| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/10112/И |
| Дугаар | 191/ШШ2025/09497 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/09497
Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- ******* дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай, өөрийн байранд байрлах, “Г******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Нямсүрэнг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Санжаабал.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Д.Нямсүрэн нь 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Г******* банк ХК-тай ЗГ-******* тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Д.Нямсүрэн нь ЗГ-******* тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нийт 115 хоног хугацаа хэтрүүлэн зөрчин зээлийн төлөлт болох нийт 10,149,241.97 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байна. Д.Нямсүрэнг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжилсэн боловч 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн ******* дугаар бүхий захирамжаар тухайн хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул Д.Нямсүрэн-г эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус дүүргийн шүүхэд Г******* банкнаас хариуцагч Д.Нямсүрэнг рээн сурвалжлуулах хүсэлт өгсөн. Г******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч би хүндэтгэх шалтгааны улмаас эрэн сурвалжлах ажиллагааны шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-24/.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-3-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ******* дугаартай дижитал зээлийн гэрээ /хх-6-7/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дугаартай захирамж /хх-8/, 10,000,000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн дансны хуулга /хх-25/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр Д.Нямсүрэн-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-12/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-13-14/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Г******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Доржрагчаа-н Нямсүрэн-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлсон байна /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ******* дугаартай дижитал зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, Д.Нямсүрэнгийн дансны хуулга зэрэг баримтаас үзэхэд Д.Нямсүрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
4. Тиймээс шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/42473 дугаар захирамжаар Д.Нямсүрэн-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 25-р хороо, го-парк энхтайваны өргөн чөлөө гудамж 105-р байрны 92 тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-12/.
Дээрх хаягаар Д.Нямсүрэнг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хорооны засаг дарга нь “хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” болохыг тодорхойлж, баталгаат шуудангийн магадлагаанд “хаягт газар ийм хүн байхгүй” гэх тайлбар бичигдсэн байна /хх-13-14/.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Нямсүрэн нь Баянгол дүүрэг, 25-р хороо, го-парк энхтайваны өргөн чөлөө гудамж 105-р байрны 92 тоотод оршин суудаггүй болох нь тухайн хорооны засаг даргын тодорхойлолт болон Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дугаартай захирамжаар тус тус тогтоогдож байна.
6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ИО98012519 регистрийн дугаартай, Боржгон овогт Доржрагчаа-н Нямсүрэн-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч Г******* банк ХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Нямсүрэн-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
9. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-24/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ИО98012519 регистрийн дугаартай, Боржгон овогт Доржрагчаа-н Нямсүрэн-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Нямсүрэн-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Г******* банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч******* /холбоо барих утас-*******-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Г******* банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ