| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/02997/И |
| Дугаар | 191/ШШ2025/04788 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/04788
| 2025 05 28 | 191/ШШ2025/04788
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: Ч тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, 54-702 тоотод оршин суух ******* ******* /РД: *******/,
Хариуцагч: У тоотод оршин суух, ******* ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэргүй овогтой *******ын өв хүлээн авахаас татгалзсаныг тогтоолгох, Гүндсамбуу овогтой ******* намайг өөрийн төрсөн ах Гүндсамбуу овогтой Нэргүйн хууль ёсны өвлөгчөөр тогтоох, Гүндсамбуу овогтой ******* миний өв хүлээн авах хугацааг сэргээлгэх, Нийслэлийн тойргийн нотариатч Галдбадрах овогтой *******гийн олгосон 2023 оны 09-р сарын 19-ны өдрийн 26 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1990 онд Казакстан улсад ажиллаж амьдрахаар гэр бүлээрээ явсан. Тэндээ амьдарч байгаад 2000 онд 2 хүүтэйгээ Монголд ирж амьдрахдаа талийгаач Г.Нэргүй ахынхаа гэрт нь цуг амьдардаг байсан. Монгол улс Казакстан улсын хооронд ирж очин амьдарч байгаад хамгийн сүүлд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Казакстан улс руу явсан. Энэ хооронд миний нөхөр болох Саухан нас барж, охин Роза 4, 5 дахь хүүхдээ гаргаж төрсөн. Миний бие энэ хооронд өвдөж эмнэлгээр явж, хүү Сергей ходоодны хагалгаанд орж, ковид цар тахал гарч хил хаагдсан. Ингээд хүү, охин дээрээ амьдарч байгаад 2023 оны 09 сард Монгол улсад ирсэн. Энэ хооронд миний төрсөн ах болох Г.Нэргүй нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. Г.Нэргүй нь насаараа ганц бие амьдарч байсан ба эхнэр нь 1990 онд салаад явсан. Өвчтэй байх хугацаанд миний төрсөн эгч Г.Цэрэнлхам, түүний охидууд харж халамжилж, асарч, эмнэлгээр үзүүлж, эмнэлэгт сахиж байгаад бурхан болгосон. Талийгаач ахын охин Н.******* нь Өмнөговь аймагт амьдардаг бөгөөд аавтайгаа ямар ч холбоогүй байдаг байсан. Бид аав нь өвчтэй, бие нь маш хүнд байна, ирж уулз гэж мэдэгдэхэд очиж чадахгүй гээд ирээгүй, ингээд ах маань нас барсан, ажил явдал дээр нь сүүлийн өдөр ирсэн. Намайг Казакстан явсан үед миний бага хүү ******* овогтой Ганбаатар талийгаач ахтай үлдсэн, одоо бид ахынхаа гэрт Дэнжийн 1000-ын цагаан байр гэж нэрлэдэг газар буюу Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд амьдардаг. Талийгаач ахын охин Н.******* нь талийгаачийн дансан дахь 43,633,356 төгрөгийг нас барснаас нь хойш 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаж, уг мөнгийг шилжүүлэн авсан байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2.Өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргах ёстой ба хэрэв уг хугацаанд хүсэлтээ гаргаагүй бол 528 дугаар зүйлийн 528.3-т заасны дагуу өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн бөгөөд үүний дагуу Н.******* нь өвлөх эрхээ алдсан байна. Мөн талийгаач ахын оршин сууж байсан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1000 тоот хаягт байрлах орон сууцыг өвлөх хүсэлт гаргаагүй байна. Би Монголд ирснээсээ хойш бие өвдөж эмнэлгээр яваад, цөсний чулуу авах хагалгаанд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ороод, хагалгааны дараа мөн шарх нь эдгэхгүй эмчилгээнд явж байсан. Одоо бие маань дээрдэж байгаа тул нэхэмжлэлээ гаргаж байна. Энэ хугацаанд талийгаач ахын охин Н.*******той холбогдох гэж байнга утсаар залгаж байсан боловч бидний утсыг авахгүй, бидэнтэй ямар ч холбоо барихгүй байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, 520 дугаар зүйлийн 520.1.2, 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасны дагуу хугацааг сунгаж, Г.******* намайг талийгаач ахын оршин сууж байсан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахдаа: Тус шүүхэд Гүндсамбуу овогтой *******ийн нэхэмжлэлтэй хууль ёсны өвлөгчөөр тогтоож, өв хүлээн авах хугацааг сэргээлгэх тухай иргэний хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2024 оны 09-р сарын 27-ны өдрийн 210/МА2024/01818 тоот магадлалаар эсрэг сонирхол бүхий маргалдагч этгээд гарч ирсэн тул ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд гуравдагч этгээд энэ талаар маргаж байх тул хэргийг хариуцуулан нэхэмжлэлээ тодруулан гаргах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Нэргүй овогтой *******ын Өв хүлээн авахаас татгалзсаныг тогтоолгох, Гүндсамбуу овогтой ******* намайг өөрийн төрсөн ах Гүндсамбуу овогтой Нэргүйн хууль ёсны өвлөгчөөр тогтоох, Гүндсамбуу овогтой ******* миний Өв хүлээн авах хугацааг сэргээлгэх, Нийслэлийн тойргийн нотариатч Галбадрах овогтой *******гийн олгосон 2023 оны 09-р сарын 19-ны өдрийн №26 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Гүндсамбуу овогтой ******* би 1959 оны 01-р сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн. Миний нөхөр Саухан гэж казак хүн байсан. Бид гэрлээд 5 хүүхэдтэй болсон. Бид гэр бүлээрээ 1990 онд Казакстан улсад ажиллаж, амьдрахаар явсан. Тэндээ амьдарч байгаад 2000 онд би том, бага 2 хүүтэйгээ Монголд ирж амьдрахдаа талийгаач Нэргүй ахынхаа гэрт нь цуг амьдарч байгаад 2016 оны 08-р сарын 16-ны өдөр би Казакстан руу явсан. Энэ хооронд миний нөхөр болох Саухан нас барж, охин Роза 4,5 дахь хүүхдээ гаргаж , амаржсан. Мөн миний бие энэ хооронд өвдөж, эмнэлгээр явж, хүү Сергей ходоодны хагалгаанд орж, Ковид цар тахал гарч, хил хаагдсан. Ингээд охин, хүү 2 дээрээ амьдарч байгаад 2023 оны 9 сард Монголд ирсэн. Энэ хооронд миний төрсөн ах болох Гүндсамбуу овогтой Нэргүй нь 2021 оны 11-р сарын 13-ны өдөр өвчнөөр нас барсан. Миний ах Г.Нэргүй нь насаараа ганц бие амьдарч байгаад элэгний хорт хавдар өвчнөөр нас барсан. /эхнэр хүүхэд нь 1990-д онд салаад явсан./ Өвчтэй байх хугацаанд миний төрсөн эгч Гүндсамбуу овогтой Цэрэнлхам, түүний охидууд Наранхүү, Нармандах нар нь ах Нэргүйг харж, халамжилж, асарч, эмнэлгээр үзүүлж, эмнэлэгт сахиж байгаад бурхан болгосон. Талийгаач ахын охин ******* нь Өмнөговь аймагт амьдардаг бөгөөд аавтайгаа ямарч холбоогүй байдаг байсан. Бид аав нь өвчтэй, бие нь маш хүнд байна, ирж уулз гэж мэдэгдэхэд очиж чадахгүй гээд ирээгүй, ингээд ах маань нас барж ажил явдал дээр нь сүүлийн өдөр нь ирсэн. Би ахыгаа нас барах үед Монголд байгаагүй бөгөөд , ковид цар тахал дуусаад, хил нээгдээд, мөн бичиг баримтын хугацаа дуусчихсан байсан бөгөөд бичиг баримтаа хөөцөлдөж, нэг удаагийн бичиг баримтаар Монголд 2023 оны 09-р сард ирсэн. Ахыг нас барснаас хойш миний эгч дүү нар, ахын охин *******той холбогдох гээд ерөөсөө чадаагүй. Утсаа авахгүй, эргээд залгахгүй, ямар ч холбоогүй байсан.
Ингээд бид арга ядаад өвлөх эрхтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан.
Анх шүүхэд хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тэр үед охин ******* нь бид нартай ямар ч холбоо байхгүй, ямар ч маргаангүй, сураггүй байсан.
Тиймээс нэхэмжлэлээ хариуцагч тодорхойлж гаргаагүй байсан. Шүүхэд нэхэмжлэлээ өгөх гээд нотариатын үйлчилгээ авч байх үед талийгаач ахын охин ******* өвлөх эрхийн гэрчилгээг хугацаа хэтрүүлэн авсан байсныг мэдсэн. Мөн Чингэлтэй дүүргийн 9-р хороо, , 44-т тоот хаягт байрлах орон сууц дээр ямар нэгэн өвлөх хүсэлт байгаагүй.
Талийгаач ахын охин ******* нь 2023 оны 09-р сарын 19-нд өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаж, тэр өдрөө буюу 2023 оны 09-р сарын 19-ны өдрийн Нийслэлийн тойргийн нотариатч Г.*******гийн 0026 бүртгэлийн
дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосны дагуу талийгаачийн дансанд дахь 43,633,356 төгрөгийг нас барснаас хойш бараг 2 жилийн дараа шилжүүлэн авсан байсан.
Энэ нь иргэний хуулийн 528-р зүйлийн 528.3-т энэ хуулийн 528.1, 528.2- т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.
528-р зүйлийн 528.2-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал өвийг хүлээн авсан гэж үзнэ.
Мөн хуулийн 518.-р зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ гэж заасны дагуу талийгаач Нэргүйн нас барсан өдөр буюу 2021 оны 11-р сарын 13 - 2022 оны 11- р сарын 13-ны дотор Өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллагад гаргах ёстой байсан. Гэтэл 2023 оны 09 -р сарын 19-ний өдөр өв хүлээн авах хүсэлт гаргаж, өвлөх эрхийн гэрчилгээ олгож байгаа үйлдэл нь хуульд заасан хугацааг хэтрүүлж, хууль зөрчсөн байна.
Ахыг өвдсөн үед нь миний эгч, охидууд нь асарч, халамжилж байсан, нас барсных нь дараа эгч Цэрэнлхам талийгаач ахын байр орон сууцыг харж, хандаж, манаж, тог цахилгааныг нь салгуулж, арчилж байсан. Би Казакстанааас ирээд ахынхаа байрыг засаж янзалж, эд хэрэглэлийг нь шатааж, цэвэрлэж, засвар хийж, нэлээдгүй зардал гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл бүхий л ашиглалт, үйлчилгээний төлбөр, хураамжийг хариуцан төлж , одоо өөрөө амьдарч байна. Казакстанд байхдаа ч мөн ахын бие муу эмнэлгээр явж байгаа гэх үед би өөрийн боломжоороо эмчилгээнд нь нэмэр тус болог гээд мөнгө явуулж байсан.
******* би Монголд ирснээсээ хойш бие өвдөж, эмнэлгээр яваад, хагалгаанд орж, хагалгааны дараа мөн шарх маань эдгэхгүй эмчилгээ сувилгааны үйлчилгээ авсаар нэлээд хугацаа өнгөрсөн. Ингээд бие маань тэнхэрсний дараа шүүхэд хандсан. Үүнтэй холбоотой нотлох баримтууд болох, эмчлүүлэгчийн акт, шинжилгээнүүд, хагалгаанд орсон тодорхойлолт гэх зэрэг нотлох баримтуудаа хэрэгт хавсаргасан бөгөөд энэ шалтгаануудыг минь хүндэтгэн үзэж Иргэний хуулийн 82-р зүйлийн 82.4, 520-р зүйлийн 520.1.2,528-р зүйлийн 528.4 -т заасны дагуу хугацааг сэргээж, өв хүлээн авах хугацааг сунгаж, Г.******* намайг төрсөн ах Г.Нэргүйн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 528.3 -т заасны дагуу Н.*******ын өв хүлээн авахаас татгалзсаныг тогтоож, мөн Нийслэлийн тойргийн нотариатч Г.*******гийн Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.2, 528.3-т заасны дагуу хугацаа хэтрүүлэн, хууль зөрчиж олгосон 2023 оны 09-р сарын 19-ны өдрийн №26 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй, Г.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******, Г.******* нарт холбогдуулан гаргасан:
1. Нэргүй овогтой *******ын өв хүлээн авахаас татгалзсаныг тогтоолгох,
2. Гүндсамбуу овогтой ******* намайг өөрийн төрсөн ах Гүндсамбуу овогтой Нэргүйн хууль ёсны өвлөгчөөр тогтоох,
3. Гүндсамбуу овогтой ******* миний өв хүлээн авах хугацааг сэргээлгэх,
4. Нийслэлийн тойргийн нотариатч Галбадрах овогтой *******гийн олгосон 2023 оны 09-р сарын 19-ны өдрийн 26 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, зэрэг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа доорхи байдлаар өөрчлөн гаргаж байна.
Нэхэмжлэлийн утга: Хариуцагч Н. ******* нь талийгаач Гүндсамбуу овогтой Нэргүйн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, , байр, 1 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн дугаартай, Гэрчилгээний дугаар бүхий 16 м.кв нэг өрөө, нийтийн орон сууцыг өвлөх эрхээсээ татгалзаж, уг хөрөнгийг талийгаач Гүндсамбуу овогтой Нэргүйн төрсөн дүү Гүндсамбуу овогтой *******т өвлөхийг зөвшөөрч, өвлөх эрхээсээ татгалзан 2025 оны 02-р сарын 13-ны өдрийн 0090 бүртгэлийн дугаартай, Өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн болно. Үүний дагуу уг эд хөрөнгө дээр ямар нэг маргаан байхгүй байна. Иймд: Г.******* намайг Талийгаач Гүндсамбуу овогтой Нэргүйн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, , байр, 1 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн дугаартай, Гэрчилгээний дугаар бүхий 16 м.кв нэг өрөө, нийтийн орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхболд шүүхэд гаргасан тбартаа: Тус шүүхэд Г.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.******* ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Д 1000 44 байр, 1 тоот байрлах Ү-22020113351 дугаартай № дугаартай 1 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Н.*******, Г.******* нарт холбогдуулан Нэргүй овогтой *******ын өв хүлээн авахаас татгалзсаныг тогтоолгох, Гүндсамбуу овогтой ******* намайг өөрийн төрсөн ах Гүндсамбуу овогтой Нэргүйн хууль ёсны өвлөгчөөр тогтоох, Гүндсамбуу овогтой ******* миний өв хүлээн авах хугацааг сэргээлгэх, Нийслэлийн тойргийн нотариатч Галбадрах овогтой *******гийн олгосон 2023 оны 09-р сарын 19-ны өдрийн 26 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Нэргүй овогтой *******ын өв хүлээн авахаас татгалзсаныг тогтоолгох,
2. Гүндсамбуу овогтой ******* намайг өөрийн төрсөн ах Гүндсамбуу овогтой Нэргүйн хууль ёсны өвлөгчөөр тогтоох,
3. Гүндсамбуу овогтой ******* миний өв хүлээн авах хугацааг сэргээлгэх,
4. Нийслэлийн тойргийн нотариатч Галбадрах овогтой *******гийн олгосон 2023 оны 09-р сарын 19-ны өдрийн 26 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, зэрэг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, мөн хариуцагч Г.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Харин Г.******* намайг Талийгаач Гүндсамбуу овогтой Нэргүйн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, , байр, 1 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн дугаартай, Гэрчилгээний дугаар бүхий 16 м.кв нэг өрөө, нийтийн орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхболд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Д 1000 44 байр, 1 тоот байрлах Ү-22020113351 дугаартай № дугаартай 1 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тбараа шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлага тус бүрт нийлээд улсын тэмдэгтийн хураамжид нийт 351,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд шүүхэд гаргасан шаардлагуудаасаа татгалзаж, нэг шаардлагын тухайд хариуцагч зөвшөөрсөн тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.******* нь Н.*******, Г.******* нарт холбогдуулан гаргасан 1.Нэргүй овогтой *******ын өв хүлээн авахаас татгалзсаныг тогтоолгох,
2. Гүндсамбуу овогтой ******* намайг өөрийн төрсөн ах Гүндсамбуу овогтой Нэргүйн хууль ёсны өвлөгчөөр тогтоох,
3. Гүндсамбуу овогтой ******* миний өв хүлээн авах хугацааг сэргээлгэх,
4. Нийслэлийн тойргийн нотариатч Галбадрах овогтой *******гийн олгосон 2023 оны 09-р сарын 19-ны өдрийн 26 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, зэрэг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, мөн хариуцагч Г.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч Г.*******ийн хариуцагч Н.*******д холбогдуулан Г.******* намайг Талийгаач Гүндсамбуу овогтой Нэргүйн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, , байр, 1 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн дугаартай, Гэрчилгээний дугаар бүхий 16 м.кв нэг өрөө, нийтийн орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхболд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 35,100 төгрөгийг, хариуцагч Н.*******оос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС