| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2410000001253 |
| Дугаар | 2025/ДШМ/131 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/131
2025 01 23 2025/ДШМ/131
С.Б-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өлзийжаргал,
шүүгдэгч С.Б-э, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/828 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-э, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Б-эд холбогдох эрүүгийн 2410000001253 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б-,
Шүүгдэгч С.Б-э нь 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “” гэх газарт Д.Б-тэй “шинэ хүн байж архи уулаа гэж загнасан” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж газарт унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-эд мэдэгдэж, хохирогч Д.Б- нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.Б-ээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч С.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Б-э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би болсон үйлдэлд маш их гэмшиж, хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч Д.Б- бид хоёр “****” компанийн ****цэргийн ангийн карьерт 2024 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хамт ажиллаж байсан хүмүүс бөгөөд хохирогч хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гээд бид хоёр эвлэрсэн. Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, ам бүл 4, эхнэр “Аз фарм” эмийн санд үйлчлэгчээр ажилладаг ба зүрх муу, элэгний өөрчлөлттэй өөхөлсөн, даралт маш өндөр 200 хүрдэг тул 103 дуудаж, эмнэлэгт байнга үзүүлж тариа хийлгэж, эм ууж биеийн байдал нь гайгүй болдог. Би байнга хажууд нь харж ханддаг, 7-10 насны 2 хүүхэдтэй. Би ***** оноос өнөөдрийг хүртэл таксины жолоочоор гэрээгээр, өөрийнхөө машинаар олсон орлогынхоо 90 хувийг өөрсдөө авч, 10 хувийг нь “Ub cab”-т тушаадаг. Сард дунджаар 1.500.000-1.800.000 төгрөгийн орлого олдог. Эрүүл мэндийн хувьд толгой байнга өвдөж, өвчин намдаах эм уудаг бөгөөд миний хувьд ар гэр, үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж яваа жирийн нэгэн иргэн. Иймд надад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч С.Б-э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх бүрэн боломжтой. Урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогч Д.Б-ээс уучлалт гуйж эвлэрсэн бөгөөд хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдэг хүсэлтийг гаргасан. С.Б-ийн хувьд ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ***** тоотод оршин суух тогтсон хаягтай. Эхнэр Баярмагнай нь “******* оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Эрүүл мэндийн хувьд толгой нь байнга өвдөж, өвчин намдаах эм ууж зүгээр болдог, мөн эхнэрийнх нь толгой өвддөг, хүчилтөрөгчийн дутагдалд орсон, цусан хангамж муу, даралт нь 200 байнга хүрч түргэний эмч дуудаж, эмнэлэгт үзүүлж биеийн байдал нь хэвийн болдог. Элэг нь өөхөлсөн эмчийн хяналтад байдаг болсон тул С.Б-э нь эхнэр Баярмагнайгаа байнга харж ханддаг. С.Б-э нь хохирогч Д.Б-тэй “Ялгуусан” компанийн Толгойн цэргийн карьерт хамт ажиллаж, түүнд тусалж байсан, 1 дор ажиллаж байсан хүмүүс бөгөөд хохирогч нь цагдаагийн байгууллагад хандахгүй гэж байсан ч хохирогчийн хүүхэд цагдаа дуудсан гээд хохирогч ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, хохирол төлбөргүй, гомдол саналгүй гээд 1 дор хамт ажиллаж байгаад дараа нь С.Б-э нь өөр газар ажиллах болсон гэдэг. Эдгээр хувийн болон хөнгөрүүлэх нөхцөл байдлууд бусад зүйлүүдийг үндэслэн шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг торгох ял болгон өөрчилж өгнө үү. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас С.Б-э 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан саналын талаар маргаагүй. Шүүгдэгч С.Б-э нь “Ub cab” такси үйлчилгээнд явдаг гэх боловч хэрэгт хөдөлмөр эрхэлдэг талаарх ажлын газрын болон цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, хөдөлмөрийн гэрээ зэрэг холбогдох баримтууд авагдаагүй. Өөрөөр хэлбэл, ажил орлогогүй, хөдөлмөр эрхэлдэггүй хүнд торгох ял оногдуулахгүй гэж хуульчилсан зүйл Эрүүгийн хуульд огт байхгүйг анхаарч өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд шүүгдэгч С.Б-э нь ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн эх үүсвэр олдог гэх баримтыг гаргаж өгөөгүй тул анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-э, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч С.Б-э нь 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “****” гэх газарт Д.Б-тэй “шинэ хүн байж архи уулаа гэж загнасан” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж газарт унагаан эрүүл мэндэд нь “зүүн шууны богтос яс, хамар ясны хугарал, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэг, доод зовхины доод хэсэгт няцарсан шарх, баруун завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Б-ийн “...тухайн үед би тоглоомоор С.Б-эд “гадаа гарч ажлаа хий, хийхгүй бол даргад хэллээ шүү” гэхэд гэнэт учир зүггүй ээлжлэн миний нүүр лүү 4-5 удаа цохисноос болж газар унахдаа зүүн гараараа эвгүй тулж зүүн гараа гэмтээсэн. С.Б-э намайг зодож миний биед гэмтэл учруулсан. ...Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй бөгөөд ямар нэгэн гомдол, санал байхгүй. ...” /хх 15, 61/,
шүүгдэгч С.Б-ийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажил дээрээ байхдаа бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед надтай хамт ажилладаг Д.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бага зэрэг согтолтой байхдаа намайг хэл амаар доромжилж цохиод байхаар нь би тэвчилгүй түүний нүүрэн тус газарт гараа атган цохисон. Мөн цээж хэсэг рүү нь түлхэх үед Д.Б- хойшоо савж унаад гараа гэмтээсэн. Би дээрх хэрэгт гэмшиж байгаа бөгөөд Д.Б-ээс уучлалт гуйснаар эвлэрч, хамт нэг дор ажлаа хийж байгаа. ...” /хх 56-57/ гэсэн мэдүүлгүүд,
“...Д.Б-ийн эрүүлд мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон. ...” /хх 20-21/ Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 11597 дугаартай дүгнэлт,
хохирогч Д.Б-, шүүгдэгч С.Б-э нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч С.Б-э гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч С.Б-ийн хохирогч Д.Б-ийн нүүрэн тус газар нь цохиж, газарт унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч С.Б-э болон түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нар “...эрүүл мэнд, ар гэрийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирогчийн гомдол, саналгүй гэх хүсэлтийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/828 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-эд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. …” гэж өөрчилж,
тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасны дагуу 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН