Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 93

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ц.А холбогдох эрүүгийн 1826001180067 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн ******* овогт Ц. А.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн *******ын ******* тоотод иргэн Ц.А зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б ирээд сууж байсан. Тэгсэн чинь шөнө 01 цагийн орчимд гаднаас Ц.А 1 хүнтэй орж ирсэн. Ц.А, Ө нар 0.75 литрийн 1 шил архи ууж байгаад Ө архиа аваад явсан. Тэгсэн чинь Ц.А айлд 0.5 литрийн архи байгаа, түүнийг ууя гэж хэлсэн. Тэгээд надтай хамт явж байсан залуу, Ц.А 2 тэр архийг уусан. Би тэр архинаас уугаагүй. Тэр айлд байсан пивийг би уусан. Тэгээд бид нар явахаар болоод хамт байсан залуугаа хүргэж өгсөн чинь би утсаа мартсан байсан. Тэгээд буцаад гэрийнх нь гадаа очсон чинь эмэгтэй хүн зүгээр байгаач та гээд байсан. Тэгэхээр нь би орсон чинь Ц.А Ж хажууд хэвтэж байсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ гэтэл Ц.А “чамд хамаагүй баримал Ц 00-ын цаас” гээд босч ирээд намайг түлхэхээр нь би унахдаа тийрсэн. Хохиролд 1000000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Ц.А мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн өглөө ******* сумын төвд хөдөө гэрээсээ 11 цагийн орчимд Б, ******* нарын хамт А “Пронтер” маркийн авто машинтай орж ирсэн. Тэгээд оройн 22 цагийн орчимд босоод явж байтал надтай хөдөөнөөс хамт ирсэн Б орж ирсэн. Би Б-н хамт сумын төв дээр байх Б гэх айлд очсон. Тэднийд очиход Б эхнэр Ж байсан. Тэгээд миний өвөрт 0.5 литрийн архи байсан. Б гэрт тэр архиа гаргаж ирээд ганцаараа талд нь ортол уучихаад унтсан. Б, Ж хоёр архинаас уугаагүй. Тэгээд би хэсэг унтаж байгаад сэрээд хажуу талын айл болох О-д орж унтахаар гарсан. Гэтэл О унтчихсан бололтой хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь буцаж Б-н гэрт орж ирээд “эднийх унтчихсан бололтой хаалгаа тайлж өгөхгүй байна, танайд хоноё” гээд тэднийд хонохоор болсон. Тэднийд унтахаар сууж байсан чинь гаднаас зүс таних залуу орж ирсэн. Нэрийг нь мэдэхгүй байна. Орж ирснээ “яагаад О-н хаалгыг нүдээд байгаа юм бэ” гэхээр нь би өмнөөс нь юм хэлсэн бололтой байсан, хэлсэн үгээ санахгүй байна. Хажууд байсан хүн дараа нь надад “та тэр залууг баримал *******ийн банди” гээд хэлчихсэн шүү дээ гэж байсан. Би нилээн согтуу байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Юу юугүй л миний гэдэс орчимд тэр залуу өшиглөсөн. Нэг удаа л өшиглөсөн байх. Өшиглөнгүүт нь би дуу гарч чадахаа больсон. Тэгээд тэр залуу гэрээс гараад явчихсан. Би гэрээс гараад гадаа жаахан сууж байгаад дүү О-н хаалгыг нүдэхэд О хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд би О-н гэрт ороод унтсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн өглөө босоод байж байтал хөдөөнөөс хамт ирсэн А-д явъя гээд О-н гэрт ирсэн. Би А-д “урд шөнө нэг хүн элэг рүү өшиглөөд явчихлаа, энүүгээр өвдөөд байна” гэхэд А-д за тэгвэл жаахан байж байя, та А багшийнд ороод хэвтчих гэхээр нь би ороод өдрийн 15 цаг хүртэл хэвтсэн. А багшийнд багийн эмч авч ирээд үзүүлээд эмнэлэгт хэвт гэхээр нь сумынхаа эмнэлэгт хэвтсэн. Үзүүлээд дотроо цус алдсан юм шиг байна, хагалгаа хийхгүй бол болохгүй гээд аймгийн БОЭТөвөөс түргэн дуудаад ******* суманд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өглөө хагалгаанд орсон. ...Надад гомдол байхгүй, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,

Гэрч О.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд манайд А, Д хоёр мотоцикльтой ирсэн. Тэр 2 манайд 2 ширхэг “Соёолж” нэртэй 2 литрийн пиво хувааж уусан. А, Д 2 манай хүүхдүүдтэй хөзөр тоглож байсан. Шөнийн 01 цагийн үед аймгаас Ө, эхнэртэйгээ, Б нар манайд орж ирсэн. Удалгүй араас нь А, Ц 2 орж ирсэн. Ө нэг шил архи гаргаж ирсэн. Тэр архийг манайд байсан хүмүүс хувааж уусан. Архи нь дуусаагүй тал нь үлдсэн байсныг Ө ах Б-г авчих, өвөртөлчих гэсэн. Б үлдсэн тал архи өвөртлөөд адуундаа явна гээд Ө, Б, Б нар гараад явсан. Би 23 цагийн үед орондоо орчихсон байсан. Харин А “би айлд нэг шил архи үлдээсэн байгаа” гэж хэлээд Д, Ц 2 мотоцикльтой гараад тэр айлаасаа архи олж ирсэн. Харин А, Д 2 үлдсэн пиво гаргаж ирээд уусан. Бас архи ууж байсан. Би хэн архи уугаад байгааг хараагүй, нэг босоод хартал 0.5 литрийн Соёрхол нэртэй архи авч ирсэн, талыг нь уучихсан байсан. Би нэг мэдсэн унтчихсан байсан. Гаднаас А орж ирээд би О-н хаалгыг нүдсэн чинь хаалгаа онгойлгохгүй байна гээд хажууд сууж байсан. Харин гаднаас А орж ирээд би утсаа үлдээчихсэн байна, утсаа авах гэж ирлээ гэсэн. Би нөгөө хүнээ яасан бэ гэж асуусан чинь гэрт нь хүргэж өгөөд ирлээ гэсэн. А  А ахаас хоёулаа энэ үлдсэн архийг ууя гэсэн чинь А би уухгүй гээд миний хажууд хэвтээд байсан. Харин А энэ архийг ууя босоод ир гээд А-г татаад байсан. Би тэр хоёрыг хэрэлдэх байх гэж бодоод орноосоо босоод хувцсаа өмссөн. Тэр хооронд А А-н гэдсэн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Харин А хойшоо саваад газар унасан. А ёо, ёо гээд байсан. Харин Ц гэрийн баруун талд дээлээ нөмөрөөд унтаж байсан. Би тэр хоёрыг яв гээд гэрээсээ хөөсөн. Би Ц ахыг татаж босгосон. А, Ц ахыг заамдаж аваад байхаар нь салгаад явцгаа гэж хэлсэн. Ц ах шээх гээд гэрээс гарахад араас нь А, А ах хоёр гараад тэд нар манай хажуу айл болох О-н хаалгыг нүдэж байгаад орсон. Цэргэж орж ирээд дээлээ өмсөөд зогсож байсан чинь А орж ирээд А ах таныг дуудаж байна гээд Ц-г аваад гарсан. О-н гэрт оруулчихаад өөрөө манайд орж ирсэн. Би хөөгөөд явуулсан. Маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад А, Ц нар манайд орж ирээд цай чанаад өг гэхээр нь би цай, бууз хийж өгсөн. А цай л уусан, бууз идээгүй. А ах миний энэ рүү л өвдөөд байна гээд хэвлий хэсэг рүүгээ дараад байсан. А ах бие өвдөөд байна гээд орон дээр хэвтэж байсан. Тэгээд байж байхад А машинтай ирээд Ц гарч дэлгүүрээс 0.5 литрийн “Харзтай” архи, 2 литрийн Соёолж пиво авч ирээд тэр 3 хувааж уусан. Тэгээд тэд нар манайхаас 10 цагийн үед гарцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,

Гэрч С.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед би хажуу айлдаа ус буцалгагчаа авах гээд Б-н гэрт орсон. Гэрт нь А нэг залуутай пиво уугаад хөзөр тоглож байсан. Би удаагүй гараад явсан. Шөнө 02 цагийн үед манай хаалгыг нүдсэн. Би нүдээд байгааг нь мэдээгүй, дараа нь шөнийн 03 цагийн үед мөн хаалга нүдсэн. Тэгтэл “А ах нь байна хаалгаа” гэхээр нь онгойлгож өгсөн. А орж ирээд манайд хэвтэж байснаа ёо, ёо бие эвгүй оргиод байна гээд тонгойгоод хэвлийн тус газраа гараараа дараад байснаа ёолоод байсан. Би “та яасан юм бэ” гэж асуусан чинь би баахан архи уучихсан байсан чинь А “миний энэ рүү өшиглөчихлөө, алахаа шахлаа” гээд хэвлийгээ дараад байсан. А унтаж чадахгүй ёолсоор байгаад өглөө болгосон. Харин Ц юу ч хэлэлгүй унтаад өгсөн. Өглөө 09 цаг өнгөрч байхад манайхаас гараад Ж-н гэрт орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/,

Гэрч Ц.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед над руу манай сумын Нацагдорж залгаад “манай аав А-н хавирга нь гэмтсэн юм шиг байна, аав А гэдэг айлд байгаа та очоод үзээд өг” гэж ярьсан. Би дуудлагын дагуу очиж А-г үзсэн. Би А-с юу болсон талаар асуухад А-н явганаас унасан гэж надад хэлсэн. Би даралтыг нь үзэж үзлэг хийхэд даралт нь 80-50 болж буурсан, хэвлийн тус газар гар хүргүүлэхгүй хөндүүр өвчтэй байсан. Босч чадахгүй зүүн хажуугаараа хэвтэж байсан. Би А-г дотуур цус алдсан байж болзошгүй гэж үзээд шууд эмнэлэгт авч ирсэн. Би их эмч *******т хүлээлгэн өгч хамтарсан үзлэг хийгээд шууд аймгаас нарийн мэргэжлийн болон хагалгааны баг дуудсан. А намайг үзэж дууссаны дараа “хүнд зодуулсан, А миний хэвлийн тус газар өшиглөж зодсон” гэж надад хэлсэн. А-н хэвлийн тус газар нь ил харагдаж шарх, сорви байхгүй байсан. А нь битүү гэмтэл авсан байсан. А архи уусан,  үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 хуудас/,

Гэрч Э.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед 1-р багийн эмч Мөнхзаяа “эмчээ хүн үзүүлье” гэж хэлэхэд нь би тэр хүнийг хүлээн авахын өрөөнд үзсэн. А-г үзэхэд танд ямар зовиур байна гэж асуухад хэвлий хэсгээр хүчтэй өвдөж байна, дотор муухайраад хөлс их хэмжээгээр гараад байна, бие маш хүнд, амин үзүүлэлтүүд тогтвортой бус, өвдөлтийн шоктой хэвлий тус газар гар хүргүүлэхгүй маш хүчтэй өвдөлттэй, хөдөлгөөн албадмал байсан. Дээрхийг үндэслэн 18 цагийн үед БОЭТөвийн хагалгааны баг дуудсан. Тэгээд 20 цагийн үед миний гар утас руу бүрэлдэхүүн гарлаа гэж хэлсэн. Тэгээд хагалгааны тасгийн эмч нарт орой 23 цаг өнгөрч байхад би хүлээлгэн өгсөн. ...А-с асуухад 2018 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед аюулхай орчимд хүнд өшиглүүлсэн, миний хэвлийн тус газар өшиглөж зодсон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 хуудас/,

Гэрч Н.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад БОЭТөвийн багийн хагалгааны бүрэлдэхүүнтэй очиход өвчтөний биеийн байдал маш хүнд, элэг бяцарч дотуур цус алдсан байсан. Тэгээд бүрэлдэхүүн болон хагалгааны эмч нартай хамтарч үзээд зохих бэлтгэл хийж мэс засалд өглөөний 06 цагийн үед хагалгаанд орсон. Хагалгааны үед хэвлийн хэсэгт мах их хэмжээний буюу 3 литр орчим цус алдсан байсан. Тэгээд элэг нь баруун зүгт зааг хэсгээр нь задарсан байсан. Задарсан хэсгийг оёж цусыг нь тогтоож хэвлийд байгаа алдсан цусыг соруулж авч цэвэрлээд цус тогтоолтыг бүрэн хийж хагалгааг дуусгасан. Хагалгааг 3 цаг орчим хийж хагалгааны дараа энгийн эрчимт эмчилгээ хийж байгаад 2 хоногийн дараа сумын эмч нар авч ирж БОЭТөвийн гэмтлийн тасагт хэвтэж эмчилгээг үргэлжлүүлэн хийж ажилласан. ....Биеийн байдал маш муу, хэвлийн хөндийд цус алдсан, элэг задарсан гэсэн оноштой хагалгаанд орсон. ...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай БОЭТөвийн хүлээн авахын сувилагч дуудлага авч бүртгэж, эмчилгээ эрхэлсэн дэд захирал *******д танилцуулж дуудлагын багийг томилж би бүрэлдэхүүнийг ахалж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 хуудас/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн үед би гэртээ орж ирэхэд манай гэрт эхнэр, хүүхэд байж байсан. Тэгээд миний араас удалгүй А, М нар орж ирээд Бах ганц пиво уучих уу гэхээр нь би тэгээ гэж хэлсэн. Тэгээд Аюуш 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво гаргаж ирсэн. Тэр пивыг А, М бид гурав хувааж уугаад дуусч байхад манай гэрийн гадаа Ө машинтай ирээд гэрийн гаднаас сигнаалдаад би гэрээсээ гараад явтал хашааны урд А, Б хоёртой зөрөөд мэнд мэдээд би Ө-тай адуунд явсан. Маргааш өдөр нь би хөдөөнөөс 14 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд А эмнэлэгт хэвтчихсэн байгаа, шөнө А А нар зодолдоод гэж манай эхнэр надад хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд А эмнэлэгт хэвтчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №134 дугаартай шинжээчийн: “...1. Ц.А-н биед элэгний няцрал, урагдал, цөсний хүүдийн гэмтлийн гаралтай мэс заслаар авагдсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Уг гэмтэл нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учруулах боломжтой.

5. Уг гэмтэл нь үзүүлэгчийн ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох журмын 56.9-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар 20 хувь тогтонги алдагдуулна.

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугцаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 74 хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/,

Хохирогчийн өвчний түүх /хх-13-49/,

Шүүгдэгч Ц.А-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-92/, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-94/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллого /хх-95-96/,

Хохирогч Ц.Агдамсүрэнгийн шүүхэд ирүүлсэн “Ц.А миний бие Ц.А-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Хохиролд эмчилгээний зардал гэж 1000000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул надгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Мөн энэ хүүхдэд хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсч байна...” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн *******ын ******* тоотод иргэн Ц.А-г зодож, түүний эрүүл мэндэд  “элэгний няцрал, урагдал, цөсний хүүдийн гэмтлийн гаралтай мэс заслаар авагдсан гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Агдамсүрэнгийн: “...Би нилээн согтуу байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Юу юугүй л миний гэдэс орчимд тэр залуу өшиглөсөн. Нэг удаа л өшиглөсөн байх. Өшиглөнгүүт нь би дуугарч чадахаа больсон...” /хх-8-9/, гэрч О.Ж-н: “...Би тэр хоёрыг хэрэлдэх байх гэж бодоод орноосоо босоод хувцсаа өмссөн. Тэр хооронд А А-н гэдсэн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Харин А хойшоо саваад газар унасан. А ёо, ёо гээд байсан...” /хх-50-51/, гэрч С.О: “...Би “та яасан юм бэ” гэж асуусан чинь би баахан архи уучихсан байсан чинь А миний энэ рүү өшиглөчихлөө, алахаа шахлаа гээд хэвлийгээ дараад байсан...” /хх-54/, гэрч Ц.М: “...А сүүлдээ намайг үзэж дууссны дараа хүнд зодуулсан, А миний хэвлийн тус газар өшиглөж зодсон гэж надад хэлсэн...” /хх-55/, гэрч Э.Ц: “...А-с асуухад 2018 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед аюулхай орчимд хүнд өшиглүүлсэн, миний хэвлийн тус газар өшиглөж зодсон гэж ярьж байсан...” /хх-59/, гэрч Н.Б-ны: “...Биеийн байдал маш муу, хэвлийн хөндийд цус алдсан, элэг задарсан гэсэн оноштой хагалгаанд орсон...” /хх-65-66/, гэрч С.Б: “...Би хөдөөнөөс 14 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд А эмнэлэгт хэвтчихсэн байгаа, шөнө А А нар зодолдоод гэж манай эхнэр надад хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд А эмнэлэгт хэвтчихсэн байсан...” /хх-69-70/ нарын мэдүүлэг, хохирогч Ц.А-н биед хүнд гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №134 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-74/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/, хохирогчийн өвчний түүх /хх-13-49/, шүүгдэгч Ц.А-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт Ц.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Ц.А нь хохирогчид 1000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.А-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс бол гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.А нь 2017 онд адуу 11 толгой, хонь 280 толгой, ямаа 121 толгой, нийт 412 толгой мал тоолуулсан болох нь мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллогын баримт, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнд шүүхээс оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жил 8 сарын хугацаанд сар бүр 321500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.А-д 1000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч ******* овогт Ц.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Ц.А-г 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д шүүхээс оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жил 8 сарын хугацаанд  сар бүр 312500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ань шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.   

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.