| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/04916/И |
| Дугаар | 191/ШШ2025/08900 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/08900
2025 10 20 191/ШШ2025/08900
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...... давхар хаягт оршин байрлах, ******* ******* групп ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......тоот хаягт оршин суух хаягт бүртгэлтэй боловч .... тоот хаягт оршин суух, ******* овогт ******* .. /РД:******* /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 44,619,288 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Л..., гэрч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч /зээлдэгч/ нь манай ******* Инвестмент Групп ББСБХХК-тай ...... тоот зээлийн гэрээг байгуулан сарын 3.9%-ийн хүүтэйгээр, 25,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус гэрээний 4.5 дахь хэсэгт заасан ... улсын дугаартай, MMBJNK7403D001012 арлын дугаартай, Mitsubishi загварын мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг ******* Инвестмент Групп ББСБ ХХК-д шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацаа 2024 оны 09-р сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон. Зээлийн гэрээний хугацаанд ББСБ-ын зүгээс зээлийн мэдээллийн сангийн ангилал буурах, зээлээ төлөхийг удаа дараа шаардаж албан бичгээр болон зээлдэгчийн 94099758, ******* дугаарын утсанд мэдэгдэж шаардсан боловч зээлээ төлөөгүй. Фидуцын зүйлийг шаардсан боловч тээврийн хэрэгсэл хаана байгаа нь мэдэгдэхгүй, бидэнд хүлээлгэж өгөөгүй болно. Хариуцагч тал 2025 оны 05-р сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хүрээнд нийт 3,313,000 төгрөгийг төлсөн, 41,306,288.44 төгрөгийн өр төлбөртэй буюу үндсэн зээл 25,000,000 төгрөг, үндсэн хүү 16,902,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,717,288.44 төгрөг буюу нийт 44,619,288.44 төгрөгийн өр төлбөртэй 592 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 44,619,288.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л... шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Лхагвасүрэн овогтой .. миний бие 2023 онд Голден инвест ББСБ ХХК-ийн маркийн машиныг өөрийн нэр дээр авсан. Тухайн үед компани дээрээ авна гэсэн боловч ******* захирал (тухайн үед ББСБ захирал). Хувь хүн дээр авсан нь дээр гэж шалснаар зээл гарах боломжгүй байсан ч над дээр гаргаж өгсөн. Миний бие болон тухайн үед ажиллаж байсан компанийн захирал 2 машины мэдлэг тааруу юм. Машиныг аваад унаад 1 сар орчмын дараагаас эвдрэлүүдийг мэдэж хэлсэн. Зүгээр явж байгаад унтарчихдаг эвдрэлийг нь солиулсан. Рам нь зэвэрсэн хугархай эвдрэлүүдийг тухай бүрд засаад явсан боловч одоог хүртэл явахгүй хэвээр байгаа. Мөн кондейшны бүх эд ангийг салгаж авсан байсан. ББСБ нь 2 удаа машин хураана гэж дуудсаны дагуу очсон боловч ******* захирал хураахгүйгээр буцаасан. Машин өгөх гэж очсон 2024 оны намар гэрээгээ шинэчлээд бараг хүссэн үедээ мөнгөө төлж болно гээд зам зуур яааруулсан гэрээн дээр гарын үсэг зуруулж авсан. Тухайн машиныг анх авсан компани эвдэрхий машин тул эхний 2-3 сарын хүүг төлөөд цааш төлөлт хийгээгүй. Би өөрөө бага цалинтай, ажилтай ажилгүй хоёрын дунд байсаар төлөлт хийж, машиныг буцааж өгөх хүсэлтэй байна гэж маргажээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай албан бичиг, зээл хүсэгчийн анкет, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 09-р сарын 08-ний өдөр байгуулагдсан Б-117 тоот зээлийн гэрээ, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх тухай гар өргөдөл, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн талаарх баримт, зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, зээл хаах дүн, дансны дэлгэрэнгүй хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/Ш32024/17590 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүгчийн захирамж, Цагдаагийн байгууллагын хаягийн тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* групп ББСБ ХХК нь хариуцагч Л...д холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ....тоот Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 16,902,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,717,288.44 төгрөг, нийт 44,619,288.44 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч ******* ******* групп ББСБ ХХК, хариуцагч Л... нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ....дугаартай Зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 2023.09.08-ны өдөр Л..... гараар бичиж өгсөн хүсэлтийн дагуу тухайн мөнгөн хөрөнгийг тухайн үеп ******* ******* групп ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Г.*******гийн 5003498154 тоот дансанд шилжүүлжээ.
а/ Нэхэмжлэгч Л... нь зээл авах үед Сора хашира ХХК-д ажилладаг байсан, улмаар уг хуулийн этгээдийн албаны хэрэгцээнд автомашин хэрэгтэй болсонтой холбоотойгоор ******* ******* групп ББСБ ХХК-иас өөрийн нэрээр 25,000,000 төгрөгийн зээл авч, тухайн ББСБ-ийн эзэмшилд байсан Мицубиши Л-200 автомашиныг худалдан авсан, ... УБҮ улсын дугаар авч энэхүү машиныг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан, улмаар фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн эзэмшилд бүртгэлийг шилжүүлсэн болох нь тогтоогджээ.
6. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. ******* ******* групп ББСБ ХХК нь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч Л... нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хүчин төгөлдөр юм.
7. Зохигчдын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээг байгуулснаас хойш хариуцагч Л... нь зээлийн гэрээний хавсралтад зааснаар сар бүр зээлийн хүү, үндсэн зээлд нийт 2,700,000 төгрөгийг төлөх хэлбэрээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээр харилцан тохирсон боловч энэ үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, 2023.11.07-ны өдөр 1,169,000 төгрөг, 2023.12.25-ны өдөр 2,144,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн нь зээлийн хүүд тооцогдсон, улмаар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 25,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх нийт 622 хоногийн хугацаанд бодогдсон зээлийн хүү нь 20,215,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,717,288.44 төгрөг, нийт 47,932,288.44 төгрөг болсон, үүнээс зээлийн төлбөрт төлөгдсөн 3,313,000 төгрөгийг хасч, үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 16,902,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,717,288.44 төгрөг, нийт 44,619,288.44 төгрөгийг нэхэмжилсэн нь зээлийн төлбөрийн тооцооллын хуудас зэргээр нотлогдсон, хариуцагч нь тухайн зээлийн болон хүү тооцсон аргачлалд маргаагүй байна.
8. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд сар бүр зээлийн хүү болон үндсэн зээлийн нийт төлбөрт 2,700,000 төгрөгийг төлөхөөр, зээлийн гэрээний хугацаа дуусгавар олоход нийт 31,629,000 төгрөгийг төлсөн байхаар зээлийн гэрээний хавсралтаар баталгаажуулсан боловч хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй байна.
б/ Хариуцагч Л... нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд нийт 3,313,000 төгрөгийг төлсөн, улмаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлбөр төлөөгүй байна.
9. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 12 сарын хугацаатай байсан буюу 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон боловч зээлийн гэрээний үүргийг хариуцагч бүрэн биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүнээс гадна хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй юм.
10. Хариуцагч Л... нь ******* ******* групп ББСБ ХХК-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг зээлсэн асуудлаар маргаагүй боловч зээлийн гэрээний дагуу худалдан авсан Мицубиши Л-200 машин нь эвдрэл, гэмтэлтэй байсан учир зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон, улмаар машиныг нь буцаан өгөхөөр 2 ч удаа нэхэмжлэгчид хандсан боловч буцааж аваагүй, мөн гэрээгээ шинэчлээд боломжтой болсон үед хүссэн цагтаа зээлээ төлж болно гэж гэрээнд гарын үсэг зуруулсан, ББСБ нь анхнаасаа зээл олгох нэрийдлээр эвдэрхий машинаа өгсөн тул машиныг буцааж өгнө, зээлийн үүргийг хүлээх боломжгүй гэж маргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлийг баримтаар няцаагаагүй, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс тусдаа зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт хангалттай нотлогдоогүй, хариуцагч нь зээлийн гэрээг байгуулсны дараа мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал байсан Г.*******гийн данс руу шилжүүлсэн үйл баримтыг эс зөвшөөрч тухайн үед маргаагүй, машиныг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан, үүнээс хойш зээлийн үүрэгт төлбөр төлж байсан болохоо зөвшөөрсөн тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болжээ.
11. Нэхэмжлэгч нь фидуцийн зүйл бус зээлийн гэрээний үүрэг шаардсан, фидуцийн зүйл нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа боловч нэхэмжлэгчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байгаа болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг улсын бүртгэлээр хариуцагч Л...д шилжүүлж өгвөл зохино.
12. Дээр дурдсан үндэслэлээр ******* ******* групп ББСБ ХХК, Л... нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт 44,619,288.44 төгрөгийг хариуцагч Л...эс гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ....дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 44,619,288.44 төгрөгийг хариуцагч Л...эс гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* групп ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* групп ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л...эс 381,047 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД