Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/02346

 

Б.Энхжингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/03059 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.Энхжингийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Энхтунгалагт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, алданги 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбадрах, түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Энхжин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБ.Энхжин миний бие 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г.Энхтунгалагтай сарын 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээний хугацаанд миний бие зээлийнхээ хүүг авах гэж утсаар холбогдсон. Энэ үед надад хүү мөнгө болох 800 000 төгрөгийг өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусаад үндсэн зээлээ шаардаж хэлж байсан боловч үүргээ Энхтунгалаг биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Энхтунгалаг шүүхэд болон хариуцагчийн төлөөлөгч А.Галбадрах шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Галбадрах овогтой Энхтунгалаг миний бие 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өөрийн танил гэх Ундармаагаар дамжуулж утсаар ярьж тохирч, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 4 000 000 төгргийн зээлийн гэрээ хийсэн. Б.Энхжин гэрээ хийсний дараа бэлэн 800 000 төгрөг өгөөд үлдсэн 3 200 000 төгрөгийг хүнээс авна, орой юм уу маргааш дансаар хийнэ гэж хэлээд явсан. Бэлэн 800 000 төгрөг өгсөн болохоор итгээд явсан. Ингээд өгөхгүй болохоор нь буцаагаад эхлээд 400 000 төгрөг, өөр хүний данснаас 2 удаа 200 000 төгрөгөөр 400 000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө шилжүүлэхгүй байсан болохоор нь бага хүүтэй өөр зээл авах гээд 800 000 төгрөгийг нь эргүүлэн шилжүүлсэн. Үнэн зөвийг нь тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Энхтунгалагаас 5 477 720 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхжинд олгож, нэхэмжлэлээс 522 280 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Энхтунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 102 594 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэрч Ундрах нь зээлийн гэрээ байгуулах үед байгаагүй ч байсан мэтээр "Нотариатчын өрөөнд 4 000 000 төгрөг өгч, авалцсаныг харсан. Би хажууд нь байсан" гэж мэдүүлсэн. Гэтэл түүний энэ мэдүүлэг нь гэрч, нотариатч Дуламцоогийн "Мөнгө өгснийг би хараагүй. Хэзээ ч хүмүүс нотариатчын өрөөнд мөнгө авчирдаггүй" гэх мэдүүлгээр худал болох нь нотлогдсон. Анхан шатны шүүх гэрч, нотариатч Дуламцоогийн мэдүүлэгт дүгнэлт хийхдээ "... мөнгө өгч, авсныг гэрчлэхгүй байна" гэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч хариу тайлбартаа "...Зээлийн гэрээг хагас сайн өдрийн 18 цагийн орчим байгуулсан. Нэхэмжлэгч Б.Энхжин надад "...Эхэлж гэрээгээ хийчихээд дараа нь мөнгөө өгье. Мөнгө өгөхөд оройтох нь хамаагүй. Ямар ч байсан эхлээд гэрээгээ хийе. Тэгэхгүй бол зээлээ 1 дэх өдрөөс нааш өгч чадахгүй. Маргааш нотариатч амарна" гэхээр нь зөвшөөрч гэрээгээ эхэлж байгуулсан. ...Гэрээ байгуулсны дараа нотариатчын өрөөнд биш, гадаа Б.Энхжин надад 800 000 төгрөг өгөөд үлдэх мөнгийг нь орой юм уу эсхүл маргааш өгье гэхээр нь зөвшөөрч, түүнээс 800 000 төгрөг авч, салсан." Хариу тайлбараас иш татсан учир нь гэрээний 2.5-д заасан Зээл олгосон хүгацаа 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр олгосон" гэсэн заалтыг эс зөвшөөрч байгаатай холбоотой бөгөөд уг заалт нь бодитой биш юм. Нөгөө талаар нэхэмжлэгч талын "...4 000 000 төгрөгийг нотариатчийн өрөөнд өгсөн" гэх тайлбар, гэрч Ундрахын мэдүүлэг зэрэг нь нотариатч Дуламцоогийн мэдүүлгээр худал болох нь нотлогдсон. Иймд дээрхи үндэслэлээр буюу нэхэмжлэгч Б.Энхжин нь надад 4 000 000 төгрөг бодитой шилжүүлж өгөөгүй, харин 800 000 төгрөг өгсөн нь үнэн бөгөөд уг зээлийг би төлж барагдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нотлох баримтад тулгуурлан зохигчдын хоорондох маргааныг зээлийн гэрээний үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхжин хариуцагч Г.Энхтунгалагт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд бичгээр хийгдсэн 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.Энхжин нь хариуцагч Г.Энхтунгалагт 4 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Г.Энхтунгалаг нь уг 4 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийг эргэн төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээнд талууд гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн зэрэг нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт тус тус нийцжээ. /хх-ийн 3/

Талууд дээрх зээлийн гэрээг бичгээр хийсэн, уг гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй, харин гэрээний зүйл 4 000 000 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлдэгчид шилжүүлсэн эсэх талаар маргажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл авсан, буцаан төлөх үүрэгтэй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

Дээрх гэрээний 3.1-д ...гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж... гэж заасны дагуу мөн гэрээний 2.5-ийн ...зээл олгосон хугацаа гэдэгт 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр олгосон гэсэн байдаг ба уг баримтад хариуцагч Г.Энхтунгалагт өөрөө гарын үсэг зурсан болох нь тогтоогджээ.

Мөн нэхэмжлэгч тал хариуцагчийн гаргасан тайлбарыг үгүйсгэх болон дээрх үйл баримтыг давхар нотлох зорилгоор гэрчээр тухайн үед хамт явсан Н.Ундрах, зээлийн гэрээг баталсан нотариатч Д.Дуламцоо нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангасан байна. /хх-ийн 30-32/

Гэрч Н.Ундрах ...Г.Энхтунгалагт мөнгөний хэрэгцээ гараад би Б.Энхжинтэй танилцуулсан, энэ хоёр бие биенээ танихгүй учраас гэрээ хийхэд нь би хамт явсан, бэлнээр 4 000 000 төгрөгийг, Г.Энхтунгалаг нь Б.Энхжингээс авсан, миний хажууд өгсөн... гэж мэдүүлсэн бол гэрч Д.Дуламцоо хариуцагчийн өмгөөлөгчийн Та мөнгийг өгсөн байна гэж ойлгосон уу гэсэн асуултанд ...мөнгөө авсан гэж хэлсэн учраас би өгсөн гэж бичсэн... гэж хариулсан байх тул дээрх бичгийн нотлох баримтаар зээлийн гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болохыг нэхэмжлэгч нотолсон байх тул анхан шатны шүүх ...Б.Энхжинг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. /хх-ийн 52-54/

Хариуцагч Г.Энхтунгалаг нь дээр дурдсан нотлох баримтуудыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүйгээс гадна ...гэрээ хийсний дараа бэлэн 800 000 төгрөг өгөөд үлдсэн 3 200 000 төгрөгийг өгөөгүй... гэх тайлбараа нотолж чадаагүй байна.

Гэрч Д.Дуламцоо нь ...мөнгө өгснийг би хараагүй... гэж мэдүүлсэн байдаг боловч энэ нь дээрх бичгийн баримт, гэрч Н.Ундрахын мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл болохгүйгээс гадна тэрээр нэхэмжлэгчийн та 4 000 000 төгрөгийг тоолж өгснийг харсан уу, санаж байна уу гэсэн асуултанд ...би санахгүй байна... гэж хариулжээ.

Хариуцагч нь өөрийн болон Д.Туяагийн Хаан банкны депозит дансны хуулгын баримтаар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 400 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хоёр удаагийн шилжүүлгээр 400 000 төгрөг нийт 800 000 төгрөгийг Б.Энхжинд шилжүүлсэн нь Б.Энхжингээс зээлийн гэрээний дагуу зөвхөн 800000 төгрөг авсан болохыг нотлохгүй, харин 800 000 төгрөгийн хүү төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дах заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд хариуцагч Г.Энхтунгалагаас үндсэн зээл 3 200 000 төгрөг, хүүд 677 720 төгрөг, алданги 1 600 000 төгрөг нийт 5 477 720 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлыг өөрөө нотлох үүрэгтэй ба хариуцагч тал тайлбар гомдолдоо дурдагдаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/03059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 102 594 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Н.БАТЗОРИГ