Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/141

 

 

 

 

 

 

  2025             01            28                                        2025/ДШМ/141

 

 

А.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Манилцэцэг,

шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга  Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/1311 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.М-д холбогдох эрүүгийн 2406027401393 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-,

 

Шүүгдэгч А.М- нь 2024 оны 5 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нийтийн цэнгээний газарт үйлчлүүлж байхдаа иргэн Б.Б-гийн цүнхнээс “Iphone 13 pro” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-аас 1.775.000 /нэг сая долоон зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.М- давж заалдах гомдолдоо: “...миний бие бусдад төлөх 1.775.000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан тул 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Урьд нь ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. ...” гэжээ.

 

Шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж хуульчилжээ. Шүүгдэгч А.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг анхан шатны хуралдааны дараа нөхөн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, гэмт хэргийн талаар хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв тогтвортой мэдүүлдэг ба хийсэн үйлдэлдээ маргадаггүй.

Нөгөөтээгүүр шүүгдэгч А.М- нь эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг ба тэрээр “Эм Си Эс” ХХК-д жолоочоор ажиллаж, ар гэр болон эхнэр, бага насны хүүхдээ тэжээн тэтгэж, гэр орныхоо амьжиргаагаа залгуулдаг байсан зэрэг нөхцөл байдал тогтоогддог. Шүүгдэгч А.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд хорихоос өөрийн төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Манилцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч А.М- нь уг үйлдлийг хүсэж, санаатайгаар буюу хохирогчийн цүнхийг өөр байрлалд байхад нь өөр тийшээ шилжүүлээд цүнхнээс нь эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогддог. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирлыг нөхөн төлөх чадваргүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.М- болон түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч А.М- нь 2024 оны 5 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нийтийн цэнгээний газарт үйлчлүүлж байхдаа иргэн Б.Б-гийн цүнхнээс “Iphone 13 pro” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Б-гийн “...эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цагаан шөнө" нэртэй бааранд орцгоосон. Баарны баруун хойд талын ширээнд 3 залуутай хамт сууцгаасан. Босож явах хооронд суудал дээр тавьсан байсан цүнхнээс гар утас авсан байсан. Хяналтын камерын бичлэгийг шүүхэд миний цүнхнээс цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн футволктой, гадуураа саарал өнгийн цамцтай үл таних залуу гар утсыг авч байгаа дүрс бичлэг байсан. ...”  /хх 8/,

А.М-ын яллагдагчаар өгсөн: “...намайг тухайн эмэгтэйн гар утсыг цүнхнээс нь авахад надтай хамт явж байсан Өлзийдалай, Сампил нар бүжгийн талбай дээр байсан. Намайг гар утас хулгайлсныг мэдээгүй. Би гар утас хулгайлсан талаараа тэр хоёрт хэлээгүй. ...” /хх 22/ гэсэн мэдүүлгүүд,

 

хөрөнгө үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ний 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн БЗД2-24-1056 дугаартай"... Айфоне 13 рго загварын хэрэглээний сэвтэй гар утас 1,775,000 төгрөг. ..." /хх 22-23/ гэсэн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 18-20/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 77-82/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.М- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч А.М-ын хохирогч Б.Б-гийн цүнхнээс “Iphone 13 pro” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.775.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч А.М- болон түүний өмгөөлөгч Л.Батжаргал нар “...хорихоос өөрийн төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирогчийн “хохирлыг бүрэн гүйцэт барагдуулсан, гомдол саналгүй тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.М- нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 60 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч А.М-ыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.М- нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Б-гийн Худалдаа хөгжлийн банкны ***** тоот дансанд хохирлын 1.775.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/1311 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч А.М- болон түүний өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.М-ын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 60 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай. ...” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4.  Шүүгдэгч А.М- нь хохирогч Б.Б-д 1.775.000 /нэг сая долоон зуун далан таван мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН