Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/127

 

 

 

 

 

 

       2025          01            23                                     2025/ДШМ/127

 

 

С.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Энхбаатар,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/1309 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2406061330848 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

...... овгийн ...-ийн Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. брловсролтой, .. мэргэжилтэй, ... ажилгүй, ам бүл .., .. хамт .. суух, /РД: ............./,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 728 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч С.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундаа хэрэглэж 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг 10 минутын үед ..-.. ...улсын дугаартай “Тоёота Приүс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч С.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 728 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг болон 7 сар 4 хоногийн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан нийт 1 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.Г-т урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 4 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч С.Г урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г-ээс 9.550.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Д-т олгохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч С.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маш ихээр гэмшиж байна. Би өсвөр насны охин болон настай ээжийнхээ хамт эрхэлсэн ажилгүй байгаа билээ. Хохирогчийн нэхэмжилж буй хохирлын хэмжээний хувьд маргах зүйлгүй боловч жолооны эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн буруутай этгээд болох Н.Ц-аас хохирлын төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь шийдвэрлэж, ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй. ...” гэв.

Шүүгдэгч С.Г-ийн өмгөөлөгч Д.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Г нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Г-ийн хувийн байдалд тохирсон шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн хувьд нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, АСАП сангийн лавлагаа зэрэг нөхцөл байдлаас үзэхэд, шүүгдэгч нь байнгын архи, согтууруулах ундааны хамааралтай болох нь тогтоогдог. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн учир шүүх хуралдаан 2 удаа хойшилсон. Өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдож шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаа дуусаагүй байхад дахин санаатайгаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан шийтгэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хасаж, нийт ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цагаас эхэлж тооцсугай гэсэн хэсэгт прокурор техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзээд анхан шатны шүүхэд залруулга бичсэн боловч анхан шатны шүүхээс “залруулга хийх үндэслэл биш” гэсэн албан бичгээр буцаагдаж ирсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 7 сар 4 хоногийн хугацааг шүүгдэгчийн цагдан хоригдож дууссан үеэс эхэлж тооцуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгч Д.Д-т учруулсан 9.550.000 төгрөгийн хохирлыг иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Ц-аас гаргуулах саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Г-ийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Дулаанжаргалын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх 01/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-9/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 10/,

иргэний нэхэмжлэгч Д.Д-ийн “...2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн хооронд Гацууртын шар хоолойн амны замд нөхөр машинаа жолоодоод хүүхдийн хамт явж байхад араас нэг машин маш хүчтэй мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад хартал ард талд саарал өнгийн “Приус 20” маркийн машинаас 30-35 орчим насны ягаан хувцастай 1 эмэгтэй, саарал хар өнгийн хувцастай 45-50 орчим насны эрэгтэй 2 хүн шал согтуу бууж ирээд манай машиныг хараад машиндаа суугаад хөдлөөд ослын газраа орхиод зугтаагаад явсан. ... Цагдаагаас хэмжилт хийгээд хэргийн газарт үлдсэн, би нөхөр хүүхдийн хамт аавыгаа дуудаад аавынхаа машинаар эмнэлэг рүү явах гэтэл тухайн хэргийн газраас 500 метр хүрэхгүй газар биднийг мөргөсөн машин эвдэрсэн зогсож байсан ба яг тэр мөчид тухайн машиныг жолоодож явсан согтуу эмэгтэй машиныхаа хаалгыг онгойлгож байгаа нь харагдсан бөгөөд бид хэд яаралтай машинаа зогсоогоод тэр жолоочийг барьж аваад хэргийн газар үлдсэн замын цагдаад дуудаж өгсөн. ...Машинд учирсан хохирол 9,550,000 төгрөг, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...” /хх 38/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Ц-ын “...Би “За тэгвэл хамт яваад ирье, гэхдээ би уусан болохоор машин барихгүй шүү” гэхэд С.Г “би өөрөө машинтай, би барьчихъя” гэхээр нь “за” гээд би машинаа бариулахаар болоод С.Г бариад хашааны хаалгыг нь би онгойлгож гараад 2, 3 гудамжны хойгуур явж байгаад ээжийнх нь гээд хашаанд очсон. Тэгсэн хүн байхгүй байна гэсээр гараад ирсэн. Тэгсэн С.Г энэ доошоо манай эгчийнх гэл үү, дүү гэл үү нэг хүнийх рүү очсон.  ...Тэгээд явж байгаад урд явж байсан хар өнгийн машин явж байгаад хурд сааруулагч дээгүүр тоормослоод зогсох шахуу л болсон, тэгсэн С.Г хүүе гэхийн завдалгүй урдаа явсан машиныг мөргөөд зогссон. Бусдад учруулсан хохирлыг С.Г өөрийг нь төлж барагдуулна гэж ойлгож байна. ...” /хх 45-47/ гэсэн мэдүүлгүүд,

С.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн 671 дүгээр шийтгэвэр /хх 53-54/,

тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 728 дугаар шийтгэх тогтоол /хх 55-61/,

мөрдөгчийн магадалгаа /хх 74/,

2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн материалын хуулбар /хх 53-54/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 728 дугаар шийтгэх тогтоол /хх 55-61/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

С.Г нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг 50 минутын орчимд тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодон 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 728 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байна. Тус ялтай байх хугацаандаа дахин 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодон Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Г-ийн үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан С.Г-ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж хуульчилсан.

Шүүх, шүүгдэгч С.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ялтны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 7 cap 4 хоногийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг болон 7 cap 4 хоногийн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 7 cap 4 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил 7 cap 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд өмнө үйлдсэн гэмт хэрэг, үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч С.Г “...Оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, жолооны эрхгүй хүнд жолоогоо шилжүүлсэн Н.Цогтбаатараас хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэж С.Г-т оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн шүүгдэгч С.Г-ээс 9.9550.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Д-т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлснээс хойш 1 сар 28 хоногийн дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодож ялтай байх хугацаандаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг нь түүний хувийн байдлыг дүгнэх хүчин зүйл болж байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 4 жил 7 cap 4 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай. ...гэж давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч С.Г-ийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/1309 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 4 жил 7 cap 4 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийн цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

 

                ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР