| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/10795/И |
| Дугаар | 191/ШШ2025/09836 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/09836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- ******* дүүрэг, 8-р хороо, ******* гудамж, өөрийн байранд байрлах, “Хас банк” ХК-ний нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч “Хас банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Харилцагч *******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл силлагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 4-р сарын 20-ны өдөр 2010101375 дугаартай зээлийн гэрээ байгуулан 44,500,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаа 2027 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч сар бүрт төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар 273 хоногийн хэтрэлт 18,995,582.62 төгрөгийн төлбөр үүссэн байна. Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025-9-23-ны өдрийн 191/ШЗ2025/39328 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч ******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 33а-83 тоот хаягт бүртгэлгүй оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч *******-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ /хх-1-2/.
2. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-27/.
3. Нотлох баримт тухайд
3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-4-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6-7/, 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2010101375 дугаартай зээлийн гэрээ /хх-8-10/, дансны хуулга /хх-11/, Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 191/ШЗ2025/39328 дугаартай захирамж /хх-12-13/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-17/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-18-19/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч “Хас банк” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Зоригтбаатарын Оргил-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг шаардана гэж тодорхойлсон байна /хх-1-2/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2010101375 дугаартай зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг баримтаас үзэхэд ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
4. Тиймээс шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/44769 дугаар захирамжаар *******ын оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт ухаа2 архивчдын гудамж 1002-р байрны 19 тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-17/.
Дээрх хаягаар *******-г шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тухайн хорооны засаг дарга нь “уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй” болохыг тодорхойлж /хх-18/, баталгаат шуудангийн магадлагаанд “хаягт ийм хүн байхгүй” гэх тайлбар бичигдсэн байна /хх-19/.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт ухаа2 архивчдын гудамж 1002-р байрны 19 тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан тухайн хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХН82022874 регистрийн дугаартай, Тосон гэрэл овогт Зоригтбаатарын Оргил-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч Хас банк ХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
9. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-27/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ХН82022874 регистрийн дугаартай, Тосон гэрэл овогт Зоригтбаатарын Оргил-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Хас банк ХК-ний төлөөлөгч ******* /холбоо барих утас-*******/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч “Хас банк” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ