| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/00611/И |
| Дугаар | 210/МА2017/02210 |
| Огноо | 2017-10-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2017/02210
| 2017 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2017/02210 |
ХХХ-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02164 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ХХХ, ХХХ, ХХХ нарт холбогдох
Гэм хорын хохиролд 23 950 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний нөхөр ХХХ нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний 8 цагийн орчим Өвөргүнтийн зусланд байрлах гэрээсээ ХХХ маркийн 64-38 УБН улсын дугаартай, Субару маркийн 61-60 УБН дугаарын автомашиныг жолоодон ХХХ гарч явсан. Гэтэл 8 цаг 20 минутын орчим ХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХХХХХ замд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг тус тус зөрчин ХХХ маркийн 64-38 УНЕ дугаарын автомашиныг мөргөснөөс үүдэн миний нөхөр ХХХ нас барсан. Уг хэрэгт 201624000730 тоот эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн бөгөөд сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих этгээд болох ХХХ нас барсан тул Тээврийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 762 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Миний нөхөр талийгаач ХХХ нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 576 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. ХХХ нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний 7 цагийн орчим Баянбүрд орчимд байрлах гэрээсээ гарч явсан тухай ХХХ мэдүүлдэг ба осол гарах үед цусанд 2.7, ходоодны шингэнд 3.2 промилли спиртийн агууламжтай, хүнд зэргийн согтолттой байсныг шинжээчийн дүгнэлтэд дурьдсан төдийгүй асар хурдтай явсныг олон нийтийн цахим хуудсаар мэдээлсэн байдаг. Үүнээс харахад согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэн, хурд хэтрүүлэн явсан Субаро маркийн 61-60 УБН дугаарын автомашины жолоочийг Баянбүрдээс Зунжин дэлгүүр хүртэлх замд цагдаагийн хоёр ч постыг өнгөрсөн байхад тухайн үеийн цагдаагийн албан хаагч саатуулах, зогсоох, осол аваараас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Хэрэв тухайн үед Замын цагдаагийн албан хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлж, согтуу жолоочийг саатуулж, зогсоосон бол өнөөдөр эрдэнэт хүний амь нас хохирч, эхнэр хүүхэд нь өнчирч үлдэхгүй л байсан. Мөн ослын улмаас Субаро маркийн 61-60 УБН дугаартай автомашин нь хоёр хэсэг болон хуваагдсан байдгаас харахад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. Импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэг, оношилгооны дүгнэлт буюу гэрчилгээгээр баталгаажсан байна гэсэн заалтыг зөрчиж үзлэг, оношлогоонд хамрагдаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлийг замын хөдөлгөөнд оролцуулсан байх үндэстэй байна.
Миний нөхөр ид хийж бүтээх залуу сайхан насандаа бусдын хууль бус халдлагад өртөн харамсалтайгаар амь насаа алдсанд туйлын харамсаж байгаа бөгөөд дөнгөж хөлд орсон бяцхан хүү өнчирч, нэг гэр бүлийн жаргалтай сайхан амьдрал хормын төдийд уй гашуу уйтгар гунигт автсан. Миний хувьд хариуцагч ХХХтэй нэг удаа уулзаж хохирол хэрхэн барагдуулах талаар ярилцахад үл тоомсорлож, миний өмгөөлөгчтэй уулз гэж хэлсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэгт ХХХ нь ХХХ-ын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд ХХХ-ын төрсөн эх, хууль ёсны өв залгамжлагчдын хувьд ХХХтай хамтран хохирлыг хариуцан арилгах үндэстэй хэмээн үзэж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэн бид чинь аюулгүй орчинд тайван амьдрах, амьд явах баталгаа алдагдаад байна. Иймд ХХХ маркийн 64-38 УНЕ дугаарын автомашинд учирсан 8 045 000 төгрөгийн шууд зардал, 935 000 төгрөгийн шууд бус зардал, нийт 8 980 000 төгрөг, оршуулгын зардал, буяны ажилд зарцуулсан 11 970 450 төгрөг, өмгөөллийн зардалд 3 000 000 төгрөг, нийт 23 950 450 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХХХ шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...3амын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллагын дараах үүргийг гүйцэтгэнэ гэж заасан. Үүнд 8.1.1-т Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих, 8.1.2-т Замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах гэсэн 2 төрлийн үндсэн үүргийг зааж өгсөн. Хуульд зааснаар холбогдох эрх, үүргийг Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2015 оны А/190 тушаалаар Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам-аар зохицуулахаар баталж, журмыг мөрдөн ажиллаж байна.Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам-ын 3.1-т 3амын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа нь тэмдэг тэмдэглэл, хаалт хашилт, гэрлэн дохио, телекамерын удирдлага бүхий нэгдсэн систем, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашин, чанга яригч хэрэгсэл зэрэг техник төхөөрөмж ашигласан /цаашид хөдөлгөөн зохицуулалт гэх/, эсвэл замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу цагдаагийн ажилтан гарын хөдөлгөөн, биеийн байрлал, дохиурын заалтаар замын хөдөлгөөнийг зохицуулах /цаашид биечилсэн зохицуулалт гэх/ гэсэн 2 төрөлтэй байна гэж зааж, хөдөлгөөнийг биечлэн зохицуулах тохиолдлыг тодорхойлж өгсөн. Мөн журмын 4.2. Цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх үедээ дараах үндэслэлээр тээврийн хэрэгслийг зогсоож шалгана, 4.2.1-т Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, 4.2.2-т Эрэн сурвалжлахаар зарлан мэдээлэгдсэн, 4.2.3-т Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн тухай мэдээлэл ирсэн, 4.2.4-т Техникийн хувьд илт бүрэн бус, 4.2.5-д Тодорхой төрлийн зөрчлийг /мансууруулах эм, бодис болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хулгайн мод, мал мах тээвэрлэх/ илрүүлэх зорилгоор нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулах үед хөдөлгөөнд оролцож байгаа бол гэж тус тус заасан.Иймд нэхэмжлэлд дурдсан байдлаар тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үндэслэл байхгүй байна.
Замын цагдаагийн албанаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, уг үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасны дагуу дээр дурдсан үндэслэлээр тээврийн хэрэгслийг зогсоож холбогдох зөрчилд хяналт тавьж, хариуцлага ногдуулан ажилладаг. Гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нэхэмжлэлд дурдсан хуулийн заалтад заагдсан шаардлагыг хангасан, зохих техникийн хяналтын үзлэг оношилгооны дүгнэлтээр баталгаажиж гэрчилгээ авсан эсэхийг алба хаагч нүдээр хараад тодорхойлох боломжгүй бөгөөд хуульд зааснаар эрх бүхий байгууллага техник, тоног төхөөрөмжийн тусламжтай шалгаж зохих дүгнэлт, гэрчилгээгээр баталгаажуулах ёстой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд тээврийн хэрэгслийг ашиглахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлагыг зааж, 22.3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн хяналтыг авто тээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ, 22.4 дэх хэсэгт тээврийн хэрэгслийг эзэмшигч Монгол Улсад бүртгэлтэй механикжсан тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй, 22.6 дахь хэсэгт замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ гэж тус тус заасан. Нийслэлд өдөрт 285.000-320.000 машин, цаг үеийн нөхцлөөс шалтгаалж дээд талдаа 350.000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд өдөрт дунджаар 300 орчим алба хаагч ээлжээр хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалтанд ажиллаж байна. Нөхцөл байдалтай уялдуулж үзэхэд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нэг бүрийн нөхцөл байдал, үйлдлийг тодорхойлж хяналт тавих боломжгүй тул дээр дурдсан журам, иргэд олон нийтийн тусламж, оролцоотойгоор тэдгээрээс ирүүлж байгаа мэдээллийн дагуу зөрчил гаргагчийн үйлдлийг таслан зогсоох зэргээр хяналт шалгалтыг явуулж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зам тээврийн ослоос учирсан гэм хорын дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцна гэсэн байдаг. Замын цагдаагийн үүргээ гүйцэтгээгүйгээс болж хариуцлага хүлээнэ гэсэн зүйл заалт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч ХХХ, ХХХ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ХХХ нь ХХХг талийгаач хүү ХХХ-ын төрсөн эх, ХХХг талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч гэж үзэж нэхэмжлэл гаргаж, тэднээс 23,950,450 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар нь авто ослын улмаас амь насаа алдаж хорвоогоос одсон хүү, нөхрийнхөө ослын өмнөөс бусдад хохирол төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан Монгол улсын үндсэн хуулийн заалтууд ч хариуцагч нарт нэгэн адил үйлчилнэ. Осол гарахад төрсөн эхийнх нь хувьд, эхнэрийн хувьд ямар ч гэм буруутай байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч ХХХ, ХХХ, ХХХт тус тус холбогдох гэм хорын хохиролд 23 950 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.7-д зааснаар нэхэмжлэгч ХХХ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "... бид согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар үлээлгээд шалгадаг..." гэж , шүүгч ХХХ-ын эсрэг урсгалд явж байсан бүх машиныг санаж байна уу, яг юуг нь санаж байна вэ гэсэн асуултанд гэрч ХХХ мэдүүлэхдээ: " ...ер нь тийм машин явж байсныг санаж байна. Эсрэг урсгалд тандах багажаар шалгалт хийж байсан. Спорт загварын машин явж байхыг анзаарсан..." гэж мэдүүлсэн байдаг. Замын цагдаагийн албан хаагч тандагч багажаар үлээлгэж байгаа тохиолдолд 2 эгнээгээр зорчиж байсан тээврийн хэрэгслүүдийг бүгдийг нь зогсоож шалгадаг гэдгийг бид бүгд мэднэ. Хэрэв нэг эгнээг нь шалгаад нэг эгнээг нь шалгахгүй орхигдуулвал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ. Тухайн хэргийг эрүүгийн журмаар шалгах явцад замын камерын бичлэгийг хэрэгт нотлох баримтаар аваагүй нь мөн л замын цагдаагийн албан хаагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан байдаг. Хариуцагч тал нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар тайлбарлаж, хэргийн бодит үнэнийг нууж байна. Шүүх замын камерын бичлэг байгаа эсэх талаар үзлэг хийгээгүй. Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримт хангалтгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тухайн үед 61-60 УБН дугаарын тээврийн хэрэгсэлийг зогсоож чадаагүй, араас нь хөөж яваад ийм осол болсон талаар дрипт хийж байсан хүмүүс ярьсан байдаг. Ийм ч учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрч нарын эсрэг мэдүүлэг нь манай байгууллагыг буруутгах шалтгаан болж болзошгүй гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх талуудын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч ХХХ нь ХХХ, ХХХ болон ХХХт тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 23 950 450 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХ орчимд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 08 цагийн үед Subaru impreza /Субару импереза/ маркийн 61-60 УБН улсын дугаартай авто машиныг ХХХ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а, 8.4-д заасныг зөрчиж, Toyota allion /Тоёота аллион/ маркийн 64-38 УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөсний улмаас жолооч ХХХ, ХХХ нарын амь нас хохирч, зорчигч ХХХ-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна.
Тус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар 201624000730 дугаар бүхий эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаад Тээврийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 762 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр ХХХд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч ХХХ хариуцагч ХХХ, ХХХ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа... хариуцагч нар нь нас барагч ХХХ-ын хууль ёсны өв залгамжлагч гэсэн, ХХХт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа... замын хөдөлгөөнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлийг тус тус заажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар талийгаачийн нас барсан өдрөөс өв нээгдэх тул гомдлын шаардлага гаргах хугацаа хэдийд дууссан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ хэдийд шүүхэд гаргасан, хариуцагч нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар өв хүлээн авахаас татгалзсан эсхүл хүлээн авсан эсэхийг тодруулалгүйгээр гэм буруугийн асуудалд дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь буруу байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нараас өв залгамжлагчынх нь хувьд хохирол шаардсан байхад хариуцагч ХХХ, ХХХ нар уг осол гарахад нөлөөлсөн оролцоо байхгүй, гэм буруугүй байх тул нас барсан ХХХ-ын бусдад учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд буруу дүгнэлт болжээ.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т зааснаар ХХХ-ын үүрэг түүний нас барсан өдрөөр дуусгавар болж, нэхэмжлэгч түүнээс гэм хорын хохирол шаардах боломжгүй болсон.
Харин Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаачийн хууль ёсны өвлөгч нараас түүний учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байдаг. Иймд нас барагч болох жолооч ХХХтай хариуцагч ХХХ, ХХХ нар нь хамт амьдарч байсан эсэх, түүний эд хөрөнгийг өвлөн авсан эсэх, эд хөрөнгийг өвлөн авахаас татгалзсан эсэх үйл баримт хэрэгт ач холбогдолтой.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.
Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02164 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ц.ИЧИНХОРЛОО