Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ20176/00173

 

Ш.Шижирбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 183/ШШ2016/00835 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1985 дугаар магадлалтай,

Ш.Шижирбаатарын нэхэмжлэлтэй,

Ц.Төмөрбаатарт холбогдох,

гэрээний үүргийн гүйцэтгэлд 46.860.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

гэрээний хохиролд 36.240.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Төмөрбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Шижирбаатар, өмгөөлөгч Н.Бадамцэцэг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Шижирбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр Ц.Төмөрбаатараас 40.000.000 төгрөгийн үнэтэй Кат Д-7 бульдозерыг худалдан авахаар тохиролцож 30.000.000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 15-нд үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлсөн. Гэтэл уг бульдозер нь биет байдлын доголдолтой чанарын шаардлага хангахгүй байсан тул 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Төмөрбаатарт буцаан өгч, миний өгсөн 40.000.000 төгрөгийг Ц.Төмөрбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны дотор буцаан төлөх, хэрвээ уг хугацаанд төлөөгүй тохиолдолд хоногийн 0,3 хувийн алданги тооцохоор харилцан тохирч төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Гэтэл Ц.Төмөрбаатар одоог хүртэл огт мөнгийг өгөөгүй тул үндсэн төлбөр 40.000.000 төгрөг, алданги 4.920.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг нийт 46.860.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: би Ш.Шижирбаатартай 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр аман хэлцлээр Кат Д-7 бульдозерыг 100.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцон, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн. Тэрээр 30.000.000 төгрөгийг бэлнээр,  мөн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрөө 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй байхдаа  бульдозерт эвдрэл гараад байна гэж шаардлага тавьж, буцааж өгсөн. Нэгэнт Ш.Шижирбаатар гэрээнээс татгалзсан тул би өгсөн авснаа буцаахаар болсон. Гэтэл тэр мөнгөө авъя гэж удаа дараа утасдан дарамталж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон бөгөөд төлбөр барагдуулах гэрээг дүр үзүүлэн хийсэн болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Төмөрбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ш.Шижирбаатар нь миний өмчлөлийн Кат Д-7 бульдозерыг нэг сарын хугацаанд ажлын улиралд хэрэглэсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээнээс татгалзсан тал нь үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Иймд сарын түрээсийн хохирол 30.000.000 төгрөг, операторын цалин 1.500.000 төгрөг, засвар үйлчилгээний 3.300.000 төгрөг нийт 34.800.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Шижирбаатар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ц.Төмөрбаатартай худалдах худалдан авах гэрээг амаар хийсэн. Кат Д-7 бульдозер  биет байдлын доголдолтой, чанарын шаардлага хангахгүй байсан учир гэрээнээс татгалзсан. Хариуцагч хүлээн зөвшөөрч машинаа авсан. Ц.Төмөрбаатарын буруугаас болж гэрээнээс татгалзсан учир хариуцагчид хохирол учирсан гэж үзэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 183/ШШ2016/00835 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн  243.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Төмөрбаатараас 46,360,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Шижирбаатарт олгож, нэхэмжлэгчийн 500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ц.Төмөрбаатарын 36,240,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Шижирбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,820 төгрөг, хариуцагч Ц.Төмөрбаатарын сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн 340,000 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Төмөрбаатараас 389,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1985 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 183/ШШ2016/00835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахад тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Төмөрбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 183/ШШ2016/00835 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1985 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Ш.Шижирбаатартай 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр аман хэлцлээр хариуцагч Ц.Төмөрбаатарын өмчлөлийн Кат Д-7 бульдозерыг 100.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцон нэхэмжлэгч Ш.Шижирбаатарт 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд Ш.Шижирбаатар нь мөн өдөр харилцан тохиролцсон урьдчилгаа 30.000.000 төгрөгийг бэлэн Ц.Төмөрбаатар надад өгсөн. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийг хүлээн авсан. Харин үлдэгдэл төлбөрөө 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй байхдаа буюу худалдсан Кат Д-7 бульдозерыг эвдрэл гараад байна гэж буцаахаар 2015 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн үед шаардлага тавьж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Ц.Төмөрбаатарын өмчлөлийн Кат Д-7 бульдозерыг 100.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон аман гэрээнээс Монгол улсын Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасны дагуу татгалзсан болно. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Кат Д-7 бульдозерыг буцааж өгсөн.

Гэрээ субъектив талын хувьд хүчин төгөлдөр байх ойлголт нь гэрээ байгуулж буй дотоод зорилго, түүний гадаад илэрхийлэл хоёр нэгдмэл байх ойлголт бөгөөд сайн дураар чөлөөтэй буюу ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэх бодит боломжтой байх явдал юм. Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан байхад хариуцагч Ц.Төмөрбаатар нь нэхэмжлэгч Ш.Шижирбаатарын дарамт шахалтаар зайлшгүй төлбөр барагдуулах хэлцлийг дүр үзүүлэн хийсэн бөгөөд гэрээг байгуулах үед гэрээг чөлөөтэй. сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлэн байгуулах бодит боломж хязгаарлагдсан гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн чөлөөт байдлын зарчим. үндэслэл. зохицуулалтыг зөрчиж Төлбөр тооцоо барагдуулах гэрээг байгуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болох алданги 1.440.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 183/ШШ2016/00835 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1985 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Шижирбаатар нь хариуцагч Ц.Төмөрбаатараас 46.860.000 төгрөг гаргуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хохиролд 36.240.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Кат Д-7 загварын бульдозерыг худалдах-худалдан авахаар харилцан тохирч улмаар Ш.Шижирбаатар 40.000.000 төгрөг төлсөн, Ц.Төмөрбаатар техникийг шилжүүлсэн байна. Гэрээний зүйл биет байдлын доголдолтой байсныг улмаас худалдан авагч гэрээнээс татгалзаж, техникийг буцаан өгсөн, энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч нэхэмжлэгчээс авсан мөнгийг буцаан өгөөгүй, зохигчид 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, Ц.Төмөрбаатар нь 40.000.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 10-ний өдөр төлж барагдуулах, энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувиар хоног тутам алданги төлөхөөр тохирчээ /хавтаст хэргийн 3 дугаар тал/.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлснээ хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд анзын гэрээг бичгээр хийхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан. Зохигчид анзын гэрээг бичгээр байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Иймд хариуцагчийн “...алданги 1.440.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар шаардсан байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт худалдах-худалдах авах гэрээг зохицуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний алдаатай болжээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1985 дугаар магадлалын нэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 183/ШШ2016/00835 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1...” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг  хэвээр үлдээж, хариуцагч Ц.Төмөрбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 38.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ