| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/00724/И |
| Дугаар | 307/ШШ2025/01684 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 307/ШШ2025/01684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 307/2025/00724/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* оршин суух хаягтай, Х******* овогт С******* Г******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** тоотод оршин суух хаягтай, И******* овогт Ж******* Ц******* холбогдох,
******* байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий газрын 800 м.кв газрыг чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
******* тоот хаягт байрлах, нэгж талбарын 4******** дугаар бүхий 20,000 м.кв газар эзэмших эрхийн бүртгэл /гэрчилгээнээс/ С.Г******* нэрийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Г*******, түүний өмгөөлөгч *******,
Хариуцагч Ж.Ц*******, түүний өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 177 тоот захирамжаар Хонгор сумын 2 дугаар баг, Зулзагын гол амралтын бүсэд амралт зуслангийн зориулалтаар нэгж талбарын ******* дугаарт бүртгэгдсэн 2 га газрыг 15 жилийн хугацаатай иргэн Ж.Ц*******ай хамтран эзэмшихээр ******* тоот гэрчилгээг Газрын тухай хуульд зааснаар гаргуулан авч эзэмшиж хамтран ажиллаж байсан юм. Гэтэл 2017 оны 4 дүгээр сараас хойш Ж.Ц******* нь энэ газар чамд хамаагүй гэж уурлан ойртуулахаа больж хоёулаа муудалцахад намайг зодож хөнгөн гэмтэл учруулж Дархан-Уул аймгийн прокурорын газарт хүртэл шалгагдсан юм. Энэ газар дээр Ж.Ц******* нь ганцаараа байшин барьж 2 га газрыг ганцаараа эзэмшиж Газрын тухай хуулийг зөрчиж байгаа талаар Хонгор сумын Засаг дарга, газрын даамалд хандсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй өдийг хүрч байна.
Тухайн үедээ хамтарч ажиллаж байхдаа би банкны зээлийн төлөлт цахилгааны кабелийн утсыг өөрийн зардлаар Улаанбаатар хотоос авчрах болон хамтран ажиллах үеийн цэвэр ашиг 37,940,000 төгрөгийн 50 хувь гээд орлого, зарлага, ашиг гээд 29,348,000 төгрөгийн зардал авах тооцоо гарч байсан юм.
2017 оны 04 дүгээр сараас хойш Ж.Ц******* нь надтай уулзахгүй, дураараа авирлан, эзэмшлийн газар дээр байшин барьсан байх тул одоо өөрийн газраа чөлөөлүүлж өөрөө байшин барих хүсэлтэй байна. Энэ газар нь 2 га газар бөгөөд үүнээс анх хоорондоо зөвшилцөн 400 м.кв газарт нь *******-ийн Дархан-Уул аймаг дахь ******* ухааны сургуулийн багш нарт байшин барьж борлуулсан тул Ж.Ц*******аас чөлөөлүүлж өөрөө эзэмших хүсэлтэй байна. Иймд ДарханУул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзагын гол амралтын бүсэд амралт зуслангийн зориулалтаар нэгж талбарын ******* дугаарт бүртгэгдсэн газраас 800 м.кв газрыг Ж.Ц*******аас чөлөөлүүлж, миний газар эзэмших эрхийг хангах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч С.Г******* 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Би иргэн Ж.Ц*******ай Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын захирамжаар Зулзагын голд амралтын зориулалтаар 20,000 м,кв буюу 2 га газар эзэмшихээр гэрчилгээ гаргуулж авсан боловч хоорондын маргаанаас болж байшин барих ажлаа дуусгаж чадалгүй явж, Ж.Ц******* ганцаараа үлдэж миний эзэмшлийн газар дээр өөрийн юм шиг дураараа аашилж, газрыг бараг дуустал нь байшин барьсныг үзлэг хийсэн хүмүүстэй очиж үзлээ. Ж.Ц******* нь газар байвал ав гэж байгаа боловч жорлон хогийн сав байрласан муу газраа ав гэчхээд суурь тавигдсан газруудыг авах гэхээр өгөхгүй гэж дураар авирлаж байгаа тул хоорондоо эвлэрэн хэлэлцэх ямар ч боломжгүй байна.
Иймд өөрийн эзэмшлийн 8000 м.кв чөлөөлүүлж авч, байшин барих хүсэлтэй байна. Ж.Ц******* тэр өөрийн барьж ашиг олсон байшингаа нүүлгээд явна уу, нураана уу надад хамаагүй юм. Би шүүхэд газраа авахаар нэхэмжлэл гаргасан тул дэмжиж байна. Би шүүхэд 8000 м.кв газраа авахаар нэхэмжлэл гаргасан тул дэмжиж байна. Урьд нь гаргасан нэхэмжлэлдээ 800м2 газар гэж буруу бичсэнээ залруулж байна. гэжээ.
3.Хариуцагч Ж.Ц*******аас үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Ж.Ц******* миний бие 2016 оны 05 дугаар сард Зулзагын голд байрлах 2 га газрыг 50,000,000 төгрөгөөр зарах гэж байгаа тухай олж мэдсэн. Би өөрөө цахилгааны мэргэжилтэй, Солонгос улсад 11 жил барилга дээр ажиллаж, амьдарч, далайн эрэг дээр зуслангийн байр барьж байсан туршлагатай байсан тул уг газрыг авч хувийн зуслангийн хотхон барих санаа төрсөн. Энэ санаагаа дунд сургуульд хамт сурч байсан С.Г*******од хэлж бид хамтарч ажиллахаар болсон. С.Г******* бид хоёр уг газрыг хамтран худалдаж авч, хувийн зуслангийн хотхон барих ажлыг хамтарч хийх, газар худалдаж авах зардал болон зуслангийн хотхон барих зардлыг тэнцүү гаргах, олсон ашгаа тэнцүү хуваахаар харилцан тохиролцсон.
Хамтын ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхийн тулд эхний элжинд 20,000 м.кв газрыг худалдаж авах санхүүжилтийг банкны зээлээр шийдвэрлэхээр болтол С.Г******* надад чам шиг бизнес байхгүй, барьцаа хөрөнгө ч байхгүй чи яаж ийж байгаад зээл бүтээчих" надад удахгүй ажлын хөлс орж ирэхээр би газрын үнийн 50 хувь буюу өөрт ноогдох зээл, хүүгээ найдвартай төлнө гэсэн. Манай гэр бүл Дархан их дэлгүүрт спорт барааны 2 лангуу ажиллуулдаг бөгөөд энэхүү бизнестээ ******* банк ХХК-аас байнга зээл авдаг найдвартай зээлдэгч байсан тул ******* банк ХХК-аас би зээл авах боломжтой байсан. Гэтэл Дархан их дэлгүүрийн 2 лангуу, бараа, өөрийн тоёота пажеро жийп маркийн машиныг барьцаанд тавих гэтэл барьцаа хангалтгүй байсан тул би өөрийн эгч ******* 3 өрөө байрыг барьцаанаас чөлөөлж, банканд барьцаалахаар гуйсан. Манай эгч байраа барьцаалж, зээл авч том хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг байсан учир С.Г******* нь ажлын хөлс 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ороод ирэхээр байрыг чинь хангалттай авч өгнө гэж амлаж байсан. Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн үлдэгдэл 2,256,200 төгрөгийг төлж зээлийг нь хааж, барьцаанаас чөлөөлсөн.
Уг улсын бүртгэлийн ******* дугаартай байр эгчийн нөхөр *******, түүний ээж ******* нарын нэр дээр байсан. Зээл авахын тулд С.Г******* бид хоёр байрны хамтран өмчлөгч 80 гарсан хөгшнийг деревеньд байх гэрээс нь авчирч гарын үсгийг нь зуруулсан бөгөөд ******* ах говьд ажиллаж байсан ба өөрсдөө зохицуулаад байрыг барьцаанд тавьж болно гэсний дагуу зээлийн барьцааны гэрээнд *******ын өмнөөс С.Г******* өөрийн гарын үсэг зурж байснаа мартаагүй байх гэж бодож байна.
Ингээд эгчийнхээ байрыг барьцаалж, би өөрийн эхнэр хамт ******* банк ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр № дугаар зээлийн гэрээгээр № дугаар 50,000,000 төгрөгийн зээл авснаас 48,000,000 төгрөгийг нь С.Г******* бид хоёр хамт явж Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1-р багт Зулзага-1-д 135 тоот хаягт байрлах, нэгж талбарын 4******** дугаар бүхий 20000 м.кв газрын эзэмших эрхийг худалдаж авсан. Уг 2 га газар дээр нь 8х6 хэмжээтэй зуны байшинтай хамт хүлээж авсан газартаа зуслангийн байшингууд барих ажил маань 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс албан ёсоор эхэлсэн. 2016 оны 09 дүгээр сар гартал ажилчдын цалин, барилгын материал, банкны хүү, ажилчдын хоол унд, бензин тос гээд бүх зардлыг миний зүгээс гаргаж байсан ч С.Г******* нь 2016 оны 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл манай гэрт амьдрахдаа хамтын үйл ажиллагаанд нэг ч төгрөг гаргаж байгаагүй бөгөөд удахгүй мөнгө орж ирнэ гээд яваад байдаг байсан. Байрыг нь барьцаалж зээл авсан эгчийн хүүхэд тэр жилдээ төлбөр байхгүй улмаас сургуульдаа явж чадаагүй. Ингээд би С.Г*******од хандан ер нь хоёулаа больё, чи барилгын ажилд ч туслахгүй, мөнгө ч гаргахгүй, би өөрөө л 100 хувь бүх юмаа төлж байгаа юм чинь" гэхэд С.Г******* нь "би чиний газарт шунаагүй удахгүй ажлын хөлс орж ирнэ түр хүлээж байгаач" гэдэг байсан.
Газрын гэрчилгээ 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бид хоёрын нэр дээр гарсан бөгөөд тухайн өдрөөс хойш С.Г******* нь шал өөр хүн шиг болсон. Үргэлж Улаанбаатар хот руу хэзээ ирэх нь мэдэгдэхгүй яваад өгнө, банкны хүү боллоо С.Г*******оо мөнгө чинь орж ирсэн үү гэхэд одоо хотоос гарлаа гэж хэлээд маргааш нь хоосон мөнгөгүй ирдэг, энэ бүхнээс болж бид үргэлж маргаантай байсан.
Ингэж явсаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь ******* ухааны сургуулийн захирал Зоригтбаатартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Заавал хуулийн этгээдтэй байгуулах шаардлага тавьсан тул би өөрийн " Бренд Монголиа ХХК-ийн нэр дээр хамтран ажиллах гэрээг хийж, гэрээндээ С.Г******* нэрийг оруулж байснаас харахад би хамтран ажиллах гэрээгээ мөрдөж ажиллаж байсан нь харагдана. Хамтран ажиллах гэрээний дагуу эхний ээлжинд ******* ухааны их сургуулийн 18 нэр бүхий багш нартай Зулзагын голын амралтын бүсэд байрлах нийт 3,800 м.кв талбай бүхий газар, түүн дээр баригдах өвөл зуны зуслангийн зориулалттай 14х15м газрын эзэмшил дээр 4х5м хэмжээтэй байшинг Канад технологиор барьж өгөхөөр цаашид нэмж захиалга авахаар тохиролцож, хурлаар орж гэрээг албан ёсоор байгуулсан.
Гэрээний заалтад гэрээний төлбөр тооцоо эцэслэн дууссан тохиолдолд (газрыг хувь хүний эзэмшилд шилжүүлнэ) гэж заасан ба уг гэрээнд С.Г******* бид хоёр хоёулаа гарын үсэг зурсан.
Дээрх гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээ байгуулсан иргэдээс сард 300,000 төгрөг орж ирэхээр болсон. Гэтэл С.Г******* надад "дундын данс нээе" гэдэг санал тавихад би зөвшөөрсөн бөгөөд энэ мөнгийг хэн ч авч болохгүй зөвхөн ажилчдын байранд зориулагдана гэж тохироод дансаа нээсэн. Гэтэл дундын данснаас С.Г******* нь мөнгө аваад байсан тул яагаад дундын данснаас мөнгө аваад байгаа юм гэж уурласан. Энэ байдлаараа С.Г******* нь дундын данснаас мөнгө аваад байвал хавар яаж энэ хүмүүсийн байрыг барина даа гэж бодсон тул би ******* ухааны багш нартай яриад одоо миний данс руу хийж байгаарай гэж тохиролцсоноос хойш багш нарын урьдчилгаа мөнгө болох 300,000 төгрөг миний данс руу ордог болсон. Хэдийгээр байшин барихад ажилчдын цалин, барилгын материал, хоол унд, бензин тос, цахилгаан гэх мэт урсгал зардал, төлбөр мөнгөний боломж муутай байсан ч гэсэн би өөрөөсөө нэмж мөнгө гаргах, бусдаас зээл авах гэх мэтээр өөрийн боломжоо бүрэн ашиглаж, хоосон газар дээр цахилгаан татах худаг гаргах ажлыг шууд өөрийн хөрөнгөнөөс шийдвэрлэж гэрээний дагуу ажилчдын байрыг хугацаанд нь нэр төртэй хүлээлгэж өгсөн.
Гэтэл С.Г******* нь яриад байсан ажлын хөлсөө авчхаад 25 сая төгрөгөө өгөлгүйгээр, өөртөө жип машин, айпон гар утас аваад нэг хэсэг зугтаагаад алга болсноо буцаж ирээд Улаанбаатар хотод удахгүй байр зараад мөнгөө өгнөө гэдэг болсон. Нэг өдөр намайг барилгын материал татахаар Дархан яваад ирэх хооронд Зулзагын байшинд хийх дээврийн шифрийг С.Г******* ачаад явсан байхаар нь С.Г*******оос асуухад 8-р бригадад өвөлждөг н.Монход өгсөн гэсэн. Би түүний зааж өгсөн н.Монх гэх хүнээс дээврийн шифрийг авъя гэхэд би С.Г*******оос авах өрөндөө авсан гээд өвөлжөөгөө дээвэрлэсэн байсан. Мөн С.Г******* нь бид хоёрын цонх авахаар бартерын гэрээ хийсэн Цонх констракшн ХХК-ийн н.Алтансүхээс 600,000 төгрөгийн үнэ бүхий вакум цонх аваад Полиглот ХХК-ийн н.Нараа гэх хүнд өгсөн байсныг би дараа жил нь мэдэж, С.Г******* өмнөөс тус цонхны мөнгийг нь төлж байсан. Мөн банкны зээл, хүүгийн сар бүрийн 2,808,264.94 төгрөгийг сар бүр ээлжилж төлөхгүй би ганцаараа төлж байсан тул хэрүүл, зодоон хийж байж С.Г*******оор 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ганц удаа хүү төлүүлсэн. Үүнээс хойш С.Г******* Улаанбаатар явж, би үргэлжлүүлээд зээлээ ганцаараа төлөөд үлдсэн.
Зээлээс гадна худаг гаргах, цахилгааны шугам татах, барилгын материал, ажилчдын цалин, хоол, цахилгаан, бензин тос зэрэг бүх зардлыг би ганцаараа гаргасан.
Гэтэл 2017 оны 04 сараас би ганцаараа ажлаа хийж байтал С.Г******* нь хоёр хүн дагуулаад ирчихсэн анагаахын ажилчдын захиалгын дагуу баригдаж байгаа байшинг зарах гээд манай ажилчдын хажууд яриад байхаар нь би гэрээ хийсэн хүмүүсийн байшинг чи яахаараа өөр хүнд давхар зарж залилан хийх гээд байгаа юм" гэснээс болж бидний дунд маргаан үүсэж, бид хоёр барьцалдаж авснаас хойш С.Г******* нь барилгын талбайд 9 жил биеэр ирээгүй. Энэ 9 жилийн хугацаанд ядаж газрын 25,000,000 төгрөгөө бариад ирсэн бол хамтарч ажиллах боломж бүрэн байсан.
Учир нь ус байхгүй, тог байхгүй, хотын төвөөс алслагдсан газарт, барилгын ажил хийнэ гэдэг үнэхээр хүнд байсан бөгөөд анхнаасаа хамтарч ажиллана гэж тохиролцчихоод ямар ч үйлчилгээ үзүүлэлгүй, мөнгө гаргалгүй хаяж явсны улмаас банкны зээл төлөх, захиалгын хотхоноо барьж хүлээлгэж өгөх маш хүнд ажлыг ганцаараа хийх болсон. Энэ ажлын ачаалал манай гэр бүлд хүндээр тусаж, эхнэр үргэлж уурладаг, өглөө 7 цагт ажлаа эхэлж, шөнө 4-5 цаг хүртэл ажилладаг байсан.
Би нартай, салхитай, бороотой, шуургатай үед ганцаараа л барилгын ажил, хэрэглээний зардал гэх мэт зүйлсдээ ганцаараа л шаналж байсан бөгөөд С.Г******* нь надад хамтран ажиллана гэж худал хэлж, газрын гэрчилгээнд нэрээ оруулснаас бус энэ бүх хугацаанд гэртээ тайван амарч байсан. Ажлаа хийж байх үед ч захиалга өгсөн ******* ухааны багш нар та чинь яахаараа ганцаараа ажиллаж байдаг юм бэ? хоёр хүн хамтарч байгаа гэсэн атлаа ганцаараа л ажиллаад байх юм, хугацаанд нь ашиглалтад оруулж чадах юм уу? гэж үргэлж санаа зовж байсан.
Энэ хугацаанд би ******* банк ХХК-ийн зээлээ 2 жилийн хугацаанд графикийн дагуу төлж, дээр нь эгчийнхээ байрыг барьцаалсан хэвээрээ байсан тул хүүхдийнх нь 2 жилийн сургалтын төлбөрийг төлсөн.
С.Г******* бид хоёр хамтарч ажиллаж эхэлсэн болон С.Г******* зуслангийн байр барих хамтын ажиллагаанд огт оролцоогүй, намайг хаяж явсан, улмаар зуслангийн байшингуудын газрын гэрчилгээг өгөхөөс зайлсхийж, зугтаагаад захиалагч нарыг хохироож байгаа талаар зуслангийн хотхоныг эхнээс нь дуустал нь хамт ажилласан н.Сансар, н.Галхүү нарын ажилчдаас гадна Дархан-Уул аймаг дахь *******, Дархан-Уул аймаг дахь ******* ухааны сургуулийн захирал Д.Зоригтбаатар болон байшин бариулсан багш нар бүгд гэрчилнэ.
Би С.Г*******ыг хүрээд ир газрыг нь захиалагч нарт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэе гэж дууддаг байсан боловч нэг ч удаа ирж уулзаагүй байснаа гэнэт дээр нь зуслангийн байшин барьсан газраа чөлөөлүүлж авна гэж нэхэмжилж байгаа нь шударга биш байна. Энэ нэхэмжлэлийн улмаас захиалгаар байшин бариулсан олон хүний эрх ашиг хөндөгдөж байна. Газрын асуудлыг шийдэж өгнө гэж С.Г******* амлаж байсныг н.Нямсүрэн багш гэрчилнэ.
Дээрх байдлаар газар худалдаж авч, газрын гэрчилгээ нь дээр С.Г******* нэр орсон нь бид хоёрын хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдсэн ба хамтран ажиллах гэрээгээр тохирсон газрын болон бусад бүх зардлын 50 хувийг хариуцах үүргээ, хамтын үйл ажиллагаанд биечлэн орох үүргийнхээ алийг нь ч С.Г******* биелүүлээгүйгээс бөгөөд зөвхөн хулгай хийх зэргээр хохирол учруулж байсан тул С.Г******* нь хамтын үйл ажиллагаанаас ашиг авах, газраас өөрт ногдох хэсгээ шаардах ямар ч эрхгүй хүн тул газрын гэрчилгээнээс С.Г******* нэрийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргах болно. Иймд С.Г******* нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
4.Хариуцагч Ж.Ц******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Дээрх үйл баримтаар С.Г******* бид хоёр зуслангийн хотхон байгуулахаар хамтран ажиллахаар тохирсон бөгөөд хамтын ажиллагааны зардал, ашгийг тэнцүү хэмжээгээ гарган хуваарилахаар харилцан тохиролцсон. Хотхон барих хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор нэгж талбарын 4******** дугаар бүхий 20,000 м.кв газрын эзэмших эрхийг худалдаж авсан. Гэтэл С.Г******* өөрт ногдох 50 хувийн хураамжаа төлөөгүй, түүнчлэн зуслангийн хотхон байгуулахад гарсан зардалд мөн нэг ч төгрөг гаргаагүй тул хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгөөс С.Г*******од оногдох хэсэг байхгүй юм. С.Г******* нь хамтын үйл ажиллагаанд биеэр оролцоогүй, хамтын ажиллагааны хураамж төлөөгүй буюу хамтын үйл ажиллагааны зардалд нэг ч төгрөг гаргаагүй, үүргээ биелүүлээгүй тул би ганцаараа зуслангийн хотхон барьж дуусгасан.
Иймд Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1-р багт Зулзага-1-д 135 тоот хаягт байрлах, нэгж талбарын 4******** дугаар бүхий 20000 мкв газар эзэмших эрхийн бүртгэлээс /гэрчилгээ/-ээс С.Г******* нэрийг хасуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
5.Нэхэмжлэгч С.Г*******оос сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 онд Хонгор сумын Засаг даргын захирамжтай Зулзагын гол дахь 15 жилийн хугацаатай эзэмшлийн 20,000 м.кв газар дээр байшин барьж Ж.Ц*******ай хамтран ажиллахаар тохиролцон "" ХХК-аас 48,000,000 төгрөгөөр газрыг нь объектын хамт худалдан авч, авсан барилгаа буулгаж хуучин материалуудыг нь ашиглан 15 ширхэг зуслангийн жижиг байшин барьж түүнийгээ худалдан борлуулж, ашиг орлого олж тэнцүү байдлаар хуваан авна гэж анх тохиролцон ажлаа эхэлсэн билээ. 2016 оны 07 дугаар сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд 4 байшинг барьж 15,000,000 төгрөгөөр зарахаар төлөвлөсөн боловч мөнгөний шаардлагаар эхний байшинг 8,000,000 төгрөгөөр зарж урьдчилгаа 6,500,000 төгрөг аваад 3,000,000 төгрөгийг банкны зээлэнд үлдсэн 3,000,000 төгрөгийг ажилчдын цалинд өгсөн. Үлдэгдэл мөнгө 1,500,000 төгрөгийг Ж.Ц******* авсан юм. Дараагийн 3 байшинг нэг бүрийг 15,000,000 төгрөгөөр зарж борлуулахад 45,000,000 төгрөгийг нь Ж.Ц******* мөн авсан юм. Үлдсэн 10 байшингийн торхыг босгоод ажлаа үргэлжлүүлэх гэхэд эдийн засгийн боломж байхгүй болсон тул *******ургуулийн багш нартай зуслангийн байр 7,200,000 төгрөгөөр бариулах гэрээ хийж сар бүр 300,000 төгрөгийг хамтын эзэмшлийн дансандаа хийж байхаар тохиролцсон юм.
Гэвч ажиллаж байх хугацаанд зээлийн төлөлт хийх материал авах зэрэг асуудал гарсан тул би өөрийн 45-52 УБН улсын дугаартай машинаа барьцаалж " капитал" ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 6 сарын хугацаатай 3,000,000 төгрөг зээлж зээлийн хүү 525,000 төгрөгийн хамт 3,525,000 төгрөгийг төлж дуусгасан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 6 сарын хугацаагаар мөн банкнаас 6 сарын хугацаатай 4,000,000 төгрөг зээлж зээлийн хүү 697,000 төгрөг нийт 4,697,000 төгрөгийг тус тус 2 удаагийн зээлийн төлбөр 8,212,000 төгрөгийг би өөрийн мөнгөөрөө төлж машинаа авч байсан юм.
Ашгийн мөнгөнөөс орж ирэхээр барьцаанаас машинаа авах тухай ярихад Ж.Ц******* чи машинаа авч яадаг юм бэ хая хая гээд байсан учраас би арга буюу бусдаас мөнгө зээлж машинаа барьцаанаас авч байсан юм. Улаанбаатар хотоос кабелийн утсыг өөрийн зардлаар тээвэрлэж авчрахад 2,175,000 төгрөгийн зардал гарч байсан. Би 15 байшингийн суурь торх модыг бүгдийг бэлдсэн байсан тул Ж.Ц*******аас торхны модны зардал гараагүй гэж мэдэж байгаа бөгөөд 15 байшингаас нэг байшинг 8,000,000 төгрөгөөр 3 байшинг 45,000,000 төгрөгөөр, багш нарын 10 байшинг нэг бүрийг 7,200,000 төгрөгөөр тооцоход 125,000,000 төгрөгөөр байшингууд зарж борлуулагдсан гэж үзэж байна. Энэ бүх мөнгийг бүгдийг нь Ж.Ц******* өөрийн дансаар шилжүүлж авсан надад ямар ч ашиг орлого гэж өгөөгүй тул банкны зээл, газрын төлбөрийг Ж.Ц******* хариуцах үүрэгтэй гэж үзэж байна.
2017 онд Улаанбаатар хотоос ирээд ажлаа эхлэх гэтэл чамайг оролцуулахгүй гээд тэдний гэрт хоёулаа зодолдоод дараа нь ажлын байран дээр Зулзагын голд очиж зодолдоод хоёр тийшээ болцгоосон. Цагдаагийн газарт миний бие гомдол гаргаж шалгуулсан прокурорын тогтоол байгаа болно. Ажилчид Ж.Ц*******ын хамт ажиллахаар үлдсэн энэ байшингийн ажил одоо болтол дуусаагүй гэж үзэж байгаа. Ажлаа дуусаад хүмүүсийн гэрчилгээ гаргахаар дуудах байх гэж хүлээж байлаа. Гэтэл энэ хавраас л өөрөө утасдаад хүмүүсийн гэрчилгээ гаргах тухай ярьж эхэлсэн юм. Би өөрийн эзэмшлийн газрын талаар жил бүр Хонгор сумын газрын албаны байцаагчаас очиж асуухад та хоёрын эзэмшилд хэвээр гэдэг байсан юм. 2018 онд газрыг өөрийн нэр дээр болгох талаар өргөдөл гаргахад газрын албанаас боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Мөн 2024 онд өргөдөл гаргахад хариу ирүүлээгүй юм.
Гэтэл 2023 оны 5 дугаар сард Ж.Ц******* өөрийн нэр дээр газрын гэрчилгээг дангаар болгосон байна. Улаанбаатар хотод байшин барих ажил хийж байсан болохоор тэр бүр ирж чадахгүй байсан тул Ж.Ц*******ыг Хонгор сумын газрын албатай хуйвалдсаныг мэдээгүй юм. Энэ хүмүүсийг цагдаад өгч шалгуулна гэж бодож байна.
Миний эзэмших эрхээ шаардах эрх Иргэний хуульд зааснаар дуусаагүй гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 631 тоот тогтоолоор миний эрх зөрчигдөж эхэлсэн нь тогтоогдож байгаа мөн 2018 онд би газрын албанд хандаж өргөдөл гаргасан нь шүүхэд нотлох баримтаар авагдсан байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жилээр тооцогдож байгаа бөгөөд 2016 онд эхэлсэн 15 байшингийн ажил одоо болтол дуусаагүй хүмүүстэй тооцоо хийж дуусаагүй гэрчилгээг гаргуулах ажил үлдсэн гэж үзэж байна.
Ж.Ц******* нь 2023 оны 5 сард миний эзэмших эрхийг зөрчиж Газрын гэрчилгээг зөвхөн өөрийн нэр дээр гаргуулж авсан байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т тус тус зааснаар энэ үеэс эхлэн нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг тоолуулах хүсэлтэй байна. Иймд эдгээр үндэслэлүүдийг анхаарч үзэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 800 м2 гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс 8000 м2 гэж нэмэгдүүлсэн. Гэтэл зохигч өмгөөлөгчдийн хамт эвлэрэн хэлэлцэхээр газарт очиж үзээд 4 айлын газар өгөхөөр тохиролцож байсан боловч эвлэрээгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4 айлын газар буюу 3500 м2 гэж багасгаж байгаа. Хамтран ажиллах гэрээний 4000 м2 газрыг ангаахын багш нарт байшин барьж өгнө гээд гэрээ хийсэн. Үлдэх 16000 м2 газарт хариуцагч байшин барьсан байсан. Нэхэмжлэгч 4 айлын газар буюу 3500 м2 газрыг авъя гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хонгор сумын засаг даргын захирамж гэх баримтуудаар нотлогдож байна. Шүүх хуралдаанд судлуулсан 65,000,000 төгрөгийн баримт нь нэхэмжлэгчтэй хамааралгүй. Хариуцагчид хамааралтай зарлагын баримт. Үүнтэй бид маргах зүйлгүй. Одоо 4 айлын газар буюу 3500 м2 газар гаргуулъя гэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийг шийднэ гэдэг нь хангана гэдэг зүйл биш шийднэ гэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь захиргааны хэргийн харьяалан шийдэх маргаан тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
7.Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2016 онд хамтран ажиллахаар тохиролцож газар худалдаж аваад хамт байшин баръя гээд хамтарсан. Талууд энэ талаар тайлбар болон, хамтын ажиллагааны гэрээгээр тогтоогдож байгаа. Газрыг худалдаж авсан тул худалдах, худалдан ажиллах гэрээний харилцаа үүсэж байна. Энэ гэрээг хамтран ажиллах гэрээнээс тусад нь авч үзэх боломжгүй. Иргэний хуулийн 243.1-т зааснаар худалдан авагч 2 хүн байна. 48,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Хоёулаа тус мөнгийг төлөх ёстой гэтэл хариуцагч ганцаараа төлж барагдуулсан байдаг. Тиймээс худалдан, худалдан авах гэрээгээр хувь хэмжээгээр оноогдохоор тодорхойлогдож 95 хувь нь хариуцагчид оногдохоор харагдаж байна. Ийм байхад 50 хувийг авна гэж нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл байхгүй үндэслэлгүй байна. Хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд Иргэний хуулийн 477.1-д зааснаар хэн хэдэн төгрөг оруулсан бэ гэдэг хураамж гэж яригдах ёстой. Энэ хураамжийг Иргэний хуулийн 478.8, 480,3-т тус тус зааснаар оруулсан төгрөгийг тооцохоор болж байгаа юм. Үүнийг тооцохоор хариуцагчийн хас банкны зээлийн дансны хуулгаар нийт нэхэмжлэгч 3,000,000 төлсөн энийг хураамжид тооцох юм бол нэхэмжлэгчийн төлсөн 3,000,000 төгрөг нь 4.80 хувь болж байгаа. Хариуцагчийн төлсөн 59,294,915 төгрөг нь 95.85 хувь болж байгаа. Иймд газар худалдаж авахад нэхэмжлэгчийн гаргасан зардал нь 4.18 хувь, хариуцагчийн гаргасан зардал нь 95.82 хувь болж байна. Энэ харьцаагаар газрыг хуваарилах юм бол 19037 м2 газар, хариуцагчид 963 м2 газар оногдож байна. 19037 м2 газраас С.Г******* нэр хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8.Нэхэмжлэгч С.Г*******оос шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 631 дүгээр дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №2 дугаартай газрын даамал Хариу өгөх мэдэгдэл, брэнд монголиа ХХК-ийн *******-ийн Дархан-Уул аймаг дахь ******* ухааны сургуулийн захиргаанд гаргасан хүсэлт, ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн өмгөөлөгч , С.Г******* нарын байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2,025,000 төгрөгийн зарлагын баримт, С.Г*******, У.Ц******* нарын Хаан банкны 5046477972 дугаартай депозит дансны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109 дугаартай өмгөөлөгч *******, С.Г******* нарын хооронд байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн С.Г*******, Ж.Ц******* болон Ш.Жаргал нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 69 дугаартай , С.Г*******, Ж.Ц******* нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
9.Хариуцагч Ж.Ц*******аас шүүхэд нотлох баримтаар иргэний үнэлэхийн хуулбар, өмгөөлөгч *******, Ж.Ц******* нарын байгуулсан эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Худалдаа хөгжлийн банкны 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2,256,200 төгрөгийн үнийн дүн бүхий кассын орлогын баримт,2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай ******* банк ХХК болон Ж.Ц*******, Ж.Эрдэнэцэцэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2016 оны 06 дугаар 21-ний өдрийн -01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, -01 дугаартай гэрээний 2 дугаар хавсралт, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн -02 дугаартай Барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, Ж.Ц*******ын ******* банк ХХК-ийн дугаартай дансны хуулга, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *******, Дархан-Уул аймаг дахь ******* ухааны сургуулийн захирал Д.Зоригтбаатар болон бренд монголиа ХХК-ийн дэд захирал Ж.Ц*******, С.Г******* нарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ, 4******** нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв газрын 0000132853 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ДСЦТС ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер Б.Батжаргалын баталсан 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл №34/94-2017, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил хийлгэх мэдэгдэх хуудас, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, бренд монголиа ХХК-ийн 000077544 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, зарлагын баримтууд гэх 1 хавтас, 152 хуудас баримтууд, зээлийн гэрээ, Ж.Ц*******ын талуудтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ бүхий 1 хавтас, 196 хуудас баримтыг тус тус гаргаж өгсөн.
10.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 177 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, 0000132853 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Ц*******ын Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан өргөдөл, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Ж.Ц*******ын газар эзэмших тухай хүсэлт, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 00043-22 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 4******** нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзагын гол амралтын бүсэд байрлах маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургууд, 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 230 дугаартай Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Шилжүүлэн эзэмшүүлэх тухай захирамж, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр , , Б.,, нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
11.Шүүх нэхэмжлэлийн үндсэн болон сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
12.Нэхэмжлэгч С.Г******* хариуцагч Ж.Ц******* холбогдуулан ******* байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв газраас 800 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд анх гаргасан.
Улмаар 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв газраас 8,000 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. /хх-ийн 104 дүгээр хуудас/
Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Г******* нь ...нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3,500 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
13.Хариуцагч Ж.Ц******* хариу тайлбартаа ...газар худалдаж авч, газрын гэрчилгээ нь дээр С.Г******* нэр орсон нь бид хоёрын хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдсэн ба хамтран ажиллах гэрээгээр тохирсон газрын болон бусад бүх зардлын 50 хувийг хариуцах үүргээ, хамтын үйл ажиллагаанд биечлэн орох үүргийнхээ алийг нь ч С.Г******* биелүүлээгүйгээс бөгөөд зөвхөн хулгай хийх зэргээр хохирол учруулж байсан тул С.Г******* нь хамтын үйл ажиллагаанаас ашиг авах, газраас өөрт ногдох хэсгээ шаардах ямар ч эрхгүй хүн тул газрын гэрчилгээнээс С.Г******* нэрийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргах болно. Иймд С.Г******* нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэж маргасан.
14.2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Ж.Ц******* С.Г*******од холбогдуулан ******* байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв газар эзэмших эрхийн бүртгэл /гэрчилгээ/-ээс С.Г******* нэрийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. /хх-ийн 32-34 дүгээр хуудас/
15.Нэхэмжлэгч С.Г******* хариу тайлбартаа ...Миний эзэмших эрхээ шаардах эрх Иргэний хуульд зааснаар дуусаагүй гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 631 тоот тогтоолоор миний эрх зөрчигдөж эхэлсэн нь тогтоогдож байгаа мөн 2018 онд би газрын албанд хандаж өргөдөл гаргасан нь шүүхэд нотлох баримтаар авагдсан байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жилээр тооцогдож байгаа бөгөөд 2016 онд эхэлсэн 15 байшингийн ажил одоо болтол дуусаагүй хүмүүстэй тооцоо хийж дуусаагүй гэрчилгээг гаргуулах ажил үлдсэн гэж үзэж байна. гэж маргасан байна.
16.******* байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв газраас 3,500 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн тухайд:
16.1.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2 га газрын ХХК-иас худалдаж авч бид 2 эзэмшиж байгаа. Хамтран ажиллах гэрээний дагуу *******ын багш, ажилтны зуслан гэж 4,000 м.кв газарт барьсан бөгөөд үлдэх хэсэх 16,000 м.кв газрын 50 хувь болох 8,000 м.кв газрыг авна гэсэн боловч одоо олон байшин барьсан байгаа учраас огт байшин бариагүй 3,500 м.кв газрыг чөлөөлүүлэх... гэж тодорхойлжээ.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 177 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжын 1 дэх заалтад Тус сумын 2-р багийн Зулзага голын амралтын бүсэд байрлах ХХК-иас амралт, зуслангийн зориулалттай 2 га газрыг иргэн Ж.Ц*******, С.Г******* нарт 15 /арван тав/ жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна. /хх-ийн 78-89 дүгээр хуудас/
16.2.Нэхэмжлэгч С.Г*******, хариуцагч Ж.Ц******* нар ******* байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв эзэмших эрхтэй газрын худалдан авах, улмаар хамтарч зуслангийн байшин барьж ашиг олох зорилгоор хамтран ажилласан үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараас нотлогдон тогтоогджээ.
16.3.Талууд ХХК-иас 48,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж авсан гэж, тухайн мөнгийн 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Г*******, 45,000,000 төгрөгийг Ж.Ц******* гаргасан гэж хариуцагч Ж.Ц*******, нэхэмжлэгч С.Г******* 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгийг энэхүү газрын авахад гаргасан гэж тус тус тайлбарлаж маргасан.
16.4.Нэхэмжлэгч С.Г******* дээрх төлбөрийг би төлсөн гэж капитал ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3,000,000 төгрөг зээлсэн, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4,000,000 төгрөг зээлсэн талаарх баримтыг, хариуцагч Ж.Ц******* ******* банк ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ, -01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр 50,000,000 төгрөг зээлсэн гэж тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх-ийн 37-51, 187, 188 дугаар хуудас/
16.5.******* банк ХХК-ийн Ж.Ц*******ын дугаартай зээлийн дансны хуулгаар 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Санжаадорж Г******* гэж 3,000,000 төгрөг төлсөн баримт мөн хэрэгт авагдсан байна. /хх-ийн 52 дугаар хуудас/
16.6.Дээрх нотлох баримтаас дүгнэхэд маргаан бүхий газрын ХХК-иас 48,000,000 төгрөгөөр худалдан авахаар талууд тохиролцсон, дээрх төлбөрийн 45,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Ц*******, 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Г******* төлсөн нь тогтоогдожээ.
16.7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу ХХК, С.Г*******, Ж.Ц******* нарын хооронд худалдан худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
16.8.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан боловч хариуцагч Ж.Ц******* нь нэхэмжлэгч С.Г*******той адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн тухайн газрын эзэмшигч этгээд мөн болох нь ******* дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх тухай гэрчилгээний хуулбараар нотлогдон тогтоогджээ.
16.9.Иймд хариуцагч Ж.Ц*******ын хууль бус эзэмшлээс ******* байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв газраас 3,500 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
16.10.Нэхэмжлэгч С.Г******* нь 3,500 м.кв газрыг чөлөөлүүлэх гэж буй боловч 20,000 м.кв газрын аль хэсэг болох, үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэв.
17.******* байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв газар эзэмших эрхийн бүртгэл /гэрчилгээ/-ээс С.Г******* нэрийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
17.1.*******, Дархан-Уул аймаг дахь ******* ухааны сургууль, бренд монголиа ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, сургуулийн захирал Д.Зоригтбаатар, бренд монголиа ХХК-ийн дэд захирал Ж.Ц******* нар баталж, захиалагч талыг төлөөлж М.Оюун, худалдагч талыг төлөөлж С.Г******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 53 дугаар хуудас/
Хамтран ажиллах гэрээний 2.1-д Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн Зулзагын голын амралтын бүсэд байрлах нийт 3800 м.кв талбай бүхий газар, түүн дээр баригдах өвөл, зуны амралт-зуслангийн зориулалттай 14х15м газрын эзэмшил болон 400х500 мм хэмжээтэй Канад технологиор байшингуудыг барина гэж гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцжээ.
17.2.Дээрх гэрээнээс дүгнэхэд нэхэмжлэгч С.Г*******, хариуцагч Ж.Ц******* нар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасны дагуу хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
17.3.С.Г*******, Ж.Ц******* нар хамтран ажиллах гэрээний хүрээнд худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаанд орсон байна.
Ингэхдээ талууд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна. гэж заасны дагуу оролцогчдын хураамж, хувийг тохиролцоогүй учир тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой байсан байна.
18.Маргаан бүхий газар үзлэг хийхэд 30 гаруй байшин барьсан, ус, цахилгаан тус газрын доогуур явагдаж байгаа, түүний схем зургийг гаргаж тайлбарласан.
2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу маргаан бүхий газарт амралт, зуслангийн байшин барьсан, энэхүү шийдвэрийн улмаас газар дээр байшин эзэмшиж буй иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөр байх тул энэхүү иргэдийг хэрхэх талаар тодорхойгүй байна.
19.Үл хөдлөх эд хөрөнгө нь газраас салгамагц үнэ цэнээ алддаг бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч С.Г*******, хариуцагч Ж.Ц******* гэж хязгаарлахгүйгээр дээрх газар дээр байшин эзэмшигч нарыг оролцуулан хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй юм.
20.Хариуцагч Ж.Ц******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, одоо байгаа нотлох баримтын хүрээнд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэв.
21.Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон учир нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар С.Г******* нэхэмжлэлтэй Ж.Ц******* холбогдох ******* байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв газраас 3,500 м.кв газрыг Ж.Ц*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1-д тус тус зааснаар ******* байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв газар эзэмших эрхийн бүртгэл /гэрчилгээ/-ээс С.Г******* нэрийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Г*******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ж.Ц*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС