Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/90

 

 

 

 

 

  2025           01            16                                         2025/ДШМ/90

 

 

Д.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Эрдэнэмөнх,

шүүгдэгч Д.П-,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/1282 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.П-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2406062823312 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

П-,

Шүүгдэгч Д.П- нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Э-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.П-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч П-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Д.П-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.П-гээс гэм хорын хохиролд 4,107,800 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Э- /РД:/-д олгож, хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.П- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Э.Э-д сэтгэл санааны хохирол 4.107.800 төгрөг, шүдний эмчилгээний төлбөр 4.580.000 төгрөгийг төлсөн. Миний бие оюутан буюу хичээлтэй мөн 2025 оны 1 дүгээр сарын 17-с 22-ны өдрүүдэд Чөлөөт бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ө.Эрдэнэмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн зүгээс оюутан, мөн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд Чөлөөт бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тул 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Хичээлтэй тохиолдолд тухайн өдрийн хийх нийтэд тустай ажлын цагийг тохиролцох боломжтой. Мөн торгох ял оногдуулахад ямар үүсвэрээр биелүүлэх талаар дүгнэлт хийх ёстой. Д.П- нь оюутан учраас торгох ялыг биелүүлэх боломжгүй, эх үүсвэр нь тодорхойгүй гэж үзэж байна. Тэмцээнд оролцох асуудлын тухайд 7 хоногийн чөлөө олгох боломжтой. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.П-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.П- нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Э-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр хэсэгт нь цохиж дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зүүн дээд 1, 2-р шүдний булгарал /уналт/, буйланд цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, доод уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Э-ын “...4 залуу зогсож байхаар нь “та хэд жоохон байна, одоо харь” гэхэд намайг хөгшин гэх утгатай юм хэлээд хэл, амаар доромжлох шиг болохоор нь юу гэнэ ээ гээд очиход нүүр хэсэгт нэг удаа цохисон. ...” /хх 9/,

гэрч А.И-ын “...Сансарын тунелийн дээр байрлах караокед ороод 2 цаг аваад цагаа дуусгаад гараад явж байтал араас хоёр ах шүгэлдээд яваад байсан. Бид нарыг машиндаа байж байхад манай найз П- тухайн хоёр ахтай маргалдаж байгаад нэг ахыг нь цохиод зугтаагаад явчихсан. ...” /хх 11/ гэсэн мэдүүлгүүд,

“...Э.Э-ын биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зүүн дээд 1, 2-р шүдний булгарал /уналт/, буйланд цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, доод уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11619 дүгээр дүгнэлт /хх 14-15/,

2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 152 дугаартай “Басхүү имплант клиник” болон , “Цэгц Дент”  шүдний эмнэлгийн эмчилгээний тодорхойлолт, гэрэл зураг /хх 20-24, 27-29/, дүрс оношилгооны шинжилгээний хариу, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх 64/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Д.П- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Д.П-гийн хохирогч Э.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.П- “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.П-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.П- нь хохирогч Э.Э-ын Хаан банкны***** тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2.607.000, 12 дугаар сарын 11-ний өдөр 1.500.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Оргил дент шүдний эмнэлэгт 4.420.000 төгрөг төлснийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/1282 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасны дагуу 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П- шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.П- нь хохирогч Э.Э-д 4.107.800 /дөрвөн сая нэг зуун долоон мянга найман зуу/ төгрөгийг, “Оргил дент” шүдний эмнэлэгийн дансанд 4.420.000 /дөрвөн сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН