Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 92

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох 1726000790011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт О.Б

Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багт оршин суух иргэн Д.Б, В.Г нарын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж, хохирогч Д.Б-д 489500 төгрөгийн, В.Г-д 25000 төгрөгийн, нийт 514500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан гэв.

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багт модны зах ажиллуулдаг. 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манаачаа модны зах дээрээ үлдээгээд ******* сум руу явсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манаачаа дуудсан. Үүнээс хойш модны зах эзэнгүй байсан. Эхнэр Б бид хоёр 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* сумаас аймагт гэртээ ирээд өдөр 15 цагийн орчимд усанд явж байхад манай модны захын зүүн талын хашааны О.Б гэх хүн хашааны үүдэнд 2 хүнтэй хамт зогсож байсан. Тэгээд би худаг дээр хараад зогсож байхад Б манай хашаа руу ороход нь би араас нь яваад очиход манай хашаанд төмрийн хог бөөгнүүлээд зогсож байхаар нь яагаад хулгай хийгээд байгаа юм бэ? Чи мод авсан уу? гэхэд Б 2 метрийн 2-3 ширхэгийг авсан гэхээр нь хоёулаа цагдаа дээр уулзанаа гээд явуулсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр юмаа бүртгэж үзэх гээд модны зах дээрээ ирэхэд манаачийн байшингийн цонхыг хагалаад хулгай орсон байсан. Хашаанд байсан 2 метрийн шургааг 70 ширхэг, 4 метрийн 7 см-ын банз 4 ширхэг, 3 ширхэг өвлийн дугуй, тал портер мод, 15 орчим метрийн гэрлийн утас, 380 кв-ын утас 10 метр алга болсон байсан. Б надад 2-3 ширхэг мод авсан гэж хэлэхэд манай хашаанаас алдагдсан эд зүйлүүд байхгүй байсан. Хашааны хойд талд түлшний мод, шургааг, байшингийн зүүн талд нарсан банз, автомашины дугуй харуулын байранд, цахилгааны утаснууд байшингийн зүүн талд блокны машинд холбоостой байсан. 2017 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрийн орчим хашаанд байх харуулын байрандаа засвар хийх гээд Г-н гэрийн тавилга, эд зүйлийг гаргахад Г-н бурхан нь авдарных нь ар талаас гарч ирсэн. Үүнээс хойш 10 орчим хоногийн дараа Г бид 2 төмөр утас хайгаад явж байхад Б-н хашаанд байшингийнх нь зүүн хойд булангаас Г-н модон хүрдийг нь олсон. Г-н бурхныг олоход Г эзэнгүй Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум явсан байсан. Манай компаний үйл ажиллагаа явуулдаг хашааны хаалга нь баруун тийшээ харсан байрлалтай, О.Б-н хашаа манай хамар хашаа юм. /хх-ийн 24-30 хуудас/,

Хохирогч В.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2016 оны 11 дүгээр сараас Өвөрхангай аймгийн ******* сумын 09 дүгээр баг 44-02 тоотод байрлах “*******” ХХК-ий модны захад манаачаар ажилд орсон. Тэгээд би ******* сумын 09 дүгээр баг 44-02 тоотод байрлах “*******” ХХК-ий модны захын харуулын байранд гэрээ нүүлгэж ороод амьдарч байсан. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай модны захын эзэн Б намайг ******* суманд хүрээд ир гэхээр нь би ******* сум руу явсан. Намайг ******* сум ороод 5 хонож байтал Б эхнэрийн хамт ******* сум руу явсан. Тэгээд би гар утасны сүлжээгүй газар явж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд байхад Б над руу утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Манай гэрээс маанийн хүрд алдагдсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчимд хашаа буюу өөрийн ажил дээрээ Б-тай хамт хашаа хадаж байгаад Б-н хашаан дотор төмөр утас эрж яваад байшингийнх нь зүүн талаас гэрээсээ хулгайд алдсан модон хүрдээ олсон. Намайг хүрдээ олоход нэлээн удаж байгаа бололтой тоосонд дарагдсан байсан. Алдсан эд зүйлээ олсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 33-37 хуудас/,

Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай нөхөр Б нь Өвөрхангай аймгийн модны зах ажиллуулдаг. Манай нөхөр 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ манаачаа үлдээгээд хөдөө гэртээ ирсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хөдөө манаачаа дуудсан. Үүнээс хойш манай модны зах эзэнгүй байсан. Тэгээд нөхөр бид хоёр 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд ирсэн. Тухайн өдрийн орой манай нөхөр усанд явчихаад буцаж орж ирэхдээ модны захын хамар хашааны Б гэх хүн хашаанаас машины төмөр гаргаж байна. Би сая таарлаа. Урьд нь шургааг авсан гэж ярьж байна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр бид 2 модны зах дээр очиход манаачийн байрны цонхоор хулгай орсон, хашаанд байсан 2 метрийн шургааг, 4 метртэй 7 см-ийн банз, тал портер мод, 3 ширхэг жижиг тэрэгний өвлийн дугуй, гэрлийн утаснууд хулгайд алдагдсан байсан. /хх-ийн 38 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №09/50, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №10/41 дугаартай үнэлгээний тайлангууд, шүүгдэгч О.Б-н мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд, /хх-ийн 7-13, 44-46, 52-54, 58-59, 63 хуудас/,

Шүүгдэгч О.Б-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 610 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 67-68 хуудас/,

Шүүгдэгч О.Б-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хашаанд оршин суух хохирогч Д.Б, В.Г нарын орон байранд нэвтэрч, 2 метр урттай нарийн шургааг мод 70 ширхэг, 4 метр урттай 7см-ийн нарсан банз 4 ширхэг, Nissan Polo маркийн автомашины өвлийн хуучин дугуй 3 ширхэг, түлшний мод 6 ширхэг, 15 метр урттай хөнгөн цагаан голтой цахилгааны утас 1 ширхэг, 10 метр урттай зэсэн голтой цахилгааны утас 1 ширхэгийг хулгайлж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ 40х50 харьцаатай цонхны шилийг хагалж хохирогч Д.Б-д 489500 төгрөгийн, бурханы гуулин хүрд 1 ширхэгийг хулгайлж хохирогч В.Г-т 25000 төгрөгийн буюу нийт 514500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б-н би Өвөрхангай аймгийн *******д модны зах ажиллуулдаг бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манаачаа модны зах дээрээ үлдээгээд ******* сум руу яваад 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манаачаа дуудсан. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумаас аймагт ирээд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр юмаа бүртгэж үзэхэд манаачийн байшингийн цонхыг хагалаад хулгай орсон байсан. Хашаанд байсан 2 метрийн шургааг 70 ширхэг, 4 метрийн 7 см-ийн банз 4 ширхэг, 3 ширхэг өвлийн дугуй, тал портер мод, 15 орчим метрийн гэрлийн утас, 380 кв-ын утас 10 метр алга болсон байсан. Үүнээс хойш 10 орчим хоногийн дараа Гантөмөр бид 2 төмөр утас хайгаад явж байгаад Б хашаанд байшингийнх нь зүүн хойд булангаас Г-н модон хүрдийг нь олсон. Хохирогч В.Г-н би 2016 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн ******* суманд байрлах “*******” ХХК-ий модны захад манаачаар ажилд орсон. Тэгээд би модны захын харуулын байранд гэрээ нүүлгэж ороод амьдарч байсан. Манай гэрээс маанийн хүрд алдагдсан. Гэрч Э.Б-н 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр бид 2 модны зах дээр очиход манаачийн байрны цонхоор хулгай орсон, хашаанд байсан 2 метрийн шургааг, 4 метртэй 7 см-ийн банз, тал портер мод, 3 ширхэг жижиг тэрэгний өвлийн дугуй, гэрлийн утаснууд хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №09/50, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №10/41 дугаартай үнэлгээний тайлангууд, шүүгдэгч О.Б-н мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар тус тус мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч О.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч О.Б-н цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь хохирогч Д.Б-д хохирол төлбөрт 489500 төгрөг төлсөн, хохирогч В.Гантөмөр нь алдсан эд зүйлээ буцааж авсан, хохирогч Д.Б, В.Г нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт О. Б-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-н цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь хохирогч Д.Б-д хохирол төлбөрт 489500 төгрөг төлсөн, хохирогч В.Г нь алдсан эд зүйлээ буцааж авсан, хохирогч Д.Б, В.Г нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.