| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/0087/Э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 94
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Д.Ганцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Н.Д холбогдох 1826001560096 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт Н.Д
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах Нисэх онгоцны буудлын даргын өрөөнд иргэн Ж.Ж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Д-д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Хохирогч Ж.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед намайг Нисэх буудлын дарга ******* гэх хүн утсаар Нисэх дээр хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нь би яваад очтол Н.Д гэх цахилгаан холбооны дарга гэх хүн Д гэх хүний өрөөнд сууж байсан. Намайг орох үед ширээн дээрээ нэрийг нь сайн мэдэхгүй нэг архи гаргаад тавьчихсан байсан. Тэгээд мэнд мэдэлцээд сууж байтал Д надад хандан Нисэхийн хашаан дотор байгаа малын баасыг цэвэрлэнэ шүү. Дахиж мал оруулахгүй шүү гэсэн. Тэгэхээр нь би бол малынхаа баасыг түүгээд байгаа. Харин энэ Н.Д малынхаа баасыг түүхгүй байгаа шүү гэж хэлсэн. Учир нь Н.Д бид 2 Нисэхийн хашаанд адуу хашиж өвс идүүлдэг байсан. Тэгээд түүнээс болж маргалдаад Д-н өрөөнд Н.Д намайг баруун нүд рүү гараараа цохиод авсан. Тэгэхэд тэр өрөөнд сууж байсан Нисэхийн харуул залуу Н.Д бид 2-ыг салгасан. Тэгтэл Н.Д миний шүд рүү гараараа цохисон. Миний дээд баруун талын үүдэн шүд хугарч доод талын үүдэн 2 шүд хөдөлчихсөн. Тэгээд тухайн өрөөнд Н.Д, Д, Нисэхийн харуул залуу бид 4 нэг шил архийг хувааж ууцгаасан. Тэгээд би гаднаас дахин нэг шил архи оруулж хувааж уучихаад сууж байтал гаднаас манай эхнэр Б өрөөгөөр нь шагайж хараад та чинь яаж байгаа юм бэ? Унтах гэж байгаа хүнийг дуудчихаад зодоод байхдаа яадаг юм бэ? гээд ах Ү-г түүний эхнэр Х-тай хамт дуудаад ирэх үед нь бид нар гадаа зогсож байсан. Миний нүд тухайн үедээ жаахан хавдаад хөхөрсөн байсан. Миний баруун талын нүд өмнө нь хараа муутай байсан. Түүндээ болор суулгуулах гэж байгаа. Н.Д намайг зодож цохисноос болж миний баруун нүдний хараа муудсан зүйл байхгүй. Би өөрийн шүдийг л янзлуулаад авбал өөр надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 5-8 хуудас/,
Гэрч Ю.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Манай нөхрийн нүд нь хавдаад хөхөрчихсөн, дээд нэг шүд нь хугараад ойчсон байсан ба доод үүдэн 2 шүд нь хөдөлчихсөн байсан. Манай нөхөр хэлэхдээ Н.Д гэх залуу намайг зодсон гэж байсан. Манай нөхрийн нэг нүд нь урьд өмнө нь хараа нь муудаж юмыг жаахан муухан хардаг байсан. Тэр нүд рүү нь цохисон байсан. /хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Миний харснаар бол гарын ар талаараа саваад нэг удаа цохих шиг болсон. Нэг нэгнийгээ барьж аваад Н.Д дахин цохих гээд далайгаад байхаар нь би Ж.Ж-г, харин манай харуул А Н.Д-г барьж аваад салгасан. Барилцаж авч байхдаа бие биенийгээ цохиж зодоогүй. Тухайн үедээ бол хавдар шарх сорви анзаарагдаагүй. Маргааш нь манайд ирэхдээ баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан. /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч П.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Н.Д Ж.Ж нар юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Гэнэт барилцаад авахаар нь би Н.Д-г араас нь тэвэрч аваад салгасан. Сүүлд нь харахад Ж.Ж-н нэг нүд нь хавдсан байсан. Обьектоо харж яваад ирэхэд Ж.Ж-ийн эхнэр нь ирчихсэн чи шөнө орой гарч яваад нүд амаа ийм болгоод байхдаа яадаг юм бэ? Ах эгчийг чинь дуудаж үзүүлнэ гээд байсан. Нэг мэдэхэд л барилцаад авсан байхаар нь салгасан. Салгасан хойно Ж.Ж-г харахад нэг нүд нь хавдчихсан байсан. /хх-ийн 23-24 хуудас/,
Шинжээч Э.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би Ж.Ж-биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийхэд баруун нүдний дээд доод зовхи, нүдний салст зэрэгт гэмтэл тогтоогдоогүй ба үзүүлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зодуулсан гэсэн байдаг. Энэ хугацаанд нүдэндээ гэмтэл авсан байсан бол зулгаралт цус хуралт гэмтэл нь бүрэн эдгэрэх боломжтой хугацаа юм. Ийм учраас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгт дээрх гэмтэл тогтоогдоогүй тул дүгнэлтэнд тусгаагүй. Ж.Ж-н нүдний харааны гэмтлийн гаралтай харааны бууралтын талаарх эмнэлгийн бичиг баримт байгаагүй./хх-ийн 31 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ¹207 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… Ж.Ж-ийн биед 11 дүгээр шүд сулрал гэмтлийн улмаас авагдал, 41, 31 дүгээр шүдний 2 тал руу суларсан хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг байнгын 5% алдагдуулна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Н.Данзангийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 63, 67-69 хуудас/,
Шүүгдэгч Н.Д-ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 106, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Өвөрхангай аймгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, /хх-ийн 55-56, 72, 81 хуудас/,
Шүүгдэгч Н.Д-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэр Нисэх онгоцны буудлын даргын өрөөнд хохирогч Ж.Ж-г зодсны улмаас түүний 1 шүд хугарал, 2 шүд суларал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Ж-н 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед Н.Д миний баруун нүд рүү гараараа цохиод авсан. Тэгэхэд тэр өрөөнд байсан Нисэхийн харуул залуу Н.Д бид 2-ыг салгасан. Тэгтэл Н.Д миний шүд рүү гараараа цохисон. Миний дээд баруун талын үүдэн шүд хугарч доод талын үүдэн 2 шүд хөдөлчихсөн. Гэрч Ю.Б-н манай нөхрийн нүд нь хавдаад хөхөрчихсөн, дээд нэг шүд нь хугараад ойчсон байсан ба доод үүдэн 2 шүд нь хөдөлчихсөн байсан. Манай нөхөр хэлэхдээ Н.Д гэх залуу намайг зодсон гэж байсан. Гэрч Ц.Д-н Н.Д нь Ж.Ж-г гарын ар талаараа саваад нэг удаа цохих шиг болсон. Гэрч П.А Н.Д Ж.Ж нар юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Гэнэт барилцаад авахаар нь би Н.Д-г араас нь тэвэрч аваад салгасан. Сүүлд нь харахад Ж.Ж-ийн нэг нүд нь хавдсан байсан. Шинжээч Э.Хүрэлсүхийн би Ж.Ж-ийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийхэд баруун нүдний дээд доод зовхи, нүдний салст зэрэгт гэмтэл тогтоогдоогүй ба үзүүлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зодуулсан гэсэн байдаг. Энэ хугацаанд нүдэндээ гэмтэл авсан байсан бол зулгаралт цус хуралт гэмтэл нь бүрэн эдгэрэх боломжтой. Ийм учраас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгт дээрх гэмтэл тогтоогдоогүй тул дүгнэлтэнд тусгаагүй гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ¹207 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Н.Д-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Н.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Д нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Н.Д-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Н.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ж.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2000000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Н.Д нь 1000000 төгрөгийг төлсөн, үлдэх 1000000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Н.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ж.Ж-д хохирол төлбөрт 1000000 төгрөг төлсөн, үлдэх 1000000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.