Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/92

 

 

 

 

 

 

 2025               01            16                                       2025/ДШМ/92

 

Р.Б-, Я.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Түмэнжаргал,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/1220 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Р.Б-, Я.Б- нарт холбогдох эрүүгийн 2408000001087 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б-,

2. Б-,

Р.Б- нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** тоот хашаан дотор тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Я.Б-ын баруун хөлөөс татаж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Я.Б- нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** тоот хашаан дотор тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Р.Б-ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Р.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Я.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 000001087 дугаартай хэргээс **** Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтад заасан “аргагүй хамгаалалт”-ын нөхцөл тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

**** Б-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-т 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Б-т сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Я.Б- нь өөрийн эрүүл мэнд болон сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шаардах эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Р.Б-, Я.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Сувданчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ноцтой зөрүүтэй бол” буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад заасан “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч, прокурорын эсэргүүцэл бичиж байна.

Хэргийн тухайд шүүгдэгч, хохирогч Р.Б- нь Я.Б-ын баруун хөлөөс татаж унагасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, харин шүүгдэгч, хохирогч Я.Б- нь Р.Б-ийн нүүрэн тус газарт цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдэгджээ. Шүүгдэгч Я.Б- нь хүний эрүүл мэндэд санаатай халдаж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Р.Б-ийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх боловч шүүгдэгч Я.Б- нь машины тэвшнээс Р.Б-ийг татаж буулгасан үйлдлийн улмаас газарт унасан, унасан байх үед нь Р.Б- дээрээс нь үргэлжлүүлэн цохиж зодсон ба Я.Б-  босож ирснээр Р.Б-ийн хууль бус довтолгоон дууссан байдаг. Харин анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг дүгнэхдээ шүүгдэгч Р.Б- нь хохирогч Я.Б-ын эсрэг эхэлж довтолсон, улмаар унасан байхад нь довтолгоогоо үргэлжлүүлсэн гэж үзэж, Я.Б- нь Р.Б-ийн эрүүл мэндэд хууль бусаар халдсан үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, хэрэгт гэрч Э.Б-ийн “...жолооч ах босож ирээд зөрүүлээд нүүр хэсэгт нь гараараа цохисон...” гэх мэдүүлгээс үзэхэд Р.Б-ийн Я.Б-ын биед эхэлж халдсан үйлдэл нь төгсөж, улмаар Я.Б- газраас босож ирснийхээ дараа Р.Б-ийн нүүрэн тус газарт 2 удаа цохиж зодсон үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй. Хохирогч Я.Б- нь газраас босож ирснийхээ дараа Р.Б-ийн нүүрэн тус газар нь цохисон үйлдэлд халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу үйлдэл тогтоогдоогүй буюу тулгарсан довтолгоон дууссан байхад хийгдсэн, нөхцөл байдалд бодитой хандах боломжгүйгээр бусдад зодуулсан уурандаа хийсэн санаатай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан ба агуулгын хувьд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах санаа зорилгоор хариу довтолгоон хийж, халдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж буй гэмт халдлагаас хувь хүн өөрийгөө хамгаалах эрхийг баталгаажуулсан, нийгмийг илүү аюулгүй, амар тайван байдлыг бүрдүүлэхэд чиглэсэн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм. Я.Б- /53 настай/ нь өөрт тулгарсан довтолгоон төгссөний дараа нэгнийхээ биед халдахгүйгээр асуудлыг өөрөөр шийдвэрлэх боломжтой байхад өөрөөсөө ахимаг, 69 настай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан Р.Б-ийн эсрэг санаатай хүч хэрэглэж, хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй, шүүгдэгч Я.Б- нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад заасан “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3 дахь заалтуудад заасан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1220 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Р.Б-, Я.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос Р.Б-ийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** тоот хашаан дотор тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Я.Б-ын баруун хөлөөс татаж унаган эрүүл мэндэд нь “зүүн хөлийн 2, 3, 4-р хурууны шивнүүрийн далд зөрсөн хөндлөн хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Я.Б-ыг мөн өдөр, мөн газар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Р.Б-ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, дух, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд зулгаралт, баруун зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Р.Б- нь хохирогч Я.Б-тай маргалдсан, улмаар Я.Б-ыг машины тэвшин дээрээс хөлөөс нь татаж газарт унагасан, унагасны дараа нүүр хэсэгт цохисон үйлдэл нь нийтийн хэв журам, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, хүний амь нас, эрүүл мэндэд аюултай хууль бус довтолгоо байх бөгөөд түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн Я.Б-ын эрүүл мэндэд бодит аюул учирсан байх тэр үед тэрээр шүүгдэгч Р.Б-ийн нүүрэн тус газарт цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэн гэмт хэрэгт тооцохгүй байх хангалттай үндэслэл байна. ...” гэх үндэслэлээр Я.Б-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Я.Б-ын хохирогчоор “...боссон чинь миний зүүн хөл гишгэж болохгүй, хөл дотор сул юм бужигнаад байх шиг байсан. Б- ах миний цамцнаас зуураад байсан ба би цааш түлхээд “хүн байна уу, энийг салгаад өг” гэхэд Энхбат ирээд бид хоёрыг салгаад би машин руу авираад дээш гарахад Б- ах амбаар луу орчихсон. Тэр хооронд би машинаас буугаад түлхүүр багажаа машиндаа хийж байхад Б- ах хүрч ирээд “за хоёулаа муудалцаж танилцсан хүмүүс сайн найзууд болдог юм” гээд би Б- ахын нүүрийг угааж өгсөн. Удаагүй цаашаа амбаар луу ороод намайг дуудаад “архи уу” гээд би уухгүй гэхэд тогооч, Б- ах хоёр гарч ирээд над руу савтай тосоор цохих гээд дайраад ирэх үед би Б- ахыг цааш түлхээд гараараа хаагаад нүүр хэсэгт нь хоёр удаа цохисон. Араас намайг Байгаль татаад газар унагаад “та хоёр учраа ол” гээд явсан. ...” /хх 12-13/,

Я.Б-ын яллагдагчаар “...Б- ах миний хөлнөөс татаад машинаас унагаасан бөгөөд миний нүдний шил газар унасан, шилээ авчихаад босож ирээд Б- ахыг өөрөөсөө холдуулах гээд түлхсэн, тэгсэн цаанаас Энхбат гэх хүн ирээд салгасан. Б- ах цаашаа амбаар луу орчихоор нь би машиндаа суугаад буцаад буух үед Б- ах, тогооч хоёр ирээд Б- ах намайг савтай тос барьчихсан цохих гээд байхаар нь би нүүрэн тус газар нь хоёр удаа цохьсон. ...” /хх70/,

хохирогч Р.Б-ийн “...Б- машин дотроос үсэрч буугаад надтай маргалдаж, хэл амаар доромжлоод миний нүүр лүү  2-3 удаа цохисон. Тэгэхэд хажууд байсан Энхбат, Пүрэв нар намайг салгасан. ...Би Б-ыг машин дотроос татаж буулгасан, машинаас буугаад намайг зодсон. ...” /хх 8-9/,

гэрч Д.И-ын “...Б- гэх хүн ачааны машин дээрээс ачаагаа буулгаж байгаад энэ ачааны машин дээр тосол, масло байна, энэ өвгөн байнга юмаа нууж байх юм гэж хэлсэн чинь манай дарга болох Б- уурлаад Б- гэх хүн дээр очих гээд хоорондоо маргалдаад байсан бөгөөд намайг очиход Б- даргын нэг нүд хавдаад улайчихсан байсан. Би аль талын нүд нь байсан талаар сайн санахгүй байна. Намайг гараад очих үед зодоон болоод дуусчихсан байсан бөгөөд яг юу болсон талаар би сайн хараагүй болохоор сайн мэдэхгүй байна... Тухайн үед Б-ын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан, харин хөл хугарчихсан гээд байсан. ...”  /хх 18-19/,

“...Р.Б-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, дух, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд зулгаралт, баруун зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 8025 дугаар дүгнэлт /хх 21-22/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийг бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтууд хавтас хэрэгт цугларсан нь шүүгдэгчийн гэм бурууд эргэлзэх үндэслэлийг бий болгох боловч энэхүү нөхцөл байдал нь шүүхээс тэдгээр нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралтай болон хууль ёсны байдлын шаардлага, нотломжийн түвшин, бодит байдлыг илэрхийлж буй ач холбогдол зэргийг үнэлж, дүгнэхгүйгээр шууд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний эд хөрөнгө, халдашгүй байдалд халдсан хууль бус үйлдлийг Я.Б-ын зүгээс няцаахдаа халдагч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Р.Б-, Я.Б- нар нь “тосол, масло нуулаа” гэх шалтгаанаас үүдэн маргаж, Р.Б- нь Я.Б-ыг автомашины тэвшин дээр зогсож байхад хөлөөс нь татаж унагаасан байх бөгөөд Я.Б- нь босож ирээд Б-ийг өөрөөсөө холдуулж түлхсэн, энэ үед н.Энхбат гэх ирж салгаж авч явсан. Үүний дараа Р.Б- нь дахин ирж Я.Б-ыг саваар цохих гэх үед тэрээр түүний нүүрэн тус газар нь цохьсон нөхцөл байдал байх тул  үүнийг довтолгооны үргэлжилсэн шинж гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь Эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг бөгөөд аргагүй хамгаалалт хийж буй этгээдийн санаа сэдэл, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг хэргийн үйл баримтад нарийвчлан тодорхойлох нь түүнээс үүдэн гарах нийгмийн аюулын шинж чанарыг үгүйсгэж, гэмт хэрэгт тооцох эсэх үр дагавартайгаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдээс объектив талын шинжээр ялгагдах учиртай тул аргагүй хамгаалалтын хувьд объектив болон субъектив шинжийн зохицол болоод хоорондын уялдаа холбоог анхааран үзэх шаардлагатай юм.

Гэтэл гэмт хэрэг гарахад дан ганц хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, энэ нь Я.Б-ыг хариу үйлдэл үзүүлэх хэмжээнд хүргэсэн гэх өрөөсгөл дүгнэлт хийж, гэмт хэрэг эхэлж, дуусах хүртэл үргэлжилсэн хугацаа, үйл явдал болж өрнөсөн нөхцөл зэргийг харгалзан үзэлгүйгээр Я.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хүч хэрэглэсэн довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд аргагүй хамгаалалт хийгддэг бол ийм бодит аюул тулгараагүй тохиолдолд гэмт хэргийг үгүйсгэх энэхүү нөхцөл байдал үүсэхгүй.

Тодруулбал, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй. Учир нь аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 94 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/1220 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Р.Б-, Я.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН