| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00412/И |
| Дугаар | 311/ШШ2025/00534 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 311/ШШ2025/00534
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: ........ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ........ сумын ........ багт оршин суух, Ц.Б........ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн үүрэгт 36,273,671.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д......, хариуцагч Ц.Б......., нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч .......ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.Б....... нар нь ..... банктай 2023 оны 03 дугаар сарын 10-ний өдөр MN890034170501851908/51/02 дугаар Малчны зээл-ийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч нар 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр MN890034170501851908-01 дугаартай малчны зээлийн нэмэлт 8,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай 19.2% хүүтэй нэмж 30,000,000 төгрөгийн зээлийг авсан зээл болон хүүгийн төлбөр төлөөгүй.
...тус зээлээс 3,000,000 төгрөгийг үндсэн зээлээс зээлийн хүүгийн төлбөрт 2,641,709.58 төгрөгийг төлж, нийт зээлийн үлдэгдэл 22,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2023 оны 09-р сарын 27-ны өдөр MN890034170501851908-01 дугаартай малчны зээлийн нэмэлт гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай 19.2% хүүтэй 22,000,000 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж нийт зээлийг 30,000,000 төгрөг болгож гэрээ хийсэн. 2025 оны 06-р сарын 23-ны өдрийн байдлаар 30,000,000 төгрөгийн үндсэн зээлийн өртэй, зээлийн хүүгийн 6,273,671.207 төгрөг, нийт 36,273,671.207 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Ц.Б...... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг ямар нэгэн байдлаар төлж барагдуулна гэв.
Хариуцагч Э.С....... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...уг зээлийг Б...... өөрийнхөө ах, эгч нартаа авч өгсөн манайх уг зээлийг хэрэглээгүй. Гэхдээ одоо бид хоёр ярилцаад зээлээ төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
....... ХК нь Ц.Б......... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн дагуу 36,273,671.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 36,273,671.20 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх эрхтэй.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339,453 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 169,726 төгрөгийг, хариуцагчаас 169,726 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ....... ХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ....... ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Б......... нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн дагуу 36,273,671.20 /гучин зургаан сая хоёр зуун далан гурван мянган зургаан зуун далан нэгэн төгрөг хорин мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.Б....... нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339,453 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б.........нараас 169,726 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 169,726 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ........ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ