Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/91

 

 

 

 

 

 

  2025             01           16                                         2025/ДШМ/91

 

 

Б.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Н.Нарангуа,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/1001 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Н.Нарангуагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.С-т холбогдох эрүүгийн 2403000000471 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С-,

Шүүгдэгч Б.С- нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Жуковын хойд талын автобусны буудлын явган хүний гарц дээр “Honda insight” загварын **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Х.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С-ыг "Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Б.С- оршин суух хорооноос явахыг хориглох буюу Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, өөрийн оршин суух газар эрхэлж буй ажлын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.С- нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 жилээр хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-аас 21.688.354 төгрөгийг гаргуулан хохирогч Х.А-т олгож, хохирогч Х.А- ажилгүй байсан хугацааны цалин хөлс холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэл болон бусад цаашид гарах хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Н.Нарангуа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.С- нь тохиолдлын шинжтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй. Мөн хохирогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Тэрээр хохирогчид нийт 12.375.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн бөгөөд үлдэгдэл 9.313.354 төгрөгөө төлөхөө илэрхийлж хүсэлт гаргаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай байгаа. Хөдөө орон нутагт ажилладаг, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хохирогч Х.А-ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ... гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр Б.С-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүхээс хувийн байдал болон хохирол төлбөр барагдуулаагүй, хохирогчийн буруутай үйлдэл байхгүй зэргийг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С- нь хохирол төлбөрийн тал хувийг төлсөн мөн цаашид төлөхөө илэрхийлж байна. Иймд прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.С-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Н.Нарангуагийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.С- нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Жуковын хойд талын автобусны буудлын явган хүний гарц дээр “Honda insight” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Х.А-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хоншоор ясны хугарал, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2, 3, 4-р шүдний булгарал, баруун зүүн шуу, цээжинд цус хуралт, зүүн шуу, алга, зүүн шилбэнд зулгаралт, дээд доод уруулын дотор салст, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Х.А-ын “...2, 3 дугаар эгнээгээр явж байсан автомашинууд зогсоод надад зам тавьж өгөхөөр нь би 1 дүгээр эгнээ рүү алхаад ороход тус эгнээгээр явж байсан автомашин зогсох үйлдэл хийлгүй миний баруун талаас мөргөөд би газар шидэгдэж брожур хэсэг рүү нүүрээрээ унасан. Ослын дараа миний амнаас цус гараад би жолооч залууг бууж ирэхээр нь “хоёулаа эмнэлэг явъя” гэхэд өөр хөндлөнгийн хүн “та одоо явж болохгүй, дуудлага дуудаад өгье” гэж хэлээд дуудлага өгсөн. Түргэний машин ирээд эмч нь намайг үзээд даралтны эм болон өвчин намдаах эм өгсөн. Цагдаагийн бүрэлдэхүүн ирээд ослын газарт үзлэг хийсэн намайг болон жолоочийн согтуурлыг шалгасан хоёулаа эрүүл байсан. Ослын газраас дүү охин болон жолоочийн хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан, эмнэлэгт үзүүлэхэд даралт буухгүй байсан, эрүү хэсэгт оёдол тавьсан. ...” /хх 14/ гэсэн мэдүүлэг,

“...Х.А-ын биед хоншоор ясны хугарал, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2, 3, 4-р шүдний булгарал, баруун зүүн шуу, цээжинд цус хуралт, зүүн шуу, алга, зүүн шилбэнд зулгаралт, дээд доод уруулын дотор салст, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8295 дугаар дүгнэлт /хх 50-51/,

“...Жолооч Б.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй. ...” гэх Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1172 дугаар магадалгаа /хх 64-65/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.С- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Б.С- нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.А-ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Н.Нарангуа “...тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан болон зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаа багасгах, эсхүл торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээгээр хохирлыг  нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассаныг 1 жил, 6 сар,  01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг 1 жил болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Б.С- оршин суух хорооноос явахыг хориглох буюу Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, ... зорчих үүрэг хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байх тул оршин суух хорооноос явахыг хориглох гэснийг хасч зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С- нь хохирогч Х.А-ын Хаан банкны ****** тоот дансанд нийт 12.375.000 төгрөг шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/1001 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, өөрийн оршин суух газар эрхэлж буй ажлын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.С- нь хохирогч Х.А 12.375.000 төгрөг /арван хоёр сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН