Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 31

 

              Нэхэмжлэгч болон хариуцагчийн

                эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би Увс аймаг Улаангом сум ... багт оршин суугч, иргэн Б.Б ийн “Увс аймгийн Улаангом сумын 5-р багт байршилтай 0333399 дугаартай гэрчилгээ бүхий 2 га газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шийдвэр гаргахыг Улаангом сумын Засаг даргад даалгуулах тухай“ шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2011 оны 11-р сарын 08-нд Б.С ээс  1,8 га газрыг тухайн үед газрын даамал хийж байсан Б.О той хамт явж хэмжүүлж байж авсан. Уг газар нь далан руу тохож орсон байсан учраас тэр хэсэг нь нэмэгдээд 2 га газар болгож анх надад зааж өгсөн. Тухайн үед уг газрын хуучин эзэн Б.С  болон газрын даамал Б.О  хоёр хоёулаа байсан бөгөөд акт үйлдэж, хууль дүрмийн дагуу уг газрыг эзэмшсэн. Тэр үед би тухайн газрын хажуу хавийн хүмүүс болон бойны манаач З.Ж д би энэ газрыг худалдаж авч байгаа юм, газартай холбоотой ямар нэгэн асуудал гарвал над руу яриарай гэж хэлээд захиад явсан. Тэгтэл 2012 оны хавар 5 сар орчимд танайх хашаагаа барьж байгаа юм уу? гэж ярихаар нь газар дээрээ очтол хэдэн залуучууд хашаа барьж байсан. Энэ юу болж байна?, ямар учиртай хүмүүс вэ?, Би энэ газрыг хүнээс худалдаж авсан юм, миний эзэмшлийн газар гэхэд тэнд байсан залуучууд бид нар хөлсний ажилчид сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Сүүлдээ цагдаа шүүхдээ хүрэхэд нэг залуу Н гэж хүн байгаа Сансар худалдааны төв дээр очиж уулз, тэр хүн хашаа бариулж байгаа юм гэсэн. Н тай очиж уулзахад би газрын гэрчилгээтэй, тэр газар бол миний хууль ёсны газар гэдэг зүйлийг хэлсэн. Энэ талаар газрын албан дээр ирж Б.О д хэлэхэд сургалттай завгүй байна, тэр газар чиний хууль ёсны эзэмшлийн газар гээд тухайн үедээ асуудлыг шийдвэрлээгүйгээс өнөөдрийн хэмжээнд хүртэл явж байна. Анх уг газрыг би банкнаас зээл авч авсан бөгөөд Б.С  би хашаа барих боломжгүй байгаа учраас чи өөрөө хашаа барьж аваарай гээд надад хашааны гадас, тор зэрэг зүйлсийг хүлээлгэн өгсөн. Одоо уг газар дээр байгаа хүмүүс хохирлоо гэдэг зүйлийг яриад байсан. Би бас банкнаас авсан зээлээ хөндий төлж, 2 жил хөдөлмөрлөсөн 40.000 суулгацаа үхүүлсэн бөгөөд энэ газартай холбоотой асуудлаар холбогдох газруудаар 4 жил гаруй явж байна. Хэрэв газар дээрээ 40.000 суулгацаа устгалгүй тарьсан бол ямар байх вэ? гэтэл өнөөдрийг хүртэл газрын асуудал шийдэгдээгүй явж байна.

         О.Н тай уулзахад миний газар гэх мэтээр маргаан болоод ойлголцолд хүрч чадаагүй тул 2013.06.02-нд Увс аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. О.Н-ын хадам эгч М.О ны 0,5 га газрын гэрчилгээг шүүх дээр үзүүлж би О.Нд түрээслэж байгаа гэж хэлсэн. Тэгээд шүүх хуралдаанаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарч Улаангом сумын Засаг даргад ханд гэж зөвлөсний дагуу 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улаангом сумын Засаг даргад хандсан боловч 2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр захиргааны журмаар шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Тэгээд дахин сум дундын шүүхэд хандсан боловч шүүгч Т.Байганок нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дахин Улаангом сумын Засаг даргад хандсан боловч шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн хариу ирүүлсэн. Иймд 2015.12.08-ны өдөр Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн шүүхэд ханд гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан. Ийм байдлаар иргэний хэргийн шүүхэд 3 удаа хандаж цаг хугацаа алдаж байна. О.Н нь 2004 онд эзэмшсэн газраа 2011 он хүртэл зориулалтын дагуу ашиглахгүй байсан хэрнээ 2011 онд намайг хууль ёсоор эзэмшиж ашиглах гэхэд давхардуулж ашиглаж байгаа нь хууль бус юм” гэжээ.

      Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгч Увс аймаг Улаангом сум 9-р багт оршин суугч,  иргэн Б.Б, нөгөө талаас хариуцагч Улаангом сумын Засаг дарга, гуравдагч этгээд М.О , хөрөнгө оруулагч М.Ж  нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

  1. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 08 сарын 26-ны өдрийн А/110 тоот шийдвэрээр иргэн Б.Б д жимс жимсгэний зориулалтаар эзэмшүүлсэн 2 га газрын 0333399 дугаар бүхий гэрчилгээ, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2004 оны 10 сарын 26-ны өдрийн 104 шийдвэрээр иргэн М.О д жимс жимсгэний зориулалтаар эзэмшүүлсэн 0,5 га газрын 0029391 дугаар бүхий гэрчилгээнүүд нь зөрчилтэй байх тул хүчингүй болгож газрыг дахин шинээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх
  2. Хариуцагч Улаангом сумын Засаг дарга жимс жимсгэний зориулалттай 1,5-2 га газрыг 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, нэхэмжлэгч Б.Б д эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх
  3. Гуравдагч этгээд М.О, хөрөнгө оруулагч М.Жимсээ нар нэхэмжлэгч Б.Бямбад хохиролд 2000000 /хоёр сая/ төгрөг 2016 оны 10 сарын 20-ны дотор өгөхөөр харилцан тохиролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн эвлэрлийн гэрээг байгуулсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь харилцан бие биетэйгээ эвлэрэх эрхтэй байдаг. Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд энэхүү эвлэрлийн гэрээ байгуулагдсан байгаа ба гэрээ нь мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасан эвлэрлийн гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан байна. Энэхүү эвлэрлийн гэрээгээр хариуцагч тал маргаан бүхий газрын гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, жимс жимсгэний зориулалттай 1,5-2 га газрыг 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, нэхэмжлэгчид эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын гэрчилгээг нь шинэчлэн зөвтгөн олгох, гуравдагч этгээд болон хөрөнгө оруулагч нар нь 2000000 төгрөгийг /хохирол/ 2016 оны 10 сарын 20-ны дотор нэхэмжлэгчид өгөхөөр харилцан тохиролцсон нь Газрын тухай хуульд харшлаагүй ба бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-д зааснаар сумын Засаг дарга нь газар эзэмшигчээс газрыг гэрээний дагуу үр ашигтай зохистой ашиглаж хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй байдаг. Эвлэрлийн гэрээг байгуулахдаа гуравдагч этгээд М.О , газарт “48 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх” М.Ж нарыг байлцуулан тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэлийг тусгасан нь эвлэрлийн улмаас бусдын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байх нөхцөл хангагдсан байна. Иймээс шүүхээс уг эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

        Нэхэмжлэгч хариуцагч нар маргааныг эвлэрэх замаар дуусгавар болгож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б аас  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

      Хэргийн оролцогчдод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ.

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг, гуравдагч этгээд М.О , хөрөнгө оруулагч  нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийг баталж, иргэн Б.Б нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга О.Г  холбогдох /124/2015/0033/з дугаар индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б- с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ОЮУНГЭРЭЛ