Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 109/ШШ2026/0012

 

 

 

 

 

 

 

 

                                                                            

                                                                             109/ШШ2026/0012

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нар

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 05, 06, 07, 08, 09 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Ц

Нэхэмжлэгч Т.Б

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С /цахимаар/

Хариуцагчийн төлөөлөгч Л.М

Хариуцагчийн өмгөөлөгч Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нараас хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах, уг хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр анх гаргасан.

1.2. Тус шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 109/ШЗ2026/0019 дүгээр шүүгчийн захирамжаар “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах, уг хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

1.3. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нар дээрх захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2026 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 109/ШЗ2026/0019 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

1.4. Улмаар тус шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 109/ШЗ2026/0056 дугаар шүүгчийн захирамжаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан бүх тогтоол, шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

1.5. Хэргийн оролцогчоос дээрх захирамжид гомдол гаргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй бөгөөд ихэсгэж, багасгасан зүйлгүй.

1.6. Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны шатанд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Үүнд:

1.7. 2025 оны 12 сарын 25-ны өдрийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд болох

1.7.1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Эрдэнэбулган сумын 2026 оны төсөв батлах тухай” 04 дүгээр тогтоол

1.7.2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 05 дугаар тогтоол

1.7.3. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Эрдэнэбулган сумын айл өрхийн хог хаягдлын хураамж, ААН-ийн хог хаягдлын төлбөрийг шинэчлэн батлах тухай” 06 дугаар тогтоол

1.7.4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Эрдэнэбулган сумын 2025 оны хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” 07 дугаар тогтоол

1.7.5. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” 08 дугаар тогтоол

1.7.6. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Эрдэнэбулган сумын 2026 оны хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөөг батлах тухай” 09 дүгээр тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн “Хуралдааны тов зарлах тухай” А/25 дугаар захирамжаар Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт товлон зарласан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 210 дахь тал)

2.2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын гараар хөтөлсөн тэмдэглэлд “... өнөөдрийн товлосон хурал хуралдаж чадсангүй учир нь ардчилсан намын төлөөлөгчид хурлыг гацаан хуралдаан болоогүй. Дахин хурлын тов зарлая. 2025 оны 12 дугаар сарын 19-ний 09 цагт хуралдах санал хурлын даргын зүгээс гаргаж байна. Зөвлөлийн гишүүд 100% дэмжсэн тул захирамж гарган албажуулахыг үүрэг болголоо” гэж тусгагджээ. (2 дугаар хавтаст хэргийн 9-11 дэх тал)

2.3. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хуралдааны тов зарлах тухай” А/27 дугаар захирамжаар “сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагт товлон зарлажээ.” (2 дугаар хавтаст хэргийн 45 дахь тал)

2.4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1.-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах’’ гэсэн заалтын дагуу Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаан бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулсан байна. Иймд сумын Ардчилсан намын Төлөөлөгчид та бүхэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно” гэсэн заалтын дагуу хуралдаандаа хүрэлцэн ирж оролцохыг хүсье.” гэсэн хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/102 дугаар албан бичгээр Ардчилсан намын төлөөлөгч нарт хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал)

2.5. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас “Эрдэнэбулган сумын ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдаан 2025.12.19-ний өдрийн 09 цагт эхлэхээр товлон зарлагдсан. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19:20 цагийн байдлаар ирц 50 хувьтай хуралдаан эхлэх боломжгүй байна. Сумын ИТХ-ын Төлөөлөгч та хуралдаандаа оролцохгүй байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасны зөрчиж байгааг зөвлөж байна. Мөн ажлын албаны зүгээс хуралдааны бэлтгэл ажлыг бүрэн хангасан болно. Иймд хуульд заасан үүргээ биелүүлж хуралдаандаа хүрэлцэн ирж, оролцохыг хүсье.” гэсэн хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/113, 02/114 дүгээр албан бичгээр Эрдэнэбулган сумын ИТХ-ын төлөөлөгч Т.Б, О.Ц нарт тус тус хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дэх тал)

2.6. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас үзвэл “Хурлын дарга Л.М: 2025.12.25-ны өдөр зөвлөлийн хуралдаан нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээс 5 хүн ирснээр 71,4%-ийн ирцтэй 10:00 цагт хурал эхлүүлж байна. Шинэ хурал зарлагдаагүй 12 сарын 15-ны өдрөөс хойших хурлын тов үргэлжилж зарлагдаад явж байгаа. Ээлжит долоодугаар хуралдааныг 2025.12.25-ны 12:00 цагаас хуралдуулах саналтай байна. ... Ээлжит 7 дугаар хуралдааныг хуралдуулж сум орон нутгийн төсвийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн санал гаргаж улмаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас хуралдуулахаар шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дахь тал)

2.7. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/29 дүгээр захирамжаар “сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагт товлон зарласан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 187 дахь тал)

2.8. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц-д хурлын ээлжит 7 хуралдааны товыг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 23 минутад мэдэгдсэн байна. (Хавтаст хэргийн 18 дахь тал)

2.9. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нараас 2025 оны  12 дугаар сарын 25-ны өдрийн болсон ээлжит 7 дугаар хуралдаан, уг хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

2.10. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нарын нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13, 14, 15, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрдэнэбулган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөл нь Монгол Улсын Засаг захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний удирдлагын тухай” хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт зааснаар 2025 оны 12 сарын 8-ны өдөр хуралдаж тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдааны товийг зарласан. Уг хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэхээр шийдвэр гаргасан. Гэвч Эрдэнэбулган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт 7 дугаар хуралдааны материалыг хүргүүлэхдээ хурлын хэлэлцэх асуудлаас нэг асуудлыг зөвлөлийн шийдвэрийг зөрчин, эрх мэдлээ хэтрүүлж, найман асуудал хэлэлцүүлэхээр төлөөлөгчид материал хүргүүлсэн байна. Уг асуудлын хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөл болон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг үгүйсгэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт зааснаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргахгүй” гэж заасныг зөрчсөнийг Эрдэнэбулган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын төлөөлөгчид 2025 оны 12 сарын 15-ны өдөр албан шаардлага хүргүүлж, хууль дээдлэхийг шаардсан. Улмаар тухайн өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаан цуцлагдаж, 7 дугаар хуралдааны товийг 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 09 цагт хуралдуулахаар дахин тов зарласан. Учир нь “ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт зааснаар “ Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана “ гэснийг зөрчсөн тул холбогдох хуулийн заалтыг биелүүлж ажиллахыг шаардан ИТХ-ын Ардчилсан намын төлөөлөгчид албан шаардлага хүргүүлснээр тухайн өдрийн 7-р хуралдаан хийх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Гэтэл Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал ээлжил 7 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулсан үйлдэлд Монгол Улс Төсвийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь хэсэгт зааснаар “Сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлэх”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4.дахь хэсэгт зааснаар “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор батлах” заалтууд болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана" гэж заасныг тус тус зөрчсөн билээ. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт зааснаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасныг зөрчиж, Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулсан хуралдааны товийг ИТХ-ын төлөөлөгч О.Ц надад 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 00 минутад зарлагдсан хурлын товийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 23 минутад мессежээр ирүүлсэн тул хүндэтгэх шалтгаанаар Улаанбаатар хотод байсан миний биеийг хуралдаанд оролцуулах боломжгүй болгосон. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт зааснаар 46.8 дахь хэсэгт хуульчилснаар хүндэтгэн үзэх шалтгааныг үл харгалзан ИТХ-ын төлөөлөгч миний бүрэн эрхэд ноцтой халдсан болно. Цаашлаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4 дэх хэсэгт “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн;" гэж зааснаар Иргэдийн төлөөлөгчийн хурал ээлжит 7 дугаар хуралдаан хийснээрээ Иргэдийн төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэдийн итгэсэн итгэлийг ажил болгон хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн. Учир нь хуралдааны тов мэдэгдсэн албан бичгийг албан ёсоор төлөөлөгч бид нарт өгөөгүй. Энэ төсөв, тогтоолуудыг батлахдаа хуульд зааснаар ирц бүрэн биш байхад хуралдуулсан. Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшихдээ тухайн суманд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт оруулж шийдвэрлүүлэх гэж ард түмний итгэлийг авч сонгогдсон. Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Иргэдийн төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэдийн итгэсэн итгэлийг ажил болгон хэрэгжүүлэх байсан боловч бидний хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн нь бидний эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал ээлжит 7 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулахдаа иргэдийн төлөөлөгчдийн Хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж хэлэлцэх асуудлыг бүрэн авч хэлэлцээгүй нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн “төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх," 17 дугаар зүйлийн “тэгш хүртээмжтэй байдлыг хангасан эсэх, 19 дүгээр зүйлийн 19.2.1 хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд” гэж заасан зарчим, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2. дах хэсэгт “ Энэ хуулийн 47.1 дахь хэсэгт заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах гөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй ” гэснийг тус тус зөрчсөн. Уг холбогдох хууль, журам тус бүрийг зөрчиж 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаж, тус хуралдаанаар тогтоол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын сонгуульд Эрдэнэбулган сумын 5-р багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн эрх болон нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлж болзошгүйд хүрнэ гэж үзэж байна. Уг хуралдаанаас гаргасан тогтоол, шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын үндсэн шинжийг хангасан байх тул хүчингүй болгох үндэслэлтэй юм. 2025 оны 12 сарын 25-ны өдрийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын ээлжит 7-р хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасан. Үүнд: Эрдэнэбулган сумын 2026 оны төсөв батлах тухай, Эрдэнэбулган сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Эрдэнэбулган сумын айл өрхийн хог хаягдлын хураамж, ААН-ийн хог хаягдлын төлбөрийг шинэчлэн батлах тухай, Эрдэнэбулган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны тайлан, Эрдэнэбулган сумын 2025 оны хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай, Эрдэнэбулган сумын засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тухай, Эрдэнэбулган сумын 2026 оны хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөөг батлах тухай гэжээ.

 

3.2. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал шүүхэд гаргасан тайлбартаа: Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг ээлжит 7 дугаар хуралдааныг анх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-т “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.” гэж заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 8-нд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдуулахаар зарласан. Гэтэл хуралдаан болох өдөр Ардчилсан намын 12 төлөөлөгч албан шаардлага ирүүлсэн, тус шаардлагад холбогдуулан Монгол ардын намын 13 төлөөлөгч болон хурлын ажлын алба хариу шаардлага хүргүүлсэн боловч Ардчилсан намын төлөөлөгчид хуралдаанд ирээгүй бөгөөд хурлын ирц хүрээгүй тул тухайн өдөр хурал хуралдаагүй хойшилсон. Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх нэг чухал асуудал бол сумын 2026 оны төсвийг хэлэлцэж батлах байсан. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор батлах" гэж хуульчилсан. Энэхүү хуулийн заалтыг хангах хүрээнд ээлжит 7 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар 19-ний өдөр хуралдуулахаар 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр товлож, зарласан. Гэтэл Ардчилсан намын 12 төлөөлөгч дахин хуралдаан болох өдөр шаардлага ирүүлсэн. Тус шаардлагад холбогдуулан Монгол ардын намын төлөөлөгчдөөс хуралдаа оролцохыг шаардсан шаардлага, хурлын ажлын албанаас хуралдаа хүрэлцэн ирж оролцохыг хүссэн албан бичгүүдийг Ардчилсан намын төлөөлөгч нарт хүргүүлсэн боловч хуралдаанд ирээгүй бөгөөд хурлын ирц хүрээгүй тул хурал дахин хойшилсон. Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.4,-т сумын Засаг дарга “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлөөр баталсан орон нутгийн төсвийг түүнийг баталснаас хойш ажлын долоон өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчид хүргүүлэх;”, 65 дугаар зүйлийн 65.1.5-т аймгийн Засаг дарга “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан орон нутгийн төсвийг энэ хуулийн 8.5.5-д заасан хугацаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх”, 8 дугаар зүйлийн 8.5.5-т “... 12 дугаар сарын 31-ний дотор ...” гэж тус тус хуульчилсан. Сумын 2026 оны төсвийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн баталж, хуульд заасан хугацаанд аймгийн Засаг даргаар дамжуулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх шаардлага үүссэн. Мөн Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно”, 7.6-т “Төсвийн жил эхлэхэд төсвийн захирагчийн тухайн төсвийн жилийн батлагдсан төсвийг зарцуулах эрх нь нээгдэнэ.” гэж заасны дагуу 2026 оны төсвийн жил эхлэхээс өмнө төсвөө баталж чадахгүй бол сумын хэмжээнд төсөв тасалдаж, сумын нийт иргэдийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэн. Иймээс ээлжит 7 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэж хуульчилсан. Эрдэнэбулган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагт аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн албаны зөвлөлийн танхимд хуралдсан. Хуралд 29 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч оролцсон бөгөөд 50,4%-ийн ирцтэй буюу дээрх хуулийн заалтыг хангасан тул хурал эхэлсэн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” гэж заасны дагуу ээлжит 7 дугаар хуралдаанд оролцсон 14 төлөөлөгчийн 100 хувийн саналаар 7 асуудлыг хурлаар хэлэлцэхээр баталсан. Асуудал хэлэлцэж эхлэхээс өмнө Ардчилсан намын 7 төлөөлөгч орж ирснээр хурал 21 төлөөлөгч буюу 80.7%-ийн ирцтэй үргэлжилсэн. Тухайн 7 асуудлыг хурлаар хэлэлцэн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.”, 46 дугаар зүйлийн 46.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.” гэж хуульчилсан. Үүнээс үзвэл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмаар буюу хуралдаанаар хэрэгжүүлдэг болох нь харагдаж байна. Иймээс Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-т заасны дагуу хүчинтэй бөгөөд тус хурлаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна гэжээ.

 

3.3. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Иргэдийн төлөөлөгчдийн хуралд одоо 3 дахь удаагаа сонгогдож байгаа. Энэ хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн үүрэг гэдэг бол тэр 5 дугаар баг дээр байгаа 2 мянган иргэний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, тэдний саналыг иргэдийн хуралд уламжлах, батлуулах гэсэн үндсэн үүрэгтэй. Харамсалтай нь энэ эрхээ эдлэх боломж надад олгогдоогүй. Надад 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр товлогдсон гээд байгаа энэ хуралдааны товыг яг тухайн өдрийн 12 цагт мессежээр илгээсэн. Над руу мессежээр илгээж байх хугацаанд хурал аль хэзээний эхлээд процесс шатанд үргэлжлээд явж байсан. Би Улаанбаатар хотоос яаж ч хичээгээд яаж ч техник технологийн дэвшил ашиглаад энэ хуралдаанд ирэх боломжгүй байсан. Ингэснээрээ 5 дугаар баг, ер нь Эрдэнэбулган суманд ямар хохирол учирсан юм бэ гэдэг асуудал цаашаа гарч ирнэ. Энэ нь яагаад надтай холбоотой гэхээр би тэр иргэдийн итгэлийг хүлээсэн учраас тэр хүмүүс надаас шахаж шаардана. 2026 онд ямар үйл ажиллагаа төлөвлөх, 5 дугаар баг дээр тулгамдаад байгаа маш олон асуудлууд байсан. Би үүнийг хэлэх ёстой байсан. Тэр асуудлуудыг нэгийг нь ч хэлэх түүгээр батлуулах боломжийг олгоогүй, олгохгүй байх нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж би үзэж байна. Намайг Улаанбаатар хотод явсан гэдгийг мэдэж байсан. Гэтэл хуралдаад эхэлчихсэн нөхцөл байдалтай байсан байж надад зарыг түгээсэн нь миний эрхэд, миний ард намайг сонгосон 2 мянган иргэний эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөн үйл явдал буюу Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчлөө. Энэ эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах тэр бүх хүмүүсийн болон миний гэр бүлийн цаашлаад ард иргэдийн бүх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Тийм учраас би энэ гомдлыг гаргасан. Иймд 7 дугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

3.4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын 2025 оны 12 сарын 25-ны өдөр болсон ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд Эрдэнэбулган сумын 2026 оны төсөв батлах тухай, Эрдэнэбулган сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Эрдэнэбулган сумын айл өрхийн хог хаягдлын хураамж, ААН-ийн хог хаягдлын төлбөрийг шинэчлэн батлах тухай, Эрдэнэбулган сумын 2025 оны хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай, Эрдэнэбулган сумын засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тухай, Эрдэнэбулган сумын 2026 оны хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөөг батлах тухай шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Холбогдох хууль журмыг зөрчиж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7-р хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж тогтоол гаргасан учраас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Уг хуралдаанаас гарсан шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын үндсэн 6 шинжийг хангаж байна. 2025 оны 12 сарын 25-ны өдрийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг бүхэлд нь зөрчиж хууль бус тогтоол шийдвэрийг гаргасан учраас тухайн хуралдаанаас гаргасан тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Эрдэнэбулган сумын иргэдийн төлөөлөгчдийн зөвлөл нь Монгол улсын нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт зааснаар 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн дотоод хуралдааны товыг зарласан байдаг. Уг хуралдаанаар 9 асуудал хэлэлцэхээр шийдвэр гаргасан боловч 8 асуудал хэлэлцүүлэхээр төлөөлөгч нарт материал хүргүүлсэн байдаг. Уг асуудлын хүрээнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл болон иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг үгүйсгэж Монгол улсын нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 51-р зүйлийн 51.2-т заасныг зөрчсөн тул Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь ардчилсан намын төлөөлөгчид 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр албан шаардлага хүргүүлж хууль дээдлэхийг шаардсан. Улмаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаан цуцлагдаж, товийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагт хуралдуулахаар дахин товлосон байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасан хуралдааны товыг 7-оос доошгүй хоногийн өмнө зарлах, 46.7-д заасан хуралдааны ирцийн шаардлагыг тус тус хангаагүй гэж үзэж байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний нэгж удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.-д зааснаар анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн хурлын дарга хуралдаан эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө зарлана гэж заасан. Гэтэл хуралдааныг хуульд зааснаар товлон хуралдуулаагүйгээр шууд хуралдуулсан нөхцөл байдал үүссэн. Эрдэнэбулган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулах хуралдааны товыг иргэдийн төлөөлөгч О.Ц-д 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагийн үед мессежээр мэдэгдсэн. Тухайн үед О.Ц хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Улаанбаатар хотод байсан бөгөөд хуралдаанд оролцох боломжгүй байсан. Хуралдааны товыг хуульд заасан хугацааны өмнө албан ёсоор мэдэгдээгүй, хуралдааны товын талаарх албан бичгийг төлөөлөгчдөд зохих журмын дагуу хүргүүлээгүй нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжид ноцтойгоор нөлөөлсөн. Мөн төсөв, тогтоол, шийдвэрүүдийг батлахдаа хуульд заасан ирц бүрдээгүй байхад хуралдааныг зохион байгуулсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр нэр дэвшихдээ тухайн суманд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусган шийдвэрлүүлэхээр иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан нь ноцтой зөрчил. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6, 46.7, 46.8, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, 8.5.4-т заасан зохицуулалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

3.5. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Эрдэнэбулган сумын айл өрхийн хог хаягдлын хураамж, ААН-ийн хог хаягдлын төлбөрийг шинэчлэн батлах тухай” 06 дугаар хэм хэмжээний акт /тогтоол/-ыг хянуулахаар Хууль зүйн яам руу хүргүүлсэн боловч үндэслэл дутуу гэх шалтгаанаар буцаж ирсэн.  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаанаар Эрдэнэбулган сумын айл өрхийн хог хаягдлын хураамж, ААН-ийн хог хаягдлын төлбөрийг шинэчлэн батлаад Хууль зүйн яам руу хүргүүлсэн бөгөөд хариу ирээгүй. 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл хуралдаж ээлжит 7 дугаар хуралдааны товыг зарласан. 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаан эхлэх болоход төлөөлөгчид одоо буюу ардчилсан намын төлөөлөгчид хуралдаа орж ирээгүй үндэслэлээр хурал хуралдах боломжгүй болсон. Хуралд 14 буюу 50-аас дээш хувьтай хурал эхлэх ёстой байснаас 13 төлөөлөгч хуралдаа ирснээс хуралдаан хойшилсон. 2025 оны 12 дугаар сарын 25-ны 10 цагт Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл 100%-ийн ирцтэй буюу бүрэн бүрэлдэхүүнээрээ хурлын даргын өрөөнд хуралдсан. Энэ хуралдаанаар Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 7 дугаар хуралдааныг 12 цагт хуралдуулах товыг зарлаж төлөөлөгчдөд бүгдэд нь утсаар бөгөөд ямар нэгэн байдлаар мэдэгдсэн. О.Ц төлөөлөгч рүү залгаад утас нь холбогдохгүй байхад мессеж бичсэн байсан. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдаанд нийт 14 төлөөлөгч ирснээр буюу 50-аас дээш хувьтай хурал эхэлсэн. Нийт 26 төлөөлөгчөөс 14 буюу 53,8%-тай хуралдаан эхэлснээс 12 цаг 37 минутад Ардчилсан намын 7 төлөөлөл нэмж орж ирж 80,7%-тай хуралдаан үргэлжлэн хэвийн горимдоо явж нийт 9 асуудал гэж ярьснаас төлөөлөгч санал гаргаж 6 асуудлыг буюу 2 асуудлыг нь одоо хэлэлцэхээс татгалзаж 6 асуудлаар хэлэлцэн баталж, 50-аас дээш хувийн ирцээр бүгдээрээ баталсан гэв.

 

3.6. Хариуцагчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн” гэж заасан бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д төлөөлөгч нарын эрх, үүргийг тусгасан. Иргэдийн төлөөлөгч бол тухайн сонгогдсон тойрог төдийгүй тухайн үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийнхаа нийт иргэдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах субъект тул хуралдаандаа оролцох үүрэгтэй. Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон хурлыг хуралдахаар хуулийн хугацаанд мэдэгдээд хурлыг хуралдахаар болсон боловч үндэслэлгүй, хууль бус шаардлага тавьж хуралд ирээгүй нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8.-д заасныг зөрчсөн учраас хурал тухайн үед хуралдах боломжгүй болоод хойшилсон. Тухайн сумынхаа иргэдийнхээ нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд хуульд заасан шаардлагын дагуу буюу Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-д зааснаар “сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэж жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор батална” гэж заасан учраас хурал товлохдоо 2025 оны 12 дугаар сарын 19-ний дотор хуралдахаар товлосон. Гэтэл Ардчилсан намын төлөөлөгч нар хурлыг хуралдаан эхлэхээс 7 хоногийн дотор зарла, зарлаагүй учраас бид нар хуралд оролцохгүй гэдэг шаардлагыг тавьсан. Тийм учраас тухайн үед дахин хуралдаагүй буюу хурал ирц бүрдээгүйгээс болоод хурал дахин хойшилсон. Хурлын зөвлөлд байдаг ардчилсан намын төлөөлөгч н.Ариунжаргал тухайн зөвлөлийн хурал болохыг мэдэгдсэн боловч тайлбар ирүүлээд зөвлөлийн хуралд ирээгүй учраас зөвлөл тухайн үед хуралдаж чадаагүй. Зөвлөл хуралдаад тухайн өдрийнхөө 12 цагт хурлыг хуралдахаар товыг нь тогтоосон. Төсөв баталснаас хойш төсвийг цааш нь аймгийн засаг даргаар дамжуулж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж батлуулах шаардлагатай байдаг. Тухайн үед төсвөө баталж чадахгүй бол Эрдэнэбулган сумын иргэдийн ашиг сонирхол ноцтойгоор хохирох эрсдэл үүссэн учраас 2025 оны 12 сарын 25-ны өдөр хурлыг 12 цагаас зарлаад хурлын төлөөлөгч нарт ажлын албанаас мэдэгдсэн. Тухайн хуралдаан эхлэхэд 26 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч буюу олонх ирсэн учраас тухайн өдрийн болсон хуралдаан хуулийн хүчин төгөлдөр хуралдаан болсон. Энэ хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэн баталсан. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нарын “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 05, 06, 07, 08, 09 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах шаардлагаас “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05, 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Харин Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 07, 08, 09 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэг. Нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгч О.Г-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд

1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заажээ.

1.2. Шүүхээс 2026 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 14 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Г-т 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдөр утсаар мэдэгдсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал)

1.3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.-т заасныг үндэслэн түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Хоёр. Хэрэг маргааны үйл баримтын тухайд

2.1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн “Хуралдааны тов зарлах тухай” А/25 дугаар захирамжаар Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт товлон зарласан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 210 дахь тал)

2.2. Т.Б, О.Ц В.Н Б.Ба, Ц.Э нарын нэр бүхий  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нараас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга Л.М нь бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд хангалтгүй ажилласан нь дараах үйл ажиллагаануудаас хангалттай дүгнэгдэж байна. Үүнд: 1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1,1, 52.1.3, 52.1.4, 52.1.8-д заасан заалтуудыг хангалтгүй биелүүлсэн, 2. ИТХ-Н ээлжит 6-р хуралдаанд ИТХ-ын төлөөлөгчид олонхоороо баталсан 2 дугаар асуудлын хүрээнд хэлэлцэх асуудлыг төлөөлөгчдөөс санал авалгүйгээр дур мэдэн хуралдааныг хааж хаяж гарсан, 3. Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг санаатайгаар зөрчин ээлжит 2 дугаар хуралдаанаар батлагдсан Эрдэнэбулган сумын 2025 оны төсвийн хавсралтыг дур мэдэн сольсон, зассан. 4. ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс албан ёсоор хүргүүлсэн саналыг үл ойшоон, эс үйлдэхүй удаа дараа үзүүлсэн. Гарц гаргалгаа гарган хамтын шийдвэрт хүрэн ажиллахаас татгалзсан Энэ бүх үйлдлээрээ хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, ИТХ-ыг удирдан зохион байгуулах чадамжгүй болохоо удаа дараа баталсан. Улмаар ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийг өмнөх шигээ өөрчлөхгүй гэсэн баталгаа байхгүй байна. Иймээс чадамжгүй, хууль дээдлэх үндсэн зарчим, хамтын шийдвэрийг үл хүндэтгэн алдаа гаргасан. Иймд Эрдэнэбулган сумын ИТХ-н дарга Л.М дээрх хууль зөрчсөн үйлдлээ ухамсарлан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг шаардаж байна. ИТХ дах Ардчилсан намын төлөөлөгчид ийм ес зүйгүй, эс үйлдэхүй үзүүлдэг даргаар удирдуулсан хуралд оролцохгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан шаардлагыг Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал)

2.3. Т.Б О.Ц, В.Н, Б.Б Ц.Э нарын нэр бүхий  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нараас 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Эрдэнэбулган сумын ИТХ-н 7 дугаар хуралдааныг товлон зарласан. Уг хуралдаанаар нийт 9 асуудлыг ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр баталсан байна. Гэтэл Эрдэнэбулган сумын ИТХ-н ажлын алба нь ИТХ-н Зөвлөл, ИТХ-н төлөөлөгч нарын бүрэн эрхийг үгүйсгэн, үл хүндэтгэн, хууль зөрчиж, дур мэдэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өөрчлөн, ИТХ-ын төлөөлөгч нарт хүргүүлсэн байна. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51, 52 дугаар зүйлийг зөрчжээ. Иймд ИТХ-ын зөвлөлийн шийдвэрийн дагуу ээлжит 7 дугаар хуралдааны материалыг ИТХ-ын төлөөлөгч нарт хүргүүлнэ үү.” гэсэн шаардлагыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал

2.4. Ш.Э, Ж.Б, М.Г нарын нэр бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нараас “Сумын ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдаан 2025 оны 12 сарын 15-ны өдрийн 10.00 цагт хуралдахаар товлогдсон. Та бүхнээс ИТХ-д ирүүлсэн албан бичигтэй МАН-ын төлөөлөгчид танилцаад дараах албан шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 1. 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хурлын Зөвлөл хуралдаж хурлын тов тогтоон, хэлэлцэх асуудлын талаар хуралдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2. дахь хэсэгт ИТХ-ын Хурлын Зөвлөл нь Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргахгүй гэж хуульчилсан. Хурлаар хэлэлцэх асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж олонхын саналаар баталдаг тул Хурлын Зөвлөлийн хуралдаанаар 9 асуудал баталсан гэх та бүхний ирүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ээлжит 7 дугаар хуралдаанд оролцохыг шаардаж байна” гэсэн шаардлагыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар албан бичгээр Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын төлөөлөгч нарт хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 119-120 дахь тал)

2.5. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь “Монгол Улсын засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-т “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах” гэсэн заалтын дагуу Эрдэнэбулган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаан бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулсан байна. Иймд сумын Ардчилсан намын Төлөөлөгчид та бүхэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг гарахыг хориглоно” заалтын дагуу хуралдаандаа хүрэлцэн ирж, оролцохыг хүсье” гэсэн шаардлагыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/93 дугаар албан бичгээр Ардчилсан намын төлөөлөгч нарт хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 123 дахь тал)

           2.6. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас “Эрдэнэбулган сумын ИТХ-ын Ардчилсан намын Төлөөлөгчдөөс ирүүлсэн 2025.12.15-ны өдрийн 07 тоот албан шаардлагатай танилцлаа. Уг албан шаардлагад дурдсан асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн асуудал байх тул 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон хуралдаандаа оролцож тухайн асуудлыг хэлэлцэж болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн шаардлагыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын төлөөлөгч нарт хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал)

2.7. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хуралдааны тов зарлах тухай” А/27 дугаар захирамжаар “сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагт товлон зарлажээ.” (2 дугаар хавтаст хэргийн 45 дахь тал)

2.8. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1.-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах’’ гэсэн заалтын дагуу Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаан бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулсан байна. Иймд сумын Ардчилсан намын Төлөөлөгчид та бүхэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно” гэсэн заалтын дагуу хуралдаандаа хүрэлцэн ирж оролцохыг хүсье.” гэсэн хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/102 дугаар албан бичгээр Ардчилсан намын төлөөлөгч нарт хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал)

2.9. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас “Эрдэнэбулган сумын ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдаан 2025.12.19-ний өдрийн 09 цагт эхлэхээр товлон зарлагдсан. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19:20 цагийн байдлаар ирц 50 хувьтай хуралдаан эхлэх боломжгүй байна. Сумын ИТХ-ын Төлөөлөгч та хуралдаандаа оролцохгүй байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасны зөрчиж байгааг зөвлөж байна. Мөн ажлын албаны зүгээс хуралдааны бэлтгэл ажлыг бүрэн хангасан болно. Иймд хуульд заасан үүргээ биелүүлж хуралдаандаа хүрэлцэн ирж, оролцохыг хүсье.” гэсэн хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/113, 02/114 дүгээр албан бичгээр Эрдэнэбулган сумын ИТХ-ын төлөөлөгч Т.Б О.Ц нарт тус тус хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дэх тал)

2.10. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/29 дүгээр захирамжаар “сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагт товлон зарласан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 187 дахь тал)

2.11. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Хэлэлцэх асуудал батлах тухай” 03 дугаар тогтоолоор “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 хуралдаанаар 1. Эрдэнэбулган сумын 2026 оны төсөв батлах, 2. Эрдэнэбулган сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, З. Эрдэнэбулган сумын айл өрхийн хог хаягдлын хураамж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын төлбөрийг шинэчлэн тогтоох, 4. Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны тайлан, 5. Эрдэнэбулган сумын 2025 оны хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, 6. Эрдэнэбулган сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 хэрэгжилт, 7. Эрдэнэбулган сумын 2026 оны хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөөг” зэрэг асуудлыг шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал)

 

 Гурав. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдааны тухайд

3.1. Нэхэмжлэгч нар “... Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдаан, уг хуралдааныг товлон зарласан захиргааны үйл ажиллагааг хууль бус хэмээн үзэж ...” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож байх тул Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол, шийдвэрийг хүчингүй болгуулах маргааны үндэс болж байгаа тухайн ээлжит 7 дугаар хуралдааны талаар шүүхээс тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасантай нийцэх бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг зөрчихгүй гэж үзлээ. Учир нь,

3.2. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн 8.-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан "нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн" гэдгийг нэхэмжлэгчээс шүүхэд өөрөө тодорхойлж гаргасан 1) нэхэмжлэл чиглэж буй захиргааны үйл ажиллагаа, 2) түүний үйлчлэлд өртсөн (эсхүл эерэг үйлчлэл хүртэх ёстой) гэх өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, 3) зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй хэмээн маргаж буй эрх, нийтийн ашиг сонирхол, 4) хуульд заасан тохиолдолд захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шаардлага, тэдгээрийн үндэслэлд хамаарахгүй асуудлыг ойлгоно гэж, 9.-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан "хэргийн оролцогчдын маргаагүй асуудал" гэдэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон тэдгээрт холбогдох талуудын татгалзал, тайлбараар талуудын маргаж буй үйл баримтад хамаарахгүй асуудлууд, үйл баримтыг тогтоох, түүнчлэн, маргаан бүхий захиргааны шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг тогтоохтой хамааралгүй бусад нөхцөл байдлыг ойлгоно.” гэж тус тус тайлбарлажээ.

3.3. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн “Хуралдааны тов зарлах тухай” А/25 дугаар захирамжаар Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт товлон зарласан байна.

3.4. Ш.Э Ж.Б М.Г нарын нэр бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нараас “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ээлжит 7 дугаар хуралдаанд оролцохыг шаардаж байна” гэсэн шаардлагыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар албан бичгээр Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын төлөөлөгч нарт хүргүүлжээ.

3.5. Дээрх нөхцөл байдлын улмаас Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт товлогдсон ирц хүрээгүй шалтгаанаар хойшлогдож Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хуралдааны тов зарлах тухай” А/27 дугаар захирамжаар “сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагт товлон зарласан байна.

3.6. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас Ардчилсан намын төлөөлөгч, Эрдэнэбулган сумын ИТХ-ын төлөөлөгч Т.Б, О.Ц нарт “... 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19:20 цагийн байдлаар ирц 50 хувьтай хуралдаан эхлэх боломжгүй байна... хуульд заасан үүргээ биелүүлж хуралдаандаа хүрэлцэн ирж, оролцохыг хүсье.” гэсэн хүсэлтийг тус тус хүргүүлжээ.

3.7. Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/102, 01/103 дугаар албан бичгээр ардчилсан намын төлөөлөгч нарт тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаанд оролцох хүсэлт хүргүүлсний дотор төлөөлөгч Т.Баярхүү, О.Цэнгэлсайхан нарт 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/113, 02/114 дүгээр албан бичгээр “2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 50 хувьтай хуралдаан эхлэх боломжгүй, хурлын ээлжит 7 хуралдаанд ирэхийг хүсэлт хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 127, 128, 138, 139 дэх тал)

3.8. Улмаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/29 дүгээр захирамжаар “сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагт товлон зарлажээ.

3.9. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас үзвэл “Хурлын дарга Л.М: 2025.12.25-ны өдөр зөвлөлийн хуралдаан нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээс 5 хүн ирснээр 71,4%-ийн ирцтэй 10:00 цагт хурал эхлүүлж байна. Шинэ хурал зарлагдаагүй 12 сарын 15-ны өдрөөс хойших хурлын тов үргэлжилж зарлагдаад явж байгаа. Ээлжит долоодугаар хуралдааныг 2025.12.25-ны 12:00 цагаас хуралдуулах саналтай байна.Та бүхэн саналаа хэлээд яваарай. Төлөөлөгч Ш.Э: Улсын хэмжээнд төсвийн гүйлгээ хаахад 2 өдөр л байна. Энэ товондоо хурлаа хийгээд хэлэлцэх асуудлаа батлаад явсан нь зөв байх гэж бодож байна. Олон удаагийн сөрөг хүчний үйл ажиллагаанаас болж хурал хуралдахгүй байгаа нь улсын ажил хийж байгаа төлөөлөгч нарт маш их хүндрэл гарч байна. Эрдэнэбулган сумын төрийн албан хаагчдын цалин мөнгө, иргэдийн эрх ашгийн асуудал байгаа учраас үүргээ биелүүлээд энд сууж байна. Өнөөдөр 12:00 цагаас гээд шийдэх үү. МАН-ын төлөөлөгч нараас Ажлын албанд бол АН-ын төлөөлөгч нарт шаардлага тавь бичиг явуул гэсний дагуу бол ажлын албанаас шаардлагуудаа хүргүүлсэн байх. Ажлын албанаас бүх төлөөлөгч нар луугаа зараа хүргэчихээ. Төлөөлөгч С.Г: Оны эцэс болоод бүх юм шахагдаад улсын төсвийн гүйлгээ хүртэг хаагдлаа. Миний санал бол ядаж төсөв энэ тэрээ өргөн бариад хурлаа нээлттэй орхиод бусад асуудлын дараа нь ярилцана биз гэсэн саналтай байна. Хурлын дарга Л.М: Яагаад 12 сарын 25 гээд байгаа вэ гэвэл улсын төсөв унших сүүлийн өдөр. Ганц нэг хүний эрх ашгийн төлөө биш  олон нийтийн эрх ашгийн төлөө ярих нь зөв байх...” гэж тус тус ээлжит 7 дугаар хуралдааныг хуралдуулж сум орон нутгийн төсвийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн санал гаргаж улмаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас хуралдуулахаар шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дахь тал)

3.10. Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаанд нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Б нь оролцсон байх бөгөөд хэрэгт авагдсан 7 дугаар хуралдааны ирцийн бүртгэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 95, 189 дэх тал)

3.11. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болсон Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаанд төлөөлөгч Н.Б “... Бид одоо ч хуралдааны товыг зөрчсөн гэж үзэж байгаа хууль бус хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзээд үлдсэн асуудлыг дараагийн хуралд оролцуулах саналыг оруулаад хурлыг нээлттэй үлдээгээд АН-ын төлөөлөгч бид хурлыг үргэлжлүүлэх боломжгүй байна. Хууль бус гэдгийг хуулийн байгууллага шийдэх байхаа.” гээд 15.17 минутад В.Наянтай, Батдорж, Цэрэндулам, Баярхүү, Энхтуяа нар хурлыг орхиж гарсан болох нь тус хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал)

3.12. Нэр бүхий төлөөлөгч нар Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг дундаас нь орхин гарсан хэдий ч хуралдааныг цааш үргэлжлүүлж хэлэлцэхээр баталсан асуудлуудаа баталж хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 35 минутад дуусгавар болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал)

            3.13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна:” гээд, 39.1.1.-д “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;” гэж, 39.1.3.-т “хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах;” гэж, 43 дугаар зүйлийн 43.1.-д “Хурлын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, Хурлын дэг зөрчсөн, эсхүл үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу тайлагнаагүй бол Хурлаас дараах хариуцлага хүлээлгэнэ:” гэж, 46 дугаар зүйлийн 46.7.-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэж, 46.8.-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно.” гэж, 48 дугаар зүйлийн 48.1.-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” гэж тус тус заажээ.

            3.14. Дээрх эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтыг маргаан бүхий үйл баримтад холбогдуулан хэрэглэж дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ. Үүнд,

            3.15. Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгч О.Ц, Т.Б нар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч байх бөгөөд асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах эрхтэй байхаас гадна товлогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар оролцохгүй байх, орхиж гарахгүй байх үүрэг хариуцлагыг хүлээнэ.

            3.16. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгч Т.Б 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болсон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаан эхэлсний дараа хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч хуралдааны дундаас орхин гарсан байна. Эл тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан төлөөлөгч Т.Б-н эрх зөрчигдсөн гэж үзэх нь үндэслэлгүй.

            3.17. Учир нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болсон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас үзэхэд “... хуралдааны товыг зөрчсөн гэж үзэж байгаа хууль бус хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй...” гэх шалтгаанаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Т.Б уг хуралдааныг орхин гарсан байх бөгөөд уг нөхцөл байдлыг төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй.

            3.18. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгч О.Цэ-ны тухайд тэрээр “... төлөөлөгч О.Ц надад 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 00 минутад зарлагдсан хурлын товийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 23 минутад мессежээр ирүүлсэн тул хүндэтгэх шалтгаанаар Улаанбаатар хотод байсан миний биеийг хуралдаанд оролцуулах боломжгүй болгосон. ...” гэж тайлбарладаг боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

            3.19. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8.-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгч О.Ц хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцоогүй гэж үзэх үндэслэлгүй тогтоогдоогүй тул сумын Иргэдийн төлөөлөгчийн хувьд түүний Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан төлөөлөгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

3.20. Нөгөөтээгүүр Ардчилсан намын төлөөлөгч нар,  Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгч О.Ц, Т.Б нар 2025 оны 12 дугаар сарын 15, 19-нд хийхээр товлогдсон ээлжит 7 дугаар хуралдаанд оролцоогүй, ирээгүй учраас тус хуралдаанд оролцохыг шаардсан мэдэгдлийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нараас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02, 01/94, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар албан бичгээр хүргүүлсэн байдаг. (1 дүгээр хавтаст хэргийн 121-124 дэх тал)

3.21. 2025 оны 12 дугаар сарын 15, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр товлогдсон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаан хойшлогдсон шалтгаан нь тус хурлын Ардчилсан намын төлөөлөгч нар уг хуралдаанд хүрэлцэн ирээгүй холбоотой болох нь хэрэгт авагдсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02, 01/94, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар албан бичиг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/102, 01/103 дугаар албан бичиг болон хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдож байна.

3.22. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/29 дүгээр захирамжаар “сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагт товлон зарласан нь тус сумын иргэдийн төлөөлөгчд О.Ц-ны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлыг талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах зэрэг эрхийг хязгаарласан шинжгүй.

3.23. Тодруулбал ээлжит 7 дугаар хуралдаанд Эрдэнэбулган сумын Ардчилсан нам дахь нэр бүхий төлөөлөгч нар хүрэлцэн ирэхгүй, хуралдааны ирц бүрдэхгүй шалтгаанаас үүдэж хойшлогдсоны улмаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-35.1.17-нд нэрлэн заасан бүрэн эрхийн хүрээний асуудлыг хэлэлцэн баталж чадахгүй хүрсэн.

3.24. Улмаар 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагт товлогдсон ээлжит 7 дугаар хуралдаанд сумын иргэдийн төлөөлөгчдийн олонх хүрэлцэн ирснээр ирц бүрдэж холбогдох асуудлуудыг хэлэлцэн баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д заасан хамтын удирдлагын зарчмыг зөрчөөгүй, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д нийцсэн.

3.25. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал татгалзлын үндэслэлээ “... Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх нэг чухал асуудал бол сумын 2026 оны төсвийг хэлэлцэж батлах байсан. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор батлах" гэж хуульчилсан. Энэхүү хуулийн заалтыг хангах хүрээнд ээлжит 7 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар 19-ний өдөр хуралдуулахаар 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр товлож, зарласан. Сумын 2026 оны төсвийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн баталж, хуульд заасан хугацаанд аймгийн Засаг даргаар дамжуулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх шаардлага үүссэн. 2026 оны төсвийн жил эхлэхээс өмнө төсвөө баталж чадахгүй бол сумын хэмжээнд төсөв тасалдаж, сумын нийт иргэдийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэн. Иймээс ээлжит 7 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан...” гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй байна.

3.26. Учир нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.-д “Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын жилийн төсвийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:” гээд, 8.5.4.-т “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор батлах;” гэж, 8.5.5.-д “аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч тухайн шатны жилийн батлагдсан төсвийг 12 дугаар сарын 31-ний дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.” гэж тус тус зааснаас үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор баталж, аймгийн Засаг дарга тухайн шатны жилийн батлагдсан төсвийг 12 дугаар сарын 31-ний дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр байна.

3.27. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд нэр бүхий төлөөлөгч нар ээлжит 7 хуралдаанаар сумын төсвийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь нэн чухал гол асуудал болж байгаа талаар санал гаргаж эл асуудлыг шийдвэрлэхийг зорьж удаа дараа хойшлогдсон 7 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагт хуралдуулахаар хурлын зөвлөлөөс шийдвэр гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулийг зөрчөөгүй, дээрх хуульд нийцсэн байна.

3.28. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлд тусгагдсанаас үзэхэд “төлөөлөгч Ш.Э “... хурлаар хэлэлцэх асуудалд өөрчлөлт орсныг та бүхэн маань сайн мэдэж байгаа. ИТХ-зөвлөлийн бүрэлдэхүүн, Хороодын бүрэлдэхүүн шинэчлэх хоёрыг хэлэлцэх асуудлаас хасъя. 29 төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ байхад нь хэлэлцүүлье гэсэн санал, төлөөлөгч Ж.Д нийт 9 асуудал хэлэлцэх байсан. Өнөөдрийг хүртэл хурлыг хойшлуулсаар байтал Төсөв гэдэг зүйлийг яаралтай шийдэхгүй бол төрийн сан уншихааргүй боллоо. Үүний цаана Төрийн албан хаагчид, сургууль, цэцэрлэгийн тогтмол зардлууд гэх зүйлүүд тасалдах гээд байна. Ш.Энхжаргал төлөөлөгчийн хэлснээр ИТХ-ын зөвлөлийн бүрэлдэхүүн, Хороодын бүрэлдэхүүн шинэчлэх хоёрыг асуудлыг хасаад Эрдэнэбулган сумын 2026 оны төсөв батлах, Эрдэнэбулган сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, Эрдэнэбулган сумын айл өрхийн хог хаягдлын хураамж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын төлбөрийг шинэчлэн тогтоох, Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны тайлан, Эрдэнэбулган сумын 2025 оны хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, Эрдэнэбулган сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилт, Эрдэнэбулган сумын 2026 оны хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөөг батлах гэсэн дарааллаар өнөөдрийн хурлаар хэлэлцүүлье гэсэн саналыг оруулж байна.” гэсэн саналыг тус тус гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 93 дахь тал)

3.29. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болсон ээлжит 7 дугаар хуралдаанд 29 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч ирснээр 50.4 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, хуралдааны явцад В.На, н.Дэ, н.Ар, н.Ба, н.Эн, н.Э, н.Цэ нарын нэр бүхий 7 төлөөлөгч нэмэгдэж орж ирснээр нийт 21 төлөөлөгчтэйгөөр, ирц 80.7 хувьтайгаар хуралдааныг үргэлжлүүлж, хуралдаанаас холбогдох шийдвэрүүдийг гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7.-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэж, 48 дугаар зүйлийн 48.1.-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” гэж тус тус заасанд нийцжээ.

3.30. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар төлөөлөгч Ш.Э, төлөөлөгч Ж.До нарын гаргасан дээрх санал 100 хувийн саналаар дэмжигдэж Эрдэнэбулган сумын 2026 оны төсөв батлах, Эрдэнэбулган сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, Эрдэнэбулган сумын айл өрхийн хог хаягдлын хураамж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын төлбөрийг шинэчлэн тогтоох, Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны тайлан, Эрдэнэбулган сумын 2025 оны хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, Эрдэнэбулган сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилт, Эрдэнэбулган сумын 2026 оны хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөөг батлах гэсэн асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 94 дэх тал)

3.31. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хэлэлцэх асуудлыг баталж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Эрдэнэбулган сумын 2026 оны төсвийг, 05 дугаар тогтоолоор сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг, 06 дугаар тогтоолоор айл өрхийн хог хаягдлын хураамж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын төлбөрийг, 07 дугаар тогтоолоор Эрдэнэбулган сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэл, дүгнэлт өгөх, 08 дугаар тогтоолоор сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, 09 дүгээр тогтоолоор Эрдэнэбулган сумын 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг тус тус баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 143-186 дахь тал)

3.32. Дээрхийг нэгтгэн үзвэл 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болсон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

 

Дөрөв. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 07, 08, 09 дүгээр тогтоолын тухайд

4.1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Эрдэнэбулган сумын 2026 оны төсвийг” баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 144-153 дахь тал)

4.2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Эрдэнэбулган сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” 07 дугаар тогтоолоор “Сумын Засаг даргын 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үр дүнтэй гэж дүгнэсэн байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал)

4.3. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” 08 дугаар тогтоолоор “Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийг үр дүнтэй гэж дүгнэжээ.” (1 дүгээр хавтаст хэргийн 171 дэх тал)

4.4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Эрдэнэбулган сумын 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг тухай” 09 дүгээр тогтоолоор “Сумын Засаг даргын 2026 оны хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсан байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 173-186 дахь тал)

4.5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3.-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж, 54 дүгээр зүйлийн 54.1.-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” гээд, 54.1.1.-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэж, 109 дүгээр зүйлийн 109.2.-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж тус тус заажээ.

4.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасан Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй /тухайлбал, захиргааны акт биш/ байхыг ойлгоно.

4.7. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шүүх тодорхойлохдоо тухайн маргаан нь нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх, улмаар маргаж буй шийдвэр нь захиргааны акт мөн эсэхэд дүгнэлт хийнэ.

4.8. Энэ талаар Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын “Тайлбарлах нь” хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгоно. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шүүх тодорхойлохдоо тухайн маргаан нь "нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх"-д дүгнэлт хийнэ.” гэж тайлбарлажээ.

4.9. Захиргааны акт нь ямагт нийтийн эрх зүйн хүрээний асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой. Нийтийн эрх зүйн хүрээнд байх гэдэг нь тухайн захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл болж буй эрх зүйн хэм хэмжээ нийтийн эрх зүйн хэм хэмжээнд хамаарч байх эсхүл зохицуулалтын зүйл нь нийтийн эрх зүйн харилцаанд хамаарахыг ойлгоно.

4.10. Маргаан бүхий асуудал нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн эсэхийг тогтоохдоо маргаан бүхий харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээ нь нийтийн эсхүл хувийн эрх зүйн алинд нь хамаарах эсхүл нийтийн ба хувийн эрх зүйг заагладаг онол /субъектийн, ашиг сонирхлын, захирах, захирагдах ёсны, тусгай эрхийн онол/-ын тусламжтайгаар тогтоох боломжтой.

4.11. Хариуцагч захиргааны байгууллагаас “Эрдэнэбулган сумын 2026 оны төсвийг” баталсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоол, “Эрдэнэбулган сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэл, дүгнэлт өгөх тухай” Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоол, Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоол, “Эрдэнэбулган сумын 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг тухай” Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг батлан гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэл болгожээ.

4.12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчмыг хангах, иргэд орон нутгийн үйл хэрэгт шууд болон сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.” гэж, Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус зааснаас үзэхэд дээрх хуулийн зорилт ямагт нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх тул нийтийн эрх зүйн хэм хэмжээ юм.

4.13. Мөн ашиг сонирхлын онолын дагуу авч үзвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулиар ямагт нийтийн ашиг сонирхлыг хамгаалах асуудал гол зорилго болдог тул ашиг сонирхлын энд нийтийн ашиг сонирхол яригдана.

4.14. Маргаан бүхий харилцаанд нийтийн захиргааны байгууллага буюу иргэдийн төлөөлөгчдийн хурал ямагт харилцааны нэг тал болж оролцсон, хуулиар тусгайлан олгогдсон эрхийг хэрэгжүүлж байх тул нийтийн эрх зүйн харилцаа мөн болж байна.

4.15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 35.1.6.-д “тухайн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;” гэж, 35.1.8.-д “нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого, жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэж, 35.1.9.-д “Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах;” гэж тус тус заажээ.

4.16. Маргаан бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 07, 08, 09 дүгээр тогтоолоор баталсан асуудлууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.1.8., 35.1.9.-д заасан бүрэн эрхийн хүрээнд хамаарч байх бөгөөд уг тогтоол шийдвэр нь гуравдагч гэж болох иргэд, байгууллагад хандаагүй буюу гадагш чиглээгүй, зохицуулалт агуулаагүй ба эрх зүйн шууд үр  дагавар бий болгоогүй, дотоод зохион байгуулалтын шинжтэй, захирамжилсан шинжгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д тодорхойлсон захиргааны акт биш гэж үзлээ.

4.17. Дээрхээс үзвэл хэрэг хянан шийдвэрлэх явцад маргаан бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 07, 08, 09 дүгээр тогтоол, шийдвэрүүд нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2., 54 дүгээр зүйлийн 54.1.1.-д заасныг тус тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь үндэслэлтэй байна.

 

Тав. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05, 06 дугаар тогтоолын тухайд

5.1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 05 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх газар (нэгдүгээр хавсралт), Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа хашааны газрыг өмчлөх (хоёрдугаар хавсралт), Гэр орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх (гуравдугаар хавсралт), Гэр бүлийн хэрэгцээнд зориулан төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэх газрыг (дөрөвдүгээр хавсралтаар) тус тус баталжээ.” (1 дүгээр хавтаст хэргийн 154-166 дахь тал)

5.2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Айл өрхийн хог хаягдлын хураамж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын төлбөрийг батлах тухай” 06 тогтоолын 1 дэх заалтаар тус сумын нутаг дэвсгэрт энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх, айл өрхийн хог хаягдлын хураамж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын төлбөрийн хэмжээг хавсралтаар баталж, 2 дахь заалтаар хавсралтаар батлагдсан тарифын дагуу байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх хэрэгжилтэд хяналт тавих, хураамжийг сумын татварын орлогод төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Т.Ганзориг)-т үүрэг болгож, 3 дахь заалтаар тогтоолын захиргааны акт гаргахад хийгдсэн сонсох ажиллагаа, зохион байгуулсан тэмдэглэл болон холбогдох баримтыг бүрдүүлэн сумын Төлөөлөгчдийн хурлаар хянуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Азхүү)-д даалгаж, 4 дэх заалтаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдөхөөр, 5 дахь заалтаар тогтоолын хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэжээ.” (1 дүгээр хавтаст хэргийн 167-169 дэх тал)

5.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1.-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус заажээ.

5.4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 05 дугаар тогтоол нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд үүсэж гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д заасан захиргааны акт байна.

5.5. Харин Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Айл өрхийн хог хаягдлын хураамж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын төлбөрийг батлах тухай” 06 дугаар тогтоолын тухайд хариуцагч шүүх хуралдаанд “... Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Эрдэнэбулган сумын айл өрхийн хог хаягдлын хураамж, ААН-ийн хог хаягдлын төлбөрийг шинэчлэн батлах тухай” 06 дугаар хэм хэмжээний акт /тогтоол/-ыг хянуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яам руу хүргүүлсэн боловч үндэслэл дутуу гэх шалтгаанаар буцаж ирсэн.  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаанаар Эрдэнэбулган сумын айл өрхийн хог хаягдлын хураамж, ААН-ийн хог хаягдлын төлбөрийг шинэчлэн батлаад Хууль зүйн яам руу хүргүүлсэн бөгөөд хариу ирээгүй байгаа...” гэсэн тайлбарыг гаргасан.

5.6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д “Сумын чиг үүрэгт дараах асуудал хамаарна:” гээд, 22.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;” гэж, 35 дугаар зүйлийн 35.1.-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, 35.1.13.-т “энэ хуулиар тогтоосон тухайн нэгжийн чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох журам батлах” гэж, 35.1.14.-т “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх;” гэж,  Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

5.7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Айл өрхийн хог хаягдлын хураамж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын төлбөрийг батлах тухай” 06 дугаар тогтоол хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр байх тул захиргааны хэм хэмжээний акт байна.

5.8. Хүчингүй болгох нэхэмжлэлд тавигдах нэг тусгай шаардлага нь захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй буюу дуусаагүй захиргааны акт байх ёстой. Учир нь эрх зүйн үйлчлэлтэй актыг хүчингүй болгох боломжтой. Харин хүчин төгөлдөр болоогүй эсхүл эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актыг хүчингүй болгох тухай ойлголт байх боломжгүй юм.

5.9. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.6.-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актыг Засаг даргын хуульд заасан хориг тавих хугацаа дууссанаас хойш ажлын  таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ.” гэж, 65 дугаар зүйлийн 65.2.-т “Энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй.” гэж тус тус заажээ.

5.10. Маргаан бүхий хариуцагч захиргааны байгууллагын зүгээс хэм хэмжээний баталж, хүргүүлэх, бүртгэх Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх журмын дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Айл өрхийн хог хаягдлын хураамж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын төлбөрийг батлах тухай” 06 дугаар тогтоолыг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн боловч батлагдаж хүчин төгөлдөр болоогүй талаар нь хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарладаг. Үүнтэй нэхэмжлэгч нар маргаагүй.

5.11. Эл тохиолдолд нэхэмжлэгч нарын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Айл өрхийн хог хаягдлын хураамж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын төлбөрийг батлах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

5.12. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1.-д заасныг маргаан бүхий тохиолдолд холбогдуулан хэрэглэхэд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 05 дугаар тогтоол хууль бус байхын зэрэгцээ нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Цэнгэлсайхан, Т.Баярхүү нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх шаардлага тавигдана.

5.13. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар дээрх тогтоол, шийдвэр нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нарын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдсонгүй.

5.14. Нөгөөтээгүүр маргаан бүхий тогтоолууд хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

5.15. Иймд нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нарын гаргасан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05, 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

   Зургаа. Иймд дээрх үндэслэлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нарын гаргасан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан бүх шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагаас “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05, 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.1. Хэрэг хянан шийдвэрлэх явцад маргаан бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 07, 08, 09 дүгээр тогтоол шийдвэрүүд нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2., 54 дүгээр зүйлийн 54.1.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нарын “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 07, 08, 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14., 106.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7., 48 дугаар зүйлийн 48.1.-д заасныг тус тус үндэслэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нараас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04,  05, 06, 07, 08, 09 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах шаардлагаас “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05, 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2., 54 дүгээр зүйлийн 54.1.1.-д заасныг тус тус үндэслэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 07, 08, 09 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 48 дугаар зүйлийн 48.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу)төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ТҮВШИНТУЛГА