Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/02181

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/02181

 

 

ХХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01782 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ХХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХХХХХ-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ХХХ

 

Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ, ХХХХ

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн гүйцэтгэх захирал ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 1921 дүгээр шийдвэрээр ХХХ ХХК-иас 32.855.296,74 ам доллар буюу 51.596.943.659 төгрөгийг гаргуулж иргэн ХХХд олгох, хариуцагч нь уг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд ХХХХ ХХК-ийн баталгааны гэрээний дагуу ХХХХХХ-аас дээрх төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийн дагуу хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн ба ХХХХХд ирүүлсэн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/8591 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч ХХХ ХХК төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт зааснаар банкны баталгааны гэрээний дагуу шийдвэрийг биелүүлж, нийт 51.885.286.327 төгрөгийг тус албаны дансанд шилжүүлэхийг шаардсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ХХХ ХХК нь 2013 оны 8 дугаар сараас үйл ажиллагаа явуулахгүй байгаа, тус компанийн өмчлөлд нийт 10 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байх боловч Олон Улсын хамтын ажиллагааны банк болон Хадгаламж банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч ХХХ XXК-ийн үүсгэн байгуулагч ХХХ төлбөрийг төлж барагдуулах боломжгүй, төлбөрийн чадваргүй болсон талаарх тайлбарыг удаа дараа гаргаснаас үүдэн уг төлбөрийг ХХХ төлөх ёстой гэж үзэж, ХХХны нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг ажиллагаа явуулан банкны хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч үндсэн этгээдээр төлбөрийг төлүүлэх талаар хуульд заасан журмын дагуу хангалттай ажиллагаа явуулаагүй атлаа гуравдагч этгээдийн хэвийн үйл ажиллагаанд доголдол учирхуйц үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь ХХХ ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааг бодитойгоор явуулаагүй. Зөвхөн компанийн нэр дээрх хөрөнгийн лавлагааг авч, ХХХ ХХК-иас тайлбар авах төдийхнөөр үйл ажиллагаагаа хязгаарлан төлбөр төлөгчийн тайлбарыг үндэслэн төлбөрийн чадваргүй гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй бөгөөд төлбөр төлөгчийг хариуцлагаас чөлөөлөх гэсэн хууль бус үйлдэл юм. ХХХ ХХК үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь түүнийг төлбөрийн чадваргүй гэж үзэх, улмаар төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд тус компанийн нэр дээр:

             -Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 4 ширхэг шатахуун түгээх станцын барилга /бусдад барьцаалсан талаар ямар нэгэн мэдээлэлгүй/

             -Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 1 шатахуун түгээх станцын барилга /Хадгаламж банкны зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн/

             -ХХХХХ дүүргийн нутаг дэвсгэрт 2 ширхэг шатахуун түгээх станцын барилга, ХХ орон сууц, ХХХХ байр, ХХ айлын орон сууц, 1 үйлчилгээний зориулалттай барилга /Голомт банк, Хадгаламж банк болон Олон Улсын хамтын ажиллагааны банкны зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн/

              -Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2 ширхэг шатахуун түгээх станцын барилгууд /Хадгаламж банк болон иргэн байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн/ зэрэг олон тооны үл хөдлөх хөрөнгүүд бүртгэгдсэн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан зохицуулалтын хүрээнд ХХХ-д ХХХ ХХК-иас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн хэргүүдийг нэгтгэж төлбөр төлөх ажиллагааг явуулах, ийнхүү нэгтгэсний дараагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагчийн шаардлага хангах дарааллыг тогтоосны үндсэн дээр бусдад барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулах бүрэн боломжтой юм. Гэтэл хуульд заасан дээр дурдсан ажиллагааг явуулах шаардлагатай нөхцөл байдал байгааг шийдвэр гүйцэтгэгч нь зориуд орхигдуулж, ХХХ ХХК төлбөр төлөх боломжгүй болох нь хэрхэн нотлогдож байгаа талаар баримт, байхгүй, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн тухай нотлох баримт байхгүй байхад ХХХХХХ-аас төлбөрийг гаргуулахаар ажиллагаа явуулж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон. Шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчин явуулж буй ажиллагааг хүчингүй болгуулахаар 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03/2820 тоот албан бичгээр ХХХ-ны дарга хурандаа ХХХ-д, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХХ-т хандаж тус тус гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй. Иймд, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 9994/С дүгээр захирамжийн дагуу ХХХХХд холбогдуулан явуулсан тус албаны 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрээр ХХХ ХХК-иас 51.596.943.659 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч ХХХХХХ-аас дээрх төлбөрийг гаргуулан ХХХд олгохоор шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09/890 тоот албан бичгээр ХХХ болон ХХХ ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газар эзэмшиж, өмчилж аваагүй талаар хариу ирүүлсэн. Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 403 тоот албан бичгээр ХХХ ХХК нь Эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХ тоотод бүртгэлтэй байх бөгөөд 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Хадгаламж банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зөвхөн нэг шатахуун түгээх станц ХХХ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна. Дээрх барьцааны газар нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 3638 дугаар шийдвэрээр ХХХ ХХК-иас 4.749.270.896 төгрөгийг гаргуулан Хадгаламж банкны эрх хүлээн авагчид олгох, ХХХ ХХК нь үүргээ биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх хуудас 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болно. Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 179 дүгээр зүйлийн 179.2-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрээр битүүмжлэн хураан авч албадан дуудлага худалдаанд оруулах боломжгүй болно. Мөн ХХХ ХХК нь иргэд болон хуулийн этгээдэд их хэмжээний төлбөртэй байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2014 оны 3 дугаар capын 25-ны өдрийн 2621 дүгээр шийдвэрээр ХХХ ХХК-иас 694.289.637 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулж, ХХХ ХХК-д олгохоор, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2303 дугаар шийдвэрээр ХХХ ХХК-иас 10.301.022.930 төгрөгийг гаргуулан ХХХ-д ХХХ-д олгохоор тус тус шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болно. Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар ХХХ ХХК-иас 42.045.183.593 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шийдвэр гарсан байна. Иймд, нэхэмжпэлд дурьдсан хөрөнгөөр төлбөрийг төлүүлэх боломжгүй тул ХХХны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй. ХХХ ХХК нь хөрөнгөгүй болсон гэдэг нь тодорхой бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хөрөнгө нь хүрэхгүй байгаа гэдэг тогтоогдсон.  Гуравдагч этгээдийн зүгээс хүсч байгаа зүйл нь ХХХ ХХК нэгэнт хөрөнгөгүй болсон бол тус компанийн батлан даагчаас төлбөрийг гаргуулах явдал юм. Батлан даагчаас төлбөрийг гаргуулж өгөөч хэмээн удаа дараа хүсэлт гаргахад ажиллагаа хийхгүй байгаа шийдвэр гүйцэтгэлийн албанд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, яаралтай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хэрэгтэй байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХ-ны 2015 оны 9994/с дүгээр захирамжийн дагуу ХХХХХд холбогдуулан явуулсан 151-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 13.30 цагт товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв гэж үзсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн.Хавсаргасан нотлох баримтыг үнэлэлгүй хүсэлтийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тухайн цаг хугацаанд иргэн ХХХ-ын нэхэмжлэлтэй ХХХ ХХК-д холбогдох иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно гэсэн шалтгаанаар анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадахгүй болохоо хүсэлтдээ дурьдаж, нотлох баримтаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас болон тухайн өдрийн шүүх хуралдааны зар тоймыг хавсарган шүүхэд хүргүүлсэн. Гэтэл хавсаргаж явуулсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр ... шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна. Шүүх маргааны үйл баримтаас гадна зохигчдын гаргасан хүсэлтэд холбогдох нотлох баримтыг үнэлж, шалтгааныг тогтоох ёстой байсан. Шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтэд ... анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа дурьдсан байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн шүүх хуралд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шүүхийн энэхүү үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс ХХХны итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрбээр "ХХХХХд ажиллахаа больсон, шүүх хуралдаанд оролцох боломжгүй" гэж албан ёсоор мэдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож байгаа 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй байхад анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч "ХХХ" ХХК нь хариуцагч ХХХ-д холбогдуулан төлбөр төлөгч "ХХХ" ХХК-иас төлбөрийг гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан ажиллагааг хангалттай явуулаагүй атлаа гуравдагч этгээд "ХХХ" ХХК-иас төлбөрийг гаргуулах ажиллагааг явуулсан нь хууль бус гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын явуулсан үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн нь харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүхэлд нь хянаж үзээгүйгээс гадна хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн үнэлээгүй, зөвхөн хариуцагч талын татгалзлыг үнэлж дүгнэсэн шүүх хуралдааны тэмдэлд тусгагдсан байдлаас харагдаж байна. Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01782 дугаар шийдвэрийг хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ХХХ ХХК нь хариуцагч ХХХ-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ХХХ ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр гаргуулах ажиллагааг хийгээгүй атлаа үндэслэлгүйгээр ХХХ ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан гэж тайлбарласан байна.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрээр, ХХХ ХХК-иас 51.596.943.659,3 төгрөгийг гаргуулан ХХХд олгохоор, ХХХ ХХК нь 51.596.943.659,3 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу ХХХХХХ-аас дээрх төлбөрийг гаргуулан ХХХд олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагджээ. /хх-ийн 21-23 тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, ХХХ ХХК-иас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2303/С дугаар шийдвэрээр 10.301.022.930,40 төгрөгийг ХХХ-д ХХХ-д , 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2621 дугаар шийдвэрээр 690.678.296 төгрөгийг ХХХ ХХК-д, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1019 дугаар магадлалаар 4.749.270.896,02 төгрөгийг Хадгаламж банкны эрх хүлээн авагчид төлөхөөр шийдвэрлэгдсэн байх бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалууд хэрэгт авагдсан байна. /хх-ийн 30-31, 33-39, 43-53 тал/

 

Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар төлбөр төлөгч ХХХ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь бусад байгууллагуудын зээлийн төлбөрт барьцаалагдсан, уг хөрөнгүүдээс төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогджээ. /хх-ийн 25-28 тал/

 

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.2-т Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд банкны баталгаа нь гэрээний нэг талын үүргийг үл маргах журмаар нөгөө талын өмнө гүйцэтгэхээр гуравдагч этгээд өөрөө хүлээж буй хэлцэл юм.

 

Банкны баталгаа гаргагч нь зөвхөн баталгаанд заасан шаардлага гаргах хугацаа өнгөрсөн эсхүл баталгааны дагуу төлбөр төлөх нөхцөлд шаардлага нь тохирохгүй байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ба банкны баталгаа гаргагч ХХХ ХХК баталгааны гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэлээ нотлоогүй байна.

 

Төлбөр төлөгч ХХХ ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр гаргуулах боломжгүй тохиолдолд банкны батлан даагч болох ХХХ ХХК-иас уг төлбөрийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд, анхан шатны шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 9994/С дугаар захирамжийг гүйцэтгэхээр явуулсан шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй... гэсэн үндэслэл заасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ХХХ ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 6-нд ХХХ-Д, 2015 оны 12 дугаар сарын 2-нд ХХХ-д, 2016 оны 3 дугаар сарын 1-нд ХХХ-д, 2016 оны 12 дугаар сарын 21-нд ХХХ, ХХХХ нарт тус тус итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. /хх-ийн 5, 19, 93, 121 тал/

 

2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн 498 дугаар захирамжаар, ХХХ ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлт гаргасантай холбогдуулж, уг хүсэлтийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаар тогтоолоор уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус хэргийн шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүгчийн туслах ХХХ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХХ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ нарт хурлын тов мэдэгдсэн баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 187-189 тал/

 

Шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХын би ажлаасаа гарсан гэж хэлсэн тэмдэглэгээ бичигдсэн байгаа боловч нэхэмжлэгч ХХХ ХХК нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.1-д зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХаас татгалзсан тухайгаа шүүхэд албан ёсоор мэдэгдээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хурал давхацсан гэсэн үндэслэлээр бусад итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг ч мөн адил оролцох боломжгүй гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүйгээс гадна шүүхээс бусад итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ хурал зарлагдсан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал давхацсан гэсэн үндэслэл зааж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО