| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэнэдэндоржын Болормаа |
| Хэргийн индекс | 2439000000224 |
| Дугаар | 2025/ДШМ/10 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.3.2., 18.6.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/10
2025 01 22 2025/ДШМ/10
М.Д , Б.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Хяналтын прокурор Н.А ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж ,
Шүүгдэгч М.Д ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.О даргалж, шүүгч Б.У , Э.Х нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/273 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Д-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Д , Б.Г нарт холбогдох эрүүгийн 2439000000224 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Д 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 08-10 цагийн үед .................. тоотод оршин суух Э.Н-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж шүүгээн дээр нь байсан iphone-X маркийн гар утас, ширээн дээр нь байсан бор өнгийн иштэй хутга, хонины чанасан гэдэс зэргийг авч, 490.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар 18 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т164 дүгээр байрны 02 тоотод байрлах Б.Я-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хууль бусаар нэвтэрч хохирогчийн эзэмшлийн Samsung A/23 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед _............. тоотод оршин суух Э.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт цоожийг нь эвдэлж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж түүний эзэмшлийн хөлдөөгчид нь байсан 6 кг үхрийн мах, тус бүр 5 кг хонь, ямааны мах, гахайн цоройны мах 1 кг, гэрт нь байсан Westfield аяны ком, гутлын тавиур дээр нь байсан 41 размерын ажлын гутал, Nike гэсэн бичиглэлтэй улбар шар өнгийн пүүз, МЅС гэх бичигтэй даавуун цүнх, Cilicone vibaration тоглоом 3 ширхэг, Viga 5000 spray гэх бичигтэй бэлдмэл 3 ширхэг, ΜΑΧΜΑΝ 7500 гэх бичигтэй цацлага 2, Lxxx Special гэх бичигтэй вибратор тоглоом 1 ширхэг, 35000 гэх бичигтэй вибратор тоглоом 2 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, Canemazole нэртэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн 4 ширхэг, 30.000 төгрөг зэргийг авч 2.257.500 төгрөгийн хохирол, мөн тухайн гэрт байсан Г.Г-н эзэмшлийн хар өнгийн чемадон /дотор нь хувцас байсан/ зэргийг авч 693.100 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед согтуугаар Х............ үйл ажиллагаа явуулах 2 дугаар сургуулийн хашаан дотор Д.Б-ын баруун гарыг нь мушгиж, эвхдэг хутга гаргаж ирэн гар утсаа өгөхгүй бол ална гэж айлган сүрдүүлж, улмаар түүний цагаан кейстэй, цэнхэр өнгийн Huawei Nova Y9 маркийн гар утас, цагаан өнгийн цэнэглэгч, чихэвч зэргийг түүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэн, хохирогчид 495.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр яллагдагч М.Д-ын .......................тоотод оршин суух Э.Н-н байшингаас хулгайлсан Iphone-X маркийн гар утас, бор өнгийн иштэй хутга зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А-аас шүүгдэгч М.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар, шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Д-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, шүүгдэгч Б.Г-г мөнгө угаах гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч М.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалт буюу шүүгдэгч М.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Архи согтууруулах ундааг олон сараар хэрэглэж эрүүл ухаанаа алдан, хагас дутуу мэдрэлтэй байхдаа мунхаглан үйлдсэн гэм буруутай бүр үйлдлүүдээ би бүгдийг нь хүлээн зөвшөөрч, тэр бүхнийхээ төлөө бүгдэд нь маш их харамсаж чин сэтгэлээсээ гэмшиж байна. Намайг 8 настай байхад аав, ээж хоёр минь салж хоёр тийш болоход би аавыгаа дагаж үлдсэн. Өөрийн гэх гэр оронгүй байсан болохоор айлаас айл руу дамжин аавынхаа талын хамаатнуудаар хонож өнжин хүн болсон. Би одоо 30 настай ч гэр бүл зохиогоогүй өдийг хүрсэн. Одоогийн байдлаар нас дээр гарсан. Аавынхаа хамт хоёул амьдарч байгаа ч амьдралд минь ахисан зүйлгүй өөрийн гэсэн гэр оронгүй хэвээр түрээсийн байр дамжиж ирсэн. Аавын минь хоёр хөлний өвдөгний үе хатгуулах өвчин нь хүндэрсээр яг одоо алхаж, гишгэж, явж чадахгүй хөдөлмөрийн чадвараа алдаж, асаргааны хяналтад орж үргэлжийн суунги болсон. Надаас өөр аавыг маань наашаа гэж асрах хүн байхгүй. Айлаас айлын хооронд зөөгөөд ч болов намайг хүний дайтай хүн болгосон аавыгаа одоог хүртэл өөрийн гэх гэр оронгүй байлгаж байгаа минь миний буруугийнх. Өөрийн амьдралын байдлаа ухамсарлахгүй олон хоног сараар архи хэтрүүлэн хэрэглэж эрүүл бус хагас дутуу согтуу хүний мунхаг авираас болж үйлдсэн гэм буруутай бүх үйлдлүүдийнхээ төлөө маш их гэмшиж харамсаж байгаагаа эрхэм төрийн эрхэм шүүгч та бүхэндээ чин сэтгэлийнхээ зүгээс дахин дахин хэлж байгааг маань хүлээн авна уу. Аливаа буруу замын гэмт хэргээс зайлсхийж бие даасан хувь хүний байдлаар өөрийгөө татаж аз жаргалтай амьдралаар бусдын адил хүн шиг амьдрахыг хүсэж байна. Архийг үнэн голоосоо жигшиж байна. Өөрийн гаргасан болчимгүй үйлдэл, хөнгөн зангаас болж ийм хэрэг үйлдэж ял авсандаа маш их харамсаж байна. Аавыгаа ганцааранг нь орхисондоо маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдож, гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлан тангараглаж байна. Аав минь одоо 65 настай, нас дээр гарсан, ганцаараа үлдсэн аав дээрээ ялын хугацаанаасаа ганц хоногийн ч өмнө болов суллагдаж гарч очоод асарч, дэмнэж, өргөхийг хүсэж байна. Иймд миний энэхүү ар гэрийн минь аж байдлыг харгалзан үзэж, дахин нэг шүүн тунгааж миний ялыг хөнгөрүүлж өгөхийг их төрийн эрхэм шүүгч та бүхнээс чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Би хутга барьснаа санахгүй байна гэж байцаагчид хэлсэн. Тийм учраас энэ хутганы хэргийг та бүхэн анхнаас нь дахин нэг хэлэлцэж шийдэж өгнө үү“ гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “шүүгдэгч М.Д нь дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу хутга ашиглан үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн шүүгдэгч нь анхан шатны шүүх хурал дээр зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан учраас хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Д-ын өмгөөлөгч Б.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Миний зүгээс хавтаст хэрэгтэй танилцахад эргэлзээтэй зүйлүүд байсан учраас анхан шатны шүүх хуралдаанд “хутга байсан эсэх асуудал эргэлзээтэй байна” гэдэг байдлаар өмгөөлөл явуулсан. Үндэслэл нь хутга гээд эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, хэргийн газрын үзлэгт хутга үлдээгүй, мөн хохирогч “хутга бариагүй” гээд нотариатаар батлуулсан хүсэлт өгсөн байсан. Сая М.Д тухайн үед хутга барьсан, бариагүйгээ санахгүй байна,гэхдээ хохирогч шүүх хуралдаан дээр намайг хутга бариагүй гэж мэдүүлсэн учраас ялыг маань хөнгөрүүлж өгөөч гэсэн байр сууринаас давж заалдах гомдлоо гаргасан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Сая шүүхэд өгсөн мэдүүлгээс харахад гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн ийм байдлууд харагдаж байгаа учраас тухайн зүйл ангид оногдуулсан ялын доод хэмжээнээс доогуур ялыг оногдуулж өгөөч гэсэн саналыг гаргаж байна “гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-лын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.Д , Б.Г нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Д
- 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 08-10 цагийн үед ............. оршин суух Э.Н-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж шүүгээн дээр нь байсан iphone-X маркийн гар утас, ширээн дээр нь байсан бор өнгийн иштэй хутга, хонины чанасан гэдэс зэргийг авч, 490.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар 18 цагийн үед Х........... тоотод байрлах Б.Яргуйцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хууль бусаар нэвтэрч хохирогчийн эзэмшлийн Samsung A/23 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед ................. тоотод оршин суух Э.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт цоожийг нь эвдэлж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж түүний эзэмшлийн хөлдөөгчид нь байсан 6 кг үхрийн мах, тус бүр 5 кг хонь, ямааны мах, гахайн цоройны мах 1 кг, гэрт нь байсан Westfield аяны ком, гутлын тавиур дээр нь байсан 41 размерын ажлын гутал, Nike гэсэн бичиглэлтэй улбар шар өнгийн пүүз, МЅС гэх бичигтэй даавуун цүнх, Cilicone vibaration тоглоом 3 ширхэг, Viga 5000 spray гэх бичигтэй бэлдмэл 3 ширхэг, ΜΑΧΜΑΝ 7500 гэх бичигтэй цацлага 2, Lxxx Special гэх бичигтэй вибратор тоглоом 1 ширхэг, 35000 гэх бичигтэй вибратор тоглоом 2 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, Canemazole нэртэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн 4 ширхэг, 30.000 төгрөг зэргийг авч 2.257.500 төгрөгийн хохирол, мөн тухайн гэрт байсан Г.Г-н эзэмшлийн хар өнгийн чемадон /дотор нь хувцас байсан/ зэргийг авч 693.100 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед согтуугаар ......... үйл ажиллагаа явуулах 2 дугаар сургуулийн хашаан дотор Д.Б-ын баруун гарыг нь мушгиж, эвхдэг хутга гаргаж ирэн гар утсаа өгөхгүй бол ална гэж айлган сүрдүүлж, улмаар түүний цагаан кейстэй, цэнхэр өнгийн Huawei Nova Y9 маркийн гар утас, цагаан өнгийн цэнэглэгч, чихэвч зэргийг түүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэн, хохирогчид 495.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр яллагдагч М.Д-ын ..........тоотод оршин суух Э.Н-н байшингаас хулгайлсан Iphone-X маркийн гар утас, бор өнгийн иштэй хутга зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ө.Н-н өгсөн: “...Би эмнэлгээс 10:00 цагийн үед ирэхэд Б.Г орноосоо босож байсан. Тэгээд шүүгээ рүү харахад миний утас байхгүй байсан. Мөн гэрээсээ гарахдаа ширээн дээр чанасан хонины гэдэс хажууд нь байсан бор өнгийн иштэй жижиг хутга байхгүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20 хуу/
Гэрч Б.Б-ны өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 11-ний өглөө ............дэлгүүрээс Монгол гэх архи аваад дэлгүүрийн гадаа Д-тай таарсан...Д удалгүй эргэж ирэхдээ саванд устай, мөн гялгар ууттай чанасан хонины гэдэс авчирсан байсан...Д эргэж ирэхдээ 750 граммын Хараа архитай ирсэн. Уг архийг бид 2 сургуулийн сааданд уугаад дуусгасан” гэх мэдүүлэг /1-хийн 24-25 хуу/
Гэрч Д.Э-ын өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн орчим ........... талаар мотоциклтой явж байхад зүс таних Д гэх залуу зогсоосон. Тэгээд Д дүү нь утас зарж архи авах гэсэн юм та авах уу гэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Мөн надад хүрэн бариултай хутга харуулсан. Н эгчтэй утсаар яриад Б ахын хүрэн бариултай хутга хаана байгаа вэ гэж асуухад харин өнөөдөр өглөө хүрэн бариултай хутга, хонины чанасан гэдэс, гар утсаа хулгайд алдчихаад байна гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /1-хх-ийн 27-30 хуу/
Б.Г-ий гэрч болон яллагдагчаар өгсөн: ”...14 цагийн үед Д гэх залуу цагаан өнгийн Iphone-X маркийн гар утас, 1 ширхэг сим карт, хүрэн өнгийн иштэй хутга хулгайлсан юм яг үхэх гээд байна архины мөнгө өгчих гэхээр нь би Г цагдаа гар утас зарна гэж хүн ирэх юм бол хэлээрэй гэж байсан гэж хэлэхэд та намайг битгий хэлээрэй дүү нь 2 жилийн тэнсэнтэй байгаа гэж хэлсэн тэгээд би надад мөнгө байхгүй байсан болохоор хамт явж байсан дүү Ө-аас 25.000 төгрөг аваад надад байгаа мөнгө нь энэ байна гээд өгсөн. Д над дээр ирэхдээ хулгайлсан гэж хэлсэн болохоор хулгайн эд зүйл гэж мэдэж байсан.” гэх мэдүүлэг /1-хх-ийн 33-36, 77, 81-82 хуу/
М.Д-ын яллагдагчаар өгсөн: “...Би хэд хоног уучихсан үхэх гээд явж байсан учраас нөгөө хулгайлсан гар утас болон хүрэн иштэй хутгийг Г ахад хулгайн утас шүү гээд үнэн учраа тайлбарлаж хэлээд зармаар байна гэж хэлсэн тэгтэл Г ах 25,000 мянган төгрөг өгсөн. Би бас яг сайн санахгүй байна. Ямар ч байсан 25,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /1-хх-ийн 72-73 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-ийн 10-14 хуу/
Хөрөнгийн үнэлгээний “Бодит Үнэлгээ” ХХК-ий шинжээчийн 2024/ШД-174 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-50 хуу/
Б.Г-ээс Iphone-X маркийн гар утас, сим карт, бор өнгийн иштэй хутга зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 56-58 хуу/
Iphone-X маркийн гар утас, сим карт, бор өнгийн иштэй хутга зэргийг хохирогч Ө.Н-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-хх-ийн 59 хуу/
Хохирогч Б.Я-ийн өгсөн: “... 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн оройн 18-19 цагийн хооронд нөхрийн хамт ганц шил архи хувааж уугаад унтсан. Тэгээд 10 орчим минутын дараа сэрээд унтаж байгаад орны хажууд тавьсан байсан гар утсаа хайхад байгаагүй...би Д-тай уулзаж уурлахад эхэндээ аваагүй гээд байсан. Сүүлдээ чамайг манайхаас утас аваад гарч явахыг Г харсан гэж худлаа хэлсэн чинь би авсан.Баруун тийшээ дэлгүүрт барьцаанд тавьсан би авчирч өгнө” гэж хэлсэн...гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-хх-ийн 233-234 хуу/
Samsung А23 маркийн гар утасны үнэлгээг тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Бодит Үнэлгээ” ХХК-ий шинжээчийн 2024/ШД-194 дугаартай дүгнэлт / 1-р хх-ийн 248-250 хуу/
М.Д-ын яллагдагчаар өгсөн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2-хх-ийн 7 хуу/
Хохирогч Э.А-ын өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед гэртээ ирэхэд үүдний амбаарын хаалганы цүүг тогтоосон шрупыг тайлсан байдалтай цүү, цоож нь унжаад байж байсан. Тэгээд гэртээ дүүгийн хамт ороход хоёр хөргөгч онгорхой дотор нь байсан дөрвөн ууттай нийт 16 килограмм мах, гахайн цоройны мах 1 килограмм, ямаа, хонины мах 5 килограмм орчим хөлдөөсөн байсныг байхгүй байсан. Мөн гэрийн гутлын тавиур дээр байсан уурхайн хамгаалалттай 41 размерын шар ширэн гутал нэг ширхэг, хуучин нөхрийн ойр зуур өмсдөг nike гэх улбар шар үдээстэй ногоон өнгийн пүүз нэг ширхэг Төрсөн дүү Г-н, Г-н хар чемодантай хувцас, миний ногоон өнгийн дөрвөн хүний аяллын үед авч явдаг аяга, сэрээний ком, манай гэрийн хойморт байдаг бурхны жижиг авдар дотор байсан уншлагатай 30.000 мянган төгрөг, Wanle гэх бичигтэй будаа агшаагч зэрэг эд зүйл байгаагүй болохоор муурын байшин орчмоор сураглахад Н-ний Х гэх охин манайд өчигдөр орой Д гэх залуу түрдэг тэрэг дээр хоёр ширхэг чемодан, будаа агшаагч зэргийг ачаад орж ирсэн. Орж ирээд хар өнгийн чемоданаас баахан хувцас солиод гарч явсан. Явахдаа харин будаа агшаагч, тэрэг хоёрыг үлдээсэн гэж ярьсан...Аяллын ногоон цүнх Д-гаас авсан хүн амьтан мэдэж яваарай гэж зүс таних Л гэх эмэгтэйд захисан байсан. Тэгсэн удалгүй Л чи утсаар нь яриад авсан зүйлийг нь хараач гэхээр нь өглөө үзэхэд мөн байсан...Би алдсан эд зүйлсээ бүгдийг нь буцаан авсан. Харин хонь, ямаа, үхэр гахайн нийт 17 орчим кг мах байсан байхаа тэрийгээ аваагүй...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-хх-ийн 53-54, 58-59, 63 хуу/
Хохирогч Н.Г-гийн өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн орчим ахынд очиход гэрийн амбаарын цоож нь зүүлттэй байсан болохоор бэр эгчийн хамт ороход гэр доторх нь эмх замбараагүй болсон байдалтай. Гэрийн зүүн талд угаалгын машины хажууд тавьсан миний хар өнгийн чемодан алга болсон байсан. Удалгүй бэр эгч гаднаас орж ирээд Д гэх залуу манайд орж юм хулгайлсан байна гээд цагдаа руу дуудлага өгсөн...Ер нь алдагдсан эд зүйл байхгүй. Чемодан дотроос саарал өнгийн олон хармаатай өмд, ягаан цэнхэр уусалттай цамц, эрээн судалтай футболк. нэг ширхэг оймс, нэг ширхэг бандааш зэрэг эд зүйлийг өмсөж явсан байна лээ...нэхэмжлэх эд зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-хх-ийн 68-69 хуу/
Иргэний нэхэмжлэгч Г.М-ын өгсөн: “...дэлгүүрийн гадаа нэг согтуу эрэгтэй хүн гартаа ногоон өнгийн цүнх барьсан дэлгүүрийн гадаа таарсан. Таараад ах нь шартаж үхлээ гээд гартаа барьж явсан ногоон цүнхийг авчих...ахдаа хоёр шил архи аваад өгчих гэхээр зөвшөөрч эд зүйлийг үзсэн. Үзэхэд авч явсан зүйл нь таалагдаж Ундарга дэлгүүрт тэр хүнтэй орж 0.75 литрийн Хараа, 0.5 литрийн Хараа, нийт хоёр шил архиар тус эд зүйлийг худалдаж авч гэр рүүгээ буцаж явсан. Намайг хуурч эд зүйлийг зарсан хүнээс худалдаж авсан мөнгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2-хх-ийн 98-99 хуу/
Гэрч Н.Х-ын өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед зүс таних Д манайд хоёр ширхэг чемодан, нэг ширхэг будаа агшаагч зэргийг түрдэг тэрэгт ачсан байдалтай согтуу орж ирсэн. Тэгээд эд зүйлээ танайд үлдээж байна гэж хэлээд чемоданаас баахан эрэгтэй хүний хувцас гаргаж ирээд сольж өмсөөд хоёр чемоданыг аваад гарсан. Оройн 23 цагийн үед манайд согтуу орж ирээд унтаад явсан” гэх мэдүүлэг /2-хх-ийн 76-77 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-хх-ийн 18-23 хуу/
нийт 93 ширхэг эд зүйлийг хохирогч Э.А-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 2-хх-ийн 47 хуу/
нийт 29 ширхэг ширхэг эд зүйлийг хохирогч Г.Г-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-хх-ийн 48 хуу/
эд зүйлсийн үнэлгээг тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Бодит Үнэлгээ” ХХК-ий шинжээчийн 2024/ШД-213, 2024/ШД-214 дугаартай дүгнэлт / 2-р хх-ийн 117-120, 129-132 хуу/
Хохирогч Б.Б-ын өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 15-ны орой 17 цагийн үед ..............тоот хашаанаас гарч Х............ 2 дугаар сургуулийн сааданд хүнтэй уулзах гэж орой 18 цагийн үед сууж байхад 2 хүн над руу ирж надаас тамхи асуугаад тэгээд би тамхигүй байна гэж хэлэхэд нэг намхан шардуу залуу нь миний баруун талын гарыг мушгиж эвхдэг хутга гаргаж ирээд намайг гар утсаа өгөхгүй бол ална шүү гэж хэлэхээр нь би айсандаа өөрийн гар утсаа симтэй нь өгөхөд миний утасны цэнэглэгчийг бас авсан. Тэгээд миний чихэнд байсан чихэвчийг тасалсан тэгээд нөгөө залуу урагшаа муурын байшин чигт яваад өгсөн. Харин би гэртээ ирж өөрийн аав Б-д болсон асуудлыг хэлсэн юм...Бид хоёр үлдээд байж байтал Д намайг утсаа өг гэхээр нь чадахгүй гэсэн чинь намайг ална гэсэн ална гэж хэлчхээд жижигхэн эвхдэг хутга гаргаж ирсэн. Тэгээд би айгаад утсаа өгсөн. Мөн өмдний баруун карманд цэнэглэгч, Bluetooth чихэвч байсан тэр бүгдийг гаргаж ирээд бүгдийг өгсөн. Тэгээд Д утас болон чихэвч цэнэглэгч авчхаад яваад байхаар нь араас нь очоод утсаа авъя гэтэл өгөхгүй байж байгаад миний баруун гарыг мушгисан. Тэгээд өөрөө урагшаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /1-хх-ийн 142-143, 145-148 хуу/
Иргэний нэхэмжлэгч Г.У-гийн өгсөн: “...Д ирээд нэг гар утас гаргаж ирээд 2 шил архиар өгмөөр байна гэхээр нь би архи зардаггүй гэж хэлсэн. Тэгээд намайг гуйгаад байхаар нь хүнээс 40.000 мянган төгрөг олж Д буюу Д-д өгч тухайн гар утсыг авсан тэгэхэд Д нөгөө гар утасныхаа дэлгэцийн кодыг мэдэхгүй байхаар нь энэ хэний утас юм гэж асуухад манай эгчийн гар утас байгаа юм гэж хэлж надад итгүүлсэн юм. Хөх өнгийн цагаан кестэй гар утас байсан юм...Би өөрийн 40.000 төгрөгөө төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /1-хх-ийн 152-154 хуу/
Гэрч Н.Х-ын өгсөн: “... Би 2024 оны 06 дугаар сарын 15-ны орой ........... байшинд байхад манай байрны Д буюу Д, У эгч дээр нэг гар утас барьж ирээд 2 шил архиар өгмөөр байна гэж хэлээд У эгч хүн рүү утсаар ярьж байгаад 40.000 мянган төгрөг аваад тэгээд С гэх дэлгүүрээс 2 шил 0.75 граммын хараа нэртэй архи аваад тэгээд Д-д өгч нөгөө гар утсыг нь авсан юм. Тэгээд бид нар Хэрлэн 2 дугаар сургуулийн саадан дотор сууж байгаад нөгөө Д-ын 2 шил архийг хувааж уусан юм... тухайн гар утсыг Д өөрийн гар утас гэж байсан юм....гэх мэдүүлэг /1-хх-ийн 157-158 хуу/
Гэрч С.Б-гийн өгсөн: ... 2024 оны 06 дугаар сарын 15-ны 21 цагийн үед такси бариад хүү маань ирсэн. Ирээд аав аа би хүнд утсаа дээрэмдүүлчихлээ миний баруун гарыг мушгиад утсыг маань аваад яваад өгсөн. Хаана юм гэсэн чинь 2 дугаар сургуулийн хашаан дотор ганцаараа байсан тэгэхэд зүс таньдаг Д гэсэн байх аа тийм нэртэй хүнийг хэлээд байсан утсаа өгөхгүй бол ална гээд айлгаад сүрдүүлээд жижиг эвхдэг хутга гаргаж ирээд айлгаад байхаар нь би утсаа өгөөд явуулсан ардаас нь утсаа авах гэж явсан чинь олоогүй удчихлаа гээд орой 21 цагийн үед гэртээ ирсэн тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /1-хх-ийн 169-170 хуу/
Хөрөнгийн үнэлгээний “Бодит Үнэлгээ” ХХК-ий шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШД-184 дугаартай дүгнэлт / 1-р хх-ийн 176-178 хуу/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 193 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-ийн 136-138 хуу/
М.Д-ын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр архи уусан байсан Тэгээд ............ сургуулийн гадаа ганцаараа явж байгаад 2 дугаар сургуулийн хашаан дотор хохирогч ганцаараа явж байсан гэж санаж байна. Би очоод утсаар чинь ганц ярья гэхэд утсаа надад өгсөн би утсыг нь бариад байж байсан тэгтэл утсаа авъя гэхээр нь тоглоод утсыг чинь өгөхгүй гээд баруун гараа далайсан тэгтэл цаашаа хурдан яваад өгсөн. Би араас нь за тоглосон юм аа утсаа ав гэтэл үгүй ээ та намайг яах ч юм билээ гээд яваад өгсөн. Би тэр хүүхдийг араас нь зөндөө утсаа ав гэж дуудсан өөрөө хурдан гүйгээд алга болсон. Миний биед хутга байгаагүй ээ. Би бас хар чихэвч аваагүй тэгээд бас гарыг нь мушгиагүй ээ би зүгээр баруун гараа л далайсан өөр зүйл болоогүй. Тэрнээс би утсыг нь авсан нь үнэн... утсаа Г ахын эхнэр У-т өгсөн гэдгээ хальт санаж байгаа өөр зүйл мэдэхгүй байна. би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг / 1-хх-ийн 198-199 хуу/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч М.Д-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, шүүгдэгч Б.Г-г мөнгө угаах гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан, шүүгдэгч М.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ний хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж,
- шүүгдэгч М.Д-ын хувьд хохирлоо төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Д-ын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/273 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Д-ын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-ын цагдан хоригдсон 79 (далан ес) хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
Г.БОЛОРМАА