Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01840

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01840

 

 

Сод монгол групп ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01425 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Сод монгол групп ХХК болон Ц.Анандбазар нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монголын мэдээ сонинд холбогдох,

 

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийлгэх, гэм хорын хохиролд 110 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Батболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Будрагчаа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Балжмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монголын мэдээ сонины 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №011/4861/ дугаарын 4-5 дугаар нүүрт Онгоцны шатахуунаа олон улсын зах зээлийн дунджаас 20 хувиар үнэтэй авч байна гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгдсэн бөгөөд тус нийтлэлд:

... МИАТ компани шатахуунаа олон улсын зах зээлийн дундаж үнээс 50 хувиар өндөр үнэтэй авдаг гэх мэдээлэл байдаг. Үүнээс үүдээд иргэд МИАТ-ын удирдлагууд Сод монгол компанитай үгсэн хуйвалдаж зөрүү мөнгийг нь иддэг гэж, хэлбэлздэг үнээр авдаг болсон ч гэлээ олон улсын зах зээл дээрх үнээс өндөр үнээр авч байгаа байх? ... . Хоёр өөр компаниас шатахуунаа авахад үнийн зөрүү хэр гарч байна. Сүүлийн жилүүдэд шатахуун нийлүүлдэг компаниуд хоорондоо үгсэн хуйвалдаад нэг үнээр шахаа хийж байна гэсэн шүүмжлэл их байгаа ... гэх зэргээр олон нийтэд Сод монгол гэдэг нэг аж ахуйн нэгж байгууллагыг зориудаар буруутган харуулахыг зорьсон, гүтгэсэн, тулгасан, хөтөлсөн, хатгасан асуултууд тавьж, маргааш нь дахин Сод монгол групп ХХК-ийг болон түүний ерөнхийлөгч Ц.Анандбазарын нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл бүхий нийтлэл гаргасан.

 

Монголын мэдээ сонины 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №012/4862/ дугаарын 1-2 дугаар нүүрт Дуулианы эргэн тойронд буландаа Сод монгол шүүмжлэлээс сугарч үлдэх ёсгүй гэсэн гарчигтай худал, гүтгэлэгт мэдээ, мэдээллийг нийтэлсэн бөгөөд тус нийтлэлд:

Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд онцгой албан татварыг эсэргүүцэн Засгийн газарт шантааж үзүүлэх болсон. Тэд хоорондоо үгсэн хуйвалдаж, шатахууны зохиомол хомсдлыг зориудаар бий болгож ... Учир мэдэх хүмүүс энэ бүх хуйвалдааныг Сод монгол ХХК-ийн Ц.Анандбазар нарын хүмүүс зохион байгуулчхаад асуудлаас цэвэрхэн мултарчихлаа ... Ц.Анандбазар нь МАН-ын ... намын гол санхүүжүүлэгч. ... Тэрбээр 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл МИАТ компанид онгоцны шатахууныг давуу эрхтэйгээр нийлүүлж ирсэн. ... Ингэхдээ Олон Улсын зах зээлийн үнээс даруй 50 хувиар өндөр үнэтэй шатахууныг МИАТ-д нийлүүлж, олсон орлогынхоо тодорхой хувийг намдаа өгсөөр ирсэн учраас шатахуун импортлогчидтой холбоотой асуудлуудаас ямагт цэвэрхэн мултарсаар ирсэн бололтой. ... МИАТ компани ... энэ онд 16.000 тонн онгоцны шатахуун авах тооцоо гарсан гэдгийг МИАТ компанийн захирал ... мэдэгдсэн. Ц.Анандбазарын Сод монгол ХХК зөвхөн онгоцны шатахууны тонн тутмаас 300 ам.долларын цэвэр ашиг олдог гэж үзвэл энэ онд ойролцоогоор 12 тэрбумын ашиг олох нь тодорхой байна. Түүгээр ч зогсохгүй импортын шатахууны борлуулалтын 17.1 хувийг тус компани дангаар хийдэг гэнэ. Тэрбээр намынхаа гол хандивлагч нь атлаа албан тушаалын бялуунаас хоцорсондоо шаралхаж У.Хүрэлсухийн Засгийн газрыг ганхуулах, улмаар үүгээрээ дөрөөлөн Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийг гацаахын тулд зохиомол хомсдол үүсгэх ажилд оролцсон. Ц.Анандбазарт нефтийн үйлдвэрээр дамжуулан Монголын шатахууны бизнесийг гартаа авах, цаашлаад тэрхүү үйлдвэрийнхээ нэрийг барьж, УИХ Засгийн газарт орох гэсэн холын шунал байгаа гэх хар төрөөд байна. Албан тушаалын бялуунаас хүртэж л байвал ядарсан ард иргэдийг чирэгдүүлэх, туйлдуулах нь Ц.Анандбазарт юу ч биш бололтой. Хөшигний ард эрхэм ноёнтон төрөө дарамталж, иргэдээ чирэгдүүлж, тэднийг ялгаварлаж суугаа учраас нефть импортлогчдыг тойрсон шүүмжлэлээс сугарч үлдэх нь утгагүй юм. Та ч бас хариуцлага хүлээх ёстой Ц.Анандбазараа ... гэх мэтээр ор үндэслэлгүй худал мэдээллийг нийтэлж Сод монгол групп ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар болон Сод монгол групп ХХК-ийн нэр хүндэд ноцтойгоор халдаж байна.

 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийтлэл бэлтгэхдээ мэдээллийн үнэн, бодит болон тэгш байдлыг хүндэтгэх бодлого баримтлах ёстой. Гэтэл уг сонин нь худал мэдээллээр зөвхөн Ц.Анандбазар болон Сод монгол групп ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутааж, түүний харилцагч, хамтран ажиллагсдаас холдуулж хохироох гэсэн бусармаг зорилготой зүй бус үйлдэл хийжээ.

 

Монголын мэдээ сонин нь мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах талаар юу ч хийгээгүй, Сод монгол групп ХХК болон захирал Ц.Анандбазар, Н.Ганболд нартай уулзаж тайлбар аваагүй, баримт байхгүй, бодит үнэнийг тогтоогоогүй, зөвхөн бусдын өдөөн хатгалга, захиалгаар Ц.Анандбазар болон Сод монгол групп ХХК-ийг доромжлон гутаах зорилготой мэдээ мэдээлэл бэлтгэн нийтэлсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд зааснаар ... иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан агуулгатай мэдээ мэдээлэл нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглоно гэж заасан.

 

Иймд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Монголын мэдээ сонины 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мягмар гаригийн №047 (4897 дугаар) дугаарт Сод монгол групп хүүхдүүдээс зусланг, иргэдээс газрыг булаав гэсэн гарчиг бүхий худал, гүтгэлгийн чанартай мэдээ, мэдээллийг нийтэлж улс орон даяар тараасан. ... Үүнд:

Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтын амны төгсгөлд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу ЗХУ-ын хөрөнгөөр Дружба хүүхдийн зусланг 1984 онд барьж ашиглалтад оруулж байжээ. Уг зуслангийн цогцолборын 13649 м.кв талбай бүхий барилга байгууламж, 0046464 дугаар бүхий гэрчилгээтэй 26 га газрыг Сод монгол групп ХХК 2004 онд хувьчлалаар авч байсныг баримт & тайлбар буландаа онцлов. Тус зуслангийн газар эзэмших гэрчилгээ нь байдаг боловч уг газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь архивт байдаггүй аж. Харин барилга байгууламжийн үл хөдлөхийн гэрчилгээ нь Сод монгол групп ХХК-ийн охин компани болох Мон-Аналитик ХХК-ийн нэр дээр гарсан аж. Тус компани Дружба хүүхдийн зусланг өмч хувьчлалаар авахдаа Анхны зориулалтынх нь дагуу ашиглана, нэг ээлжиндээ 600 хүүхдийг амраах хүчин чадалтай олон улсын хүүхдийн зуслан болгож хөгжүүлнэ хэмээн худалдах, худалдан авах гэрээндээ тусгасан аж. Гэвч Мон-Аналитик ХХК өнгөрсөн 14 жилийн хугацаанд "Дружба хүүхдийн зусланг зориулалтынх нь дагуу огт ажиллуулаагүй бөгөөд нэг ч удаа хүүхэд хүлээн авч байгаагүй юм. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламжийн улсын үзлэг-ийг зохион байгуулжээ. Уг ажлын тайландаа 2000-2004 онд ажиллаж байсан нийслэлийн удирдлагууд хүүхэд, залуучуудын зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламжууд болон тэдгээр байгууламжийн эзэмшлийн их хэмжээний газрыг замбараагүй олгох шийдвэрийг гаргасан байна. Хүүхдийн хөгжлийг хангах зориулалттай барилга байгууламжуудыг зориулалтынх нь дагуу ашиглаж, менежментийн гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа Мон-Аналитик ХХК-д хувьчилсан Дружба зуслангийн өмч шилжүүлэлтийн байдлыг шалгуулах, зориулалтынх нь дагуу ашиглуулах саналыг Засгийн газарт хүргүүлж байжээ. Гэвч уг асуудал Засгийн газарт очоод нам дарагдсан юм. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт 2015 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн М гаргасан өргөдөлдөө Миний гэр бүл Сүхбаатар дүүргийн Шаргаморьтын зуслангийн тоот хашаанд амьдардаг. Манай хашааны урд хуучин Оросын Дружба хүүхдийн зуслан байдаг. Тус зуслан үйл ажиллагаа явуулалгүй хаагдаад удаж байгаа. Гэтэл тус зуслангийн эзэн Сод монгол групп-ын захирал Ц.Анандбазар гэх хүн зурагтаар зуслан ажиллаж байгаа, ойр хавийн хашааны хүмүүс хүүхдийн аюулгүй байдлыг зөрчиж байна хэмээн худал ярьж биднийг гүтгэлээ. Дружба зуслан үйл ажиллагаа явуулдаг нь үнэн эсэх, зуслангийн бүртгэлтэй эсэхийг тодруулж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байжээ. Уг өргөдлийн дагуу гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Мэдээлэл, судалгаа, хяналт үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Мягмаржав гэх хүн Дружба зуслан дээр очиж шалгалт хийхэд уг зуслан 1990 оноос хойш огт үйл ажиллагаа явуулаагүй ба зуслангийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байжээ. Үүнээс үзвэл Мон-Аналитик ХХК нь Дружба хүүхдийн зусланг зориулалтынх нь дагуу ажиллуулаагүй атлаа ажиллуулж буй мэтээр олон нийтэд мэдээлэл цацаж ирсэн нь харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд Мон-Аналитик ХХК нь Дружба хүүхдийн зусланг зориулалтын дагуу ажиллуулах ямар ч ажлыг хийгээгүй бөгөөд харин хүүхэд, залуучуудын зориулалтаар байгуулагдсан 13.5 мянга м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ази номхон далайн уламжлалт анагаах ухааны төв болгохоор идэвхтэй хөөцөлдөх болжээ. Тухайлбал АШУҮИС-тай хамтран 2017 оны 12 дугаар сард Монголын Уламжлалт Анагаах Ухааны Олон Улсын анхдугаар их хурал гэгчийг Төрийн ордны их танхимд зохион байгуулж, Дружба хүүхдийн зусланг Ази номхон далайн уламжлалт анагаах ухааны төв болгон өөрчилж, аялал жуулчлалын цоо шинэ төрлийг Монголд хөгжүүлнэ хэмжээн зарласан бөгөөд барилгын их засварын ажлаа энэ хавраас эхлүүлэх сурагтай. Монгол Улс 1990 оноос хойш хүүхэд залуучуудын гэх тодотголтой 400 орчим барилга байгууламжуудаа устгаж хувьчилсан байна. Монголын төр хүүхдэд, залуучуудынхаа хөгжлийн хангах чиглэлээр огт ажилладаггүй, хүүхэд залуучуудын зориулалттай шинэ барилга бүтээн байгуулалтад огт хөрөнгө оруулдаггүй атлаа Улаанбаатарт хамгийн ойр байрлалтай, утаа униараас хол, эргэн тойрон модоор хүрээлэгдсэн уулын аманд байршилтай, асар том барилга, байгууламжийг мөнгөтэй, нөлөөтэй компанид аялал жуулчлалын төв болго гээд өгч байгааг хэрхэвч зүгээр орхиж боломжгүй байна. Дружба зуслангийн ойр хавийн айлуудын газар эзэмших эрхийг цуцлуулжээ. Мон-Аналитик ХХК хүүхдийн Дружба зусланг зориулалтын дагуу огт ашиглаагүй мөртлөө тус зуслангийн хойд талд амьдардаг айл өрхүүдийг хүүхдийн эрхэд халдаж байна хэмээн адлаж, хөөсөөр иржээ. Тухайлбал Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны .... тоот захирамжаар тус зуслангийн хойд талд 700 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших зөвшөөрлийг 30 орчим айлд олгосон байна. Тэдгээр өрхүүд хууль ёсны дагуу эзэмшсэн газартаа хашаа хатгаж, зуслангийн байшингаа барих гэтэл Мон-Аналитик ХХК хүчтэй эсэргүүцэх болжээ. Тус компани Шарга морьтын ам руу улсын төсвийн хөрөнгөөр тавьсан хатуу хучилттай авто замыг хаасан хаалга барьж, иргэдийн зусландаа очих гарцыг хааж хохироожээ. Түүгээр зогсохгүй хамгаалалтын албадыг хөлслөн иргэдийг эзэмшлийн газарт нь оруулахгүй хөөж туух болсон байна. Мон-Аналитик ХХК Дружба зусланг 2004 онд өмч хувьчлалаар авснаас хойш үйл ажиллагааг нь огт явуулаагүй атлаа зуслангийн эзэмшлийн талбайн эргэн тойронд 500 метр газарт иргэдэд газар өмчлүүлж болохгүй хэмээн Захиргааны хэргийн анхан, давж заалдах , дээд шүүхэд хандаад ялагдаж байсан баримт байна. Гурван шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтын аманд иргэдэд өрхийн хэрэгцээний зориулалтаар зуслангийн газар эзэмшүүлсэн нь зөв гэсэн шийдвэр гарсан байхад тус зуслангийн ойр орчмын 30 айлын газар эзэмших эрхийг цуцлах захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргасан гэх мэдээлэл байна. Мон-Аналитик ХХК нь хүүхдээс зусланг, иргэдээс зусланг нь булааж буй хууль бус үйл ажиллагааны талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно гэжээ.

Мон-Аналитик ХХК нь манай компанийн охин компани биш бөгөөд бид зөвхөн ажил хэргийн түнш байдлаар харилцаж байсан. Тэгээд ч бидний зорилго, зорилт, үйлчилгээний чиглэл зэрэгт хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй, сонирхолгүй тул энэ зэргээр гүтгэж байгаа нь харамсалтай байна. Мон-Аналитик ХХК-ийн хувьд манай компаниас хэд хэдэн удаа шатахуун авч бид нийлүүлж хамтран ажиллаж байсан түүхтэйн дээр Мон-Аналитик ХХК-д Сүхбаатар дүүргийн Шарга морьт зуслангийн газарт 26 га газар эзэмшдэг талаар сонсож байсан. Харин ч өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын өмчийг гадаад улсаас/ОХУ/ өмч хувьчлалаар авч үлдсэн Мон-Анаилтик ХХК-д талархах хэрэгтэй мэт санагдана.

Бидний өмчлөлийн гэх зүйл байхгүй байхад Сод монгол групп ХХК-ийг хүүхдээс зусланг, иргэдээс газрыг нь булааж авсан гэж гарчиглан нэр хүндийг нь гутаах зорилгоор шууд хүнд буруу ойлгуулахаар мэдээ мэдээллийг тарааж бидний нэр хүндэд ноцтой хохирол учруулж байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Монгол Улсын Иргэний хуулийн 21.2, 21.3, 21.5, 228.1, 228.2, 230.1, 230.2, 497.1, 511.1, 511.2, 511.3 дахь заалтуудад хуульчлан заасны дагуу Сод монгол групп ХХК болон түүний Ерөнхийлөгч Ц.Анандбазарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан арга хэлбэрээр няцаахыг хариуцагч Монголын мэдээ сонинд даалгаж, эдийн бус хохирол 110 000 000 /нэг зуун арван сая/ төгрөгийг Монголын мэдээ сонины газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монголын мэдээ сонин болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сод монгол групп ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 18/195 тоот нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 7-нд хүлээн авч, нэхэмжлэлд дурьдсан: ... үндэслэлүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Манай сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээний албаны дарга С.Будрагчаа нь эдгээр нийтлэл, ярилцлагыг бодит баримт материалд тулгуурлан гаргасан болно. Иймд Сод монгол групп ХХК болон тус группын ерөнхийлөгч Ц.Анандбазар нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Монголын мэдээ сонины 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн №47 дугаарт нийтлэгдсэн Сод монгол групп хүүхдүүдээс зусланг иргэдээс газрыг булаав гарчигтай нийтлэл нь бодит баримтад тулгуурласан бөгөөд бусдын нэр төр, алдар хүндэд халдаагүй гэдгийг нотлох баримтуудыг хариу тайлбарын хамт үүгээр хүргүүлж байна.

 

Сод монгол групп ХХК Дружба зусланг эзэмшдэг тухайд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1437 дугаар бүхий шүүхийн шийдвэрийн 3 дугаар нүүрт Сүхбаатар дүүргийн газрын албаны шүүхэд гаргасан тайлбар байдаг. Тус тайлбарт ... Манай архивт байгаа Мон Аналитик ХХК-ийн хувийн хэрэг байхгүй, харин тус компанийн эзэмшил гээд байгаа газар нь мэдээллийн санд 2013 оны 3 дугаар сарын 15-ны байдлаар хэвлэгдсэн кадастрын зургаар одоо бариатай байгаа хэрмэн хашаагаар буюу Сод монгол групп нэрээр 117289 мкв талбайгаар бүртгэлтэй байна. Харин манай албаны гэрчилгээ олголтын 2004 оны дэвтэр дээр Мон Аналитик ХХК-д 15 дугаар хороо Шарга морьтын зусланд 2004 оны 154 дугаар захирамжаар 260.000 мкв газрыг 15 жилийн хугацаатай 0046464 тоот гэрчилгээг хүлээж авсан хүний гарын үсэггүйгээр бичилт хийгдсэн байна. Захирамж шийдвэр зөрчилтэй байна ... гэжээ.

Шүүхийн шийдвэрт дурдагдсан энэхүү тайлбараас үзвэл Сод монгол групп ХХК нь тус газрыг эзэмшдэг гэдэг нь хөдөлбөргүй нотлогдож байна. Түүгээр ч зогсохгүй Мон Аналитик ХХК 260.000 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээг хууль бусаар гаргуулж авсан байж болзошгүй шинэ баримт гарч ирж байна. Мон Аналитик ХХК нь Сод монгол групп-ын охин компани болох тухайд: Мэдээллийн хайлтын систем www.qooqle.mn сайтаас Мон Аналитик хэмээн хайхад http://smqroup.mn/business ranqe/мон-аналитик-ххк хэмээн Сод монгол групп ХХК-ийн албан ёсны цахим хуудас гарч ирж байна.

Тус цахим хуудсыг баримт болгон хавсаргав. Сод монгол групп ХХК нь барилга угсралт, газрын тос, интертайнмент, үл хөдлөх, аялал жуулчлал, худалдаа, уул уурхай зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний том компани болно. Тус компанийн үл хөдлөх хөрөнгийн салбарт багтдаг хоёр компани байдаг нь Мон Аналитик, Нью тур ХХК болно. Мон Аналитик ХХК нь 2007 онд хүүхэд залуучуудын амралт, сувилал чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн үүсгэн байгуулагдаад улмаар эрүүл мэндийн аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулна хэмээн дүрмэндээ нэмэлт оруулсан байна. Хэрвээ Мон Аналитик ХХК нь Сод монгол групп-тэй ямар ч хамааралгүй, охин компани нь биш байсан бол Сод монгол групп ХХК-ийн албан ёсны цахим хуудаст дэд цэс болон-орох ёсгүй байсан.

 

Сод монгол групп ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар зурагтаар биднийг гүтгэсэн гэх мэдээллийн тухайд: Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын 2015 оны 2 дугаар улирлын өргөдөл гомдлыг тайлангийн илтгэх хуудсаас тус мэдээллийг авч оруулсан болно. Хэрвээ Сод монгол групп ХХК нь Мон Аналитик ХХК-тай ямар ч харилцан хамааралгүй байсан бол Ц.Анандбазар Ерөнхийлөгч хаа хамаагүй компанийн эзэмшдэг зусланг өөрийн хэмээн ярьж ойр хавийн оршин суугчдыг адалж хөөх учиргүй байсан юм. Ц.Анандбазарт холбогдох өргөдлийг хэрхэн шийдвэрлэж, гомдол гаргасан, иргэнд ямар хариуг өгсөн талаар уг илтгэх хуудаст товч дурдагдсан байгааг анхаарна уу. Сод монгол групп ХХК-ийн охин компани Мон Аналитик ХХК хүүхдийн зусланг булаасан тухайд: 1990 оноос хойш Монгол Улс хүүхдийн гэх тодотголтой бүх барилга байгууламжаа мөнгөтэй компаниудад алдсан. Энэ бүхний эцэст Монголын ирээдүй болсон сая гаруй хүүхэд багачууд маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, сурч хүмүүжих хөгжих боломжоо алдаж байгаа нь харамсалтай. Хүүхэд багачуудын зориулалттай 13 мянган мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 26 га газартай зусланг үндэсний томоохон компани болох Сод монгол групп ХХК зориулалтынх нь дагуу ажиллуулна гэж авчхаад эрүүл мэндийн аялал жуулчлалын төв болгон өөрчилж байгаа нь харамсалтай. Тус компанийн охин компани болох Мон Аналитик ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан тайлбар нь тус шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1437 дугаар шийдвэрт байдаг. Тус тайлбарт БНМАУ-ын СнЗ-ийн 1984 оны тогтоолд зөвшөөрснөөр Шарга морьтын амны төгсгөлд Дружба хүүхдийн зусланг ОХУ-ын хөрөнгөөр байгуулсан юм. Уг хүүхдийн зуслангийн цогцолборыг манай компани 2004 онд худалдаж авсан бөгөөд ээлжиндээ 600 хүүхэд амраах байнгын ажиллагаатай орчин үеийн Дружба зуслан болгох төслийн хөрөнгө оруулалтыг 2013-2015 онд эхлүүлэхээр ажиллаж байна гэжээ. Энд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд тус зусланг өмчлөгч Мон Аналитик ХХК нь 2004 онд байгаагүй болно. Тус компани 2007 онд байгуулагдсан нь Сод монгол групп ХХК-ийн албан ёсны цахим хуудаст байна.

Тийм учраас үл хөдлөхийн гэрчилгээ нь Сод монгол групп ХХК-ийн нэр дээр гарсан байдаг аж. Манай сонин тус групптэй ашиг сонирхлын зөрчил, хувийн өш хонзон огт байхгүй бөгөөд хүүхэд залуучуудын зориулалттай байгууламжийг зориулалтын дагуу ашиглана хэмээн аваад эрүүл мэндийн аялал жуулчлалын төв болгон өөрчилж байгааг шүүмжилж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа л биелүүлсэн болно. Монгол Улс дахин тийм том хэмжээний зусланг барьж байгуулах боломж ойрын 10 жилдээ огт байхгүй гэдгийг энд дурьдмаар байна.

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас хийсэн шалгалтын тухайд: ХАХНХС-ын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламжид хийсэн улсын үзлэгийг жилийн хугацаанд зохион байгуулж 2013 онд дэлгэрэнгүй тайлангаа гаргажээ.

Уг тайлангийн товч хувилбарыг https://prezi.com/isaaacqtuk5n/untitled- prezi/ энэ холбоосоор үзэж танилцана уу. Бид тэрхүү нийтлэлийг бичихийн тулд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд очиж уг тайланг гаргаж өгөхийг хүсэхэд манай яаманд тийм тайлан байхгүй, тийм ажил хийснийг ч мэдэхгүй хэмээн хэлж байсан юм. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалан тус яамны ихэнх ажилтнууд солигдсон бөгөөд төрийн залгамж халаа алдагдаж өмнөх ажлаа дараагийнх нь үгүйсгэх эсхүл устгаж байгаа нь харамсалтай. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Нийслэл таймс сонинд 2013 оны 2 дугаар сарын 7-нд өгсөн ярилцлагадаа ... Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдсанаасаа хойш олон чухал ажил хийж байгаа. Түүний нэг болох хүүхэд залуучуудын зориулалтаар барьж байгуулсан барилгын ашиглалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор үзлэг шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж явуулсан. Уг шалгалтын багийг манай яамны дэд сайд ахалж бусад холбогдох олон байгууллага оролцож ажилласан. Энэхүү ажлынхаа тайланг өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайдад тавилаа. Уг шалгалтаар хэд хэдэн томоохон зөрчил илэрсэн. Тэдгээр гарсан зөрчлүүдийг арилгахын тулд цааш нь илүү сайн ажиллах үүднээс Ерөнхий Сайдын захирамж гарч тусгай ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан байгаа. Учир нь дээрх ажлыг хийх явцад өмч хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхгүй хаагдмал байх тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл том том барилга байгууламж нь газартай холбоотойгоор хувьчлагдчихсан зэрэг учир битүүлэг ямар ч мэдээллийн сангүй нэлээд хэдэн зөрчил илэрсэн. Тэгэхээр энэхүү хууль бус ажлыг ганц яамнаас гарсан ажлын хэсэг хийх боломжгүй болж байгаа юм.

Тиймээс Засгийн газрын хүрээнд авч хэлэлцээд уг хууль бус ажлыг таслан зогсоохоор тэмцэх хэрэгтэй гэж үзсэн. Жишээ нь "Хаан" банкны байрлаж байгаа байр хүүхэд залуучуудын театр байх юм. Энэ нь 2003 онд хувьчлагдсан гэх боловч гэрээн дээрээ зориулалтын дагуу ашиглана гэсэн заалт байна. Гэтэл одоо түүний ашиглалт ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Мөн Хүүхэд залуучуудын соёлын төв өргөөнд "Улаанбаатар" чуулга ороод байрлачихсан. Эргээд хүүхэд залуучуудад хамааралтай ямар нэг арга хэмжээ зохион байгуулах гэхээр "Улаанбаатар" чуулга"-ынхан нэлээд өндөр түрээс нэхдэг юм байна. Эндээс цаанаа томоохон улс төрийн нэг намд үйлчилж гар хөл нь болж зуучилдаг байгууллага байдаг байж таарч байгаа юм л даа. 2008-2010 онд Нийслэл хотын захиргаанд энэ асуудал нэлээд хурцаар тавигдсан.

Тухайлбал 700 сая төгрөгөөр засвар хийж, техник технологийн хувьд шинэчлэл хийгдсэн байх юм. Тэгсэн хэрнээ жил бүр 300-400 сая төгрөгийн үйл ажиллагааны зардал гэж гаргуулдаг гэнэ. Тэгээд олон нийтэд зориулсан яг ямар үйл ажиллагаанд энэ их мөнгийг зориулсан нь тодорхой бус байна. Манай яамнаас энэ асуудлыг цэгцэлж цаашдаа ч хүүхэд залуучуудад зориулагдаж баригдсан барилга байгууламжийг хэрхэн зүй зохистой зориулалтаар нь ашиглах вэ гэдэг тал дээр анхаарч ажиллахаар зорьж байна. Гэвч зарим нэг мэдээлэл хаалттай байгаа учраас ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ахлагчтай ажлын хэсгийг ажиллуулах санал тавьсан байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийн гол зорилго нь хүүхэд залуучуудын зориулалтаар барьж байгуулсан барилга, хөрөнгө, газар эзэмших асуудлыг шалгах зорилготой юм. Энэ ажлын хэсэг хийсэн үзлэг шалгалтынхаа явцыг бас л Ерөнхий Сайдад танилцуулна.

Энэ ажлын хэсэг яаж ажиллах вэ гэхээр нэгдүгээрт хүүхэд залуучуудын зориулалттай баригдсан барилга, байшингийн өнөөгийн хувьчлал хууль эрхзүйн үндэслэлтэй эсэхийг шалгана. Хоёрдугаарт тэдгээрийг зориулалтынх нь дагуу ашиглаж байгааг хянана, гуравт зориулалт бусаар, хууль бус хувьчлалаар авсан бол түүнийг нь зогсоох арга хэмжээ авна.

Түүнчлэн нэгэнт хувьчлагдаад зориулалтын байшин барилга нь устаж үгүйрээд зарж борлуулсан байх юм бол тухайн аж ахуйн нэгж байгууллагаар уг хөрөнгийг нь гаргаж шинээр хүүхэд залуучуудын зориулалтын барилга байшин барих асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэндээ 1990 оноос хойш хүүхэд залуучуудын зориулалтаар баригдсан маш олон барилга байдаг. Улсын хэмжээнд 54 зуслан үйл ажиллагаа явуулж байсан. Эндээс одоогийн байдлаар 16 зуслан зориулалтын байдлаар үйл ажиллагаа тогтмол хэвийн явуулж байна. Бусад нь зориулалт бусаар ашиглаж өмч хөрөнгө нь устаж үгүй болж, үйл ажиллагаа нь зогссон байдалтай байгаа юм. Ер нь хүүхдүүд зуныхаа амралтын хугацаанд хүүхэд өөрийн сонирхсон чиглэлээр хөгжих боломжийг үндсэндээ хаасан байгаа ... гэсэн байдаг юм.

Харамсалтай нь С.Эрдэнэ сайдын хүргүүлсэн санал ЗГХЭГ-т очоод нам дарагдсан билээ. Хэрвээ тэгээгүй бол Дружба зуслан эрүүл мэндийн аялал жуулчлалын төв болох ёсгүй байв. Сод монгол групп ХХК иргэдийн газрыг булаасан гэх асуудлаар Мон Аналитик ХХК 2014 оноос эхлэн Дружба зуслангийн хойд талд гэр бүлийн хэрэглээний зориулалтаар газар эзэмшсэн иргэдийн зуслангийн аюулгүй бүсэд орж ирлээ хэмээн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийг Захиргааны хэргийн анхан шүүх 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцээд 1720 дугаарт захирамжаар Мон Аналитик ХХК-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг гаргаж байжээ.

Шүүхээр асуудлыг шийдэж чадахгүй болмогцоо тус компани тус бүсэд байгаа иргэдийн зусландаа очих замыг хааж хаалга хийсэн байдаг юм. Төрийн өмчөөр барьсан замыг өөрийн хэмээн өмчилж иргэдийн зусландаа очих гарцыг хаасан асуудлаар иргэн Б.Батболд шүүхэд хандсан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаар тогтоолоор эрхээ сэргээлгэж, Мон Аналитик ХХК зам хаасан хаалгаа буулгах шийдвэр гарч байсан юм.

 

Мөн Ц.Анандбазар телевизэд Дружба зуслангийн ойролцоо газар эзэмшсэн иргэд хүүхдийн аюулгүй байдалд халдлаа гэдэг худал ярилцлага телевизэд өгсөн асуудал иргэдийн гомдлыг шийдвэрлэсэн илтгэх хуудаст байгаа билээ. Гэвч Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2018 оны нэгдүгээр сард гаргасан захирамжаараа Дружба зуслангийн ойролцоо газар эзэмшиж байсан 30 айлын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байдаг юм. Уг ажилд Мон Аналитик ХХК нөлөөлсөн байх асар өндөр магадлалтай байгаа юм. Газар эзэмших гэрчилгээгээ хууль бусаар алдсан иргэд одоо захиргааны хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж байгаа болно.

 

Манай сонины 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн №47 дугаарт нийтлэгдсэн Сод монгол групп хүүхдүүдээс зусланг иргэдээс газрыг булаав гарчигтай нийтлэл нь үнэн бодит баримт мэдээлэл тулгуурлан бичигдсэн, бусдын нэр төр алдар хүндийг зориудаар харлуулан гутааж, гүтгээгүй болох нь эдгээр баримтуудаар нотлогдож байна. Иймд Сод монгол групп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сод монгол групп ХХК болон түүний Ерөнхийлөгч Ц.Анандбазар нарын Монголын мэдээ сонины 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №011/4861/ дугаарын 4-5 дугаар нүүрт Онгоцны шатахуунаа олон улсын зах зээлийн дунджаас 20 хувиар үнэтэй авч байна гэсэн гарчигтай ярилцлага, Монголын мэдээ сонины 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №012 /4862/ дугаарын 1-2 дугаар нүүрийн Дуулианы эргэн тойронд буланд Сод монгол шүүмжлэлээс сугарч үлдэх ёсгүй гэсэн гарчигтай нийтлэл, Монголын мэдээ сонины 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн мягмар гаригийн №047 (4897 дугаар) дугаарт Сод монгол групп хүүхдүүдээс зусланг, иргэдээс газрыг булаав гэсэн гарчиг бүхий нийтлэл зэрэг мэдээллээр гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Монголын мэдээ сонинд тухайн мэдээллүүд бичигдсэн удаа болон хэмжээгээр залруулга хийсэн мэдээллийг гаргаж, тараагдсан хувь хэмжээгээр тарааж няцаалт хийхийг даалгаж, Монголын мэдээ сониноос 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сод монгол групп ХХК болон түүний Ерөнхийлөгч Ц.Анандбазар нарт олгож, нэхэмжлэлээс 100 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Сод монгол групп ХХК болон түүний Ерөнхийлөгч Ц.Анандбазар нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 832 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголын мэдээ сонин хэвлэл мэдээллийн хэрэгслээс 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сод монгол групп ХХК болон түүний Ерөнхийлөгч Ц.Анандбазар нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй" гэж зааснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн, дугаар 181/ШШ2018/01425 шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, "Монголын мэдээ" сонины итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Будрагчаа миний бие дараах гомдлыг гаргаж байна. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд миний бие өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч оролцож байгаа тухай хүсэлтээ шүүх хуралдаан дээр өгсөн билээ.

 

Хууль зүйн туслалцаа үзүүлж оролцох өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас тус өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүйг эмнэлгийн магадлагааны хамтаар өөрийн хүсэлтээ өгсөн хэдий боловч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь ... хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана, 6.1 дүгээр зүйлд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.2 дугаар зүйлд Мэтгэлцзх зарчим хэрэг хянан шийдвэрлэх бух шатанд хэрэгжинэ, 6.3 дугаар зүйлд ... өмгөөлөгч нь хэргийн уйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, мөн хуулийн 34.1 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно гэж заасныг тус тус зөрчиж өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар хэсэгт "хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нүтагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, туунчлэн туршилт, үзлэг, таньж олуүлах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдуүлнэ" гэж заасныг зөрчиж нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Сод монгол групп ХХК, Ц.Анандбазар нар хариуцагч Монголын мэдээ сонинд холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх, гэм хорын хохиролд 110 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Монголын мэдээ сонины 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 011/4861/ дугаарын 4-5 дугаар нүүрт Онгоцны шатахуунаа олон улсын зах зээлийн дунджаас 20 хувиар үнэтэй авч байна гэсэн гарчигтай ярилцлагад:

МИАТ компани шатахуунаа олон улсын зах зээлийн дундаж үнээс 50 хувиар өндөр үнэтэй авдаг гэх мэдээлэл байдаг. Үүнээс үүдээд иргэд МИАТ-ын удирдлагууд Сод монгол компанитай үгсэн хуйвалдаж зөрүү мөнгийг нь иддэг гэж харддаг л даа?,

Хэлбэлздэг үнээр авдаг болсон ч гэлээ олон улсын зах зээл дээрх үнээс өндөр үнээр авч байгаа байх?,

Хоёр өөр компаниас шатахуунаа авахад үнийн зөрүү хэр гарч байна. Сүүлийн жилүүдэд шатахуун нийлүүлдэг компаниуд хоорондоо үгсэн хуйвалдаад нэг үнээр шахаа хийж байна гэсэн шүүмжлэл их байгаа ... гэж, /хх-ийн 18-р тал/

 

Монголын мэдээ сонины 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 012 /4862/ дугаарын 1-2 дугаар нүүрт Дуулианы эргэн тойронд буланд Сод монгол шүүмжлэлээс сугарч үлдэх ёсгүй гэсэн гарчигтай нийтлэлд:

Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд онцгой албан татварыг эсэргүүцэн Засгийн газарт шантааж үзүүлэх болсон. Тэд хоорондоо үгсэн хуйвалдаж, шатахууны зохиомол хомсдлыг зориудаар бий болгож ... байгаа.

Учир мэдэх хүмүүс энэ бүх хуйвалдааныг Сод монгол групп ХХК-ийн Ц.Анандбазар нарын хүмүүс зохион байгуулчхаад асуудлаас цэвэрхэн мултарчихлаа хэмээн ярьж байх юм. ... Ц.Анандбазар нь МАН-ын ... гол санхүүжүүлэгч. ... Тэрбээр 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл МИАТ компанид онгоцны шатахууныг давуу эрхтэйгээр нийлүүлж ирсэн. ... Ингэхдээ Олон Улсын зах зээлийн үнээс даруй 50 хувиар өндөр үнэтэй шатахууныг МИАТ-д нийлүүлж, олсон орлогынхоо тодорхой хувийг намдаа өгсөөр ирсэн учраас шатахуун импортлогчидтой холбоотой асуудлуудаас ямагт цэвэрхэн мултарсаар ирсэн бололтой. ... МИАТ компани ... энэ онд 16.000 тонн онгоцны шатахуун авах тооцоо гарсан гэдгийг МИАТ компанийн захирал Н.Ганболд мэдэгдсэн. Ц.Анандбазарын Сод монгол ХХК зөвхөн онгоцны шатахууны тонн тутмаас 300 ам.долларын цэвэр ашиг олдог гэж үзвэл энэ онд ойролцоогоор 12 тэрбумын ашиг олох нь тодорхой байна. Түүгээр ч зогсохгүй импортын шатахууны борлуулалтын 17.1 хувийг тус компани дангаар хийдэг гэнэ. Тэрбээр намынхаа гол хандивлагч нь атлаа албан тушаалын бялуунаас хоцорсондоо шаралхаж У.Хүрэлсухийн Засгийн газрыг ганхуулах, улмаар үүгээрээ дөрөөлөн Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийг гацаахын тулд зохиомол хомсдол үүсгэх ажилд оролцсон ... Ц.Анандбазарт нефтийн үйлдвэрээр дамжуулан монголын шатахууны бизнесийг гартаа авах, цаашлаад тэрхүү үйлдвэрийнхээ нэрийг барьж, УИХ, Засгийн газарт орох гэсэн холын шунал байгаа гэх хар төрөөд байна. Албан тушаалын бялуунаас хүртэж л байвал ядарсан ард иргэдийг чирэгдүүлэх, туйлдуулах нь Ц.Анандбазарт юу ч биш бололтой. ... хөшигний ард эрхэм ноёнтон төрөө дарамталж, иргэдээ чирэгдүүлж, тэднийг ялгаварлаж суугаа учраас нефть импортлогчдыг тойрсон шүүмжлэлээс сугарч үлдэх нь утгагүй юм. Та ч бас хариуцлага хүлээх ёстой Ц.Анандбазараа ... гэж, /хх-ийн 19-р тал/

 

Монголын мэдээ сонины 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 047(4897) дугаарт, Сод монгол групп хүүхдүүдээс зусланг, иргэдээс газрыг булаав гэсэн гарчиг бүхий нийтлэлд:

Дружба ... зуслангийн цогцолборын 13649 м.кв талбай бүхий барилга байгууламж, 0046464 дугаар бүхий гэрчилгээтэй 26 га газрыг Сод монгол групп ХХК 2004 онд хувьчлалаар авч ... зуслангийн газар эзэмших гэрчилгээ нь байдаг боловч уг газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь архивт байдаггүй аж. Харин барилга байгууламжийн үл хөдлөхийн гэрчилгээ нь Сод монгол групп ХХК-ийн охин компани болох Мон-Аналитик ХХК-ийн нэр дээр гарсан аж ...

... Гэтэл тус зуслангийн эзэн Сод монгол групп-ийн захирал Ц.Анандбазар гэх хүн зурагтаар зуслан ажиллаж байгаа, ойр хавийн хашааны хүмүүс хүүхдийн аюулгүй байдлыг зөрчиж байна хэмээн худал ярьж биднийг гүтгэлээ ...

Дружба зуслангийн ойр хавийн айлуудын газар эзэмших эрхийг цуцлуулжээ.

Мон-Аналитик ХХК хүүхдийн Дружба зусланг зориулалтын дагуу огт ашиглаагүй мөртлөө тус зуслангийн хойд талд амьдардаг айл өрхүүдийг хүүхдийн эрхэд халдаж байна хэмээн адлаж, хөөсөөр иржээ. ... гэж тус тус нийтэлсэн нь зохигчдын тайлбар, дээрх дугаарууд бүхий Монголын мэдээ сонин зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт ... Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж,

мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан тул нэхэмжлэгч нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх, гэм хорын хохирлыг шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Хариуцагч Монголын мэдээ сонин нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 011/4861/ дугаарт гарсан Онгоцны шатахуунаа олон улсын зах зээлийн дунджаас 20 хувиар үнэтэй авч байна гэсэн ярилцлага,

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 012/4862/ дугаарт гарсан Дуулианы эргэн тойронд буланд Сод монгол шүүмжлэлээс сугарч үлдэх ёсгүй гэсэн нийтлэл,

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 047(4897) дугаарт гарсан Сод монгол групп хүүхдүүдээс зусланг, иргэдээс газрыг булаав гэсэн гарчиг бүхий нийтлэлд байгаа нэхэмжлэгч Сод монгол групп ХХК болон Ц.Анандбазартай холбоотой мэдээний үнэн зөвийг баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Сод монгол групп ХХК болон Ц.Анандбазарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж, хариуцагчаас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгтэй тус тус нийцжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ... өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас тус өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүйг эмнэлгийн магадлагааны хамтаар өөрийн хүсэлтээ өгсөн хэдий боловч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй гэх боловч анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, нотлох баримт бүрдүүлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах зэрэг хүсэлтүүдийг хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 04, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус тус шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хх-ийн 119, 127-р тал/

 

Иймд 2018 оны 6 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч ирээгүйтэй холбоотой гаргасан хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн тогтоолыг буруутгах боломжгүй, эмнэлгийн магадлагааг аль эмнэлгээс олгосон нь тодорхойгүй, ерөнхий эмч гарын үсэг зурж баталгаажуулаагүй, Эмнэлгийн магадлагаа олгож журам-д нийцээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй, анхан шатны шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангасан гэж үзнэ.

 

Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэх боловч энэхүү гомдолд дурьдсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан г хангахгүй орхих .

 

167 167.1.1

:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01425 дугаа шийдвэрийг ж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ Т.ТУЯА

 

Г.ДАВААДОРЖ