| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0107/Э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 119
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Хохирогч *******,
Шүүгдэгч М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М-д холбогдох эрүүгийн 1818001490109 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М-, -ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, - настай, эрэгтэй, яс үндэс баяд, бага боловсрол, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын - тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2000 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд зааснаар 40 000 төгрөгөөр торгох ялаар,
2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч М- нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дархан- Уул аймгийн Дархан сум 3 дугаар баг Хар-Ус 4-27 тоот өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч *******тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М- нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дархан- Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг *******тоотод өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч *******тэй маргалдан эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хөх, зүүн нүдний орчмын цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******өгсөн: Манай эхнэр ******* гэртээ тогтохгүй алга болчихдог. Ээжийнх руугаа яваад бараг нэг сар гаруй болоод цагаан сараар буюу 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдөр манай ээжийнд хүүтэйгээ ирчихсэн байсан. Тэгэхээр нь би уурлаад цагаан сар болж байхад гэртээ ирсэнгүй гээд бид хоёр маргалдаад гэр орондоо тогтдоггүй юм уу хайшаа юм, ямар нүүрээрээ ирж байгаа юм гээд 2 удаа баруун хацар луу алгадсан. Тэгэхэд газар унасан тэгэхээр нь татаж босгосон. Тэрнээс хойш юу болсоныг сайн санахгүй байна нэг мэдэхэд хоол идээд сууж байсан. Өглөө босоод эхнэрээсээ уучлалт гуйгаад ногооны ажилдаа явсан. Би өөрийн гэм бурууг ойлгож байна. Дахиж эхнэрээ зодохгүй гэх мэдүүлэг,
Хохирогч *******өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шиг санаж байна бид хоёр хэрэлдээд намайг нэг удаа цээж рүү түлхэж байсан. Дараа нь бид хоёр хэрэлдэж маргалдаад 2017 оны 12 дугаар сард би ээжийнх руугаа явсан. Тэндээ байж байгаад 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэртээ очиход намайг зодсон. Би 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдөр цагдаад өргөдлөө бичиж өгсөн. Намайг манай нөхөр М- гэрт оруулаад 2 удаа алгадаад цээж рүү гараараа цохисон. Би газар унасан. Тэгэхэд миний толгой руу нэг удаа өшиглөөд мөн гараараа толгой руу цохьсон. Тэгэхээр нь би гарч хадам ээжид намайг зодсон талаар хэлсэн. Хадам ээж надтай хамт манайд ороод *******г хогийн шүүрээр цохьчхоод гараад явахад М- намайг гэрт түгжчихээд яваад өгсөн. 2017 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 6 сар хамт амьдарч байгаад муудалцаад би гэрлүүгээ яваад ээжийндээ байж байгаад цагаан сараар очиход зодсон. Тэгээд дахиад ээж дээрээ байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр М- хөдөөнөөс ирээд бид хамт амьдарч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч *******гийн өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* хүүхэдтэйгээ манайд ирсэн. Хүү М- хамт орж ирсэн манайд бууз идчихээд тэр хоёр гэрлүүгээ орсон. Тэгээд маргаан болоод зодолдох чимээ гараад байсан. Тэгтэл ******* намайг алгадчихлаа гэсээр манайд орж ирсэн. Тэгэхээр нь яагаад маргаад байгаа юм гэж хэлээд гэрт нь ороод хүү *******г хогийн шүүрээр зодсон. Тэр өдөр М- архи уучихсан байсан. Тэр хоёр гэртээ үлдсэн бэр ******* хоноод өглөө нь хүүхдээ аваад явчихсан. Бэр ******* дуугүй бараг дугардаггүй. Гэртээ арчаа муутай гэрээ цэвэрлэдэггүй их үрэлгэн гэртээ бараг тогтдоггүй. Миний хүү М- эцэг эхээс долуулаа дээрээсээ 6 дахь хүүхэд минь байгаа юм. Хаяа архи уучихна уусан үедээ агсан согтуу тавиад байдаггүй тамхи татдаг их цэвэрч зантай. Миний урдаас юм хэлээд байдаггүй. Гэр орноо цэвэрлэсэнгүй гээд хүү уурлаад бэртэй хэрэлдэж маргалдаад байх шиг байдаг юм гэх мэдүүлэг /хх 12/,
Гэрч *******гийн өгсөн: Манай дүү М- хөдөө ажил хийж байгаад битүүний өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ирсэн. Тэгэхэд эхнэр нь гэртээ байхгүй байсан хөдөө явсаных нь өдөр эхнэр ******* нь ээжийнх руугаа явчихаад гэртээ ирээгүй байсан. 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу шинийн нэгний өдөр эхнэр ******* нь хүүхдээ аваад ирэхэд М- найз нарындаа очсон гээд халамцуу орж ирсэн. Эхнэртэйгээ гэртээ байсангүй гэртээ байсан бол идэх хоолтой бууз баншаа хийсэн байх ёстой гээд хэрэлдээд хүүхдээ аваад гэрлүүгээ орсон.******* татаад гэрлүүгээ оръё гэхэд ******* босохгүй байсан.*******гарсны дараа ******* араас нь гэр лүүгээ орсон. Тэгээд гэртээ ороод хэрэлдэж маргалдаад алгадаж цохисон юм шиг байсан. ******* ээжийнд уйлчихсан орж ирсэн. Яасан гэхэд намайг М- алгадчихлаа гэсэн. Тэгэхэд ээж гэр лүү нь орсон удалгүй буцаж орж ирээд *******г шүүрээр цохиж зодлоо гэж байсан. Би гэрт нь ороогүй. Яг яаж зодож цохисоныг нь хараагүй. ******* заваан гэрээ цэвэрлэдэггүй арчаагүй зүгээр л байж байдаг. Гэр орон нь заваан. М- хар ажил хийгээд мөнгө олж ирэхэд тэрийг нь зөв зохицуулдаггүй М- өөрөө хоолоо хийж, үнсээ өөрөө л авч, хувцас хунараа ч угаадаггүй ийм л хүн. Би хүний хүүхдийг муулж байгаа юм биш үнэн төрх нь л энэ. Тэр өдөр М- айлууд гэртээ идээ засчихсан бууз баншаа хийсэн байхад гэртээ байсангүй юмаа хийсэнгүй гэж л уурлаад байсан гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч *******гийн өгсөн: М- дуугүй хүнтэй нийлээд яваад байдаггүй, тамхи татдаг, архийг хааяа уудаг байх уудаг сураг сонсогдож байсан. Надтай архи уусан үедээ таарч байгаагүй. Сургуульд суугаагүй 2, 3 дугаар ангиасаа л гарчихсан. Амьдрал ахуйн хувьд бол муу 2017 оны 6 дугаар сард Замын-Үүд явж ажиллаж ирээд 2017 оны 9 дүгээр сард гэр аваад ээжийн хашаанд амьдарч байгаа. Нэг хүүхэдтэй хүүхэд нь ой хүрээгүй байх яг ойр дотно байдаггүй болохоор нарийн амьдралыг нь мэдэхгүй байна. Хааяа очихоор эхнэр нь дуугүй юм ярьдаггүй хүүхэн байдаг. Ээжийн яриагаар хааяа хүүхдээ аваад гэр лүүгээ явчихдаг гэсэн. Цагаан сараар М- эхнэрээ 2 алгадсан би *******г шүүрээр цохисон гэж ээж надад ярьж байсан гэх мэдүүлэг /хх 21/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 262 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“1******* биед тархи доргилт, баруун хөх, зүүн нүдний орчмын цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.*******д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 16/,
аюулын зэргийн үнэлгээ, /хх 24-25/, Дархан сумын 3-р багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 27-28/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 29-33/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас хохирол, төлбөр нэхэмжлээгүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч урьд нь 2 удаа ял шийтгэгдэж байсан болох нь хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх бөгөөд ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчаа зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ