| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00312/И |
| Дугаар | 141/ШШ2025/00265 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 141/ШШ2025/00265
| 2025 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 141/ШШ2025/00265 | Завхан аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч **** ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ************** хаягаар оршин суудаг Н.Б холбогдох 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...1. Хариуцагч нь 2023.02.16 өдөр иргэн Э.М **** дугаарт "Орон сууц хөлслөх гэрээ-г,****** ХХК-тай **** дугаарт ****"-г тус тус байгуулсан.
2. Дээрх гэрээнүүдийг үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2023.02.16 өдөр *** дугаарт Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулсан. Тус гэрээний дөрөв хэсэгт заасны дагуу хариуцагчийн ХаанБанк дахь ********** дугаарт дансанд 4,400,000 төгрөгийг тухайн өдөр нь нэхэмжлэгчийн зүгээс бүрэн шилжүүлсэн. Зуучлалын онцгой эрхийн гэрээ"-ний 3.2-т заасны дагуу ********** ХXК-д 400,000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс тухайн өдөр нь шилжүүлсэн. Нийт 4,800,000 төгрөгийн шилжүүлгийг бүрэн гүйцэтгэсэн.
3. Орон сууц хөлслөх гэрээ-ний хоёрдугаар бүлгийн Б хэсэгт дурдсанчлан орон сууц хөлслөх хугацаа нь 2023.02.16-2023.08.16 өдөр хүртэл 6 сар байсан.
4. Гэрээнд заасан урьдчилан мэдэгдэх нөхцлийн дагуу 2023.06.25 өдөр иргэн Э.М нь орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгч, акт үйлдсэн.
5. 2023.02.16-2023.07.16 өдрийн хугацаанд хамаарах орон сууцны хөлсийг гэрээний үүргийн дагуу иргэн Э.М нь 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн шилжүүлсэн.
6. Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний долоо хэсгийн 7.1.2 хэсэгт зааснаар "***" нь дуусгавар болсон тул мөн хэсгийн 7.2 хэсэгт заасны дагуу хариуцагчид анхлан шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 4,800,000 төгрөгөөс иргэн Э.М төлсөн 4,000,000 төгрөгийг хасан тооцож 800,000 төгрөгийг хариуцагчаас буцаан нэхэмжлэх шаардлагатай боллоо.
7. Хариуцагчид тус асуудлаар хандсан ч шийдвэрлэсэнгүй. Иймд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандаж байна. Шүүхээс хүсэх нь: Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг авч, хариуцагчаас 800,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..*********** ХХК-ний нэхэмжлэлтэй Н.Б /РД:********/ нь нэхэмжилсэн төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ********* ХХК-иас хариуцагч Н.Б холбогдуулан 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлаа шийдвэрлүүлэхээр хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж, 74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал ...-ыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлээсээ татгалзах эрх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон байх тул шүүх түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийн тал хувь болох 11,875 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *************** ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б холбогдох 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийн тал хувь болох 11,875 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ************** ХХК-нд олгосугай.
3. Захирамжийг зохигчид гардуулан өгөхийг шүүгчийн туслах Б.Батбаярт даалгасугай.
4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН