| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2310038351083 |
| Дугаар | 2025/ДШМ/128 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/128
2025 01 23 2025/ДШМ/128
М.Б-ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өлзийжаргал,
шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Н.Буянжаргал,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/798 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2310038351083 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.... овгийн ...-ийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э.эгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, .. ажилгүй, ам бүл .., ..-ийн хамт ... суух, /РД: ................/;
Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 703 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоног хорих ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч М.Б нь Найрамдал зуслангийн эрх захиалах талаар асууж холбогдсон Н.С-ид өөрийгөө “Онлайнаар Найрамдал зуслангийн эрхийн бичиг захиалах эрхтэй мөнгөө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Голомт банкны дансаар 1,010,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч М.Б-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт
наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Б-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч М.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний хувьд Н.С-оос 1,010,000 төгрөг авсан талаар маргадаггүй, уг мөнгийг анхнаасаа өөрт авч үлдээх санаа зорилго байгаагүй. Хавтаст хэргийн 76, 77 дугаар талд Н.С-ид дээрх мөнгийг буцаан өгсөн баримтууд байгаа. Тодруулбал, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 809,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 220,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна.
Гэтэл Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан буюу Н.С-ид мөнгийг буцаан өгснөөс хойш жил орчмын дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Залилах” гэмт хэргийн шинжийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг өөрт авч үлдэх санаа зорилготой үйлдэгдсэн байхыг шаарддаг.
Хэрэгт авагдсан депозит дансны хуулгаас үзэхэд, би Н.С-ийн мөнгийг эрүүгийн хэрэг үүсгэх тухай мөрдөгчийн санал гарахаас өмнө буцааж өгсөн нь түүнээс мөнгө буюу эд хөрөнгийг өөрт авч үлдэх санаа зорилгогүй байсныг нотлоно.
Н.С-ийн хүүхдэд Найрамдал зуслангийн амрах эрхийн бичиг авч өгч чадаагүй, яагаад удсан талаар шүүх хуралд тайлбарласан. Намайг гэм буруутай гэх Н. Н.С-ийн мэдүүлгээс өөр баримт байхгүй юм.
Нөгөө талаар мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй. Найрамдал зуслангийн амрах эрхийн бичиг авах талаар миний хөөцөлдөж байсан, цахим сүлжээнд холбогдсон нөхцөл байдлыг шалгаж тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/798 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Н.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг буюу мөнгийг өөрт аваад буцааж өгөхгүй байх санаа зорилготой. Хэрэгт авагдсан Н.С-ийн мэдүүлгээр миний үйлчлүүлэгч М.Б-ыг буруутгадаг гэвч депозит дансны хуулгаас харахад Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө тухай хохирлыг хохирогчид буцааж төлсөн. Энэ нь шүүгдэгч М.Б тухай мөнгийг өөртөө авч үлдэх санаа зорилго байхгүй, буцааж өгөхөөр төлөвлөсөн байсан нь тодорхой харагдаг. Үүнтэй холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчилсан ажиллагаа дутуу хийгдсэнээс болж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол буруу гарсан гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэдэг талаар шүүгдэгч М.Б-ыг энэ хэргээс гадна өөр хэрэгт залилах гэмт хэрэг үйлдэж Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 674 дүгээр яллах дүгнэлт үйлдсэн. Тухайн яллах дүгнэлт гарсантай холбоотойгоор өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч М.Б-ыг өөр хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд энэ хэрэгтэй нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулах нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй асуулга шинжлэн судлах, дараалалд өөрчлөлт оруулах санал хүсэлт гаргаагүй” гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн тухайн хуралд прокурор Б.Өлзийжаргал шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон гэдэг нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгт бичигдсэн. Иймд шүүхээс тухай хүсэлтийг хүлээж аваагүйгээс болж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зарчим алдагдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс өөр байдлаар тайлбарласан миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна, энэ талаар прокуророос мэдэх боломжтой, мэдэж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий шийдвэрийг прокуророос гаргаагүй. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болно гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан түүний үйлдсэн гэмт хэргийн тухайд хохирогчийн мөнгийг авах санаа зорилго байгаагүй гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоос тухайн мөнгийг шилжүүлж авсан. Хохирогч өөрийгөө залилуулсан гэдгийг мэдсэний улмаас цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасанаас хойш цагдаагийн байгууллагаас шүүгдэгч М.Б-ыг удаа дараа дуудаж мэдүүлэг тайлбар өгөхийг мэдэгдсэнээс хойш хохирогчийн мөнгийг буцааж данс руу нь шилжүүлсэн. Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан зүйлчлэлийн хувьд тухайн мөнгийг хохирогчоос авч захиран зарцуулахдаа залилах гэмт хэргийн сэдэл, санаа зорилготой байсан бөгөөд тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь түүний дансны хуулга, хохирогчийн мэдүүлгээр бүрэн тогтоогдог. Тухайн цаг хугацаанд Найрамдал зуслангийн эрхийн бичгийг өгөх боломжгүй гэдгийг хохирогчид ойлгуулж хэлэх боломжтой байсан боловч энэ талаар хэлээгүй. Иймд шүүгдэгч М.Б-ын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч М.Б-ад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд оролцоход өөр хэрэгт яллагдагчаар татагдсан тухай яллах дүгнэлтийг гаргаж өгсөн. Хяналтын прокурор н.Бат-Амгалангийн яллагдагчаар татсан хэрэгтэй холбогдуулан хэргийг шүүхэд шилжүүлэхэд би тухайн прокурорыг яллах дүгнэлт үйлдсэнийг мэдээгүй. Хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдаан зарлагдах хүртэл яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс хэргийг нэгтгэх талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргаагүй. Мөн прокурорын хяналтын шатанд өөр хэрэгт яллагдагчаар татагдсан болон хэргийг нэгтгүүлэх талаар хүсэлт гаргаагүй. Анхан шатны шүүх хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Мөн өөр хэрэгт яллагдагчаар татагдсан тухай анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр гаргаж өгсөн. Иймд хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжгүй байсан гэж үзэж байна. Иймд яллагдагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх М.Б-ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч М.Б нь Найрамдал зуслангийн эрх захиалах талаар асууж холбогдсон Н.С-ид өөрийгөө “Онлайнаар Найрамдал зуслангийн эрхийн бичиг захиалах эрхтэй мөнгөө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Голомт банкны дансаар 1,010,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөн шалгах тасагт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Н.С-оос гаргасан өргөдөл /хх 20/,
Депозит дансны дэлгэрэхгүй хуулга /хх 24/,
хохирогч Н.С-ийн “...2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өөрийн М.Б фэйсбүүк чатаар “Өглөөний мэнд яарахгүй бол болохгүй болж байгаа юм байна шүү анд” гэж бичээд Голомт банкны .... дугаарын дансанд 1 хүүхдийн 505.000 төгрөг, нийт 1,010,000 төгрөгийг шилжүүлээрэй гэхээр нь шууд Хан-Уул таурын 14 давхарт ажилтай явж байгаад Хаан банкны интернэт банкаар шилжүүлсэн. Найрамдал зуслангийн 4-р ээлж явах болоод дөхөөд ирэхээр нь утсаар нь асууж сураглатал болно, болно гэсээр байгаад өнгөрсөн. Дараа ярихдаа 5-р ээлжээр баталгаатай явуулахаар боллоо гээд бас явуулаагүй. ...” /хх 28-29/ гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.
Шүүгдэгч М.Б нь хохирогч Н.С-оос “онлайнаар Найрамдал зуслангийн эрхийн бичиг захиалах эрхтэй” гэж хуурч 1,010,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Н.С-ийг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.
Шүүгдэгч М.Б-аас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Б-ын “...Н.С-ид мөнгийг буцаан өгснөөс хойш жил орчмын дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй. ...” гэсэн гомдлын үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч М.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр буюу 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч М.Б-ын анх удаа гэмт хэрэг ял шийтгэгдэж буй хувийн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Б-ын нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/798 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...” гэж,
4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцожхорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэж,
5 дахь заалтын “...Шүүгдэгч М.Б-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэснийг “...Шүүгдэгч М.Б-ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР