Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/126

 

 

 

 

 

 

  2025            01            23                                         2025/ДШМ/126

 

 

                                                     Б.Ц-т холбогдох эрүүгийн

         хэргийн тухай  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/815 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ц-т холбогдох 2410000000776  дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн ................, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, “......” ..-д .. ажилтай, ам бүл .., ...-ийн хамт ... тоотод оршин суух, /РД: ................../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1004 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар  сарын 09-ний өдрийн 1004 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 264 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 664 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон;

Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах ... дугаар байрны ... тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч П.Э-ийг салъя гэж хэллээ гэх шалтгаанаар мөргөх, цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны баруун хажуу ханын зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт бүхий” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ц нь “Монголын маркетруудын зөвлөл” ГҮТББ-д нягтлан бодогч ажилтай бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бусдад зодуулж биедээ хүнд гэмтэл авч байнгын эмчилгээ хийлгэж байгаа зэрэг харгалзан үзвэл зохих шалтгаануудын улмаас шүүхээс оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлэх боломжгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны явцад гомдолд дурдсан асуудал яригдаагүй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн шалтгаанаар хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж гомдолдоо дурдсан боловч яг ямар эрүүл мэндийн шалтгааны улмаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй болсон талаараа ямар нэгэн баримтад тулгуурлаж баримттай тайлбар өгсөнгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэмт хэрэгт 2 удаа холбогдож, түүнд анхан шатны шүүхээс 2 удаа нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж байсан. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлсэн нөхцөл байдалд нь тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах ... дугаар байрны ... тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч П.Э-ийг салъя гэж хэллээ гэх шалтгаанаар мөргөх, цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны баруун хажуу ханын зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт бүхий” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай албаны удирдлагын тасагт 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “...нөхөр согтуу намайг зодоод байна...” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /хх 4/,

аюулын зэргийн үнэлгээ “/хх 71-72,

хохирогч П.Э-ийн “...Их догшин авиртай, уухаараа их догшин зан араншинтай, ер нь л уур нь хүрэхээр гар хүрчих гээд байдаг болохоор би өнөөдөр ярилцаж байгаад хоёулаа хэсэг хугацаанд тус тусдаа байя гэж хэлтэл өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Тэгснээ гэнэт аяга хагалж ширээний араас босож ирээд нүүр рүү мөргөж гараараа хамар руу цохисон. Тэгтэл хүү /5 настай/ дундуур орж ээжийг битгий зодооч гэж хэлсэн. Хашхираад уйлж байтал миний гар утас дуугараад үйлчлүүлэгч үйлчилгээнд оръё гэхээр нь тусламж гуйсан ба гаднаас тухайн эмэгтэй орж ирээд Цэваныг тайвшруулж ярилцах хооронд би хүүгээ аваад гадаа байж байтал цагдаа ирсэн. ...” /хх 9-10/ гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №7068 дугаар “...П.Э-ийн биед хамар ясны баруун хажуу ханын зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 13-14/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ц-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Ц-ийг хохирогч П.Э-ийн эрүүл мэндэд “хамар ясны баруун хажуу ханын зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралтбүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбулган “...хүнд гэмтэл авч байнгын эмчилгээ хийлгэж байгаа зэрэг харгалзан үзвэл зохих шалтгаануудын улмаас шүүхээс оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлэх боломжгүй тул торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Ц-ийн эрүүл мэндийн хувьд гавал ясны цөмөрсөн хугарал бүхий хүнд гэмтэлтэй хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар сольж шийдвэрлэв. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/815 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг
өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай. …” гэснийг “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай. ...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэеэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцож солихыг түүнд анхааруулсугай. ...” гэж,

5 дахь заалтад “...Шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авчсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

                                                          ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР