| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2302005370317 |
| Дугаар | 2025/ДШМ/132 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 20.7.3.3., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/132
2025 01 23 2025/ДШМ/132
О.Т-, У.А-, О.Э- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч О.Т-, У.А-, тэдгээрийн өмгөөлөгч Д.Агар-Эрдэнэ, С.Ичинхорлоо, А.Баттуяа,
шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Л.Баттогтох,
шүүгдэгч О.Э-, түүний өмгөөлөгч Г.Тулга,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/813 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.А-, шүүгдэгч О.Т-, У.А- нарын өмгөөлөгч Д.Агар-Эрдэнэ, А.Баттуяа, С.Ичинхорлоо, шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Л.Баттогтох, шүүгдэгч О.Э-гийн өмгөөлөгч Г.Тулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Т-, У.А-, О.Э- нарт холбогдох эрүүгийн 2302005370317 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Т-,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн;
2. А-,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
3. Э-,
Шүүгдэгч О.Т-, У.А- нар нь бүлэглэн, худалдаалах зорилгогүйгээр хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас худалдан авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлэн олж авахаар тухайн бодисын төлбөрийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “Vietnam Technological and Commercial Joint Stock Bank” нэртэй банкны 19034719157011 тоот данс руу 875.000 төгрөгийг шилжүүлж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр илгээсэн 781279146772 дугаар ачаанд багтсан “Povidone lodine 10%” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай, 100 мл савлагаатай шингэн, тосорхог Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Эй Ди Би-Бутаника (АDB BUTANICA)-ын агууламжтай нийт 100.8234 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа Ди Эйч Эл (DHL) дэх гаалийн хяналтын бүсэд хүлээн авч улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт,
О.Т-, О.Э- нар нь бүлэглэн, худалдаалах зорилгогүйгээр хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэн олж авахаар тухайн бодисын төлбөрийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “Vietnam Technological and Commercial Joint Stock Bank” нэртэй банкны 19034719157011 тоот данс руу 3.092.000 төгрөгийг шилжүүлж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас олон улсын шуудан илгээмжээр 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр илгээсэн 781578709662 дугаар, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа Ди Эйч Эл (DHL) дэх гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон ачаанд багтсан “Povidone lodine 10%” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай, 100 мл савлагаатай 3 ширхэг, шингэн тосорхог Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Эй Ди Би-Бутаника (АDB BUTANICA)-ын агууламжтай нийт 365.3 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: У.А-, О.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар,
О.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.А-, О.Э- нарыг бусадтай бүлэглэж, худалдаалах зорилгоор хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Т-ийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэж, худалдаалах зорилгоор хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.А-ийг 6 (зургаа) жилийн хорих ялаар, Э-г 5 (тав) жилийн хорих ялаар, Т-ийг 6 (зургаа) жил 8 (найм) сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч У.А-д энэ тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) жилийн хорих ялд өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 (долоо) жилийн хугацаагаар, шүүгдэгч О.Т-д энэ тогтоолоор оногдуулсан 6 жил 8 сарын хорих ялд өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 1 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) жил 11 (арван нэг) сар 1 (нэг) хоногийн хугацаагаар тус тус тогтоон, шүүгдэгч У.А-, О.Э- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч О.Т-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-, У.А- нарын хүүхэд болох 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн 02 настай Т-ийн ***** асран хамгаалагчийг тогтоох асуудлыг шийдвэрлэхийг харьяалах Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж, эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах хүртэл хугацаанд бага насны хүүхэд Т.Г-ийг өөрийн асрамжид байлгах үүргийг шүүгдэгч У.А-ийн эцэг ***** хүлээлгэж, шүүгдэгч У.А-, О.Э-, О.Т- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би мэдлэггүй, хайхрамжгүй байдлаасаа үүдэн уг хэрэгт яллагдагчаар татагдаж хорих ялаар шийтгүүлсэндээ гүнээ харамсаж байна. Анхан шатны шүүх Гадаад хэргийн яамны гэрээ хэлэлцээрийн ажилтан гэрч О.***ийн АDB BUTANICA гэх бодисын талаар мэдүүлсэн “НҮБ-ын хар тамхийг хянах албанаас НҮБ-ын нарийн бичгийн газрын даргаар дамжуулан 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас Австрийн Вен хотод суух элчин сайдын яаманд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр болох талаар нот бичиг ирүүлсэн. Мөн энэ шийдвэрийг НҮБ-аас албан ёсоор ашигладаг www.unodc.org сайтад 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр оруулсан байсан гэх мэдүүлгийг няцаан албан үүргээ гүйцэтгэж үнэн, зөвөөр мэдүүлсэн гэрчийн мэдүүлгийг таамаг хэмээн тодотгож “Албажсан хууль ёсны нотолгоо, баримт хэрэгт авагдаагүй” гэх үндэслэлд дараах гомдлыг гаргаж байна. Хэргийг мөрдөж байсан Тагнуулын ерөнхий газрын мөрдөгч, дэслэгч М.Д- дээр дурдагдаж буй нот бичгийг хавсаргаагүй прокурорт шилжүүлсэн. Улсын яллагч Б.Энх-Эрдэнэ мөн дээрх нот бичгийн талаар мэдэж байсан ч огт дурдаагүй нь шат шатандаа яллах талыг хэт баримталсан хэмээн үзэж, хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоон цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Т-, У.А- нарын өмгөөлөгч Д.Агар-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эй Ди Би-Бутаника (АDB BUTANICA) гэх бодисын тухайд: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1-т “...“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг ..."Сэтгэцэд нөлөөлөх бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан ...” гэж тодорхойлсон.
Монгол Улсын 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Конвенцид нэгдэн орох тухай” хуулийн 1 дүгээр зүйлд “...Вена хотод 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг хүлээн зөвшөөрч, түүнд нэгдэн орсугай ...” гэж зохицуулсан. 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн “Е” хэсэгт ”... “Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэж I, II, III, IV жагсаалтад орсон байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлнэ ...” гэж заасан. Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба” United Nations Office on Drugs and Crime (UNODC) нь Австри Улсын Вен хотноо 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд “Мансууруулах бодисын асуудал эрхэлсэн комисс”-ын 66 дахь уулзалтыг зохион байгуулсан байна. “Мансууруулах бодисын асуудал эрхэлсэн комисс” нь 66 дахь удаагийн хуралдаанаар 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийг хуралдсан талаар Нийгэм, эдийн засгийн зөвлөлийн тайланд тусгажээ. Тодруулбал 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар хурлаар Мансууруулах бодисын асуудал эрхэлсэн комисс 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2-р жагсаалтад АDB BUTANICA-г оруулахаар 47 санал, түдгэлзсэн саналгүйгээр шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрийг гаргахдаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын саналыг авч үзсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь АDB BUTANICA бодисыг “...Каннабиноид рецепторын хүчтэй агонистын хувьд АDB BUTANICA нь ноцтой сөрөг нөлөө үзүүлэх чадвартай...” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх АDB BUTANICA гэх сэтгэцэд нөлөөлөх бодис нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон буюу Монгол Улсын нэгдсэн орсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан болох тогтоогдсон. 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар хурлаар Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н 2 дугаар жагсаалтад оруулсан бодисуудыг хүчин төгөлдөр үйлчлэлийн тухайд:
2023 оны 5 дугаар сар “Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба” United Nations Office on Drugs and Crime (UNODC): 2-метил-АП-237, этазен, этонитазепин, протонитазенд олон улсын хяналт тавих тухай Мансууруулах бодисын асуудал эрхэлсэн комисс /The Commission on Narcotic Drugs CND/-ын шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтын 2-т АDB BUTANICA, alpha-PiHP, 3-methylmethcathinone-ыг нэмэх тухай Мансууруулах бодисын асуудал эрхэлсэн комиссоос гаргасан шийдвэр 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр болно гэж Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба”-ын Лаборатори, шинжлэх ухааны албанаас мэдээлсэн байна. Мөн UNODC-ийн шинээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөлөх бодисын талаар зөвлөмждөө, Австри Улсын ВЕНА хотноо “Мансууруулах бодисын асуудал эрхэлсэн комисс”-ын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны хооронд болсон 66 дугаар чуулганы үеэр АDB BUTANICA, alpha-PiHP, 3-methylmethcathinone-г 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад оруулах тухай нэмэлт шийдвэр гаргасан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 13-нд хүчин төгөлдөр болсон талаар мэдээлсэн байна. Олон улсын гэрээнд заасны дагуу НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга гишүүн улсуудад аливаа жагсаалтын өөрчлөлтийг мэдэгдсэнээс хойш 180 хоногийн дотор хүчин төгөлдөр болохыг НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенц”-ын 2 дугаар зүйлийн 7-д заасан бөгөөд АDB BUTANICA гэх бодисыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зарласан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нь зарласнаас хойших 180 дахь өдөр болсон байна. Тодруулбал Олон улсын хар тамхины хяналтын зөвлөл /International narcotics control board/-ийн 2023 оны тайлангийн 2 дугаар бүлгийн “А” хэсгийн 2-т “Сэтгэцэд нөлөөлөх бодисууд” гэх хэсэгт дэлгэрэнгүй танилцуулсан байна. Тус хэсэгт “...66 дахь хуралдаанаар “Мансууруулах бодисын асуудал эрхэлсэн комисс” 66/5, 66/6, 66/7 шийдвэрүүдээр АDB BUTANICA, alpha-PiHP, 3-methylmethcathinone гэх бодисуудыг 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” жагсаалтын 2-т оруулахаар шийдвэрлэсэн. 1971 оны конвенцын дагуу хяналтад байгаа бодисын нийт тоог 170 болгосон...” гэжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн өдрөөс хойш 180 хоногийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүрэн хучин төгөлдөр болсон гэж цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Олон улсын хар тамхины хяналтын зөвлөлийн шинээр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын жагсаалтыг 2023 оны байдлаар танилцуулахдаа АDB BUTANICA гэх бодисыг “2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бүх оролцогч улсуудад мэдэгдсэн бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заасан байна. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтын 2-т АDB BUTANICA бодисыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга гишүүн орнуудад 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зарлаж, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр болсон нь тус конвенцын 2 дугаар зүйлд заасан “Бодист хяналт тавих хүрээ”-ны дагуу явагдсан болохыг харуулж байна. Хэрэв олон улсын хяналтад хараахан хамрагдаагүй боловч энэхүү конвенцын жагсаалтуудад нэмж оруулах шаардлагатай гэж үзэж байгаа аливаа бодист хамаарах мэдээлэл аль нэг тал, эсхүл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад байгаа бол энэ тухай Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж, тухайн мэдэгдлийг батлах мэдээллийг хүргүүлнэ. /2-р зүйл, 1 дэх хэсэг/ Ерөнхий нарийн бичгийн дарга тийм мэдэгдэл болон холбогдолтой гэж үзсэн мэдээллийг талууд болон Комисст, түүнчлэн мэдэгдлийг аль нэг тал өгсөн тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад дамжуулна. /2-р зүйл, 2 дахь хэсэг/ Хэрэв Дэлхийн эрүүл мэндийн байгууллага а) Тухайн бодис нь хараат байдлыг үүсгэх чадвартай, төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах чадвартай гэж үзвэл тухайн бодисын үнэлгээг гаргаж, Комисст мэдэгдэнэ. /4-р хэсэг/ Комисс нь үнэлгээг анагаах ухааны болон эрдэм шинжилгээний асуудалд шийдвэрлэх үүрэгтэй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдлийг харгалзан үзэж, уг асуудалд холбогдолтой гэж үзэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүй, захиргааны болон бусад хүчин зүйлийг харгалзан уг бодисыг I, II, III эсхүл IV жагсаалтад нэмж болно. /5-р хэсэг/ Энэ зүйлд заасны дагуу Комиссоос гаргасан аливаа шийдвэрийн тухай Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улс, гишүүн бус энэхүү конвенцын оролцогч улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хороонд мэдэгдэнэ. Уг шийдвэр нь тийнхүү мэдэгдсэн өдрөөс хойш 180 хоногийн дараа тал бүрийн хувьд бүрэн хучин төгөлдөр болно. /7 дахь хэсэг/ Өөрөөр хэлбэл АDB BUTANICA гэх бодисыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар хурлаар НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад оруулсныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга гишүүн орнуудад 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зарлаж, түүний хойш 180 хоногийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-д нэгдсэн орсон улсууд дагаж мөрдөх юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...”, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана...” гэж заасны дагуу тус хориглосон бодисын НҮБ-ын конвенцод багтсан байхыг шаардаж, түүнээс гэмт хэргийн шинж үүснэ. Мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-т “... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно ...” гэж заасан. Гэвч хэрэг учрал гарсан гэх 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдөр улсын хилээр хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг нэвтрүүлсэн гэж үзэж байгаа ч 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар АDB BUTANICA бодисыг НҮБ-ын конвенцын жагсаалтын 2-т оруулаагүй байсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-т “...Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална ...” гэж заасан. 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр АDB BUTANICA гэх бодис нь Монгол улсын хилээр нэвтрэх үед НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад нэмэлтээр АDB BUTANICA гэх бодисыг оруулсан нэмэлт шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байсан тул тухайн бодисыг нэвтрүүлсэн үйлдлийг Сэтгэцэд нөлөөлөх бодис улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайд шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ гаргаж буй хууль зүйн дүгнэлтийг шийдвэрийн 3 дугаар хэсэгт хийсэн байна. Өмгөөлөгчдөөс гэмт хараг гарсан хугацааг 2023 оны 7 дугаар сард гэж тодорхойлсон ба АDB BUTANICA гэх бодисыг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын жагсаалтад багтсан талаар 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрүүдэд хэлэлцэж шийдвэр гарч, оролцогч орнуудад 2023 оны 5 дугаар сард мэдэгдэж, мөн сарын 17-ны өдөр анхны нот бичиг ирсэн, 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болно гэж зохицуулагдсан байдаг. Конвенц хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан учраас шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж дүгнэлт гаргаж мэтгэлцсэнийг шүүх дараах үндэслэлээр хууль зүйн хувьд хүлээн аваагүй болно.
Олон Улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. "Монгол Улсын олон улсын гэрээ" гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах түүний төрөл, нэрээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог ойлгоно гэжээ. Монгол Улсын Олон улсын гэрээ 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцод Монгол Улс 1999 онд нэгдэн орсон байна. Гэрч О.*** өгсөн мэдүүлэгтээ “Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад АDB BUTANICA гэх бодисыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрүүдэд болсон НҮБ-ын хурлаар хэлэлцэж жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн. 2023 оны 03 дугаар сарын 17-нд шийдвэр гарснаас хойш 180 хоногийн дараа хүчин төгөлдөр болох талаар, мөн энэ шийдвэртэй холбоотойгоор НҮБ-ын хар тамхийг хянах албанаас НҮБ-ын нарийн бичиг нарын газрын дарга нараар дамжуулан 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас Австрийн Вен хотод суух элчин сайдын яаманд 2023 оны 11 дүгээр сарын 13-нд хүчин төгөлдөр болохоор ирүүлсэн байсан гэж мэдүүлжээ. Гэтэл хэрэгт гэрч О.***ийн мэдүүлгийн эх сурвалжийн талаар буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад АDB BUTANICA гэх бодисыг жагсаалтад нэмсэн талаар оролцогч орон болох Монгол Улсад мэдэгдсэн талаарх албажуулсан баримт хэрэгт байхгүй. Түүнчлэн гэрч О.***оос Монгол Улс НҮБ-аас гарсан шийдвэр болгоныг шууд хэрэгжүүлдэггүй зарим шийдвэртэй холбоотой дотоодын хууль тогтоомж гарсны дараа хэрэгжүүлэх үе байдаг гэж мэдүүлэх бөгөөд дээрх жагсаалтад АDB BUTANICA гэх бодисыг нэмэх шийдвэртэй холбогдуулан тэрхүү бодисын хувьд хүчин төгөлдөр болгох боломжгүй эсэх талаар Монгол Улсаас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дээрх хугацааны дотор бичгээр мэдэгдсэн эсэх талаар тодорхой бус байдалтай нөхцөл байдал байна. Тиймээс шүүх дангаар гэрч О. ***ийн өгсөн мэдүүлгийн зарим хэсэгт үндэслэж НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад АDB BUTANICA гэх бодисыг нэмж оруулсан шийдвэрийн хэрэгжсэн хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр тооцох боломжгүй юм. Нөгөө талаас шүүгдэгч нар нь АDB BUTANICA гэх бодисыг улсын хилээр 2023 оны 07 дугаар сарын 24, 28-ны өдрүүдэд нэвтрүүлсэн байх бөгөөд үүнээс өмнөх хугацаанд буюу 2023 оны 03 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын хурлаар хэлэлцэж АDB BUTANICA гэх бодисыг сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад оруулсан байна. Тиймээс албажсан, хууль ёсны нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх таамаглалд үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад АDB BUTANICA гэх бодисыг жагсаалтад нэмсэн шийдвэр нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжсэн гэж үзэн тэдэнд холбогдох хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд цагаатгах, ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл, нотолгоо баримтаар тогтоогдсонгүй. Түүнчлэн шүүгдэгч нарын улсын хилээр нэвтрүүлсэн бодис нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр хориглосон сэтгэцэд нөлөөт нь нотлогдсон байгааг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлэх боловч Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйгээс гадна, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгаа, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.” гэх хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Шүүхээс гэрч О.***ийн мэдүүлгээр АDB BUTANICA гэх бодисын тухай мэдээллүүд нотлогдсон. Гэтэл шүүхээс тухайн конвенцод нэгдсэн орсон Монгол улсад тухайн конвенцын 2 жагсаалтад оруулсан нэмэлт шийдвэрийн талаар мэдэгдсэн албажуулсан баримт байхгүй, мөн гэрчийн мэдүүлгээр Монгол улсад мэдэгдсэн эсэх нь тодорхой бус гэж дүгнэн гэрч О.***ийн мэдүүлгийн зарим хэсгийг нь үндэслэж байгаа нь ойлгомжгүй байна. 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар зүйлийн 7 дах хэсэгт “Энэ зүйлд заасны дагуу Комиссоос гаргасан аливаа шийдвэрийн тухай Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улс, гишүүн бус энэхүү конвенцын оролцогч улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хороонд мэдэгдэнэ. Уг шийдвэр нь тийнхүү мэдэгдсэн өдрөөс хойш 180 хоногийн дараа тал бүрийн хувьд бүрэн хүчин төгөлдөр болох боловч аль нэг бодисыг аль нэг жагсаалтад нэмэх шийдвэртэй холбогдуулан аливаа тал тухайн жагсаалтад орсон бодисуудад хэрэглэгдэх Конвенцын бүх заалтыг онцгой нөхцөл байдлын улмаас тэрхүү бодисын хувьд хүчин төгөлдөр болгох боломжгүй гэдгээ Ерөнхий нарийн бичгийн даргад дээрх хугацааны дотор бичгээр мэдэгдсэн бол энэ заалт уг талд хамаарахгүй. Ийм мэдэгдэлд энэхүү онцгой арга хэмжээ авах шалтгааныг заана. Тал бүр өөрийн мэдэгдлээс үл хамааран наад зах нь дор дурдсан хяналтын арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэхүү заалтад анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн боловч агууллагын хувьд зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэр гаргах үндэслэлээ болгосон тул тайлбар хийх нь зүйтэй байна. Тухайн заалт нь 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцод нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн дарга нь гишүүн улсууд болон гишүүн бус оролцогчид болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хороонд конвенцод нэмэлт өөрчлөлт орсон талаар мэдээллийг хүргэснээр тухайн улс, байгууллага, хороо нар нь тухайн конвенцыг дагаж мөрдөх үүргийнхээ дагуу нэмэлт өөрчлөлийг мөн адил дагаж мөрдүүлэх зорилготой юм. Мөн конвенцын нэмэлт өөрчлөлтийг гишүүн улсуудад хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тодорхой тусгасан бөгөөд мэдэгдсэнээс хойш 180 хоногийн дараа тал бүрийн хувьд хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг бөгөөд тухайн хугацаан дотор гишүүн улсууд нь нэмэлт өөрчлөлтийг өөрийн улсдаа онцгой нөхцөл байдлын улмаас дагаж мөрдөх боломжгүй гэдгээ Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн тохиолдолд тус 180 хоног үйлчлэхгүй буюу тухайн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан бодисыг сэтгэцэд нөлөөлөх бодис гэж үзэхгүй гэж агуулгатай юм. Гэтэл анхан шатны шүүхээс Олон улсын гэрээний зүйл заалтын агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...АDB BUTANICA гэх бодис нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар сэтгэцэд нөлөөлөх бодис гэж үзэх боломжгүй байсан бөгөөд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” 2 дугаар жагсаалтад нэмэлтээр орсон бодисуудын талаар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зарласан түүнээс хойш 180 хоног 2023 оны 11 сарын 13-ны өдөр байх бөгөөд тухайн өдрөөс хойш АDB BUTANICA гэх бодисыг сэтгэцэд нөлөөлөх бодис гэж үзэх боломжтой. Иймд У.А-, О.Т-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Т-, У.А- нарын өмгөөлөгч А.Баттуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх олон улсын гэрээг буруу тайлбарлан хэрэглэж буй тухайд, Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ ”, Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар' зүйлийн 33.1 дэх хэсэгт “Монгол Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн Монгол Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ”, 33.2 дахь хэсэгт “Монгол Улсын дээд шүүх шаардлагатай бол Монгол Улсын олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргана.”, 33.3 дахь хэсэгт “Гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар зөвлөмж өгч болно”, Дээд шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаар “Монгол Улсын олон улсын гэрээ болон одон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай” тогтоолын 10 дахь хэсэгт “Олон улсын гэрээг тайлбарлахад Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн 1969 оны Конвенцын зохицуулалтыг шүүхүүд баримтална. Олон улсын гэрээг тайлбарлахад хүндрэл учирвал Нэгдсэн Үндэстний байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын болон олон улсын бусад байгууллагын шийдвэр, эрхийн актыг ашиглах, олон улсын гэрээний хүчинтэй байх хугацаа, гэрээнд оролцогч улсын бүрэлдэхүүн, гэрээг хэрэглэж буй олон улсын практик зэрэг асуудлаар Гадаад хэргийн яамны гэрээ, эрх зүйн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас лавлагаа авч байвал зохино " гэж тус тус зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх гэрч О.***ийн мэдүүлгийн эх сурвалжийн талаар буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад АDB BUTANICA гэх бодисыг жагсаалтад нэмсэн талаар оролцогч орон болох Монгол Улсад мэдэгдсэн талаарх албажуулсан баримт хэрэгт байхгүй... ” гэж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж олон улсын гэрээний заалтын хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой баримтыг шаарддаггүйтэй нэгэн адил Монгол Улс тухайн конвенцын оролцогч орны хувьд Нэгдсэн Үндэстний байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын болон олон улсын бусад байгууллагын шийдвэр, эрхийн актыг ашиглан олон улсын гэрээний заалтын хүчинтэй байх хугацааг тогтоох боломжтой юм. Монгол Улсын Олон улсын гэрээ болох 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц нь хуульд заасны дагуу бусад дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилж байгаа ба шүүх үүнийг хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх эрх хэмжээ нь хуулиар олгогдсон байхад хэрэгт энэ тухай баримт байхгүй гэж дүгнэж буй нь олон улсын гэрээг хэрэглэхээс татгалзаж байна гэж ч үзэх үндэслэлтэй байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус хуульчилжээ. Аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг байхын хувьд хамгийн түрүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйлчлэлийн бүрэлдэхүүний шинжийг хангаж буй эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Үйлчлүүлэгч нарын холбогдоод буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэдэг нь нотлогдохын тулд уг гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх ёстой гэх урьдчилсан нөхцөл байх нь зүй ёсны юм. Энэ гэмт хэргийн шууд объект нь хууль тогтоогчийн зүгээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуулийн хамгаалалт дор хүн амын эрүүл мэндийг багтааснаар тодорхойлогддог. Гэмт хэргийн шууд объект нь мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлтэй холбоотой явуулж буй төрийн үйл ажиллагааны хэвийн байдал, бодлого байдаг. Тухайн гэмт хэргийн халдлагын зүйл нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл юм. Дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хэргийн бодит үйл явдал, хэрэгт авагдсан нотлох баримт, өнөөдөр Монгол Улсын төдийгүй олон улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжтой нэгтгэн дүгнэн үзвэл О.Т-, У.А- нарын цахимаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас АDB BUTANICA гэх бодисыг 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдөр худалдан авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектын шинжийг хангахгүй байна. Учир нь Байгалийн шинжлэх ухааны хувьд наркотик гэдэг нь “narkotikos” гэсэн мансууруулах, мэгдэх, бэгтрэх гэсэн Грек хэлнээс гаралтай үг бөгөөд мансуурахад хүргэдэг ургамлын болон синтетик гарал үүсэл бүхий янз бүрийн бодисын бүлэг хэрэглэгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл мансуурах нөлөө үзүүлдэг, хэт баярласан жаргалтай мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодис гэж ойлгоно. Гэвч хууль зүйн хувьд энэхүү ойлголтыг арай явцуу утгаар Сэтгэцэд нөлөөтөх бодис, эм бэлдмэлд 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц, олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсад хяналтад байлгах бодисын жагсаалтад орсон байгалийн болон нийлэгжүүлсэн гарал үүсэлтэй эм, бэлдмэл, хэрэглэгдэхүүнийг ойлгодог. НҮБ-ээс батлан гаргасан 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын т>хай конвенцын I, II, III, IV жагсаалтад “Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэдэг ангилалд багтах байгалийн ба нийлэг гаралтай төрөл зүйлийг ойлгохоор тогтоосон. Тодруулан авч үзвэл, Мансууруулах бодисын асуудал эрхэлсэн Комиссын 2023 оны 03 дугаар сарын 66 дугаар хуралдаанаар “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын жагсаалтын 2-т гурван бодисыг нэмж оруулахаар шийдвэрлэсний нэг нь АDB BUTANICA бөгөөд энэхүү өөрчлөлтийг холбогдох байгууллагаас албан ёсны мэдэгдэл гаргаснаас хойш журамд заасны дагуу 180 хоногийн дараа хүчинтэй болохоор шийдвэрлэсэн нийтэд ил тод мэдээлэл юм. Аливаа хэм хэмжээ, эрх зүйн зохицуулалт нь цаг хугацааны хувьд хуулийн хүчин төгөлдөр болсон тэр үеэс хойш тэдгээрт заасан зохицуулалтыг нийтээр дагаж мөрдөх ёстой. Хэрэв ямар нэгэн бодис хэрэглэснээс хүний сэтгэцэд нөлөөлж мансуурсан, түүнийг хилээр нэвтрүүлсэн бол тухайн бодис нь дээрх жагсаалт болон Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенц, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцын хавсралт жагсаалтад ороогүй бол тухайн бодист тооцогдохгүй юм.
Анхан шатны шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэмт буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна” гэж дүгнэсэн хэрнээ “... оролцогч орон болох Монгол Улсад мэдэгдсэн талаарх албажуулсан баримт хэрэгт байхгүй”, “... шүүх дангаар гэрч О.***ийн өгсөн мэдүүлгийн зарим хэсэгт үндэслэж НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад АDB BUTANICA гэх бодисыг нэмж оруулсан шийдвэрийн хэрэгжилтийн хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр тооцох боломжгүй юм...” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг зөрчиж байна. Мөн гэрч О.*** гэх этгээд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрч мөн боловч нөгөө талаар Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, Дээд шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр “Монгол Улсын олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай тогтоолд тус тус зааснаар Монгол Улсын олон улсын гэрээг зөв хэрэглэх, түүнтэй холбоотой тодруулгыг хуульд заасны дагуу мэдээлэх эрхтэй этгээдийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг шүүх бүрэн үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Миний үйлчлүүлэгч О.Т-, У. А- нар нь Монгол Улсын иргэнийхээ хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14 дах хэсэгт зааснаар “ ..шударга шүүхээр шүүлгэх, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд заасан “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйлд заагдсан “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй” байх боловч анхан шатны шүүхийн шийдвэр нь эдгээр эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийн миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Т-, У.А- нарын өмгөөлөгч С.Ичинхорлоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дугаарт хууль зүйн дүгнэлтийг бичсэн байх бөгөөд “...гэрч О.***оос өгсөн мэдүүлэгтээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын” 2 дугаар жагсаалтад АDB BUTANICA гэх бодисыг 2023 оны 03 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд болсон НҮБ-ын хурлаар хэлэлцэж жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн, 2023 оны 03 дугаар сарын 17-нд шийдвэр гарснаас хойш 180 хоногийн дараа хүчин төгөлдөр болох талаар, мөн энэ шийдвэртэй холбоотойгоор НҮБ-ын хар тамхийг хянах албанаас НҮБ-ын нарийн бичиг нарын газрын дарга нараар дамжуулан 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас Австрийн Вен хотод суух элчин сайдын яаманд 2023 оны 11 дүгээр сарын 13-нд хүчин төгөлдөр болохоор ирүүлсэн байсан гэж мэдүүлжээ ...Гэтэл хэрэгт гэрч О.***ийн мэдүүлгийн эх сурвалжийн талаар буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад АDB BUTANICA гэх бодисыг жагсаалтад нэмсэн талаар оролцогч орон болох Монгол Улсад мэдэгдсэн талаарх албажуулсан баримт хэрэгт байхгүй.
Түүнчлэн гэрч О.***оос “...Монгол улс НҮБ-с гарсан шийдвэр болгоныг шууд хэрэгжүүлдэггүй, зарим шийдвэртэй холбоотой дотоодын хууль тогтоомж гарсны дараа хэрэгжүүлэх үе байдаг гэж мэдүүлэг бөгөөд дээрх жагсаалтад АDB BUTANICA гэх бодисыг нэмэх шийдвэртэй холбогдуулан тэрхүү бодисын хувьд хүчин төгөлдөр болгох боломжгүй эсэх талаар Монгол улсаа НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн даргад дээрх хугацааны дотор бичгээр мэдэгдсэн эсэх талаар тодорхой бус байдалтай нөхцөл байдал байна. Тиймээс шүүх дангаар гэрч О.***ийн өгсөн мэдүүлгийн зарим хэсэгт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н 2 дугаар жагсаалтад АDB BUTANICA гэх бодисыг нэмж оруулсан шийдвэрийн хэрэгжсэн хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр тооцох боломжгүй юм.” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Гэрч О.***ийн мэдүүлгээр "... мөн энэ шийдвэртэй холбоотойгоор НҮБ-ын хар тамхийг хянах албанаас НҮБ-ын нарийн бичиг нарын газрын дарга нараар дамжуулан 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас Австрийн Вен хотод суух элчин сайдын яаманд 2023 оны 11 дүгээр сарын 13-нд хүчин төгөлдөр болохоор ирүүлсэн байсан” гэж мэдүүлсэн боловч анхан шатны шүүх дүгнэлтдээ Монгол Улсад мэдэгдсэн талаарх албажуулсан баримт хэрэгт байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх гэрч О.***ийн мэдүүлгийн эх сурвалж нь Гадаад харилцааны яамны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09/5184 дүгээр албан бичгээр баталгаажсан байдаг. Тухайн албан бичигт “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцын 2 дугаар хавсралтад “АDB BUTANICA” сэтгэцэд нөлөөт бодисыг оруулахаар шийдвэрлэсэнтэй холбоотой мэдээллийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийг дарга нарын газраас 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр холбогдох нот бичгээр уламжилсан байна” гэж маш тодорхой хариуг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын даргад хүргүүлсэн байдаг. /4хх 215/ Гэвч анхан шатны шүүх дээрх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрч О.***ийн мэдүүлгийн эх сурвалжийг баталгаажуулах баримтыг огт анхаарч үзэлгүй, "...Монгол Улсад мэдэгдсэн талаарх албажуулсан баримт хэрэгт байхгүй” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 8-ны өдрийн 24 дугаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай” тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.2-т “...гэм буруутай эсэхэд гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ. Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна..." гэж заасан. Гэвч дээрх үндэслэлээр “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцын 2 дугаар хавсралтад АDB BUTANICA сэтгэцэд нөлөөт бодисыг оруулах шийдвэр нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр болсон талаар гэрч О.*** мэдүүлж, Гадаад харилцааны яамны бичиг хэрэгт авагдан байхад анхан шатны шүүх “тодорхой бус байдалтай нөхцөл байдал байна” гэж үзэн гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт цугларсан баримтууд нь эргэлзээтэй байхад, мөн шүүх өөрөө дүгнэлтдээ эргэлзээтэй мэтээр дүгнэсэн атлаа миний үйлчлүүлэгч нарт хэргийг ашигтайгаар шийдвэрлээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дугаарт хууль зүйн дүгнэлтийг бичсэн байх бөгөөд тус дугаарын 3.1-д аль нэг бодисыг аль нэг жагсаалтад нэмэх шийдвэртэй холбогдуулан аливаа тал тухайн жагсаалтад орсон бодисуудад хэрэглэгдэх конвенцын бүх заалтыг онцгой нөхцөл байдлын улмаас тэрхүү бодисын хувьд хүчин төгөлдөр болгох боломжгүй гэдгээ Ерөнхий нарийн бичгийн даргад дээрх хугацааны дотор бичгээр мэдэгдсэн бол энэ заалт уг талд хамаарахгүй. Ийм мэдэгдэлд энэхүү онцгой арга хэмжээ авах шалтгааныг заана. Тал бүр өөрийн мэдэгдлээс үл хамааран наад зах нь дор дурдсан хяналтын арга хэмжээг хэрэгжүүлнэ, 9-д Энэхүү конвенцод үл хамаарагдах боловч сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэхэд ашиглаж болох бодисын хувьд талууд амьдралд хэрэгжүүлэх боломжтой хяналтын арга хэмжээг хэрэглэх талаар бүхий л хүчин чармайлтаа гаргана гэжээ. ...Гэрч О.*** “Монгол Улс НҮБ-аас гарсан шийдвэр болгоныг шууд хэрэгжүүлдэггүй, зарим шийдвэртэй холбоотой дотоодын хууль тогтоомж гарсны дараа хэрэгжүүлэх үе байдаг гэж мэдүүлэх бөгөөд дээрх жагсаалтад АDB BUTANICA гэх бодисыг нэмэх шийдвэртэй холбогдуулан тэрхүү бодисын хувьд хүчин төгөлдөр болгох боломжгүй эсэх талаар Монгол Улсаас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дээрх хугацааны дотор бичгээр мэдэгдсэн эсэх талаар тодорхой бус байдалтай нөхцөл байдал байна.” гэх дүгнэлтэд хэрэглэсэн хуулийн заалтын энэхүү хэсэг нь хэрэглэх ёсгүй хэсэг бөгөөд тухайн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Энэ заалтын хэсэг нь зөвхөн шийдвэрийг тухайн улс хүчин төгөлдөр болгох боломжгүй гэдгийг илэрхийлсэн тохиолдолд хэрэгжих зохицуулалт хэргийн хувьд хэрэглэх огт шаардлагагүй хуулийн зохицуулалт байна. Түүнчлэн, хэрэгт цугларсан баримтууд болох гэрч О.***ийн мэдүүлэг, Гадаад харилцааны яамны албан бичиг зэргээр Монгол Улс дээрх шийдвэрийг хүчин төгөлдөр болгох боломжгүй гэдгийг Ерөнхий нарийн бичгийг дарга бичгээр мэдэгдэж байсан эсэх талаар нэг ч үг, өгүүлбэр дурдаагүй байдаг. ...1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн “Е” хэсэгт “... “Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэж I, II, III, IV жагсаалтад орсон байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлнэ...”, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар хурлаар Мансууруулах бодисын асуудал эрхэлсэн комисс 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад АDB BUTANICA-г оруулахаар 47 санал, түдгэлзсэн саналгүйгээр шийдвэр гаргасан байдаг. Харин Монгол улсын Олон улсын гэрээ болох Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 2 дугаар зүйлийн 7-д “энэ зүйлд заасны дагуу Комиссоос гаргасан аливаа шийдвэрийн тухай Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улс, гишүүн бус энэхүү конвенцын оролцогч улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон хороонд мэдэгдэнэ. Уг шийдвэр нь тийнхүү мэдэгдсэн өдрөөс хойш 180 хоногийн дараа тал бүрийн хувьд бүрэн хүчин төгөлдөр болох...” гэж заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны дөр хүчин төгөлдөр болсон байх тул 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно ..." гэж мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д “...Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан. нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална ... гэж. мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч. шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж, хуулийн 39 дүгээр зүйлийн 1 -д “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө.” гээд, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн;” гэж тус тус заасны дагуу анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэн, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Л.Баттогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Т- нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн”, 39.4 дүгээр зүйлийн 4 дэх заалт “Шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу давж заалдах гомдол, эсхүл эсэргүүцэл гаргасан тал гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлах, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн саналыг сонсоно", 39.6 дугаар зүйлийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол; мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн “Шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтэц 3 дугаар хэсэг "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." 36.7 дугаар зүйлийн "2.3 дахь хэсэг "шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл "-ийг тодорхой ойлгомжтой эргэлзээгүй байхаар хуульчилсан байх тул шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Э-, түүний өмгөөлөгч Г.Тулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн гаргасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад шүүгдэгч О.Э-г гэм буруутай гэж үзсэн. Хэргийг урьд нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Олон улсын хэм хэмжээ, түүний зүйлчлэл Монгол Улсад хэрхэн, хэзээ хүчин төгөлдөр үйлчлэх вэ гэсэн асуудлыг нэг мөр нотлон тогтоох шаардлагатай буюу Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “АDB BUTANICA” гэх бодис хэзээнээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг тогтоох шаардлага үүслээ гэж анхан шатны шүүх үзээд тодорхой ажиллагаа хийлгэхээр 30 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Тус шийдвэрээр Гадаад харилцааны яамны олон улсын гэрээ, эрх зүйн газраас зохих албан тушаалтныг гэрчээр байцаахаар болж энэхүү үүргийг прокурорт даалгасан. Гэтэл прокурор сүүлийн 29 дэх хоног дээр нь Гадаад харилцааны яамны ажилтан О.***ийг гэрчээр байцаасан. Гэрчийн мэдүүлгээр 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэж мэдүүлсэн. Энэхүү мэдүүлгээр миний үйлчлүүлэгч О.Э-гийн үйлдэл нь хамааралгүй болох нь тогтоогдсон байхад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Гэрч О.***ийн мэдүүлгээр “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ” гэж мэдүүлсэн. Энэхүү мэдүүлэг нь миний үйлчлүүлэгч О.Э-г цагаатгах гол баримт. Анхан шатны шүүх энэ үйл баримтыг үнэлж дүгнэхдээ санаатай юу, санамсаргүй байдлаар ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрч О.***ийн мэдүүлгийг бусад баримтаар нотлон тогтоогдохгүй байна, таамаглал төдий байна гэж үзсэн нь үндэслэлгүй. /шийтгэх тогтоолын 30 дугаар талд/ Анхан шатны шүүхээс няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй шүүхийн гаргасан дүгнэлтэд эсрэгээр ноцтойгоор нөлөөлөх нөхцөл байдлыг анзаарч үзэлгүй орхигдуулсан. Тодруулбал гэрч О.*** мэдүүлэхдээ "... тус бодисыг жагсаалтад оруулж..., ...НҮБ-ын нарын бичгийн дарга нараар дамжуулан 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас Австрийн Вен хотод суух элчин сайдын яаманд 2023 оны 11 дүгээр сарын 13-нд хүчин төгөлдөр болохоор ирүүлсэн байсан...” гэж мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх дүгнэлтдээ “ ... Монгол Улсад мэдэгдсэн талаарх албажуулсан баримт хэрэгт байхгүй...” “...тэрхүү бодисыг хүчингүй болгох эсэх талаар Монгол Улсаас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дээрх хугацааны дотор бичгээр мэдэгдсэн эсэх талаар тодорхой бус байдалтай нөхцөл байдал байна...” “...албажсан, хууль ёсны нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх таамаглалд үндэслэн “АDB BUTANICA” гэх бодисыг жагсаалтад нэмсэн шийдвэр нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжсэн гэж үзэн тэдэнд холбогдох хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд цагаатгах, ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл, нотолгоо баримтаар тогтоогдсонгүй...” гэсэн үндэслэлүүдээр гэрч О.***ийн мэдүүлгийг үндэслэл болгохгүй гэсэн. Энэ нь хэргийг тал бүрээс яллах, цагаатгах нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хуулийн дагуу явагдаагүй, өөрөөр хэлбэл мөрдөгч, улсын яллагчийн зүгээс яллах талыг хэт барьсныг харуулж байна. Гэрч О.*** дээрх мэдүүлгийг өгч байгаа нөхцөлд заавал НҮБ-ын нарын бичиг нарын газрын дарга нараар дамжуулан 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас Австрийн Вен хотод суух элчин сайдын яаманд 2023 оны 11 дүгээр сарын 13-нд хүчин төгөлдөр болохоор ирүүлсэн байсан эсэхийг, Монгол Улсад мэдэгдсэн талаарх албажуулсан баримт байгаа эсэхийг мухарлан шалгах нь прокурор, мөрдөгч нарыг үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн /Прокурорын хянан шалгах ажиллагаа/ 1-д Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор, өөрийн санаачилгаар гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулж болно.” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдааныг хойшлуулсан 30 хоног дотор явуулсан бол гэрч О.***ийн мэдүүлэг давхар баримтаар нотлогдож, цагаатгах талын баримт баталгаажих байсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар гэсэн заалтыг зөрчсөн. Шийтгэх тогтоолын 32 дугаар талд “...улсын хилээр нэвтрүүлсэн шингэн буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготой байна, шүүгдэгч нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэж зөвтгөн шийдвэрлэв...” гэж яллах дүгнэлтэд тусгагдаагүй буюу “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор” гэсэн үйл баримтыг нэмж тусгасан нь “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан заалтыг зөрчсөн. Тодруулбал шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг ялган зааглаж дүгнэлтийг хийх ёстой. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхой дүгнээгүй байсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, ...” гэж заасанд нийцээгүй яллах дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Тус яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтэд тусгаагүй баримтуудыг үндэслэл болгож бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нар өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйгээс гадна, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч О.Э- нь мэдүүлэхдээ “хэн нэгэнтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй талаараа” тогтвортой мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх “...тухайн бодисыг захиалдаг хаягийг О.Э- нь О.Т-, У.А- нарт зааж өгсөн” зэргээр шүүгдэгч О.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 1 мэдүүлэгт үндэслэж бүлэглэсэн гэж үзэж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан заалтыг зөрчсөн. Өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд огтоос дурдаагүйд гомдолтой байна. Өмгөөлөгчийн зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-р дугаар зүйлийн 3-д Гэмт хэрэг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, хэрэгт цугларсан үйл баримтаар О.Т-ийн хүсэлтийн дагуу захисан Вэбний шингэн гэх зүйлд хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн орц найрлага байж магадгүй юм байна гэсэн үүднээс тус илгээмжийг авахаас миний үйлчлүүлэгч О.Э- сайн дураар татгалзсан, энэ нөхцөл нь гэрчээр мэдүүлэг өгсөн шуудангийн ажилтан Б.Отгонтуяагийн мэдүүлгээр /1 дэх хавтаст хэргийн 244-246 дахь тал1 давхар нотлогдон тогтоогдсон, О.Э- тус илгээмжийг гадаад улсаас захиснаар гэмт хэрэг үйлдэж төгсгөсөн биш, харин гар дээр илгээмжийг гардан авснаар үйлдэл төгсөх бөгөөд энэ үйлдлээсээ сайн дураараа татгалзсан" гэсэн агуулга бүхий өмгөөллийн санал, саналын үндэслэл болгосон баримтыг анхан шатны шүүх няцаан үгүйсгээгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2023 онд электроник тамхины шингэнг олон улсад зардаг гэж Вьетнам дэлгүүрээс захиалсан. Нэмэлтээр аливаа ямар нэгэн бодис нэмж захиалаагүй. Хамгийн анх 2023 онд Шүүх шинжилгээний хариунаас Эй Ди Би-Бутаника (АDB BUTANICA) бодисын талаар мэдсэн. Өмгөөлөгч нарын гаргасан саналыг үндэслэн бидэнд нааштайгаар шийдэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өмгөөлөгч нарын зүгээс шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг болон тодорхойлох хэсэгт дурдаж буй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н 2 дугаар зүйлийн 7 болон 9 дүгээр хэсгийг тусгаж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гээд байна. Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцыг дээд шүүх тайлбарлана гэдэг агуулгаар яриад, анхан шатын шүүх тайлбарлаад тогтоолдоо тусгасан мэт агуулгыг шүүхэд танилцуулаад байна. Анхан шатын шүүхээс энэхүү конвенцын 2 дугаар зүйлийн 7 болон 9 дүгээр хэсгийг тайлбарлаагүй. Тусгагдсан байдлаар нь орчуулгын хэлбэрээр нь тогтоолд тусгаж өгснөөс албан ёсны тайлбар дурдаагүйг сануулмаар байна. Гэмт хэрэг гарсан цаг хугацааны явцад Эй Ди Би-Бутаника (АDB BUTANICA)-ын бодис нь хоёрдугаар жагсаалтад байсан эсэхийг шинжээч тогтоосон. 2023 оны 7 сард улсын хилээр дээрх бодисыг нэвтрүүлсэн гэж үзсэн. Шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж асуухад Нэгдсэн үндэстний байгууллагаас албан ёсоор ашигладаг www.unodc.org гэх сайт руу ороод жагсаалтаас харахад хоёрдугаар жагсаалтад багтсан байсан тул дээрх дүгнэлтийг гаргасан гэж мэдүүлсэн. 180 хоногийн дараа хүчин төгөлдөр болсон гэх агуулгыг яриад байгаа болов ч энэхүү бодисыг 2023 оны 3 дугаар сард жагсаалтад багтаах талаар шийдвэр гарчихсан байсан. 2023 оны 8 дугаар сард шинжээч дүгнэлт гаргах явцад тухайн жагсаалтад байсан үйл баримт байдаг. Дараагийн агуулгын хувьд энэхүү оруулж ирээд байгаа бодисыг хар тамхи байсан гэдгийг шүүгдэгч нар мэдээгүй байсан, зөвхөн вэбний шингэн гэж захиалсан гэх зүйлийг ярьж байгаа. Гэвч өнөөдөр Монгол Улсад зах зээл дээр зарагдаж байгаа вэбний шингэн хэдэн төгрөг байдаг вэ гэдгийг бид бүхэн нийтэд илэрхий мэдэж байна. Гэтэл шүүгдэгч нар нь нийт гурван удаагийн үйлдлээр 300 грамм орчим шингэнийг авахдаа эхний удаа 875.000 төгрөг, хоёр дахь удаа 3.072.000 төгрөг буюу нийт 3-4 сая төгрөг шилжүүлсэн байгаа нь өөрөө бодит зах зээл дээр зарагдаж байгаа вебийг авах гэж байсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хоорондын харилцан фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэлүүд дээр сэтгэц нөлөөлөх, мансууруулах бодисыг авч байгааг мэдсэн ухамсарласан байдлууд тодорхой харагддаг. Дараагийн асуудлын хувьд С.Ичинхорлоо өмгөөлөгч ярьж байна. Шүүх гэрч н.***ийн мэдүүлэг нь эргэлзээтэй байхад шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдсэнгүй гээд байна. Энэ нь өөрөө цагаатгах талын нотлох баримтын эргэлзээг үүсгэсэн болохоос яллах талын нотлох баримтын эргэлзээг үүсгээгүй тул шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлээгүй нь зарчмын хувьд болон хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн Л.Баттогтох өмгөөлөгчийн зүгээс Эй Ди Би-Бутаника эмийн жагсаалтад багтсан гэж яриад байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын үндэслэсэн болохоос 1961 оны мансууруулах эмийн конвенцыг үндэслээгүй. Монгол Улсад эмийн жагсаалтад зөвшөөрсөн 1200 гаруй бодисын нэг нь Бутаника бодис гэж яриад байгаа боловч Бутаника (бодис нь дотроо олон төрөлтэй. Энэхүү батлагдсан хориглосон бодисын жагсаалтад орсон гээд байгаа Бутаника нь Эй Ди Би-Бутаника (АDB BUTANICA) бодис гэх тодорхойлолттой байгаа. Түүнчлэн шүүгдэгч О.Э-гийн өмгөөлөгч Г.Тулга шүүх хуралдааныг 30 хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн хугацаанд гэрч н.***ийг 29 дэх хоног дээр прокурор асуусан гээд байна. Мөрдөн шалгах ажиллагааг шүүхийн тогтоолд заасны дагуу мөрдөн шалгах эрх бүхий байгууллагаас явуулдаг болохоос прокурор мэдүүлэг авах ажиллагааг огт хийгээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Прокурорт мэдүүлэг авах эрх хэмжээ байхгүй. Энэхүү мэдүүлэг авч байгаа агуулга нь гадаад харилцааны харилцааны яамнаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд тухайн албан бичгийг боловсруулсан ажилтан нь Н.*** гэх хүн байсан, гадаадад томилолттой байсан тул ирсэн өдөр нь 29 дэх хоног дээр таарсан. Түүнээс яллах талыг барьж 29 дэх хоногт нь багтааж мэдүүлэг авсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад шүүгдэгч О.Т-д өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэл 03 сар 01 хоногийг нэмж оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол 03 дугаар сард хүчин төгөлдөр болоод шүүгдэгч О.Т- цахим гавыг зүүсэн байсан. Прокуророос шүүх рүү хэргийг шилжүүлэхийн өмнө ялын үлдэгдлийг хянаж үзэхэд 3 жил 1 сар байсан. Энэ хэргийн шүүх хуралдаан 2024 оны 11 сард болсон. Шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгч О.Т- 01 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг эдлээд дуусчихсан нөхцөл байдал байхад ялыг нэмж оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3дахь заалтад нэмж нэгтгэсэн ялыг өөрчлөх байдлаар буюу өөрчлөлт оруулж өгнө үү. ...”гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Т-, У.А-, О.Э- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч У.А-, шүүгдэгч О.Т-, У.А- нарын өмгөөлөгч Д.Агар-Эрдэнэ, А.Баттуяа, С.Ичинхорлоо, шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Л.Баттогтох, шүүгдэгч О.Э-гийн өмгөөлөгч Г.Тулга нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос О.Т-, У.А- нарыг бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт, О.Т-, О.Э- нарыг бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд: “...Хэрэгт гэрч О.***ийн мэдүүлгийн эх сурвалжийн талаар буюу Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад “Эй Ди Би Бутаника” /ADB-BUTANICA/ гэх бодисыг жагсаалтад нэмсэн талаар оролцогч орон болох Монгол Улсад мэдэгдсэн талаарх албажуулсан баримт хэрэгт байхгүй, түүнчлэн гэрч О.***оос “...Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагаас гарсан шийдвэр болгоныг шууд хэрэгжүүлдэггүй, зарим шийдвэртэй холбоотой дотоодын хууль тогтоомж гарсны дараа хэрэгжүүлэх үе байдаг гэж мэдүүлэх бөгөөд дээрх жагсаалтад Эй Ди Би Бутаника /ADB-BUTANICA/ гэх бодисыг нэмэх шийдвэртэй холбогдуулан тэрхүү бодисын хувьд хүчин төгөлдөр болгох боломжгүй эсэх талаар Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад дээрх хугацааны дотор бичгээр мэдэгдсэн эсэх талаар тодорхой бус байдалтай нөхцөл байдал байна. Тиймээс шүүх дангаар гэрч О.***ийн өгсөн мэдүүлгийн зарим хэсэгт үндэслэж Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад Эй Ди Би Бутаника /ADB-BUTANICA/ гэх бодисыг нэмж оруулсан шийдвэрийн хэрэгжсэн хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс тооцох боломжгүй. ...” гэх үндэслэл зааж, шүүгдэгч У.А-, О.Э- нарыг бусадтай бүлэглэж, худалдаалах зорилгоор хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, шүүгдэгч О.Т-ийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэж, худалдаалах зорилгоор хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ ”, Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар' зүйлийн 33.1 дэх хэсэгт “Монгол Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн Монгол Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ”, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай “Монгол Улсын олон улсын гэрээ болон Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай” тогтоолын 10 дахь хэсэгт “Олон Улсын гэрээг тайлбарлахад Олон Улсын гэрээний эрх зүйн тухай Венийн 1969 оны Конвенцын зохицуулалтыг шүүхүүд баримтална. Олон улсын гэрээг тайлбарлахад хүндрэл учирвал Нэгдсэн Үндэстний байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын болон Олон Улсын бусад байгууллагын шийдвэр, эрхийн актыг ашиглах, олон улсын гэрээний хүчинтэй байх хугацаа, гэрээнд оролцогч улсын бүрэлдэхүүн, гэрээг хэрэглэж буй олон улсын практик зэрэг асуудлаар Гадаад хэргийн яамны гэрээ, эрх зүйн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас лавлагаа авч байвал зохино " гэж тус тус зохицуулжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, Мансууруулах эмийн асуудал эрхэлсэн комисс нь 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар хуралдаанаараа Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н 2 дугаар жагсаалтад “АDB BUTANICA” гэх бодисыг оруулахаар шийдвэрлэжээ. /1хх 146/
Энэ талаар Нэгдсэн Үндэстний байгууллагын нарийн бичгийн дарга нарын газраас 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр холбогдох нот бичгээр уламжилсан талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09/5184 дугаар албан тоот /4хх 215/ авагдсан байх бөгөөд Олон Улсын хар тамхины хяналтын зөвлөлийн шинээр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын жагсаалтыг 2023 оны байдлаар танилцуулахдаа АDB BUTANICA гэх бодисыг “2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бүх оролцогч улсуудад мэдэгдсэн бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заажээ.
Үүнтэй холбоотой Гадаад харилцааны яамны гэрээ эрх зүйн газрын зөвлөх О.*** “...энэ тухай шийдвэрийн Нэгдсэн Үндэстний байгууллагаас албан ёсоор ашигладаг www.unodc.org веб сайт дээр 2023 оны 11 дүгээр сарын 13-нд оруулсан байсан. ...Шийдвэртээ холбоотойгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын хар тамхийг хянах албанаас нарийн бичгийн газрын дарга нараар дамжуулан 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Австрийн Вен хотод суух элчин сайдын яаманд 2023 оны 11 дүгээр сарын 13-нд хүчин төгөлдөр болохоор ирүүлсэн байсан.. ...” /4хх 219-221/ гэх мэдүүлгийг өгсөн байх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар зүйлийн 7-д “Энэ зүйлд заасны дагуу Комиссоос гаргасан аливаа шийдвэрийн тухай Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улс, гишүүн бус энэхүү конвенцийн оролцогч улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хороонд мэдэгдэнэ. Уг шийдвэр нь тийнхүү мэдэгдсэн өдрөөс хойш 180 хоногийн дараа тал бүрийн хувьд бүрэн хүчин төгөлдөр болох боловч аль нэг бодисыг аль нэг Жагсаалтад нэмэх шийдвэртэй холбогдуулан аливаа тал тухайн жагсаалтад орсон бодисуудад хэрэглэгдэх Конвенцийн бүх заалтыг онцгой нөхцөл байдлын улмаас тэрхүү бодисын хувьд хүчин төгөлдөр болгох боломжгүй гэдгээ Ерөнхий нарийн бичгийн даргад дээрх хугацааны дотор бичгээр мэдэгдсэн бол энэ заалт уг талд хамаарахгүй. Ийм мэдэгдэлд энэхүү онцгой арга хэмжээ авах шалтгааныг заана. Тал бүр өөрийн мэдэгдлээс үл хамааран наад зах нь дор дурдсан хяналтын арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэжээ.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд “Эй Ди Би Бутаника” /ADB-BUTANICA/ гэх бодисыг Мансууруулах эмийн асуудал эрхэлсэн комисс нь 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар хуралдаанаараа Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н 2 дугаар жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн хэдий ч тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хүчин төгөлдөр болоогүй байжээ.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж уг хуулийг буцаан хэрэглэх гурван үндэслэлийг, мөн хуулийн 2 дахь хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуулийг буцаан хэрэглэхгүй гурван үндэслэлийг тус тус тодорхой заажээ.
Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон гэдэгт өмнөх Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдоггүй байсан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шинэ Эрүүгийн хуулиар эрүүжүүлсэн хэм хэмжээ тогтоосныг хэлнэ.
Хууль тогтоогч нийгэмд аюултай тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцох замаар эрүүгийн хариуцлага, ялыг шинээр тогтоож буй явдал юм.
Энэ тохиолдолд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан зүйл, хэсгийг уг хэм хэмжээг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад нэрлэн заасан бөгөөд энэ хэргийн тухайд “Эй Ди Би Бутаника” /ADB-BUTANICA/ гэх бодисыг Мансууруулах эмийн асуудал эрхэлсэн комисс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар хуралдаанаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад оруулж, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бүх оролцогч улсуудад мэдэгдсэнээр 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус конвенц хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл “Эй Ди Би Бутаника” /ADB-BUTANICA/ гэх бодисыг тус конвенцид нэрлэн зааж оруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарах болжээ.
Гэтэл шүүгдэгч О.Т-, У.А-, О.Э- нарын холбогдсон гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2023 оны 7 дугаар сарын 24, 28-ны өдрүүдэд үйлдэгдсэн буюу прокуророос О.Т-, У.А- нарыг бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр улсын хилээр нэвтрүүлсэн, О.Т-, О.Э- нарыг бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр улсын хилээр нэвтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэнийг цаг хугацааны хувьд авч үзвэл тухайн бодис нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж болохоос өмнө үйлдэгджээ.
О.Т-, У.А-, О.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт Монгол улсын хилээр гарахыг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ авч, О.Т-, У.А-, О.Э- нарыг нэн даруй суллах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/813 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Т-, У.А-, О.Э- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, эрүүгийн 2302005370317 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
2. О.Т-, У.А-, О.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт Монгол улсын хилээр гарахыг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ авч, О.Т-, У.А-, О.Э- нарыг нэн даруй сулласугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН