Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/03

 

  2025 оны 01 сарын  22                                         2025/ДШМ/03                       

 

Л.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

                 Прокурор Д.Алимаа /цахимаар/

                     Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батжаргал /цахимаар/

                     Яллагдагч Л.А

                     Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/441 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Л.А-д холбогдох эрүүгийн 2427000500136 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн *** суманд *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн *** сум дахь *** ажилтай, ам бүл ***, ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овогт Л.А /РД:***/.

Л.А нь Өвөрхангай аймгийн *** сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Н.З-ийн шинжээч томилсон тогтоолын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж баталгаа гаргасны дараа Б.Г-ын биед шинжилгээ хийн “гэмтэл тогтоогдсонгүй” гэж 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 80 дугаар дүгнэлтийг зориуд худал гаргасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Л.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч *** овогт Л.А-д холбогдох эрүүгийн 2427000500136 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорт буцааж, яллагдагч Л.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: хэргийг нотлох ажиллагаа гэж хянан шийдвэрлэж буй хэрэгт хамааралтай болж өнгөрсөн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан хуульд заасан үндэслэл, журмын дагуу сэргээн дүрсэлж, бодит үнэнийг тогтоох үйл явц бөгөөд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэйгээр тодорхойлсон. Нотолбол зохих байдал гэдэг нь нотолгооны зүйл бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хэрэгжүүлж, болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрсэлж, хуулийн хүрээнд шийдвэрлэхийн тулд нотлох баримтын тусламжтайгаар тогтоох шаардлагатай байдлуудыг хамааруулан ойлгодог.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд хүрэлцэхүйц байдлаар авагдсан байтал шүүхээс уг хэргийн гэрч Н.З-ээс “Л.А нь эмнэлгийн нотлох баримтыг шаардсан эсэх” талаар тодруулах, гэрч Б.Г-аас “эмнэлгийн бичиг баримтуудыг Н.З-д авч ирж өгсөн эсэх” талаар тодруулах ажиллагааг зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгохоор дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь хэрэг бүртгэлтийн хэргийг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн 280 дугаартай гомдлын материалд яллагдагч Л.А нь үзүүлэгч Б.Г-ын биед үзлэг хийж, дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад “дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар шүүх, прокурор, мөрдөгчид хандаж хүсэлт гаргах” гэж заасны дагуу мөрдөгч Н.З-ээс нэмэлт материал ирүүлэхийг шаардсан талаарх бичгийн баримт авагдаагүй нь Л.А-аас хүсэлт ирүүлээгүй болохыг нотолж байхад гэрч Н.З-ээс энэ талаар тодруулж мэдүүлэг авах нь ач холбогдолгүй байна.

Мөн гэрч Б.Г-ын “шинжээч эмч Л.А-д шинжээчийн тогтоолоо өгөхөд одоо наадахыг чинь би хараад мэдэхгүй, яагаад гэвэл зураг нь байхгүй учир шууд хараад мэдэх боломжгүй” гэхээр нь би “бүсийн оношилгооны төвд үзүүлж хөлийнхөө зургийг авхуулсан рентгений зургийг төрийн байгууллага руу шууд явуулж өгдөг гэж надад тайлбарласан, мөн миний хөлийн хуруу хугарсан, яс сэтэрсэн гэх оноштой” гэдгийг Л.А-д хэлэхэд “тэр бичиг чинь аймгаас өчнөөн юм болж байж ирнэ, бөөн ажил болно, чи Хархорин сумын рентгенд харуулчих” гэсэн” гэх мэдүүлгээр /2хх-ийн 97-100 хуудас/ гэрч Б.Г-аас мөрдөгч Н.З болон Л.А нарт эмнэлгийн бичиг баримтуудыг авч ирж өгөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж “гэрчээс мэдүүлэг авах” гэх дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Хэрэв шүүх гэрч нараас эдгээр асуудлыг зайлшгүй дахин тодруулах шаардлагатай гэж үзвэл гэрч нарыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж шүүх хуралдааны явцад мэдүүлэх авах замаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

Хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 80 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлох баримт шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №80 дугаартай дүгнэлт нь уншигдахгүй, хэдэн онд гарсан дүгнэлт болох нь тодорхойгүй, хуулбар үнэн гэсэн тэмдэглээгүй /1хх-ийн 93-94, 154-155 хуудас/ эдгээр байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэж бичмэл нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх хуулийн шаардлагыг тодорхойлсон. Бүртгэлийн 280 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материалд Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Г.Цэвээндорж прокурорын зөвшөөрлийн дагуу үзлэг хийж холбогдох материалуудыг тэмдэглэл үйлдэн хуулбарлан авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх шаардлагыг хангасан байна. Харин уг бичгийн нотлох баримт нь хуулбарлах явцад бичиглэлийн хувьд бүдэг бөгөөд уншихад хүндрэлтэй гэж шүүхээс үзсэн тохиолдолд прокуророос анхан шатны шүүх хуралдаанд дахин гаргаж өгөх боломжтой байна. Эцэст нь дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн үйл баримтын нотолбол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох ажиллагааг шүүх хуралдааны явцад тогтоож болохоор хуульчилсан. Тодруулбал, “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон бөгөөд гагцхүү шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны нотломжийн цар хүрээ, хэрэгцээ, шаардлагыг тогтоосны үндсэн дээр хэргийг прокурорт буцаах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхойлсон байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/441 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэж хуулбарлан авна гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн байгууллагаас нь үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ гэж заасан.

Архив албан хэрэг хөтлөлтийн журамд хуулбар үнэн тэмдэг нь хариуцсан нэгжийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад хөтлөгдсөн баримт бичгийг хуулбарлан авах тохиолдолд тухайн баримт бичгийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хариуцаж хуулбарлан авч баталгаажуулна. Шүүгчийн захирамжид заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэргээс хуулбарлан авахад зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл Л.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс прокурорын зөвшөөрлийн үндсэн дээр хуулбарлан авсан нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзнэ.

280 дугаартай материалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа учраас хэргээс хуулбарлан авах боломжгүй нөхцөл үүсэж байгаа юм Ийм учраас Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний байгууллагаас албан бичиг хүргүүлж анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс шинжээчийн дүгнэлтийг гаргасан байгууллагаас нь дахин хуулбарлан авч өгөх боломжтой байгаа учраас хэрэгт нэмэлт үйл ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Эмнэлгийн бичиг баримт шаардсан талаарх баримт эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн 280 дугаартай гомдлын материалд хавсаргагдаагүй. Хэрвээ нэмэлт материал шаардах бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3-т хүсэлт гаргахаар заасан.

Хоёрдугаар хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд авагдсан Г мэдүүлэгтээ мөрдөгчид болон Л.А-д ямар нэгэн байдлаар эмнэлгийн бичиг баримт өгөөгүй. Харин би ийм оноштой Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд үзүүлсэн гэсэн. Г-ыг Өвөрхангай аймгийн *** сумаас *** суманд ирсний дараа мэдүүлэг авахаар дуудаж хохирогчоор тогтоож, шинжээч томилж гэмтлийн зэрэг тогтоох, шинжилгээ хийх, мөрдөгчийн тогтоолыг өгсөн. Өвөрхангай аймагт байхад нь би Г-тай утсаар ярьж эмнэлгийн бичиг баримтуудаа бүрдүүлээд ирээрэй, шинжээч эмчид үзүүлэх хэрэгтэй гэсэн. Мөн шинжээч томилсон тогтоолд хохирогчийг өөрийн биеэр хүргүүллээ гэж байгаа. Хэрэв төрийн байгууллагаас энэ материалыг ирүүлээрэй гэвэл төрийн байгууллага хоорондоо явуулж болдог юм байна гэсэн агуулгаар мэдүүлгийг өгсөн. Яллагдагч Л.А тэр бичгийг Өвөрхангай аймгаас ирээд *** суманд үзүүлж байгаа гэдэг ийм мэдүүлгийг шүүгчийн захирамжид дурдсан. Тиймээс гэрч Г-аас нэмж тодруулах ажиллагаа хийх шаардлагагүй байна гэж үзэж байна. Мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийх гэдэг нь хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад огт хийгдээгүй буюу шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хэлнэ. Шүүгчийн захирамжид дурдсан эдгээр ажиллагаанууд нь анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байхад зөвхөн энэ ажиллагааг мөрдөн байцаалтад хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Л.А-д холбогдох хэрэгт гэрчээр мэдүүлэг авбал зохих хүмүүсээс мэдүүлэг авсан шинжээч томилж дүгнэлт гаргуулсан зэрэг бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Мөн хэрэгт гэм буруутай болон гэм буруугүй эсэхийг тогтоохоор шаардагдах бүхий л нотлох баримтыг цуглуулсан гэж үзсэн учраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд ярианы бичлэгийн талаарх хүсэлтийг Б.Батжаргал өмгөөлөгчийн зүгээс гаргасан. Анх гэрч Б мэдүүлэг өгөхдөө надад энэ ярианы бичлэг байгаа, энэ хүмүүс удаа дараа миний хэвийн ажиллаж, амьдрахад саад учруулж болзошгүй нөхцөл байдал үүсгээд байгаа учраас намайг хамгаалалтад авсны дараа би энэ бичлэгийг өгнө гэдэг асуудлыг ярьдаг. Энэ бичлэгийг яагаад хийх болсон юм бэ гэдэг шалтгаан нөхцөлийг өөрөө мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй тодорхой ярьсан. Л.А өөрийнхөө утсаар залгаж яриагүй, Д Л.А-тай ажлын цаг дууссаны дараа ярьсан. Шинжээчийн дүгнэлтийг авъя гэхэд нь Д-д өгөх боломжгүй, хохирогч өөрөө ирж авна эсхүл Шүүх шинжилгээний байгууллагаас албан бичгээр хандсаны дагуу хүргүүлнэ гэсэн агуулгыг илэрхийлсэн. Гэтэл Д би таныг Л.А-тай яриулъя гээд өөрийнхөө утсаар залгаж шинжээч эмч Л.А-тай яриулсан байдаг. Миний дүгнэлтийг худлаа гаргуулах гээд рентген зургийг буруу бичүүлж уншуулах гээд байсан учраас би бичлэг хийсэн юм гэдэг. Миний энэ бичлэг хийж байх үйл явцыг гэрч Д хажууд хараад сууж байсан. Яагаад гэвэл би Д-ын утсан дээр чанга яригчаар тавиад өөрийнхөө утсаар рекорд хийж байсан учраас Д энэ талаар мэдэж байсан гэж мэдүүлдэг. Энэ нь Д Л.А-ийн яриа, утасны ярианы бичлэг болон Д-ын мэдүүлгээр давхар нотлогддог. Өөрөөр хэлбэл нууцаар тагнаж мөрдсөн буюу өмгөөлөгчийн хэлээд байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасныг зөрчиж цуглуулсан нотлох баримт биш юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогч, гэрч нь аль ч үе шатанд нотлох баримтыг гаргаж өгөх, гомдол, хүсэлт гаргах эрх нь нээлттэй байдаг. Тэгэхээр энэ бичлэгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй хүний эрхийг зөрчиж буюу хууль зөрчиж цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сумын дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/441 дүгээр захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байгаа учраас хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэд хэдэн зүйлийг тодорхой болгож хуульчилсан байгаа. Прокурорын яллах дүгнэлт, шүүхэд ирүүлсэн санал, шүүгчийн захирамж зэргээс харьцуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй үйл баримтууд байдаг. Жишээ нь Г-тай холбоотой эмнэлгийн бичиг баримтыг байцаагчид өгсөн эсэх. Эмнэлгийн баримттай холбоотой зүйлүүдийг нэгтгээд шинжээч эмч рүү шилжүүлэх ёстой. Гэтэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр гэдэг агуулгуудыг заавал тогтоох ёстой. Үүнийг тогтоож гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ, тухайн гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл бүхий байдал зэргийг тогтоож Л.А-г яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх нь гэмт хэрэг тогтоогдсон гэж үзнэ. Гэтэл шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоох нотлох баримт байхгүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцаасан.

Прокурорын хувьд З, Г нараас мэдүүлэг авах нь хэргийн бодит байдлыг тогтооход л нэмэртэй болохоос биш тухайн хэргийг ямар нэг хэлбэрээр өөрчлөх агуулга байхгүй гэж харж байгаа. Шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь нотолбол зохих байдлыг тогтоох зорилготой. Хамгийн гол нь Л.А гэдэг хүний гэм буруугийн байдал, тухайн үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай. Эдгээрийг заавал тогтоож байж тухайн хэргийг шийдвэрлэх боломж бүрдэнэ.  Нөгөө талаас хавтаст хэрэгт цагаатгах болон 3 дахь нотлох баримтууд нь авагдах ёстой. Цагаатгах талын нотлох баримт огт байхгүй. Мөрдөн шалгах байгууллага цагаатгах талын нотлох баримтуудыг ижил тэгш хэмжээнд шалгаж тогтоох ёстой. Шүүх нотлох баримтад тулгуурлаж мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэнэ.

Хавтаст хэрэгт утасны ярианы бичлэг байгаа. Энэ утасны бичлэгээр яллагдагчаар татсан. Утасны ярианы бичлэг болон гэрч Б-ийн өгсөн мэдүүлэг зэрэг хэн нэгний ярианы бичлэгийг хийх, тагнах, чагнах, тусгай субъектийн гүйцэтгэдэг үүрэгтэй холбоотой харилцаа эсэх. Үүнийг яллах дүгнэлтийн үндэслэл болгож байгаа ч гэсэн нотолбол зохих байдал тогтоогдсон эсэхэд эргэлзээ төрүүлдэг.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сумын дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/441 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч Л.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмнэлгийн нотлох баримт болон гол нотлох баримтаар дүгнэлт гаргахыг Шинжилгээний тухай хуульд заасан. Заавал бичгээр хүсэлт гаргана гэсэн болохоор удаа дараалан энэ тухай Г-д хэлсэн. Үзүүлэгч Г өөрийн биеэр ирэхдээ үзүүлэхгүй гээд явсан. Тэгэхээр нь би *** суманд үзүүл гэсэн. Та өөрийн биеэр авчирч өгөх үүрэгтэй гэдгийг хэлсэн. Би Г-аас зөндөө шаардсан боловч авчирч өгөөгүй. Өвөрхангай аймагт үзүүлсэн байж магадгүй юм шиг байна гэсэн. Өвөрхангай аймагт үзүүлсэн үгүйг нь би мэдэхгүй. Би бүх бичиг баримтуудыг надад бүгдийг нь цуглуулж өгнө шүү гэдгийг хэлсэн. Шинжээчийн дүгнэлт хоног хугацаатай байдаг. Ямар материал ирсэн тэрийгээ үндэслэж судалгаа шинжилгээ хийж анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гардаг. *** суманд үзүүл эмнэлгийн байгууллага ялгаа байхгүй гэж хэлсэн. Үзүүлэгч Г өөрөө шинжээчид авчирч өгөх үүрэгтэй. Гэтэл объектод дурдаагүй байсан үзүүлэгчийг л би үзүүлсэн байхаар буюу эмнэлгийн бичиг баримтын нэмэлтээр авах ёстой.

Шинжээчийн хувьд хуучин гэмтлийг шинэ гэмтэл мэтээр тайлбарлаж эмнэлгийн бичиг баримт бүрдүүлж болохгүй. Шинжээч шууд хараад дүгнэлт гаргахгүй. Мөн журамдаа эмнэлгийн бичиг баримтыг үзүүлэгч өөрийн биеэр авчирч өгөх үүрэгтэй. Мөн Б-тэй холбоотой ярианы бичлэг гээд байгаа. Б өөрөө тэр үед машинд юм хэлсэн байдаг. Би түүнийг нь мэдсэн л дээ. Түүндээ бантаж Л.А-аар яриулчих утсаар бичээд авъя гэсэн байсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос ... Мөрдөгч Н.З-ээс нэмэлт материал ирүүлэхийг шаардсан талаарх бичгийн баримт авагдаагүй нь Л.А-аас хүсэлт ирүүлээгүй болохыг нотолж байхад гэрч Н.З-ээс энэ талаар тодруулж мэдүүлэг авах нь ач холбогдолгүй байна. Мөн гэрч Б.Г-ын мэдүүлгээр Б.Г-аас мөрдөгч Н.З болон Л.А нарт эмнэлгийн бичиг баримтуудыг авч ирж өгөөгүй болох нь тогтоогдож байна. Хэрэв шүүх гэрч нараас эдгээр асуудлыг зайлшгүй дахин тодруулах шаардлагатай гэж үзвэл гэрч нарыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж шүүх хуралдааны явцад мэдүүлэг авах замаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №80 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хуулбарлах явцад бичиглэлийн хувьд бүдэг бөгөөд уншихад хүндрэлтэй гэж шүүхээс үзсэн тохиолдолд прокуророос анхан шатны шүүх хуралдаанд дахин гаргаж өгөх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн үйл баримтын нотолбол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох ажиллагааг шүүх хуралдааны явцад тогтоож болохоор хуульчилсан. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/441 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Л.А-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.  

Шүүгчийн захирамжид дурдсан гэрч Н.З, Б.Г нараас мэдүүлэг авах, мөн мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлэх үүрэгтэй бөгөөд хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтыг шаардлага хангуулах ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/441 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/441 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                    ШҮҮГЧИД                            Н.ЭНХМАА

                                                                                 Л.НЯМДОРЖ