Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 428

 

С.С-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий

 аймгийн Дэлүүн сумын улсын бүртгэгчид

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:                Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Нэхэмжлэлийн шаардлага: “Үрчлэлтийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Дэлүүн сумын улсын бүртгэгчид даалгах”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2019/0034 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0495 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2019/0034 дүгээр шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, шинэчилсэн найруулгатай Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүү С.Н-ыг үрчилсний бүртгэл хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.Н-ыг үрчилсний бүртгэл хийхийг хариуцагч Дэлүүн сумын улсын бүртгэгч С.Р-д даалгаж шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0495 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2019/0034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч С.С би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0495 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

4. Нэхэмжлэгч С.С эхнэр К.Ж нарын дундаас 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Н-ыг эмэг эх А.Ш-д үрчлүүлэх тухай хүсэлтийг Дэлүүн сумын Засаг даргад гаргаснаар сумын Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/21 дугаартай захирамж гарган эмэг эх А.Ш Н-ыг үрчилж авсныг баталгаажуулан үрчлэлтийн бүртгэлийг Дэлүүн сумын улсын бүртгэлийн байцаагчид зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон юм. Сумын Засаг даргын захирамж гарснаас хойш 1 жил өнгөрсний дараа эмэг эх А.Ш 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан байна. Гэтэл тухайн үед үрчлэлтийг улсын бүртгэлд бүртгээгүй байсан байна. Нэгэнт сумын Засаг даргын захирамж нь одоо хүртэл хүчинтэй байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, 57 дугаар зүйлийн 57.1, Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол улсын хуулийн 1 дүгээр зүйл, шинэчлэн баталсан Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг үндэслэн хүү С.Н-ыг үрчилсний бүртгэл хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.Н-ыг үрчилсний бүртгэл хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж үзэж байна.

5. А.Ш нь тухайн үед хүүхдийг үрчилж авсан тухай бичиг баримтууд нь сумын Засаг даргын Тамгын газрын архивт байдаг, энэхүү материал нь хувь хүнд хадгалах бололцоогүй юм. Нөгөө талаас хүү С.Н нь эмэг эх буюу үрчлэн авагч А.Ш нас барахаас өмнө түүний асрамжинд байсныг давж заалдах шатны шүүх харгалзан үзээгүй байгаа явдалд гомдолтой байна.

6. Давж заалдах шатны шүүхийн Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа явдалд гомдолтой байна. Учир нь дээр дурдсан хуульд заасан болзол шаардлага нь төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой юм.

7. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 110/ШШ2019/0034 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0495 дугаартай магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэгч С.С миний хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

9.  Нэхэмжлэгч С.С нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын улсын бүртгэгчид холбогдуулан “Үрчлэлтийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Дэлүүн сумын улсын бүртгэгчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...сумын Засаг дарга бидний хүсэлтийг судлан үзэж, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар, хүү С.Н-ыг эмээ болох А.Ш-д үрчлүүлэх тухай шийдвэр гаргасан. ...Гэтэл сумын улсын бүртгэгч С.Р нь үрчлэлтийг бүртгэж аваагүй, хүүхдэд шинээр гэрчилгээ олгоогүй болохыг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олж мэдсэн. ...Нэгэнт сумын Засаг даргад, холбогдох бүх баримт бичгийг бүрдүүлж өгсөн, талийгаач А.Ш амьд сэрүүн байх үед сумын Засаг даргын захирамж гарсан, захирамж хүчин төгөлдөр тул улсын бүртгэгч үрчлэлтийг бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус” гэж маргажээ.

10. Давж заалдах шатны шүүхийн, “...хуульд заасан журмын дагуу үрчлэн авагчийн хүсэлтийн үндсэн дээр бүртгэлийн үйл ажиллагааг хийх ёстой, ...энэ тохиолдолд хариуцагчийн буруутай гэх үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй тул ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн дүгнэлт зөв байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан.

12. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/21 дүгээр “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар нэхэмжлэгч С.Сын төрсөн хүү С.Н-ыг эмэг эх А.Ш-д үрчлүүлэхээр шийдвэрлэсэн, уг захирамжийн дагуу үрчлэлт бүртгэгдээгүй байх бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үрчлэн авагч А.Ш нас барсан байна.

13. Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, ...эрхтэй” гэж тус тус хуульчилсан, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж заасан. 

14. Дээрх байдлаар үрчлэн авагч А.Ш нас барж, хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрх ашиг сонирхлыг нь хамгаалах боломжгүй болсон байхад анхан шатны шүүхээс, улсын бүртгэгч нь хүүхэд үрчилсэн шийдвэрийг үндэслэн үрчлэлтийг бүртгэх үүрэгтэй ба С.Н-ыг эмэг эх А.Ш-д үрчлүүлснийг бүртгэхгүй байгаа хариуцагч Дэлүүн сум хариуцсан улсын бүртгэгчийн эс үйлдэхүй нь хууль бус, үүний улмаас хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх зөрчигдөж байна гэж дүгнэн, хүүхдийг нас барсан этгээдэд үрчилсний бүртгэл хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, тодруулбал Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчих төдийгүй, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1-д заасантай нийцэхгүй талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

15. Түүнчлэн хариуцагч Дэлүүн сумын улсын бүртгэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “улсын бүртгэгч нь ...холбогдох хуулийг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасны дагуу үрчлэлтийг бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн, хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

16. Иймээс, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...сумын Засаг даргын захирамж нь одоо хүртэл хүчинтэй байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, 57 дугаар зүйлийн 57.1, ...Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг үндэслэн хүү С.Н-ыг үрчилсний бүртгэл хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үрчилсний бүртгэл хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй. ...хүү С.Н нь үрчлэн авагч А.Ш нас барахаас өмнө түүний асрамжинд байсныг давж заалдах шатны шүүх харгалзан үзээгүй явдалд гомдолтой” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.

17. Харин давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хянавал хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар, магадлалын тогтоох хэсэгт баримталсан хуулийн нэр, зүйл, заалтыг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар тусгалгүй бичвэрийн алдаа гаргасныг залруулж, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0495 дугаар магадлалын 1 дэх заалтын “...хүчингүй болгож,” гэсний дараа “Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С-ын гаргасанҮрчлэлтийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Дэлүүн сумын улсын бүртгэгчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ТУНГАЛАГ

                                 ШҮҮГЧ                                                   Б.МӨНХТУЯА