Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01972

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01972

 

 

 

О.Алтанбаганын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02405 дугаар шийдвэртэй, О.Алтанбаганын нэхэмжлэлтэй Ч.Ганчимэгт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанзавъяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон, хариуцагч Ч.Ганчимэг хариуцагчийн өмгөөлөгч Б.Борхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанзавъяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: О.Алтанбагана нь өөрийн эхнэр Ч.Ганчимэгтэй 2008 оны 02 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас хүү А.Тэмүүлэн 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. 2008-2016 он хүртэл хамт амьдарч байсан боловч 2016 оны 01 дүгээр сараас эхлэн таарамжгүй харилцаа үүсч, зөрчилдөөний улмаас тусдаа амьдрах болсон. Улмаар О.Алтанбагана нь 2016 оны 01 дүгээр сард Япон улс руу явсан бөгөөд тэнд өөр эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн учраас гэрлэлтээ цуцлуулъя гэсэн шийдвэр гаргасан. Хүүхдийн асрамжийн хувьд хүүхдийн эх Ч.Ганчимэг өөрийн асрамжид авна гэсэн. Хүү А.Тэмүүлэнг 18 насанд хүртэл нь тэжээн тэтгэх, хүмүүжил, сурлага бүхий л зүйлд нь байнгын анхаарал халамжаа хандуулж, хөрөнгө санхүүгийн хувьд өөрийн боломжоор туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж байна. Мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хувьд эхнэр хүүхэд хоёртоо хашаа, байшин, машин зэргийг өгнө. Иймд О.Алтанбагана, Ч.Ганчимэг нарын гэрлэлтийг цуцалж, хүү А.Тэмүүлэнг төрсөн эх Ч.Ганчимэгийн асрамжид үлдээж, хүүд нь оногдох тэтгэлгийг хуульд заасан хувь хэмжээгээр О.Алтанбаганаас гаргуулах шийдвэрийг гаргаж өгнө үү. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 52-343 тоот хаягт байрлах газар, хашаа, байшин зэрэг эд хөрөнгийг эхнэр Ч.Ганчимэг, хүү А.Тэмүүлэн нарын өмчлөлд үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Ганчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: О.Алтанбаганын гэрлэлтийн баталгаа салгах гэсэн хүсэлтийг эсэргүүцэж гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид хоёр 2007 оноос хамт амьдарч, 2008 онд гэрлэлтээ батлуулж, 2008 онд хүүтэй болсон. Үүнээс хойш 2016 оны 6 дугаар сарын 20-ны хүртэл хамт амьдарч байсан. Тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Япон улс руу явсан. Явахаасаа 10 хоногийн өмнө гэртээ ирж уучлалт гуйж миний буруу дахиж муухай зан гаргахгүй би та хоёроосоо салахгүй Япон улсад очиж ажил хийж, мөнгө олж амьдралаа дээшлүүлнэ, та хоёрыгоо авна, мөнгө төгрөг өгнө гэж хэлж явсан. Яваад 2 сарын дараагаас холбоогүй болсон. Хүүхдэдээ мөнгө өгөхгүй, баталгаа салга, би өөр эхнэртэй болсон гээд элдвээр доромжилдог болсон. Бид 2-ын дунд хүүхэд хохирох ёсгүй. Хүүхэд аавыгаа санаж зан ааш нь маш их өөрчлөгдөж сонин байдалтай болсон. Ийм учраас түүнийг хүүхдийнхээ амьдралын баталгааг сайжруулж үүрэг хариуцлагаа ухамсарлах үүрэгтэй гэж бодож байна. Сард 100 000 төгрөг явуулдаг бөгөөд тухайн мөнгийг нь хүүхдийнхээ давтлагын төлбөрт өгдөг. Сүүлийн 4 болон 5 сард мөнгө өгөөгүй. Хүүхэдтэйгээ ярьдаггүй. Би итгэмжлэлээр биш өөрийг нь байлцуулж байж салгах тухай шийд гаргана. Учир нь бид 2 ярилцаж болно бүтнэ гэж гэр бүл болсон гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар О.Алтанбагана, Ч. Ганчимэг нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү А.Тэмүүлэнг эх Ч.Ганчимэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү А.Тэмүүлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Алтанбаганаас тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 103 348 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Ганчимэгээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Алтанбаганад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Ганчимэг нар давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж хэт нэг талыг барьж хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж хуулийн мэдлэггүйг далимдуулан шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч нь өмгөөлөгч авах, эс авах нь өөрөөс нь шалтгаалах бөгөөд шүүх хариуцагчид өмгөөлөгч авч болох тухай сануулаагүй, хэргийн талаар ойлголт өгөөгүй, зүгээр энэ хүснэгт дээр гарын үсэг зурчих гэж хэлсэн нь хуулийн огт мэдлэггүй хариуцагчийн эрхзүйн байдлыг дордуулсан. Мөн хариуцагч би өөрийн нөхөр хүүгийн маань эцэг О.Алтанбаганаас гэр бүлээ салгуулах ямарч хүсэлгүй байгаагаа бичгээр бичиж өгсөн ба шүүх хуралдаан дээр миний хэлсэн үгийг мушгин гуйвуулсан, гэр бүлээ салгахад татгалзах зүйлгүй мэтээр ярьсан гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бидний дундын өмч болох хашаа байшинг хариуцагчид үлдээнэ гэсэн энэхүү эд хөрөнгө нь бидний дундын өмч мөн, биш эсэхийг хариуцагч надад өвлөгдөж ирсэн хөрөнгө гэдгийг нотлох баримтаар гаргуулаагүй. Харин гаргаж болох талаар надад сануулаагүй бидний гэр бүл болсноос хойш үүссэн эд хөрөнгийг холбогдох байгууллагаас гаргуулан аваагүй, нь хуулийг буруу хэрэглэсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 16.6 дахь хэсэгт дундын эд хөрөнгийг хувааж болох талаар заасан байхад түүнийг нотлох баримтаар хэрэгт хавсаргаагүй байхад хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 14.7 хэсэгт 7 наснаас дээш хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан байхад хуулийн заалтыг баримтлаагүй нь энэхүү хэргийг хурдан түргэн шийдсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг баримтлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч О.Алтанбагана нь өөрийн төрсөн хүүгээ орхих, өнчрүүлэх, эхнэрээсээ салах хүн биш бөгөөд энэ нь хэт сэтгэлийн хөөрөлд автсан, хүний ятгалгад орсон байж болзошгүй байхад төрсөн дүүгийнх нь үгээр бидний амьдралыг сүйрүүлж байгаад маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгч хариуцагч надад хуульд заасан эрхээ эдлэх бололцоог бүрдүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О.Алтанбагана нь хариуцагч Ч.Ганчимэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Гэрлэгсэд 2008 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бүртгүүлсэн, тэдний дундаас 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү А.Тэмүүлэн төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, 1-01/004690 дугаар төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /хх-ийн 11 дүгээр тал/

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэлийг буцаах журмыг шүүх хэрэгжүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэрлэгчдийн шүүх хуралдаанд ирүүлэх тухай заалт нь нэхэмжлэгч, хариуцагч буюу гэрлэлт цуцлахыг санал болгон, шаардаж буй 2 талын хувьд өөрөөр зохицуулсан болохыг анхан шатны шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулж байгаагаас үл хамааран гэрлэгчид шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр О.Алтанзавъяад олгосон итгэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх олгосон боловч гэрлэгчийн хувийн байдалд шууд хариуцагчтай эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох, гэрлэлт цуцлах шүүх хуралдаанд оролцох эрхийг олгоогүй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд хандаж шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа гэх хүсэлтийг албан ёсоор гаргаагүй бөгөөд тухайн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт Хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсч энэ тухай бичгээр мэдэгдсэн бол нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

Түүнчлэн, хүүхдийн асрамжийн асуудлаар эцэг эхийн хэн аль нь маргахгүй гэж хэлэхээс үл хамаарч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ. гэж зааснаар 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү А.Тэмүүлэнгийн саналыг асуух ажиллагааг хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэгчдийн гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлахад баримтлах дээрх хуульд заасан онцлог зохицуулалтыг шүүх хэрэгжүүлэх учиртай.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ