| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2026/0025/З |
| Дугаар | 121/ШЩ2026/0028 |
| Огноо | 2026-09-08 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 121/ШЩ2026/0028
2026 09 08 121/ШШ2026/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “***” ТӨҮГ,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга нарын хоорондын ашигт малтмалын хайгуулын XV-*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2026 оны төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А/цахимаар/, Г/цахимаар/, хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1.1. Нэхэмжлэгч “***” ТӨҮГ нь ““***” ТӨҮГ-ын эзэмшлийн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын нутагт орших XV-*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Байгаль орчныг хамгаалах 2026 оны төлөвлөгөөг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Ч батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, дээрх талбайн “Байгаль орчныг хамгаалах 2026 оны төлөвлөгөө”-г батлахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1. Нэхэмжлэгч “***” ТӨҮГ-т Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумын нутаг Б нэртэй газарт орших 21,294.36 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд XV-*** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгожээ.
2.2. Нэхэмжлэгчээс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/741 дугаартай албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2026 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хариуцагчид хүргүүлжээ.
2.3. Харин хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1/73 дугаар албан бичгээр “... Байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг хэрхэн бууруулах, урьдчилан сэргийлэх талаар тодорхой тусгасан зүйл байхгүй ерөнхий байдлаар төлөвлөсөн. Түүх соёлыг өвийг хамгаалах талаар огт тусгаж төлөвлөөгүй байгаа тул байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй байна” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн.
2.4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн дээрх хариуг эс зөвшөөрч 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/991 дугаар албан бичгээр Өвөрхангай аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 151 дугаартай хариу албан бичгээр “... “***” ТӨҮГ-аас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахдаа холбогдох материалыг дутуу ирүүлсэн байна. Мөн тус газрын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хүсэлт хүргүүлэх тухай албан бичигт “Залаа хойд уул” хэмээх өөр газар нутгийн нэршил тусгагдсан байх тул Баян-Өндөр, Бүрд сумдын Засаг дарга нар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй тухай хариу хүргүүлсэн байна. Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 40.2-т заасны дагуу археологи, палеонтологийн судалгааг хийлгэн, 2026 оны хайгуулын ажлын төлөвлөгөө болон холбогдох бусад материалыг бүрдүүлж, сумдын Засаг дарга нарт дахин хүргүүлж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулан батлуулна уу” гэх хариуг өгсөн.
2.5. Нэхэмжлэгч нь 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/1333 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын нутагт орших XV-*** тоот “Б” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2026 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар дахин хандсан байх бөгөөд хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/143 дугаар албан бичгээр “XV-*** тоот “Б” хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2026 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянаж үзээд 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2/116 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн болно” гэсэн хариуг хүргүүлжээ.
2.6. Улмаар нэхэмжлэгч нь 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Нэхэмжлэгч “***” ТӨҮГ-аас шүүхэд гаргасан болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, А нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь “***” ТӨҮГ-ын эзэмшлийн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын нутагт орших *** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2026 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг талбайн 2026 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах тухай юм.
3.2. Нэхэмжлэлийн үндэслэл, агуулгын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаартай, ашигт малтмал хайх талбайн хилийн заагийг батлах, эрх олгох тухай тогтоолоор нэхэмжлэгчид Завхан, Өвөрхангай, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт ашигт малтмал хайх эрх олгохыг зөвшөөрч, холбогдох ажиллагааг хэрэгжүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэсэн байдаг. Уг Засгийн газрын тогтоолын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын Б нэртэй газарт 21,294.36 гектар талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч, тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу олгосон.
3.3. Нэхэмжлэгч “***” ТӨҮГ нь Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчныг хамгаалах үүргийнхээ дагуу хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбайд байрлах сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, Засаг даргад хүргүүлэн батлуулах үүргээ биелүүлж, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/741 дугаартай албан бичгээр хандсан. Хариуцагчийн зүгээс 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хариу албан бичгээр байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар тодорхой тусгасан зүйл, заалт байхгүй, ерөнхий байдлаар төлөвлөсөн, мөн түүх, соёлын өвийг хамгаалах талаар огт тусгаж төлөвлөөгүй гэсэн үндэслэлээр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй.
3.4. Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т сум, дүүргийн Засаг дарга мөн хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр заасан. Гэтэл хариуцагч хуулиар хүлээсэн энэхүү үүргээ үндэслэлгүйгээр биелүүлээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т заасан эс үйлдэхүй гэдэгт иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалан хэрэгжүүлэхээр гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор заасан. Иймээс хариуцагчийн үйлдлийг эс үйлдэхүй гэж үзэж байна.
3.5. Нэхэмжлэгчийн боловсруулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний зургаадугаар хэсэг буюу байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөнд агаарын чанар, гадаргын болон газрын доорх усны нөөц, хөрсөн бүрхэвч, газрын хэвлий, ургамал, амьтан тус бүрээр сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах арга хэмжээнүүдийг тухайлан зааж төлөвлөсөн атал хариуцагч төлөвлөгөөг ерөнхий байдлаар боловсруулсан гэж үзэж, яг ямар байдлаар засаж, сайжруулах талаар зөвшилцөх саналаа тодорхой тусгалгүйгээр татгалзсан. Үүнийг мөн үндэслэлгүй, хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.2-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд юу тусгахыг тухайлан заасан. Үүнд: хүрээлэн байгаа орчны бохирдлыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болохуйц нөхөн сэргээх арга хэмжээг тусгахаар зохицуулсан.
3.6. Харин түүх, соёлын өвийг хамгаалах талаар тусгаагүй гэх үндэслэл нь хуульд заасан шаардлагаас өөр нэмэлт нөхцөл, шаардлага тавьсан гэж үзэхээр байна. Мөн түрүүн хэлсэнчлэн хариуцагч төлөвлөгөөг хэрхэн засаж, сайжруулах талаар хариу албан бичигтээ тодорхой санал хүргүүлээгүй. Иймд Засаг даргын уг татгалзал, эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг хангаагүй гэж үзэж байна.
3.7. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаж, Өвөрхангай аймгийн Засаг даргад 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/991 дугаартай албан бичгээр хандсан. Уг гомдлын хариуд Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 151 дугаартай албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахтай холбоотой материалыг дутуу ирүүлсэн, мөн албан бичигт “Залаа уул хойд” гэх газар нутгийн нэршлийг буруу тусгасан, Ашигт малтмалын тухай хуулийн 40.2-т заасны дагуу археологи, палеонтологийн судалгаа хийлгэн дахин хандах талаар хариу өгсөн. Уг хариуг нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Ашигт малтмалын тухай хуулиар байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг ялгамжтай зохицуулсан.
3.8. Нэхэмжлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө бус, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуульд заасан шаардлагын дагуу боловсруулж хүргүүлсэн. Тухайлбал, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1, 38.1.3, 38.2-т зохицуулсан. Харин байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тухайд мөн хуулийн 38.1.4, 38.1.5, 40.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлэх буюу гурван жил тутамд шинэчлэн хүргүүлэхээр ялгамжтай зохицуулсан байдаг.
3.9. Мөн Байгаль орчны газрын албан бичигт менежментийн төлөвлөгөөг батлуулахтай холбоотой материалыг дутуу ирүүлсэн гэж дурдсан. Гэтэл байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд юу тусгахыг Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.2-т тодорхой заасан. Түрүүн дурдсанчлан хүрээлэн байгаа орчны бохирдлыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах, цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болохуйц байдлаар нөхөн сэргээх арга хэмжээг тусгахаар зааснаас биш хуулийн 40.2-т заасан археологи, палеонтологийн судалгааг уг төлөвлөгөөнд заавал оруулах тухай зохицуулалт байхгүй.
3.10. Үүний дараа нэхэмжлэгч Баян-Өндөр сумын Засаг даргад дахин хандсан. Ингэхдээ өмнөх 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичигт газар нутгийн нэршлийг буруу бичсэн байсныг засаж, Б нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар дахин хүргүүлсэн. Гэтэл хариуцагчаас өмнө нь 04 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгээр хариу хүргүүлсэн гэсэн агуулгатай хариу ирүүлсэн тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.1-д Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч байхаар заасан. Гэтэл хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь “***” ТӨҮГ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
3.11. Нэхэмжлэгч нь Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд болох хуучнаар “Эрдэнэс Монгол” ХХК, одоогоор “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяанд ажиллаж, байгалийн баялгийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа явуулан, түүнээс олох орлогыг хуримтлалын санд төвлөрүүлэх чиг үүрэгтэй. Гэтэл энэ онд Б нэртэй газарт хийхээр төлөвлөсөн хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаагаас хайгуулын үйл ажиллагаа явуулах хугацаа алдагдаж байна. Улмаар хайгуулын ажлыг хийж, цаашид ашиглалтын тусгай зөвшөөрөл авах зэрэг компанийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.
3.12. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4-т заасны дагуу “***” ТӨҮГ-ын эзэмшлийн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын нутагт орших *** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2026 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Баян-Өндөр сумын Засаг дарга батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг талбайн 2026 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү. Мөн хариуцагчийн зүгээс уг талбай нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан гэж тайлбарлаж байна. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 9.1-д улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрж хайх, ашиглах асуудлыг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхээр заасан. Энэ бүрэн эрхийн дагуу Засгийн газрын тогтоолоор нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрч, улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон. Иймээс хариуцагчийн тайлбарлаж байгаа сумын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай гэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
4. Хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Ч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. “***” ТӨҮГ-ийн 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/1503 тоотоор Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
4.2. “***” ТӨҮГ-аас байгаль орчныг хамгаалах 2026 оны төлөвлөгөөг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/741 тоот албан бичгээр ирүүлснийг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаж үзэхэд нүүр хэсгээс бусад 16 хуудас төлөвлөгөө байх бөгөөд үүний агуулга-1 хуудас, танин мэдэхүйн шинжтэй мэдээлэл олгох-11 хуудас, холбогдох зарим төлөвлөгөө-3 хуудас, дүгнэлт-1 хуудас байсан бөгөөд тусгах шаардлагатай ач холбогдол бүхий төлөвлөгөө нь сөрөг нөлөөг хэрхэн бууруулах, хайгуулын үйл ажиллагаанаас учирч болох хохирлыг хэрхэн арилгах талаас нь биш тухайн арга хэмжээг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн зардал гаргах вэ гэсэн талаас нь тусгасан гэх мэт алдаа дутагдал байсан. Иймд тухайн төлөвлөгөөг батлах боломжгүй тухай хариуг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1/73 тоотоор хүргүүлж ажилласан. Нэхэмжлэгч этгээдэд сумын Засаг даргын хувьд энэхүү төлөвлөгөөг хянан батлах эрхтэй этгээд болохоос засан батлах үүрэггүй гэдгийг дурдах нь зүйтэй байх.
4.3. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах; гэсэн заалтын хүрээнд урьд нь ямар нэгэн зөвшилцөх санал аваагүй хэт нэг талын буюу тухайн байгууллагын эрх ашгийн хангасан байдлаар төлөвлөгдсөн байсан.
4.4. Дараагийн удаа сумын Засаг даргад тухайн төлөвлөгөөг батлуулахаар ирүүлэхдээ үг, үсэг, агуулгын хувьд засагдаагүй байсан тул 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/143 дугаар тоотоор урьд нь энэ талаар та бүхэнд мэдэгдсэн гэх агуулгатай тоотыг хүргүүлж ажилласан байна.
4.5. Үүнээс гадна хайгуулын үйл ажиллагааг чинь Баян-Өндөр сумын Засаг дарга санаатай, эсвэл эс үйлдэхгүйгээр зогсоосон мэт ташаа мэдээллийг шүүхэд өгөхгүй байх, бүх үйл ажиллагаа чинь ганцхан энэхүү ашгаа өгч эхлээгүй байгаа хайгуулаас шалтгаалан доголдсон, үндэсний баялгийн сангийн хуримтлалын санд төвлөрүүлэх орлого тасарч байгаа бол та бүхэн байгууллагын үйл ажиллагаа доголдож, хуримтлалын сангийн орлого тасрах эрсдэл үүссэн асуудлаа манай сумтай холболгүй менежментийн багаасаа тодруулахыг хүсье.
4.6. ... Миний ойлгосноор тухайн компаниас эхний ээлжид “Ийм газарт ийм төрлийн хайгуулын үйл ажиллагаа явуулах гэж байна. Танай зүгээс ямар саналтай байна вэ?” гэдэг байдлаар сумын Засаг даргатай зөвшилцөх санал гаргах ёстой байсан болов уу гэж үзэж байгаа. Учир нь хуульд “зөвшилцөн” гэж заасан. Гэтэл ямар нэгэн зөвшилцөх санал авалгүйгээр өөрсдийн үзэмжээр боловсруулсан төлөвлөгөөг шууд ирүүлсэн. Уг төлөвлөгөө нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа тул шүүх танилцах байх. Түүнийг хянаж үзээд батлах боломжгүй гэж үзсэн учраас холбогдох хариуг хүргүүлсэн.
4.7. Нэхэмжлэгч талаас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө гэсэн нэртэй ямар нэгэн баримт ирүүлсэн л бол сумын Засаг дарга 10 хоногийн дотор заавал батлах үүрэгтэй мэтээр тайлбарлаж байна. Гэтэл хуульд “хянан батлах” гэж заасан. Хянах гэдэг нь тухайн төлөвлөгөө шаардлага хангахгүй байвал буцааж, алдаа, дутагдлыг засуулж, дахин хянуулах боломжтой гэсэн агуулгатай гэж би ойлгож байгаа. Тиймээс сумын Засаг даргад олгогдсон хянан батлах эрхийнхээ хүрээнд төлөвлөгөөг хянаж, батлах боломжгүй гэж үзсэн үндэслэлээ тайлбарлан хариу хүргүүлсэн.
4.8. Үүний дараа нэхэмжлэгч талаас Өвөрхангай аймгийн Засаг дарга болон Байгаль орчны газарт холбогдох гомдлоо гаргасан. Уг гомдлын хариуг Байгаль орчны газрын дарга хүргүүлсэн байна лээ. Миний анзаарсан өөр нэг зүйл нь нэхэмжлэгч дахин ирүүлсэн албан бичигтээ өмнөх албан бичигт байсан “Залаа уулын хойд” гэх газар нутгийн нэршлийг зассанаас бусдаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөндөө нэг ч үг, бүр цэг, таслал ч өөрчлөлгүйгээр дахин ирүүлсэн. Үүнээс үзэхэд өмнө хүргүүлсэн “батлах боломжгүй” гэсэн хариуг дахин авч, улмаар шүүхэд нэхэмжлэл гарган сумын Засаг даргаар уг төлөвлөгөөг хүчээр батлуулах зорилготой байсан юм болов уу гэж миний хувьд харж байгаа. Хэрэв нэхэмжлэгч үнэхээр төлөвлөгөөгөө сайжруулж, алдаа, дутагдлаа засах зорилготой байсан бол төлөвлөгөөнд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах байсан болов уу гэж бодож байна. Гэтэл ямар нэгэн үг, үсгийн өөрчлөлтгүйгээр өмнөх төлөвлөгөөгөө яг хэвээр нь дахин ирүүлсэн. Тийм учраас би “Уг төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хариуг 4 дүгээр сард хүргүүлсэн” гэсэн агуулгатай хариуг дахин хүргүүлсэн.
4.9. Мөн Өвөрхангай аймгийн Байгаль орчны газраас 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тухайн компанид төлөвлөгөөтэй холбоотой ямар алдаа, дутагдал байгааг дурдсан хариуг хүргүүлсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь хуульд заасан шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах хугацаагаа алдсан юм шиг надад харагдаж байгаа. Холбогдох хариуг хүлээн авснаас хойш 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан гэж үзвэл хуульд заасан хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан байж болзошгүй.
4.10. Иймд шүүх энэ нөхцөл байдлыг мөн харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Ерөнхийдөө миний хувьд хуульд заасан “зөвшилцөх” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй, сумын Засаг даргад зөвшилцөх санал ирүүлээгүй, зөвхөн өөрсдийн нэг талын санал, төлөвлөгөөг ирүүлсэн учраас батлахаас татгалзсан. Би хянан батлах эрхтэй учраас хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд төлөвлөгөөг хянаж, батлах боломжгүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас өөрсдийн гаргасан алдаа, дутагдлыг үгүйсгэж, сумын Засаг даргад төлөвлөгөөгөө хүргүүлсэн л бол заавал батлах ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь зохимжгүй гэж үзэж байна.” гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “***” ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 196 дугаар тогтоолоор Завхан, Өвөрхангай, Дорноговь аймгийн нутгийн зарим хэсэгт ашигт малтмал хайх талбайн солбицлыг хавсралтаар баталж, хавсралтад заасан талбайд ашигт малтмал хайх эрхийг “***” ТӨҮГ-д олгож, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумдын нутагт Б нэртэй газарт орших 21,294.36 гектар талбайд XV-*** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “***” ТӨҮГ-т 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгосон.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ: 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.2-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах;”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж хуульчилсан.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь дээрх хуульд заасан 30 хоногийн дотор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, Баян-Өндөр сумын Засаг даргад 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/741, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1/1333 дугаар албан бичгүүдээр тус тус хүргүүлсэн байна.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн 2026 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй үндэслэлээ “...байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар тодорхой тусгасан заалт байхгүй, ерөнхий байдлаар төлөвлөсөн. Түүх соёлын өвийг хамгаалах талаар огт тусгаж төлөвлөөгүй тул батлах боломжгүй, мөн төлөвлөгөө ирүүлэхээсээ өмнө зөвшилцөх талаар санал ирүүлээгүй...” гэж тайлбарлан маргаж байгаа нь дараах үндэслэлээр хуульд нийцэхгүй гэж дүгнэлээ.
5. Нэхэмжлэгчээс анх хүргүүлсэн “2026 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” /хх-63, 76-79 тал/-ний 6 дугаар бүлэгт сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг тусгасан, үүнд тоосжилт бууруулах услагаа хийх, түлш тос асгарахаас хамгаалах, хамгаалалтын бүс тогтоох, хөрсийг эвдрэлээс хамгаалах, түр замыг нөхөн сэргээх, газрын хэвлийг хамгаалах, ил задгай ухагдац үүсгэхгүй байх, ургамал талхлагдахаас сэргийлэх, шаардлагатай нөхөн тарилт хийх, дуу чимээг багасгах, амьтдын амьдрах орчныг хамгаалах зэрэг сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах арга хэмжээг төлөвлөсөн, 7 дугаар бүлэгт хог, хаягдлын менежментийн төлөвлөгөөнд хог хаягдлыг ангилан ялгах, зориулалтын саванд хадгалах, эрх бүхий байгууллагад шилжүүлэх, тос шатахуун, химийн бодисын сав, хаягдлыг тусгай саванд хадгалах, эрх бүхий байгууллагад шилжүүлэх зэргээр тусгасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах тухай хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.
6. Дээрх байдлаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлж байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуульд нийцүүлэн боловсруулж хүргүүлсэн байхад хариуцагч нь 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1/73 дугаар албан бичгээр байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар тодорхой тусгасан заалт байхгүй, ерөнхий байдлаар төлөвлөсөн гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй. /хх-80 тал/
7. Тодруулбал, хариуцагчаас төлөвлөгөөг зөвшилцөн боловсруулах бүрэн эрхийнхээ хүрээнд байгаль орчныг хамгаалах талаар төлөвлөгөөнд юуг, хэрхэн оруулах талаар тодорхой санал гаргах боломжтой байхад төлөвлөгөөг батлахаас шууд татгалзаж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.” гэж заасантай нийцээгүй, хариуцагч албан тушаалтны эс үйлдэхүй хууль бус байна.
8. Түүнчлэн хариуцагчаас түүх соёлын өвийг хамгаалах талаар огт тусгаж төлөвлөөгүй гэх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 401, 402 дугаар зүйлүүдэд Соёлын өвийг хамгаалах асуудлыг тусгайлан зохицуулсан, энэ нь төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэлд хамааралгүй байх тул хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.
9. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн ирүүлсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянан үзэж холбогдох санал, өөрчлөлтийг тусгуулан хуульд заасан хугацааны дотор батлах үүрэгтэй байх бөгөөд төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхийг хуулиар олгоогүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
10. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
10.1. Нэхэмжлэгч нь хариуцагч албан тушаалтны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах хууль зүйн боломжтой.
10.2. Энэ хүрээнд нэхэмжлэгч нь Баян-Өндөр сумын Засаг даргын дээд шатны Засаг дарга буюу Өвөрхангай аймгийн Засаг даргад 2026 оны 05 дугаар сарын 17-ны өдөр албан бичгээр гомдол гаргасны дагуу 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 151 дүгээр албан бичгээр холбогдох материалыг бүрдүүлж, дахин байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулан батлуулна уу гэсэн хариуг авч, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр сумын Засаг даргад дахин хүсэлтээ хүргүүлсэн байх бөгөөд Баян-Өндөр сумын Засаг даргаас 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/143 дугаар албан бичгээр хариуг нэхэмжлэгчид өгчээ.
10.3. Дээрх сумын Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/143 дугаар албан бичгийг нэхэмжлэгч хүлээн аваад 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 38.1.3, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “***” ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “***” ТӨҮГ-ын ашигт малтмалын хайгуулын XV-*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2026 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус талбайн байгаль орчныг хамгаалах 2026 оны төлөвлөгөөг батлахыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “***” ТӨҮГ-т нөхөн олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ