руу залгаж асуусан байсан.  Тэгэхэд Б- оруулж болно би хүнээс үнийг нь асуугаад хариу хэлнэ гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ямар машин авах гэж байгаа юм гэж асуухаар нь бид Sonata-7 маркийн машин авна гэж хэлсэн. Гэтэл Sonata-7 маркийн машины зураг үзүүлсэн. Бид  тэр зурган дээр байгаа машиныг авна гэж тохирсон. Гэтэл машин оруулж ирэхээс өмнө урьдчилгаа 2 857 000 төгрөг өгөх хэрэгтэй гэсний дагуу маргааш нь буюу 2017 оны 9 сарын 04-ны өдөр 11 цагийн үед Дарханд очиж бэлнээр өгөх гэсэн чинь аваагүй. Тэгээд миний Хаан банкны данс руу хийгээд тэр данснаас өөр хүний дансанд шилжүүлсэн. Тэгээд бид нар тэр өдрөө салсан. Хэд хоногийн дараа Б- над руу залгахад машин чинь Монголд ирсэн 12 500 000 төгрөг болсон гаалийн татвар нэмэгдэж машины үнэ нэмэгдсэн гэж хэлсэн. Бид нар тэр үед анх тохирсон үнээрээ авна гээд маргаан үүссэн. Тэгээд Б-аас мөнгөө авна гэж нэхэхэд мөнгө байхгүй машинаа зарж байж мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгээд өгөхгүй байхаар нь би Цагдаагийн байгууллагад хандсан. 2 857 000 төгрөгөөс 1 сая төгрөгийг авсан. Үлдэх 1 857 000 төгрөгөө төлүүлж авмаар байна гэх мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

   Гэрч Ж.Октябрийн өгсөн: Миний төрсөн эцгийн дүүгийн хүүхэд болох Б- гэх эмэгтэй 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр утсаар над руу залгаад би хүнээс авлагтай. Дансаараа мөнгө авах гэсэн чинь иргэний үнэмлэхгүй учир мөнгө авч болохгүй байна. Надад дансаа өгөөч чиний данс руу мөнгө шилжүүлээд авья гэж хэлсэн. Тэгээд би түүнд зөвшөөрөөд өөрийн дансаа өгсөн. Удаагүй байж байсан чинь миний дансанд 2 857 000 төгрөг шилжиж орж ирсэн. Удалгүй Б- манай ажил дээр өөрийн биеэр ирээд 2 500 000 төгрөгийг 50471483789 дугаартай С.Алиа гэсэн ээжийнхээ данс руу шилжүүлж үлдсэн 357 000 төгрөгийг бэлнээр гаргуулж аваад явсан. Б- надад анх хэлэхдээ хүнээс мөнгө авах ёстой юм гэсэн. Өөр мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 16/,

 

Гэрч А.Эржаны өгсөн: Манайх урьд өмнө Дарханд 7-р баг, Зурагт 6-69 тоотод амьдардаг байсан. Тэр үед манай хажуу айлын Тавигат гэх залуугийн эгч Б- гэдэг эгч байдаг байсан. Дүү Тавигат нь манай эгч Япон улсаас машин оруулж ирж зардаг гэж надад нэг удаа хэлж байсан. Тэгэхээр нь би Б- эгчээс асуусан. Танд таньдаг машин зардаг хүн байна уу гэхэд би нэг хүнээс асуугаад өгье гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа над руу залгаад хэдэн машин байна гэсэн гэхээр нь зургийг нь харж болох уу гэхэд болно гээд Sonata-7 маркийн цагаан өнгийн машин үзүүлсэн. Аавдаа ийм машин байна гэж хэлээд зургийг нь үзүүлэхэд аав авна гэсэн. Б- эгчээс найдвартай биз дээ гэж дахин дахин асуусан асуудалгүй 8 800 000 төгрөгөөр оруулж ирнэ гэсэн. Харин оруулж ирэхэд урьдчилгаа 2 857 000 төгрөг тэр хүн авна гэж байна гэж хэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр Дарханд очиж Б- эгчтэй уулзаж аав бид хоёр 2 857 000 төгрөг аавын данснаас шилжүүлсэн. Тэр машин чинь сарын дараа удахгүй ирнэ гэж хэлж байсан. Тэгээд Б- эгч 1 сарын дараа байхаа машин чинь ирсэн мөнгө нь нэмэгдсэн 12 сая гаран төгрөг болж байна гаалийн татвар нэмэгдсэн машин оруулж ирдэг хүн нас барсан гэж хэлсэн. Намайг машинаа үз гээд худлаа хэлээд холбогдохгүй утас өгч Улаанбаатар хот хүртэл явуулсан. Манай аав бид хоёр өгсөн мөнгө буцааж авна гэхэд машин зарж байж өгнө гээд одоо хүртэл өгөөгүй байгаа гэх мэдүүлэг /хх 21/,

 

А-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 5-6/, С.Алиягын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 28-29/, Ж.Октябрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 31/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад 2 857 000 төгрөгийн хохирол учруулснаас 1 000 000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож, үлдэх 1 857 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.    

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б- нь 4 сартай, 7 настай хоёр  хүүхэдтэй болох нь хавтаст хэргийн 40-41-р хуудсанд авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар, урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь 44-45-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгчид 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар  хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд орших тул шүүгдэгч Б-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлөөгүй зарим хэсгийг нөхөн төлүүлэхээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан албадлагын арга хэмжээ тогтоож  тодорхой ажил, үүрэг гүйцэтгэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.   

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б-аас 1 857 000 /нэг сая найман зуун тавин долоон мянга/ төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Хонгор сум Салхитын 3-р баг Точекын 4-1 тоотод оршин суух хохирогч Жангирын Адилбек /РВ67070111/-д олгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б-ыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б-ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б-ад 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанг нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б-ад шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэж, бусдад учруулсан 1 857 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

   

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ