Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 132

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч байгууллагыг төлөөлж Дархан-Уул аймгийн Хонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Батхишиг,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-т холбогдох эрүүгийн 1718003820056 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б-, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Олон улсын харилцаа, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 10 дугаар сар, 2017 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Бичигт хад гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 10 дугаар сар, 2017 оны 11 дүгээр сард  Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багт байрлах Бичигт хад гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулан экологи-эдийн засагт 934 995 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

           

            Шүүгдэгч Б.Б-ийн өгсөн: Ж.Нэргүй гэх хүн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Бичигт хад нэртэй газрыг тусгай зөвшөөрөлтэй нөхөрлөлийн бичиг баримттай газар алт ухаж болно гэсэн санал тавьсан. Түүний дагуу би 2017 оны 10 дугаар сард очоод дөнгөж хөрс хуулаад байж байтал Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар болон Байгаль орчны улсын байцаагч нь ирээд зогсоосон. Түүний дараагаар ажил явдал гараад эмээ маань өөд болоод Улаанбаатар яваад ирсэн. Тэгээд үйл ажиллагаагаа зогсоосон. Одоо хохирлоо төлж барагдуулаагүй байгаа. Тухайн газарт байгаа техник төхөөрөмжийг зараад хохирол болон торгуулаа барагдуулъя гэсэн бодолтой байгаа. Нэргүй гэх хүнээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг харж үзээгүй аман хэлцэл хийгээд очоод байж байсан. Цагдаагийн газрын Сүхбаатар гэж хүн Нэргүй гэж ийм хүн байдаг энэ хүн мөн үү гэж зургийг нь үзүүлэхэд надад санал тавьсан Нэргүй гэх хүн биш байсан. Би дотроо өөр хүн тэр Нэргүй гэх хүний нэрийг ашигласан юм байна гэж бодсон. Би тухайн газар олборлолт явуулаагүй, хөрс хуулалт л хийсэн. Хохирол төлбөрөө төлж барагдуулна гэх мэдүүлэг,  

 

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Батхишигийн өгсөн: Миний бие 2017 оны 11 дугаар сарын сүүлээс 2018 оны 2 дугаар сар хүртэл өвчтэй байсан учир хэргийн газар нь очиж үзээгүй. Тус газар нь Сайхан төгөл нэртэй нөхөрлөлийн талбайд хамаардаг /Ойн санг гэрээгээр эзэмшдэг/ ахлагч нь Нэргүй гэж хүн байдаг. Тус газарт Хонгор сумаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгоогүй. Урьд нь 2009 оноос өмнө "Морьт хангай" компани ашиглалтын лицензтэй байж байгаад "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай" хууль батлагдсанаар лиценз цуцлагдсан байгаа. Тус газар “Нуман Алтай” ХХК экологи эдийн засагт учруулсан хохирлын үнэлгээ тооцсон байна. Тус үнэлгээгээр бодит хохирол 934 996 төгрөг болсон. Үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу 2-3 дахин тооцож үзэхэд 2 287 787 төгрөгийг холбогдогчоос нөхөн төлүүлж, өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс

            Гэрч Т.Өрнөхийн өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энд ирсэн. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би энэ уурхайд туслах ажилчнаар ажилладаг бөгөөд манай уурхайн захирлыг Түшиг гэдэг. Манай уурхай 2 экскаватор, 2 диди, 1 усан буутай. Ойролцоогоор 10 х10 хэмжээтэй гүн нь метр орчим ухалт хийсэн. Урьд нь ухсан байсан гэх мэдүүлэг /хх 20/,

            Гэрч М.Амарсанаагийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хонгор сумын нутгаар хяналт шалгалт хийгээд явж байхад Хонгор сум 2 дугаар баг Бичигт хадны ойролцоо хүмүүс хууль бусаар ашигт малтмал олборлож байсан. Тэр үед өөрийнхөө утсаар бичлэг хийгээд очиж уулзахад нэрээ хэлэхгүй цаашаа хараад зугтаагаад байсан. Тэгээд би техник болон байрлаж байсан гэр, ухсан газрынх нь байдлыг баримтжуулан бичлэг хийж авч өөрийнхөө Хараа гол байгаль орчин гэсэн фейсбүүкийн хуудсан дээр байршуулсан. Тэнд 2 эксковатор, 1 ширхэг угаах төхөөрөмж, 2 цахилгаан үүсгэвэр дизель, мөн түлшний машин бас нэг монгол гэр байсан гэх мэдүүлэг /хх 23/,

            Гэрч Н.Мөнхтулгын өгсөн: Манай найз Түшиг гэдэг залуу намайг 10 сарын дундуур гэртээ байж байхад над дээр ирээд найз нь уурхай гаргаж байгаа чи миний уурхай ашиглалтын инженер хийж туслаач гэхээр нь би зөвшөөрөөд хамт Түшигийн Дархан-уул аймгийн Шарын гол сумын Хүйтний гол гэх газарт ажиллуулж байгаа уурхай дээр ирээд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажиллуулахдаа ер нь цалин 1 500 000 төгрөг өгнө гэж ярьсан. Тэгээд өнөөдөр ажил дээрээ байж байхад цагдаа нар ирээд бид нарыг ачаад аваад явсан. Намайг ирснээс хойш цас ихээр орж алт олборлож чадаагүй. Хүрэх газраа хүрээгүй байсан. Мөн Түшигтэй хамт нөхөрлөлийн зарчмаар бичил уурхай гаргаж байгаа хүн нь бичиг баримт дутуу гэж байгаа өөрөө байхгүй болчихлоо гээд тэр бичиг баримтыг бас 10 орчим хоног хүлээсэн. Тэгээд байж байхад Байгаль орчин, Прокуророос хүмүүс ирээд техник лацдаад яваад өгсөн учраас 10 орчим хоног ажиллаж чадаагүй. Сүүлийн хэд хоног л урьд нь ашигласан байсан газар дээр алт угаах гээд ажиллаж байсан. Урьд өмнө нь ашиглалт хийсэн байсан газар ухсан. Тэрнээс ямар нэг эрүүл газар хөндөөгүй. Карьерт байсан усаар алтаа угаадаг байсан гэх мэдүүлэг /хх  24-25/,

            Гэрч С.Лутбатын өгсөн: Би хувийн Delica маркийн тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэж хөдөө гадаа явж ажилладаг. Би Unegui.mn сайтаар машинаар үйлчилнэ гэж зар тавьсан байсан. 2017.11.17-ны өглөө над руу 80838812 дугаарын утаснаас Дархан луу 2 хоног явж ажиллах уу гэж асуусан. Би ямар ажил хийх талаар асуусан чинь Улаанбаатар хотоос жижиг машин халаагч ачаад Дарханаас хүн авч ирэх юм гэхээр нь тохироод Дархан луу 2017.11.17-нь өдөр гарсан. Надтай зарын дагуу ярьсан хүнтэй уулзаагүй. Нэг эрэгтэй хүн надтай 80838812 дугаарын утаснаас ярьсан. 2017.11.17-ны өдөр Дархан-Уул аймагт ирээд нөгөө зараар ярьсан хүнтэйгээ утсаар ярьсан чинь "Хүйтний гол" гэх газар хүнээс асуугаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Хүйтний гол өгсөөд Дарханаас 70 орчим км газар очиход 2 экскаватор байсан. Тэнд жижиг уурхай байсан. Тэнд ажиллаж байгаа хүмүүстэй уулзахад миний очих ёстой газар мөн байсан гэх мэдүүлэг /хх 30/,

            Гэрч А.Амарсайханы өгсөн: 2017 оны 11 сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум 2-р баг, Бичигт Хад гэх газарт Түшиг гээд нэг залуугын алтны бичил уурхайд ажиллахаар ирсэн. Миний ажилладаг компаний захирал Энхбаяр гэх хүн Дарханд очоод Түшиг гэх хүний бичил уурхайд экскаватор бариад хэд хоног ажилчих гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр экскаватороо янзлаад байж байгаад 19 цагийн үед цагдаагийн газраас хүмүүс ирээд шалгахаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт авчирсан. Түшиг гэдэг залуугийн Бичигт хад гэх газарт алтны жоохон уурхайтай юм байна лээ. Тэр уурхайд нь эксковатор барихаар ирсэн. Би арваад хоногийн өмнө ирсэн. Ирснээсээ хойш хэдэн өдөр өдрийн тал ухсан нүхэн дотроос шороог нь гаргаж өгдөг ажил хийж байсан гэх мэдүүлэг /хх  32/,

            Гэрч Б.Дагвасүрэнгийн өгсөн: Би өөрийн ажилладаг Дархан-Уул аймаг Шарын гол суманд үйл ажиллагаа явуулдаг хувийн алтны уурхай дээр 2017 оны 11 дүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажилд орох үед миний өмнө ажиллаж байсан хүний эхнэрийн бие муудаад өөрийнхөө оронд намайг ажилд оруулсан. Тэгээд өнөөдөр ажил дээрээ байж байхад цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Би юу болсон талаар сайн мэдэхгүй байсан. Намайг ирснээс хойш ер нь их хүйтэн байсан учраас ковш эксканы эвдрэл ихтэй сайн ажиллаж чадаагүй. Жоохон хүйтрэхээр эксканы гидр, шланк хөлдөөд ажиллаж болохгүй байсан. Тэгээд ч буух гээд байж байсан. Намайг байхад ямар ч байсан 2 удаа алт угаасан. Угаасан алтыг Түшиг гэдэг хүн өөрөө авдаг. Дээрх уурхай миний мэдэхээр эксканы 2 оператор, 2 буучин, нэг тогооч, нэг цахилгаанчин, нэг манаач дээр нь Түшиг гэдэг хүн өөрөө ажилладаг. Техникийн хувьд 2 ширхэг экска, нэг Урал, нэг Маяти машин байдаг. Аптны усан буу нэг ширхэг байдаг. Би анхнаасаа ямар газар ашиглаж ухаж байсан талаар мэдэхгүй байна. Намайг очих үед ямарч байсан урьд нь ашиглаж байсан гэхээр газарт алт олборлож байсан. Харин алт угаахдаа алтны карьерийн усаар угаадаг байсан гэх мэдүүлэг /хх 39-40/,

            Гэрч Н.Мөнхдэлгэрийн өгсөн: Би Б-тэй ажлын холбогдолтой найзууд 2017 оны 10 сард Дархан- Уул аймгийн Хонгор суманд байрлах Хүйтний гол гэх нэртэй газарт нөхөрлөлийн нэг хүнтэй тохиролцоод алт олборлохоор болсон гэж хэлсэн. Намайг тэр газар дээр очоод нэг сар инженерийн ажил хийгээд өгөөч гэж тохиролцсоны дагуу би ажиллахаар болсон. Тэр үед би ажил багатай байсан болохоор зөвшөөрсөн. Би одоо хотоос гарч байна гэж Б- рүү ярихад Б- би Дарханд байна хот руу очиж амжихгүй юм шиг байна. Чи наанаа нэг эксковаторын эзэн болох Булгаа гээд залуутай миний өмнөөс гэрээ хийгээд экскаваторыг трайллерт ачаад өгөөд явуулчих гэж Б- хэлсэн. Намайг Улаанбаатар хотоос гарах гэж байсан чинь экскаваторын эзний эхнэр болох Бурмаа гэж эмэгтэй гэрээ байгуулсан. Гэрээ хийсэн хугацааг сайн санахгүй байна. Ямарч байсан миний санаж байгаагаар 2017 оны 10 дугаар сарын эхээр хийсэн. Тухайн үед нотариат орох гэсэн чинь нотариат олдоогүй орой болчихсон л байсан. Тэгээд ч тэр Бурмаа нотариат орох шаардлага байхгүй гэж үзсэн. Тэгээд би Б-ийг төлөөлж гэрээ байгуулсан. Тухайн үед Б- намайг Улаанбаатар хотод явж байсан болохоор гэрээ хийчих гэж хэлсэн тэгээд л гэрээг нь хийсэн гэх мэдүүлэг /хх 48/,

    Гэрч Д.Баянмөнхийн өгсөн: 2017 оны 11-р сарын 02-ны өдөр Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Шарын гол, Хонгор сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар Мэргэжлийн хяналтын газар, ИХТөлөөлөгч нар болон прокурор, Онцгой байдлын ажилтан нарын бүрэлдэхүүнтэй ажилласан. Тухайн шалгалтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний голын Бичиг хад гэх газарт Мөнх-Эрдэнэ гэх иргэн хууль бусаар ашигт малтмал олборлож байсан газарт хэмжилт хийсэн. Гэхдээ Мөнх-Эрдэнэ гэдэг хүн нь тухайн шалгалтаар очих үед л байсан хүн тэр өөрөө хэлэхдээ би зүгээр ажилтан нь байгаа юм өөр хүн ажиллуулдаг би нэрийг нь сайн мэдэхгүй гэж тайлбарлаж байсан. Дахин шалгалтаар 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад С.Сүхбаатар, Хонгор сумын төлөөлөгч Баярмагнай нарын хамтаар ажиллахад анх миний хэмжсэн талбайгаас нэмээд ухсан байсан. Нэмж 1 экскаватор авч ирсэн байхаар түүний компьютерийг хураан авсан. Тухайн асуудал Сүхбаатар ахмад дээр шалгагдаж байгаа. Бид нарыг очих үед бүр шороо угаах төхөөрөмж ажиллуулаад байж байсан. Камерын бичлэг хийсэн байгаа. Түүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орчим байх өдрийг нь сайн тодорхой санахгүй байна дахин шалгалт хийхэд тухайн хүмүүс нэмж ухаагүй хэрнээ өмнө нь ухаж гаргасан шороогоо угаасан байсан. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс 5 хүн, замдаа тухайн газар алт олборлож байгаа хүмүүсийг хариуцаж байгаа гэх 4 хүмүүстэй таараад тэдгээр хүмүүсийг цагдаагийн газар авчирсан. Мөн дахин 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр мөрдөгч С.Сүхбаатар, Хонгор сумын төлөөлөгч Баярмагнай, Хонгор сумын засаг дарга Атархишиг нарын хамтаар шалгалт хийхэд нэмээд газар ухсан байсан. Мөн л хэмжилт хийж үзлэг хийсэн. Ерөнхийдөө сүүлдээ Түшиг гэх хүн ажиллуулдаг юм байна гэдгийг мэдсэн. Ингээд би тухайн газарт 4 удаа шалгалт хийсэн шалгалт хийх болгондоо хэмжилт хийж байсан гэх мэдүүлэг /хх 142/,

    Гэрч Ч.Навчгэрэлийн өгсөн: Аймгийн Иргэдийн хурлын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 11 дүгээр барын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын нутаг дэвсгэрт байгаль орчны газрын мэргэжилтэн Баянмөнх, иргэдийн хурлын төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтаар ажилласан. Тухайн шалгалтаар илэрсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагад харъяаллаар шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх 144/,

Гэрч Т.Мөнх-Эрдэний өгсөн: Би өөрөө ашигт малтмал олборлосон зүйл байхгүй. Харин Б- гэж хүний жижиг уурхайд ажиллаж байсан. Тухайн үед Б-ийг сайн танихгүй харин надтай хамт ажиллаж байсан Мөнхдэлгэр гэх залуугийн танил гэсэн. Тэгээд намайг 2017 оны 10-р сарын орчим Дархан-Уул аймагт алт олборлох гэж байна цөөхөн хоног ажиллаад өгөөч гэхээр нь би ажиллаж байсан. Б-ийг байхгүй хойгуур Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын ажилтан болон нэлээд хэдэн хүмүүс ирээд экскаватор лацдаад экскаваторын компьютерийг хурааж аваад явсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа шалгаж ажил зогсоогоод ямар нэгэн ашигт малтмал олборлоогүй газар ухсан байсан. Тэгээд л хүйтрээд техникүүдээ хураагаад буусан гэх мэдүүлэг /хх 145/,

"Нуман-Алтай" ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/01 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“1.Тус солбицолоор заагдаж хэмжилт хийсэн 5700м2 буюу 0,57га талбайд 2385,11м3 эзэлхүүн бүхий 2 ухаш нүх үүссэн овоолгын эзэлхүүн нь 2070.З6м3 эндээс тооцож үзэхэд угаасан шорооны эзэлхүүн нь З14.75м3 хэмжээтэй байна.

2.Тус 5700м2 буюу 0,57 га талбайд хийсэн үнэлгээгээр эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ, газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээ, ургамлан бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээ, амьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5-р сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, усан орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 сарын 18-ны өдрийн А-388 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тус тус тооцсон болно. Хууль бус үйл ажиллагаанаас үүдэж байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын нийт хэмжээ нь 934 995 төгрөг байна.

3.Үүнд урьд өмнө эвдэгдсэн байсан учраас хөрс, ургамал, агаар орчны хохирлыг тооцоогүй бөгөөд зөвхөн эдэлбэр газар /5 535/, газрын хэвлий /197 089/, гадаргын усан орчин /412 260/, амьтны аймаг /320 995/ хохирлыг тус тус тооцсон болно. Усан орчинд учруулсан хохирлыг тооцохдоо голын усыг шууд ашиглаж бохирдуулах биш, харин цэвэршүүлэн дахин ашигласан ус хэрэглэсэн гэж үзлээ.

4.Нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд, Эрдэс Баялаг, Эрчим Хүчний сайдын 2010 оны 5-р сарын 17-ны өдрийн А-132/112 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-аар тооцсон болно. Тус эвдэгдсэн талбайг нөхөн сэргээхэд гарах зардлын хэмжээ нь 1 243 476 төгрөг болж байна гэжээ /хх 61-62/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/, гэрч С.Амарсанаагийн ашигт малтмалын олборлолт явуулж байгааг бичсэн CD-г эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх 11-12/ зэрэг  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан "тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас эвдэрсэн 0,57 га талбайд учруулсан экологи-эдийн засгийн бодит хохирол 934 995 төгрөг, тус талбайн нөхөн сэргээхэд ажлын зардал 1 243 476 төгрөг тогтоогдсон байна.

 

Эвдэрсэн 0,57 га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ шинжээчийн дүгнэлтээр 934 995 төгрөгөөр тооцогдсоныг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2, 4, 5, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2 287 787 төгрөгөөр тооцож гаргуулах үндэслэлтэй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 8 дахь хэсэгт зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөрийг ногдуулахаар заасан байх тул талбайн нөхөн сэргээхэд гарах ажлын зардал гэх 1 243 476 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 164-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Б-т ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, тэнссэн хугацаанд тодорхой ажил үүрэг гүйцэтгэж, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ашигт малтмалын олборлолт явуулж байгааг бичсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь гэм буруугийн шүүх хуралдаанаас 2 287 787 төгрөгийн хохирол нөхөн төлөхөөр шийдвэрлэснийг хохирлын нөхөн төлөхөөр 5 хоногийн завсарлага авч уг хохирлыг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн эрүүгийн хариуцлага шүүх хуралдаанд нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж экологи эдийн засагт 934 995 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 2 287 787 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 2 /хоёр/  жил хорих ялаар шийтгэсүгэй.   

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.3, 3.4-т заасныг журамлан шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 /нэг/  жил тэнсэж, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэж, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан нөхөн сэргээлтийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэж, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах үүргийг биелүүлээгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.  

 

            7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD бичлэг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ