Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01967

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01967

 

 

 

Э.Бадрахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/02318 дугаар шийдвэртэй, Э.Бадрахын нэхэмжлэлтэй Г.Ганчимэгт холбогдох гэм хорын хохиролд 14 720 620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Бадрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цагаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Бадрах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шинэшидэт Од эмнэлэгт 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 8 шүдэндээ 730 000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Гэтэл тус эмнэлэгт эмчлүүлсэн 8 шүдний 4 шүдийг яаралтай авахуулж, имплант хийлгэх шаардлагатай болсон. Шүдээ эмчлүүлсний дараа өвдөхөд нь рентген зураг авахуулж, 1 дүгээр эмнэлгийн эмч н.Баянмөнхөд үзүүлэхэд тэрээр 4 шүдийг яаралтай авах шаардлагатай гэсэн бөгөөд үүнийг Г.Ганчимэг эмчид хэлэхэд авах хэрэггүй гэж хэлсэн. Дахин 1 дүгээр эмнэлгийн н.Даваадорж эрхлэгчтэй очиж уулзахад мөн л зайлшгүй авах шаардлагатай гэж дүгнэсэн. Үүний дараа тус эмнэлгийн эмч н.Болд эдгээр 4 шүдийг авахгүй бол эрүүг тайрах шаардлагатай болно гэсэн. Мөн шүдний төвийн захирал н.Хэнтий 4 шүдээ эмчид үзүүлсэн чинь мөн л н.Даваадорж эмчтэй адилхан авах ёстой юм байна гэсэн. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагад тус тус гомдол гаргасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас миний гомдлыг хүлээн авч, үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Хариуцагч тал миний өвчний түүхийг устгах ёсгүй байсан, улсын байцаагч н.Байгалмаагийн дүгнэлтэд эмчийн алдаа, буруу үйлчилгээ үзүүлсэн талаар дүгнэсэн. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан. Өнөөдөр хариуцагчийн эмчилгээ хийсэн эдгээр 4 шүдэнд ямар нэгэн сайн үр дүн гараагүй. Имплант хийлгэх амаргүй тул мэс засалд орж, 4 шүдэндээ зэрэг имплант хийлгэх болсон. Иймд, авахуулах заалттай 4 шүдэнд имплант тавиулахад 1 ширхэг шүдний имплантын төлбөр 2 500 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг, уг 10 000 000 төгрөгийг бусдаас зээлж, 3 600 000 төгрөгийн хүү төлнө, хариуцагчид төлсөн 730,000.00 төгрөг болон эмчилгээний бусад зардалд 390 620 төгрөг, нийт 14 720 620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Ганчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шинэшидэт Од шүдний эмнэлгийн эмч, эрхлэгч Г.Ганчимэг иргэн н.Бадрахын 8 шүдэнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн үйл баримттай маргаагүй, эмч зохих журмын дагуу эмнэлгийн туслалцаа үзүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал ийнхүү үзүүлэхээс өмнө хорхой идээд солиулах болсон шүдний мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Имплант гэдэг нь шүдийг авч хиймэл шүд хийнэ гэсэн үг, өөрийнхөө буруу буюу амны хөндийн ариун цэврийг сахиж чадаагүйн хариуцлагыг эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн эмчээр төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эмчийн ямар буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан эсэх нь хавтаст хэргээс харагддаггүй. Нэхэмжлэгч зээл авсан мөнгө, хүүгээ нэхэмжилж байгаагийн үндэслэлийг ойлгосонгүй, тухайн мөнгийг зарцуулсан, зарцуулах гэж байгаа мэтээр тайлбарлаж байна. Хүн болгон өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж үг хэлэх хэрэгтэй, гэвч өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг боловч шүд өөрийн гэсэн онцлогтой эрхтэн, хатуу, нүдэнд харагддаг юм. Эмч хүн зөвхөн шүдийг эмчилнэ, шүдийг бүтэн болгохгүй, гэтэл нэхэмжлэгч шүдийг бүтэн болгох ёстой байсан мэтээр тайлбарлаж байна, өвдчихсөн шүдийг эмчилсэн.

Нотлох баримт шинжлэн судлахад нэхэмжлэгч шүдэндээ өмнө нь эмчилгээ хийлгэж байжээ, өөрөөр хэлбэл ямар ч асуудалгүй шүд байгаагүй, дараа нь үргэлжлүүлж эмчилгээ хийлгэхээр хариуцагчид хандсан ба буруу эмчилгээ хийгээд одоо ийм асуудалтай болсон гэсэн нотлох баримт алга байна. Нэхэмжлэгчийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан, 10 000 000 төгрөгөөр шүдээ эмчлүүлсэн баримт нь байхгүй. Шинжээч нарын дүгнэлт дээр өмнө нь ломбодсон, сувгийн эмчилгээ хийсэн гэсэн байгаа бөгөөд үүнээс болж хана цоорсон байх магадлалтай, эмч үүнд МТА тавьж, яаралтай арга хэмжээ авч ажилласан байна гэсэн байгаагаас үзвэл ямар чадвартайг харуулж байна. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг туйлын үнэн зөв гэж ярьж байна, гэтэл Г.Ганчимэг эмч буруу эмчилгээ хийгээгүй. Эмч шүдэнд гол залгасан гэтэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт үүнээс өөр ямар арга хэмжээ авах байсан гэдгийг тодорхой хэлээгүй, эмчилгээ бүрэн дуусаагүй байхад нэхэмжлэгч холбогдох байгууллагад гомдол гаргасан. Тиймээс Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан гэж бодохгүй байна, хариуцагч тал нэхэмжлэгчид хохирол учруулсан гэсэн бодит баримт байхгүй, тэрээр тухайн нөхцөл байдалд тохирсон эмчилгээ хийсэн. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч Г.Ганчимэгээс 3 445 120 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Бадрахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 275 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 072 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Ганчимэг нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдол гаргаж байна. Даваасүрэнгийн хэлснээр 36 шүд.... цоолоод гарсан гэсэн байна. Энэ шүд эмчилгээний явцад бифуркацаар цоолсон боловч МТА төвөөс эмчилгээг амжилттай дуусгасан. Ил залгасан нь цоолж гарсан зүйл байхгүй зөвхөн ломбыг тогтвортой байлгах зорилгоор ... гол залгасан байсан. Мөн 1.5 дугаар шүдний сурвалжийн оройгоор сувгийн ломбо бага зэрэг илүү гарсан байсан. Энэ сувгийн эмчилгээг өөр газар хийлгэсэн байсан. Зовиур шинж тэмдэг илэрдэггүй гэсэн учир зөвхөн цөгц эсгийн ломбыг сольсноос өөр зүйл хийгээгүй. 46-р шүдний хувьд анх үзэхэд мөн өөр эмнэлэгт хувийн эмчилгээ хийгдсэн гэхдээ сувгийн оройд бага зэргийн архаг үрэвсэлтэй боловч ямар нэгэн зовиургүй учир шууд цөцгий ломбыг 2-догч каримм шүдний хана нимгэрсэн учир ломбыг тогтоох үүднээс гол залгаж ломбо тавьсан. Харин Э.Бадрах н.Даваадорж эмчид анх үзүүлэхдээ надаар эмчлүүлсэн шүднүүдээс зовиур өгснөөс очоогүй зөвхөн агт араа авахуулахаар очсон. Тэр үед ямар ч зовиур байгаагүй. Тухайн шүдэнд хэдэн удаа ямар нэгэн эмчилгээ хийсэн, тэгээд үр дүн өгөөгүй бол үрэвслийн голомт байж байгаа шүдийг авах ёстой.

Шүүх намайг Э.Бадрахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ зохих ёсоор үзүүлээгүйн удмаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэж үзсэн ба ямар хохирол учирсан талаар бодитой баримт байхгүй ба миний зүгээс иргэн Э.Бадрахын шүдийг эмчлэх арга хэмээг авсан. Шүүх Коэ ХХК-ийн үнийн саналыг үндэслэн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба ямар үндэслэлээр уг шийдвэр гаргасан нь эргэлзээтэй байна. Мөн имплант ямар үнэтэй болох, Э.Бадрах хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байхад шийдвэр гаргасан нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Э.Бадрах нь хариуцагч Г.Ганчимэгт холбогдуулан гэм хорын хохиролд 14 720 620 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Э.Бадрах нь Шинэшидэт Од эмнэлэгт 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 8 шүдэндээ 730 000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн үйл баримт тогтоогдсон.

Тэрээр тус эмнэлэгт эмчлүүлсэн 8 шүдний 4 шүдийг буруу эмчилснээс эрүүл мэндэд хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зааж, хариуцагчаар эмч Г.Ганчимэгийг тодорхойлжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийсэн эмчилгээтэй холбоотойгоор эрүүл мэндэд учирсан хохирол шаардсан, Г.Ганчимэг нь өөрөө эрүү нүүрний мэс заслын их эмчийн тусгай зөвшөөрөлтэй, уг зөвшөөрлийн дагуу эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн байх тул байгууллагаас хохирол шаардсан гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02-02/117 дугаар хяналт шалгалтын танилцуулгад Их эмч Г.Ганчимэг нь иргэн Э.Бадрахад 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус эмнэлэгт 8 шүдэнд оношилгоо, эмчилгээ хийсэн боловч 4.6 дах шүд үрэвсэлтэйг оношилсон ч нэмэлтээр гол залгаж, алдаа гарган үйлдлийн технологийг зөрчсөн гэж дүгнэсэн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч П.Даваадоржийн үзлэгт хийсэн тэмдэглэлд Э.Бадрахын 4.6 дах шүдний ... орой хэсгээр их хэмжээний тулгуур эдийн эмгэг өөрчлөлттэй, 3.6 дах шүдний ... 2 сурвалжийн гол хэсгээр цоорсон, тулгуур эдийн үрэвсэлтэй, 2.5 дах шүдний ... сувгийн эмчилгээ сурвалжийн орой илүү гарсан, 2.6 дах шүдний сурвалжийн оройд үрэвсэлтэй гэж оношилж, 2.5, 2.6 болон 3.6 дах шүднүүдийг авахуулж, сэргээн засварлах буюу имплант хийлгэхийг зөвлөсөн, Перфект ХХК-ийн эмч Н.Оюун 3.6, 4.6-ийн оронд имплант хийлгэхийг зөвлөсөн, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн захирал, эмч Л.Хэнтий 4.6, 3.6 дах шүднүүдийг авахуулахыг тус тус зөвлөсөн тухай бичгийн баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 5-7, 52 дугаар тал/

Эдгээрээс болон хэргийн 90-100 дүгээр талд авагдсан гэрч Л.Хэнтийн ... доод баруун зүүн 2 1 дүгээр арааны холбоосын архаг үрэвсэл гэж оношилсон. Энэ нь цааш хүндрээд буглааны өвчин болох магадлалтай. Дээд шүдийг ломбодсон ломбо нь сурвалжийн оройгоос дээш гарсан байна гэх, П.Даваадоржийн 4.6 шүд 2 сурвалж оройдоо үрэвсэлтэй. Тэр нь хэсэг газрын ясны үрэвсэлтэй болсон. 3.6 шүд үрэвслээс гадна штифт /шон/ зоосон нь цоолоод ороод ирсэн. ... 3.6 шүд цөгцөөрөө цоорсон. 2.6 шүд сурвалжийн оройд үрэвсэлтэй эмчлүүлэх заалттай. 4.6 шүд анхнаасаа эмчлэгдэхгүй шүд авах заалттай гэх, Б.Байгалмаагийн ...эмнэлзүйн удирдамжийг мөрдөж ажиллаагүй, 4.6 шүд үрэвсэлтэй гэдгийг оношилсон бол эмчлүүлсний дараа 14-21 хоногийн дараа гол залгах эмчилгээ явагдах ёстой гэх мэдүүлгүүд, 161, 178-179 дүгээр талд авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нарын 2.5 шүд ... сурвалжийн оройгоор илүү гаргаж ломбодсон, 4.6 архаг үрэвсэлтэй, 3.6 шүдний хөндийн ёроолыг цоолсон ч ломбодож арга хэмжээ авсан гэх дүгнэлт зэргээс үзвэл хариуцагч Г.Ганчимэг нь нэхэмжлэгч Э.Бадрахын 4.6 дах шүд үрэвсэлтэй байхад үрэвслийг арилгахад шаардлагатай зохих эмчилгээ хийлгүйгээр нэмэлтээр гол залгаж, үйлдлийн технологийг зөрчсөнөөс ясны үрэвсэл үүсэх шалтгаан болсон, 3.6 дах шүдэнд сувгийн эмчилгээ хийж, металл шаазан бүрээс хийхдээ штифтийг илүү гаргасан, 2.5 дах шүдний сурвалжийн оройн үрэвслийг эмчлэхгүйгээр ломбодсон зэрэг алдаа гаргасан нь нотлогдсон гэж үзнэ.

Хариуцагч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй, эмчилгээний үйлдлийн технологийг зөрчсөнөөс нэхэмжлэгчид хохирол учруулсан нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь эмнэлэгт үзүүлж, үрэвсэл онош тогтоогдож, 4.6 дах шүдийг авахуулсан, шүд авахуулсны дараа эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний зардал 310 120 төгрөг /Пи Ди Ай Си эмнэлэгт 40 000 төгрөг, Перфект эмнэлэгт 20 000 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 40 000 төгрөг, Өлзийдэн ХХК-д эмийн үнэ 44 120 төгрөг, Зонне шүдний эмнэлэгт 165 000 төгрөг/ болсон гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-ийн 14-17 дугаар тал/ Түүнчлэн 4.6 дах шүдийг авахуулснаар имплант хийхэд гарах зардал 2 500 000 төгрөг болохыг Коэ ХХК-ийн шүдний эмнэлгийн санхүүгийн баримтаар нотолсон ба уг зардлыг хариуцагч төлөх үндэслэлтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт нийцжээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд учирсан уг хохирлын хүрээнд хариуцагч нь эмчилгээнд шаардагдах зардлыг төлөх үүрэгтэй учраас Г.Ганчимэгээс 3 445 120 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг. Хариуцагч нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан гэх дээрх нөхцөл байдалд буруугүй болохоо нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Хэрэгт авагдсан баримтаар болон одоогийн нөхцөл байдалд 2.5, 2.6, 3.6 дах шүдний хувьд эдгээр шүднүүдийг зайлшгүй авч, имплант хийх ёстой болсон гэх байдал эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч үүнд гомдол гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/02318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ