Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 122/ШШ2026/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж,

 

Гомдол гаргагч: “*******” ХХК-ийн гомдолтой,

 

Хариуцагч: ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиад холбогдох,

 

Гомдлын шаардлага: “******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0050217 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гүрсоронзон, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх, Ө.Эрдэнэ-Очир, хариуцагч ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гомдлын шаардлага:

 

1.1. “*******” ХХК-иас ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиад холбогдуулан “******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0050217 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

2.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр баталсан “Байгаль орчны хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 01/02 дугаар удирдамжийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн байна.

 

2.2. Шалгалтаар “*******” ХХК-ийг 2025 онд үйл ажиллагаа явуулахдаа ус ашиглах дүгнэлт, гэрээгүйгээр ус ашигласан зөрчил гаргасан гэж үзэж 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0050215 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 583,688,160 төгрөг төлүүлэх шийтгэл оногдуулжээ.

 

2.3. Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар “*******” ХХК-иас шүүхэд гомдол гаргаж, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 122/ШШ2026/0006 дугаар шийдвэрээр “усны нөөцөд учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг дахин нягталж тогтоох” үндэслэлээр маргаан бүхий актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

 

2.4. Хариуцагчаас шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 0050217 дугаартай шийтгэлийн хуудсыг бичиж “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 386,249,472 төгрөг төлүүлэх шийтгэл оногдуулжээ.

 

2.5. “*******” ХХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.

 

Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гүрсоронзон  шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. Улсын байцаагчаас зөрчлийн хэрэгт шийтгэлийн хуудас гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:  

Тус зөрчлийн хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,000,000 төгрөгөөр торгох, 583,688,160 төгрөгийн  нөхөн төлбөр төлүүлэхээр ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, зөрчлийн хэргийн эрх бүхий албан тушаалтан С.Дархиа 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0050215 дугаартай шийтгэлийн хуудас гаргасан бөгөөд “*******” ХХК-иас шүүхэд гомдол гаргаснаар ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.01.19-ний өдрийн 06 тоот шийдвэрээр маргаан бүхий 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0050215 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас шинэ захиргааны акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Улмаар байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиа нь 2026.03.25-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ дахин хийлгүүлэх тухай” 25300001131 тоот тогтоол үйлдэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 28.1-д заасны дагуу Усны газрыг шинжээчээр томилж Усны газрын 2026.04.15-ны өдрийн 01/258 тоот албан бичгийн дагуу Усны газрын 3 шинжээч дүгнэлт гарган ирүүлсэн байна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиа нь тус дүгнэлтийг 2026.04.21-ний өдөр “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гүрсоронзонгоор дамжуулан танилцуулсан.

Бид тус шинжээчийн дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Өмгөөлөгч дараах эрхтэй”, 4.3-т “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах” гэж заасан эрхийн дагуу манай компанийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхсүх нар 2026.04.22-ны өдрийн А/03 тоот албан бичгээр  прокурорт гомдол гаргасан.

Гэтэл байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн гомдол гаргах эрхийг үл харгалзан 2026.04.17-ны өдөр манай компанид мэдэгдэлгүй шууд 0050217 дугаартай шийтгэлийн хуудас гарган Монгол шууданд хийж ирүүлснийг “*******” ХХК нь 2026.04.22-ны өдөр хүлээж авсан.

Манай компанийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхсүх нарын 2026.04.22-ны өдрийн А/03 тоот албан бичгээр гаргасан гомдолд ******* аймгийн Прокурорын газрын ахлах прокурор О.******* 2026.04.30-ны өдрийн 29 тоот “Гомдлын хариу хүргүүлэх” албан бичгээр хариу ирүүлсэн. Тус хариугаар гомдлыг хангаагүй боловч тус шийдвэрийг эс хүлээн зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан.

Үүний дагуу манай компанийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхсүх нар нь 2026.05.07-ны өдрийн А/04 дугаартай албан бичгээр ******* аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.*******ид гомдол гарган гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтийн талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4-д заасны дагуу гомдол гаргаж, түүнийг зөрчил шалган шийдвэрлэх процесст хяналт тавьж буй прокурор хянан шийдвэрлэж байх энэ хугацаанд улсын байцаагч нь 2026.04.17-ны өдөр 0050217 дугаартай шийтгэлийн хуудас гаргаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон  нь процессын ноцтой зөрчил юм.

Хоёр. ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиагийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0050217 дугаартай шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй талаар:

 ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиа 2026.03.25-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ дахин хийлгүүлэх тухай” 25300001131 тоот тогтоолдоо шинжээчээс 1-р асуултаар “*******” ХХК нь 2025 онд ус ашиглах дүгнэлт гаргуулсан эсэх гэж асуужээ. Гэтэл эрх бүхий этгээд улсын байцаагч С.Дархиа нь *******” ХХК-д холбогдох “ус ашиглах гэрээгүйгээр ус ашигласан” гэх зөрчил тогтоогдсон хэмээн тус зөрчилд зөрчлийн 25300001031 тоот хэрэг үүсгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа энэ асуудлыг 2026.03.25-ны өдөр шинжээчээс асуусан нь учир утга, логикгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг нээх үндэслэл болсон үйл баримтыг хожим шинжээчээс асууж буй нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ үндэслэлгүй байсан болохыг харуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг ноцтой зөрчжээ.

Эрх бүхий албан тушаалтан шинжээчээс “2-р асуултаар “2024.08.09-ний өдрийн ус ашиглах гэрээг ******* голын сав газрын захиргаатай байгуулсан гэрээний хугацааг 1 жилийн буюу 2025.08.09-ний өдөр хүртэл хүчинтэй гэж “Монголюүюаньли” ХХК маргаж байгаа тул уг гэрээний хугацаа нь хуульд нийцсэн эсэх” гэж асуужээ. Улмаар шинжээч нь “******* голын сав газрын захиргааны даргын 2024 оны А/22 дугаартай тушаалаар ******* аймгийн ******* сумын нутагт орших МV-010988 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “******* *******” ордын баяжуулах үйлдвэрийн хэрэгцээнд 96,001.5 м.куб/жил газрын доорх усыг 2024.01.01-2024.12.31-ний өдрийг дуустал 1 (нэг) жилийн хугацаанд ашиглах зөвшөөрөл олгосон байна. Энэхүү зөвшөөрлийг үндэслэн Усны тухай хуулийн 28.4, 29.1-д заасны дагуу ******* голын сав газрын захиргаатай ус ашиглуулах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээ нь ус ашиглах зөвшөөрлийн хэрэгжилтийг зохицуулах баримт бичиг болно. Зөвшөөрлийн тухай хууль болон Усны тухай хуулийн зохицуулалтаар ус ашиглах эрх нь зөвхөн зөвшөөрлөөр үүсэх бөгөөд гэрээ нь уг зөвшөөрлийн хүрээнд  хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл гэрээ нь уг зөвшөөрлийг давж хугацаа тогтоох боломжгүй. Иймд “*******” ХХК-д буюу ******* аймгийн ******* сумын нутагт орших МV-010988 тоот тусгай зөвшөөрөлтэй “******* *******” ордын баяжуулах үйлдвэрийн хэрэгцээнд ус ашиглуулах зөвшөөрлийн хугацаа 2024.12.31-ний өдрөөр дуусгавар болсон тул ус ашиглуулах гэрээний үйлчлэх хугацаа мөн 2024.12.31-ээр дуусгавар болсон байна. Энэ нь Зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2.2-д “Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгоно” гэж заасан” хэмээн хариулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ” гэж заасан мөн хуулийн  4.11 дүгээр зүйлийн 3-д “Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно” гэж заасан.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан С.Дархиа нь тус хуулийн дээрх заалтуудыг зөрчиж “хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд” тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах хүрээнд шинжилгээ хийлгэлгүйгээр хуулийн тодорхой зүйл заалтыг тайлбарлуулах, гомдол гаргагч компанийн гомдлын үндэслэл нь үндэслэлтэй эсэх талаар шинжээчээс дүгнэлт гаргуулахаар асуулт асуусан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11-ийн 1, 4.11-ийн 3-д заасныг болон мөн хуулийн 4.15-ын 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Түүгээр үл барам шинжээч нь тухайн асуултад гомдол гаргагчийн гомдлын үндэслэлийг няцаасан байдлаар хууль хэрэглэн тайлбар гаргаж дүгнэлт бүхий хариулт өгсөн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8-ын 2-д “Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д зааснаас гадна дараах эрх эдэлнэ:” 2.4-д  “шинжээчид тавьсан асуулт нь түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгт хамаарахгүй, эсхүл шинжилгээ хийх баримт сэлтэд холбогдох хүн, байгууллагатай ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах” гэж заасныг зөрчсөн байна.

 Эрх бүхий албан тушаалтан нь асуулт 3-аар “Үйлдвэрийн технологид хэдий хэмжээний ус хэрэглэсэн болохыг тогтоох” гэж асуулт тавьсан. Гэтэл шинжээч тус асуултад хариулахдаа “2025 онд тоолуур баталгаажуулалт хийж ирүүлсэн усны тоолуурын заалтаар 56.766 м.куб усыг гэрээ, дүгнэлт, зөвшөөрөлгүй ашигласан усанд 386.249.472 төгрөг тооцов”  гэж хариулжээ. Шинжээч нь эрх бүхий албан тушаалтнаас асуугаагүй асуултад хариулт өгч өөрийн эрх мэдлийг хэтрүүлсэн. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтнаас усны төлбөрийн хэмжээг огт асуугаагүй, зөвхөн ашигласан усны хэмжээг асуусан байхад шинжээч нь өөрийн санаачилгаар усны төлбөрийн үнийн дүнг тогтоосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8.2-д “Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д зааснаас гадна дараах эрх эдэлнэ:” Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.2-д “Шинжээч дараах үүрэг хүлээнэ:” 49.2.1-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийж, тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах” гэж, мөн хуулийн 49.4-д “Шинжээчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:” 49.4.5-д “шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах” гэж  заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.

Улсын ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/94 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол болон нөхөн төлбөрийг тогтооход оршино.”, 2.2-д “Хохирол гэдэг нь зөрчлийн улмаас хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, хүн, хуулийн этгээдийн нэр хүнд, эдийн болон эдийн бус хөрөнгө, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаа, төр, нийтийн ашиг сонирхолд шууд учирсан үр дагаврыг”, 2.3-д “Нөхөн төлбөр гэдэг нь зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүссэн, холбогдох хууль, журам, зааварт заасан тусгай аргачлалын дагуу тогтоосон татвар, шимтгэл, устсан, гэмтсэн эд хөрөнгө, эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээг”, 3.1-д “...хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан бол зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг энэхүү журамд заасны дагуу тогтоох арга хэмжээ авна”, 3.12-д “Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон баримт, шийдвэр, магадалгаа, шинжээчийн дүгнэлтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт танилцуулан, гомдол гаргах эрхээр хангана.” мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11-ийн 5-д “шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан болон прокурорт гомдол гаргах эрхээр хангана” гэж тус тус заасан.

Хууль болон журмын эдгээр заалтуудаас үзвэл эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн этгээдээс нөхөн төлбөр, хохирол гаргуулахаар шийдвэрлэж байгаа тохиолдолд тухайн хохирол болон нөхөн төлбөрийг маш тодорхой ялгамжтайгаар, баримтаар тогтоох зарчмыг баримтлан үндэслэлтэй тогтоох шаардлагатай атал хариуцагч уг журмыг зөрчсөнөөс гадна шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргагчийн 2025 оны гэрээний дагуу төлж байсан усны төлбөрийг хэрхэн тооцсон талаар орхигдуулсан байхад тухайн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шинжээчийн дүгнэлтээр нөхөн төлбөр, хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

“Монголюүюаньли” ХХК нь 2025 онд 3 худгийн тоолуурын заалтыг ******* аймаг, ******* сумын Байгаль хамгаалагч албан тушаалтай овогтой бичилт хийсний дагуу сар бүрийн 25-ний өдөр төлбөрийг төлж ирсэн.

2025 оны 01 дүгээр сарын 25-наас 2 дугаар сарын 25-ныг дуустал 2,653,700 төгрөг,

2025 оны 02 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 25-ныг дуустал 3,320,100 төгрөг,

2025 оны 03 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 25-ныг дуустал 4,861,150 төгрөг,

2025 оны 04 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 25-ныг дуустал 3,302,250 төгрөг,

2025 оны 05 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 25-ныг дуустал 5,540,640 төгрөг,

2025 оны 06 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 25-ныг дуустал 6,754,440 төгрөг,

2025 оны 07 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 25-ныг дуустал 6,534,290 төгрөг,

2025 оны 08 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 25-ныг дуустал 7,194,120 төгрөг,

2025 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 25-ныг дуустал 9,978,150 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ныг дуустал 8,504,930 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 25-ныг дуустал 6,980,540 төгрөг,

2025 оны усны тоолуурын бичилтээр нийт 65,624,310 төгрөгийн усны төлбөрийг татварт төлж байсан болох нь тогтоогдсон тул Улсын ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/94 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам-ын дагуу байгаль орчинд хохирол үүсээгүй болно.  

Шинжээч нь дүгнэлт гаргахдаа зөрчлийн хавтаст хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй танилцах эрхтэй бөгөөд хариуцагч нь дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нотлох баримт буюу “*******” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх усны тоолуурын бичилт, мөн 2025 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх ашигласан усны төлбөрийн тооцоо, усны төлбөр төлсөн баримт  зэрэг баримтыг  шинжээчид хүргүүлж, шинжилгээг тал бүрээс нь бодитой хийх нөхцөлөөр хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна.

Мөн манай компанийн хувьд 2025 оны туршид ус ашиглах гэрээгүйгээр ус ашигласан нөхцөл байхгүй. ******* голын сав газрын захиргаатай байгуулсан ус ашиглуулах гэрээ 2024.08.09-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 1 жил байхаар гэрээнд заасан. Тус гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж зааснаар захиргааны гэрээ юм. Иймд тус гэрээний хугацаа 2025.08.09-ний өдөр дууссан бөгөөд түүнээс хойш 2025.09.10-ны өдөр улсын байцаагч хяналт шалгалт хийх хүртэл 21 хоног ус ашиглуулах гэрээг захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан сунгаж шинэчлэн байгуулаагүй үйл баримт байдаг.

Иймд улсын байцаагч зөрчил гарсан цаг хугацааг зөв тогтоогоогүйн улмаас 2025 оны туршид гэрээгүйгээр, төлбөрийг төлөлгүйгээр ус ашигласан мэт өрөөсгөл дүгнэлт хийж 2025 онд ашиглаж төлбөрийг төлсөн нийт усны төлбөрийг 3 дахин үржүүлж хохирол тооцсон нь үндэслэлгүй юм.

Зүй нь улсын байцаагч гэрээ дууссанаас хойш ус ашигласан хугацааг зөв тодорхойлсон бол түүнд харгалзах хугацаанд ашигласан усны төлбөрийг тооцон тогтоох ёстой байсан байна.

Манай компанийн хувьд 2025 онд ашигласан бүх усны төлбөрийг тоолуураар баталгаажуулан гэрээнд заасан болон, журмаар тогтоосон үнийн дүнгийн дагуу татварын байгууллагын төлбөрийн нэхэмжлэлийн дагуу бүрэн төлсөөр ирсэн тул усны нөөцөд болон усан санд ямар ч хохирол үүсээгүй. Мөн нэгэнт төлбөр төлөгдсөн тул нөхөн төлбөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиагийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0050217 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүх шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Юуны өмнө эрх бүхий албан тушаалтан ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиа 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 0050217 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэл оногдуулахдаа “Зөрчлийн хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг зөрчсөн болохыг онцлон  хэлэхийг хүсэж байна.       

Маргаан бүхий шийтгэлийн хуудас өмнөх шүүхийн шийдвэртэй холбоотойгоор шинээр гарсан боловч оролцогчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээр хангаагүй, өмнөх зөрчлийг хуульд нийцүүлэн зассан гэж үзэх боломжгүй. Энэ талаар гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдол, тайлбарт тодорхой дурдсан учир дахин давтан ярилгүй тайлбарыг дэмжиж байгаагаа илэрхийлье.

“*******” ХХК нь ус ашиглах харилцааг огт хууль бус байдлаар хэрэгжүүлж ирсэн этгээд биш юм. Манай компани нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн Байгаль орчны газрын зөвшөөрөлтэй өрөмдмөл худгийн техникийн 3 пасспорттай бөгөөд сүүлийн 2 жилийн байдлаар 2023 оны 08 сарын 11-ний өдрийн ******* голын сав газрын захиргаатай байгуулсан 11 тоот Ус ашиглах гэрээ, 2023 оны 08 сарын 03-ны өдрийн 169 тоот Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Ус ашиглах дүгнэлт, 2024 оны 08 сарын 09-ний өдрийн ******* голын сав газрын захиргаатай байгуулсан Ус ашиглах гэрээ, 2024 оны 08 сарын 09-ний өдрийн А/22 тоот ******* голын сав газрын захиргааны даргын Зөвшөөрөл олгох тухай тушаал, 2024 оны 08 сарын 09-ний өдрийн Ус ашиглах зөвшөөрөл олгож гэрээ байгуулах, 2024 оны 07 сарын 29-ний өдрийн Е-2406-000159 тоот Ус ашиглуулах дүгнэлт, Ус ашиглах гэрээг тус тус байгуулж хуульд заасан ус ашиглагчийн эрх үүргээ биелүүлж ажиллаж ирсэн болно.

2025 оны 07 сарын 25-ны өдөр ус ашиглах дүгнэлтийг гаргуулахаар Усны газарт хүсэлт өгсөн боловч тус газар 2025 оны 08 сарын 15-ны өдөр цахим хүсэлтийг засварт буцаасан бөгөөд буцаасан шалтгаан нь 2025 оны ашигт малтмалаар батлуулсан баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөг бүтэн ирүүлэх, ТЭЗҮ нүүр, БОННҮ нүүр батлагдсан тамга тэмдэгтэй бүтэн ирүүлээгүй гэжээ. 2025 оны уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал газрын тосны газраас баталдаг бөгөөд энэхүү батлах үе шат манайхаас шалтгаалдаггүй билээ.

Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Энэ хуулийн 28.4-т заасан этгээд ус ашиглах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 өдрийн дотор дүгнэлт гаргана.” 28.6-д “Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоо метрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоо метр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоо метрээс бага ус ашиглахад сум дүүргийн засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ.”, 28.8-д “Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ус ашиглах зөвшөөрлийг 10 хүртэл жилийн хугацаагаар олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн ус ашиглагчийн эрхийг тухай бүр 5 хүртэл жилээр сунгана.” гэж зааснаар Усны газар манай компанид ус ашиглуулах дүгнэлт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсаар ирсэн. Манай компани нь Ус ашиглах гэрээнд заасан ус ашиглагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал байхгүй тул манай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор дүгнэлт гаргаж ус ашиглах зөвшөөрлийг олгох ёстой байсан.

Байгаль орчинд учруулсан хохирол байдаггүй, холбогдох онуудад усны тусгай зөвшөөрлийг буюу ус ашиглах зөвшөөрөл авах, холбогдох байгууллагуудаас тавьсан шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байсан боловч гэрээ байгуулагдаагүй, усны тоолуурын заалтаар сар бүр төлбөрөө төлж байсан, гэрээ үргэлжилж байгаа, хүчин төгөлдөр тоолуурын заалтаар усны бичилт хийсний дагуу төлбөрийг төлж байхад давхардуулан шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2-д “Холбогдогч дараах эрхтэй:”, 2.9-д “зөрчлийн хэрэгтэй танилцах;”, 2.10-д “хуульд заасан бусад.”, 4.11 дүгээр зүйлийн 5-д “Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно”, 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна:”,1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэж тус тус заасан.

Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч этгээдэд шийтгэл ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй байна.  

Шийтгэлийн хуудаст заасан төлбөр нь нөхөн төлбөр, хохирлын аль нь болохыг тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн агуулгаас үзвэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй зөрчилд нөхөн төлбөр гаргуулахаар, хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хохирол учруулсан бол хохирол төлүүлэхээр ялгамжтай зохицуулсан байхад “*******” ХХК-иас хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахын аль нь болохыг тодорхойлж тогтоогоогүйгээс шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй, зөрчлийн хэрэгт цугларсан баримтуудаар гомдол гаргагч бусдад /усны орчинд/ хохирол учруулсан гэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй, мөн усны заалтын хэмжээ, усны төлбөрийн бичилт гэх үндэслэлийг ч шалгаж тогтоосон баримтгүй, энэ төрлийн зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хохирол, нөхөн төлбөр гэж тайлбарлаж буй хариуцагчийн тайлбар бодитой биш, зайлшгүй ялгаж тогтоох шаардлагатай байсан.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл гомдол гаргагч нь ус ашиглах гэрээ байгуулах болон дүгнэлт гаргуулахаар Усны газарт 2025 оны 08 дугаар сарын 15, Ашигт малтмал, газрын тосны газарт 2025 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулах хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрүүдэд гаргаж байснаас гадна хамгийн сүүлд буюу 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ус ашиглах дүгнэлтийн төлбөрийн нэхэмжлэл ирүүлсэн мөн 2024 оны 08 сарын 09-ний өдрийн Ус ашиглах зөвшөөрөл олгож гэрээ 1 жилийн хугацаатай байгуулсан, уг гэрээг талуудын хэн аль нь цуцлах хүсэлт гаргаагүй, түүнчлэн хугацааны хувьд дуусгавар болсон хэдий ч гомдол гаргагчаас гэрээнд заасан үүргийн дагуу ус ашигласны төлбөрөө 2025 онд 3 худгийн тоолуурын заалтад бичилт хийсний дагуу нийт 65,624,310 төгрөгийн усны төлбөрийг татварт төлж байсан болох нь тогтоогдсон болно.

Ус ашиглах гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж заасанчлан стандарт гэрээ болохын хувьд, мөн “*******” ХХК-ийн ус ашиглаж явуулж буй үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй хэвээр байгаа, түүнчлэн төрийн захиргааны байгууллагуудад зохих журмын дагуу хүсэлтээ гаргасан нь тус тус тогтоогдож байгаа нөхцөлд гэрээний нэг тал болох дан ганц гомдол гаргагчийг гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр шийтгэл ногдуулах, улмаар зөрчил гаргасан гэж дүгнэн нөхөн төлбөр, хохирол тооцон гаргуулах хууль зүйн боломжгүй, гомдол гаргагч компанийн тогтмол төлж ирсэн усны төлбөрийг гэрээ бичгээр байгуулагдаагүй хэдий ч гэрээний үүргээ биелүүлж хийсэн үйлдэл гэж үзэх эсэх, эсхүл талууд заавал урьдчилж гэрээ байгуулсны дараа төлбөр төлөх үүрэгтэй байсан эсэхийг тогтоогоогүй. 

Шинжээч нь дүгнэлт гаргахдаа зөрчлийн хавтаст хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй танилцах эрхтэй бөгөөд хариуцагч нь дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нотлох баримт буюу “******* ХХК-ний 2025 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх усны тоолуурын бичилт, мөн 2025 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх ашигласан усны төлбөрийн тооцоо, усны төлбөр төлсөн баримт зэрэг баримтыг шинжээчид хүргүүлж, шинжилгээг тал бүрээс нь бодитой хийх нөхцөлөөр хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна. 

Хохирол болон нөхөн төлбөрийг ялгаж тогтоогоогүй, байгаль орчинд бодит хохирол учирсан болох нь тогтоогдоогүй.

Шийтгэлийн хуудсанд дурдсан мөнгөн дүн нь усны төлбөр, нөхөн төлбөр, байгаль орчинд учирсан хохирол, эдгээрийн аль нь болох нь тодорхой бус байна. Эдгээр нь эрх зүйн шинж, тооцох аргачлал, үүсэх үндэслэлийн хувьд ялгаатай ойлголт юм. Хэрэв хариуцагч тухайн мөнгийг ус ашигласны төлбөр гэж үзэж байгаа бол ямар хугацаанд, хэдий хэмжээний ус ашигласны төлбөрийг төлөөгүй болохыг тогтоох ёстой. Хэрэв нөхөн төлбөр гэж үзэж байгаа бол ямар хууль, журам, тусгай аргачлалын дагуу нөхөн төлбөрийг тооцсон болохыг тодорхойлох ёстой. Хэрэв байгаль орчинд учирсан хохирол гэж үзэж байгаа бол байгаль орчинд яг ямар хохирол учирсан, уг хохирол ямар үйлдлийн шууд үр дагавар болсон, хохирлын хэмжээг ямар баримт, аргачлалаар тогтоосон болохыг нотлох шаардлагатай. Гэтэл эдгээрийг ялгалгүйгээр “нөхөн төлбөр” гэж шийтгэл оногдуулсан нь шийтгэлийн хуудасны үндэслэл тодорхой бус байхад хүргэж байна.

“*******” ХХК нь 2025 онд ашигласан усныхаа хэмжээг тоолуураар бүртгүүлж, тухайн бүртгэлийн дагуу усны төлбөрийг сар бүр төлж ирсэн. Харин байгаль орчинд бодитой хохирол учирсан эсэх, усны нөөц хомсодсон эсэх, усны эх үүсвэрт ямар нэгэн сөрөг үр дагавар бий болсон эсэх талаар хангалттай, бодит нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоохдоо хохирол болон нөхөн төлбөрийн шинжийг ялгаж, холбогдох аргачлалын дагуу бодитой тогтоох шаардлагатай. Иймд зөвхөн усны тоолуурын заалтыг үндэслэн байгаль орчинд учирсан хохирлыг автоматаар тооцсон гэж үзэх боломжгүй.

“*******” ХХК нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ус ашиглах дүгнэлт гаргуулахаар Усны газарт хүсэлт гаргасан. Гэвч Усны газрын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн цахим хүсэлтийн хариугаар материал буцаагдсан бөгөөд буцаасан үндэслэл нь төслийн 2025 оны ашигт малтмалын батлагдсан баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөө, ТЭЗҮ, БОННҮ-ийн батлагдсан материалуудыг бүрэн ирүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлтэй байсан. Эдгээр баримт бичгийн тодорхой хэсэг нь Ашигт малтмал, газрын тосны газрын батлах ажиллагаатай холбоотой бөгөөд төрийн байгууллагын хоорондын уялдаа, батлах ажиллагаанаас шалтгаалсан асуудлыг “*******” ХХК-ийн санаатай хууль зөрчсөн үйлдэл гэж шууд үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл тус компани зөвшөөрөл авах хүсэлтээ огт гаргаагүй бус, харин эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж, шаардсан материалыг бүрдүүлэхээр ажиллаж байсан байна. Энэ нөхцөл байдлыг зөрчлийн субьектив тал буюу санаатай, эсхүл буруутай үйлдэл байсан эсэхийг үнэлэхэд зайлшгүй харгалзан үзэх ёстой.

Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/94 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол болон нөхөн төлбөрийг тогтоох...-д оршино.”, 2.2-д “Хохирол гэдэг нь зөрчлийн улмаас хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, хүн, хуулийн этгээдийн нэр хүнд, эдийн болон эдийн бус хөрөнгө, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаа, төр, нийтийн ашиг сонирхолд шууд учирсан үр дагаврыг”, 2.3-д “Нөхөн төлбөр гэдэг нь зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүссэн, холбогдох хууль, журам, зааварт заасан тусгай аргачлалын дагуу тогтоосон татвар, шимтгэл, устсан, гэмтсэн эд хөрөнгө, эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээг”, 3.1-д “... хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан бол зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг энэхүү журамд заасны дагуу тогтоох арга хэмжээ авна,” 3.12-д “Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон баримт, шийдвэр, магадалгаа, шинжээчийн дүгнэлтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт танилцуулан, гомдол гаргах эрхээр хангана” гэж тус тус заасан. 

Хууль болон журмын эдгээр заалтуудаас үзвэл эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн этгээдээс нөхөн төлбөр, хохирол гаргуулахаар шийдвэрлэж байгаа тохиолдолд тухайн хохирол болон нөхөн төлбөрийг маш тодорхой ялгамжтайгаар, баримтаар тогтоох зарчмыг баримтлан үндэслэлтэй тогтоох шаардлагатай атал хариуцагч уг журмыг зөрчсөнөөс гадна шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргагчийн 2025 оны гэрээний дагуу төлж байсан усны төлбөрийг хэрхэн тооцсон талаар орхигдуулсан байхад тухайн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шинжээчийн дүгнэлтээр нөхөн төлбөр, хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна.”, 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.

Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, аливаа зөрчлийн тухайд түүнийг шалган шийдвэрлэх үндсэн хугацаа нь 14 хоног, сунгах тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоног, нийт 58 хоногийн хугацаанд зөрчлийг шалган шийдвэрлэх журам үйлчилнэ.

Иймд ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиагийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0050217 дугаартай шийтгэлийн хуудасны “*******” ХХК-иас хохирол, нөхөн төлбөрт 386,249,472 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

  3.3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Улсын байцаагчийн маргаж буй шийтгэлийн хуудас нь хэд хэдэн процессын болон агуулгын зөрчилтэй байна.

Нэгдүгээрт, улсын байцаагч шийтгэлийн хуудсаар нөхөн төлбөр гэж ногдуулж байгаа. 2025 оны турш ямар нэгэн усны төлбөр төлөлгүйгээр ус ашигласан мэт агуулгатай байгаа. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Ус ашиглах гэрээ нь 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Гэрээний нэг жилийн хугацаа нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тоологдоно. Энэ гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т заасан захиргааны гэрээ юм. Захиргааны гэрээ бол захиргааны хэм хэмжээний акт, холбогдох хуулийг нөхөж хэрэглэдэг эрх зүйн зохицуулалттай байдаг. Харин 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хяналт шалгалт хийгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл ус ашиглах гэрээний хугацаа дуусчихсан байхад ус ашиглаж байсан гэдэг үйл баримттай маргахгүй байгаа. Тухайн гэрээт хугацаанд “*******” ХХК руу ******* аймгийн ******* сумын байгаль орчны улсын байцаагч сар бүр очиж усны тоолуурыг бичиж, тооцоо нийлэх акт үйлддэг. “*******” ХХК  нь үйлдвэрийн зориулалтаар ус ашиглахаар баталгаажсан, гэрчилгээ бүхий тоолууртай 3 худгийг ашигладаг. Тус 3 худаг дээрээ тоолуурын баталгаат заалтыг бичээд, заалт дээрээ үндэслэж тооцоо нийлэх акт үйлддэг. Усны төлбөр нь Монгол Улсын албан татварын нэг хэсэг учраас татварын нэгдсэн системд энэ мэдээллээ оруулна. Улмаар ******* аймгийн Татварын хэлтсээс “*******” ХХК дээр татварын буюу төлбөрийн нэхэмжлэл ирдэг. Энэ нэхэмжлэлийнхээ дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усныхаа төлбөрийг төлөөд ирсэн. Гэтэл улсын байцаагч нөхөн төлбөр гэдэг байдлаар торгууль оногдуулсан.

Нөхөн төлбөр гэдэг ойлголт бол Татварын ерөнхий хуульд зааснаар татвар нөхөн ногдуулалт гэдэг ойлголттой шууд холбогдоно. Төлөгдөөгүй татвар, хураамж, төлбөрийг нөхөн төлүүлэх тухай акт тавигддаг. Төлөгдсөн актад нөхөн төлүүлэх агуулга яригдахгүй. Монгол Улсын ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 94 тоот тушаалаар батлагдсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ын 2.2-т “Хохирол” гэдэг нь зөрчлийн улмаас хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, хүн, хуулийн этгээдийн нэр хүнд, эдийн болон эдийн бус хөрөнгө, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаа, төр, нийтийн ашиг сонирхолд шууд учирсан үр дагаврыг, “Нөхөн төлбөр” гэдэг нь зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүссэн, холбогдох хууль, журам, зааварт заасан тусгай аргачлалын дагуу тогтоосон татвар, шимтгэл, устсан, гэмтсэн эд хөрөнгө, эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээг хэлнэ гэж заасан байгаа.

Нөхөн төлбөр гэж байгаа тохиолдолд эдгээрийн аль нэгийг нэрлэн заах ёстой. Улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Усны газар дээр очоод энэ талаар асуудаг. “*******” ХХК тоолуураасаа гадна хэрэглэсэн ус буюу тоолуурын дагуу төлөгдсөнөөс өөр хэрэглэгдсэн, ашиглагдсан, асгагдсан, шүүрсэн, төлбөр нь төлөгдөөгүй ус байгаа юу гэж асуудаг. Тийм ус байхгүй гэдэг хариулт өгдөг. Нөхөн төлбөр гэдэг зүйл энэ харилцаанд огт үүсээгүй. Төлбөр нь төлөгдчихсөн учраас нөхөж түүнийг төлүүлэх тухай агуулга огт байхгүй гэсэн үг.

Хоёрдугаарт, “*******” ХХК усыг асгасан, усан санд хохирол учруулсан зүйл байхгүй, мөн усыг бохирдуулсан зүйл байхгүй. Гэтэл хохирол, нөхөн төлбөр гэдэг байдлаар өндөр хэмжээний төлбөр тавигдсан. Өөрөөр хэлбэл төлөгдсөн төлбөрийг нөхөн төлүүлэхээр дахин тавьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн хэргийн хувьд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0050215 тоот шийтгэлийн хуудсаар 583,688,160 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр тогтоосон байсантай гомдол гаргагчаас маргаад, хариуцагч нөхөн төлбөртэй холбоотой хэсэг үндэслэлгүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буюу маргаан шүүх дээр явж байхад Усны газраас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж нөхөн төлбөрийн хэмжээг 217,292,544 төгрөг болгож багасгасан байсан. Уг шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаас хассан. Өмнө бичигдсэн шийтгэлийн хуудсыг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу хариуцагчаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг. Тус шийдвэрт хэргийн оролцогчид гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон. Гэтэл шийдвэр гарснаас хойш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар улсын байцаагч “*******” ХХК-д мэдэгдээгүй. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгүүлэх тухай тогтоол үйлдэж Усны газарт хүргүүлсэн байдаг. Улмаар Усны газар 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/258 тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн. Улсын байцаагч С.Дархиа нь 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гүрсоронзонд шинжээчийн дүгнэлт ирсэн шүү гэж хэлээд, тэр даруйдаа шийтгэлийн хуудас бичсэн. Бидэнд шинжээчийн дүгнэлттэй танилцах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх бололцоо олгоогүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах” гэж заасны дагуу өмгөөлөгч Ч.Мөнхсүх, Ж.Эрдэнэ-Очир миний бие 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр прокурорт гомдол гаргасан. Прокурор гомдлыг хүлээж аваад гомдлыг хянах процесс явуулсан. Өөрөөр хэлбэл энд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процесс буюу шинжээчийн дүгнэлт, тодорхой нэг нотлох баримттай холбоотой ажиллагаа нь явагдаад байгаа юм. Улмаар ******* аймгийн Прокурорын газрын ахлах прокурор О.******* гомдолд хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн. Тус хариу албан бичигт нь бид 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр A/04 дугаар албан бичгээр ******* аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гомдлоо гаргасан. Энэ цаг хугацааг давтаж хэлээд байгаа шалтгаан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процесс нь шийтгэлийн хуудас бичигдсэнээс хойш явагдаад байгаа юм. Тодорхой нэг нотлох баримттай холбоотой гомдох, шалгуулах, дээд шатны байгууллагад нь эрх бүхий албан тушаалтны үйлдэл, үйл ажиллагаа, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулаад гомдол гаргах, нэмэлт шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлт гаргасан нь шийтгэлийн хуудас гарсан цаг хугацаанаас хойно байгаад байна гэсэн үг. Тухайн шийтгэлийн хуудсыг Усны газраас шинжээчийн дүгнэлт ирсэн өдөрт нь шууд биччихсэн. Оролцогчийн эрхийг хангаагүй гэдэг нь харагдаж байна.

Гуравдугаарт, бид улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны үндэслэл болсон Усны газрын шинжээчийн дүгнэлттэй хэд хэдэн агуулгаар маргадаг. Улсын байцаагч С.Дархиа нь тухайн асуудлаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа шинжээчээсээ “... ******* ХХК ус ашиглах дүгнэлтгүйгээр ус ашигласан уу…” гэж асууж байгаа юм. Энэ нь өөрийнхөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн үндэслэлээ үгүйсгэсэн утгатай болчхож байгаа юм. 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ус ашиглах гэрээгүйгээр ус ашиглаж байна гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх тухай акт үйлдсэн атлаа хожим буюу 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилохдоо зөрчил гарсан юм уу үгүй юм уу гэдэг байдлаар асуулт асуудаг. Үүнийг шинжээч дүгнэх боломжгүй. Шүүх шинжилгээний тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээч нь эрх бүхий албан тушаалтнаас асуусан мэргэжлийн, тусгай мэдлэг шаардагдах асуултад л хариулна. Харин эрх бүхий албан тушаалтан өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн зөрчил гарсан эсэх нөхцөл байдал, газар дээр нь хийсэн үзлэг болон бичиг баримтын үндэслэл зэргийг өөрөө нотлох үүрэгтэй. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т заасан эрх бүхий албан тушаалтны үндсэн чиг үүрэг юм.

Эрх бүхий албан тушаалтан С.Дархиа “... 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тус компани ус ашиглах гэрээг ******* голын сав газрын захиргаатай нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүчинтэй байна гэж “*******” ХХК маргаж байгаа тул энэ хугацаа хуульд нийцэж байна уу…” гэж шинжээчээс асуусан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын шүүх дээр маргаж байгаа, шүүхээр шийдвэрлүүлэх, шүүхийн эрх хэмжээний хүрээнд дүгнүүлэх хууль зүйн асуудлыг шинжээчээс асуучхаж байгаа юм. Тэгэхээр өмнө дурдсанчлан шинжээч бол тусгай мэдлэгийн асуултын дагуу түүнд нь хариулах эрх бүхий этгээд юм. Улсын байцаагчид холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг тайлбарлуулахаар шинжээчээс асууж, дүгнэлт гаргуулах эрх хэмжээ байхгүй. Өөрөөр хэлбэл манай нэхэмжлэлийн шаардлагын үндсэн асуудлыг шинжээчээр дүгнүүлээд, шинжээч нь үндэслэлгүй байна гэж хариулсан нь бидний шүүхэд маргах эрхийг шинжээчийн дүгнэлтээр шийдвэрлэж байгаа юм.

Монгол Улсад шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ. Шинжээч хэрэгжүүлэхгүй. Мөн Шүүх шинжилгээний тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээч асуусан асуултад хариулах үүрэгтэй. Гэтэл улсын байцаагч С.Дархиа нь шинжээчээс “*******” ХХК 2025 онд гэрээгүйгээр ашигласан усны хэмжээ гэж асуухад Усны газар хариулахдаа тэдэн төгрөг гэж үнийн дүн зааж өгсөн байдаг. Үүн дээр нь үндэслээд эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч С.Дархиа шууд нөхөн төлбөр оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ” гэж заасан байгаа. Энэ тохиолдолд хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, амьтанд шинжилгээ хийлгүүлэх тухай асуух биш хуулийн тодорхой заалт болон гомдол гаргагчийн гомдлын үндэслэлийн талаар шинжээчээс асуулт асуусан байдаг.

Улсын байцаагч С.Дархиагийн хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг хангаагүй, тодорхой ажиллагаа хийлгүүлээгүй, материал, баримттай танилцуулалгүйгээр 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр яаран шийтгэлийн хуудсыг бичсэн. Өөрөөр хэлбэл тухайн өдрийн дараагийн ажлын өдрөөр шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа дуусаж байсан. Тэгэхээр шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа дуусвал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-т заасан үр дагавар үүсэх гээд байсан учраас шууд хуулан бичилт хийсэн.

Мөн процессын маш ноцтой зөрчил байгаа нь Усны газрын шинжээч гэх дүгнэлт гаргаж байгаа 3 хүнд эрх, үүрэг танилцуулсан акт үйлдээгүй. Шинжээчид эрх, үүрэг танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Тиймээс тухайн 3 шинжээч ямар хуулийн хариуцлага хүлээх эсэхийг мэдэхгүй учраас энгийн үгээр хэлэхэд амандаа орсноо буюу дуртайгаа, агуулгаас нь хальж бичиж, дүгнэлт хийж байгаа юм. Тэгэхээр энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх гэдэг үндсэн зарчмыг хангаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэргийн бодит байдлыг тогтоох гэдэг үндсэн зарчмыг огт хэрэгжүүлээгүй байна. Ийм байдлаар процессын болон агуулгын, хууль зүйн ноцтой зөрчил бүхий улсын байцаагчийн шийтгэлийн хуудас гарсан.

“*******” ХХК 2025 онд ашигласан бүх усныхаа төлбөрийг төлчихсөн. Одоогоор төлөгдөөгүй буюу нөхөн төлөгдөх усны төлбөр байхгүй. Тиймээс нөхөн төлбөр гэдэг агуулга сууриараа үндэслэлгүй. Төлсөн нөхөн төлбөрийг дахин төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байна.

Иймд ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиагийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0050217 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

  3.4. Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. Улсын байцаагчаас зөрчлийн хэрэгт шийтгэлийн хуудас гаргахад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд дараах тайлбар гаргаж байна.

1. Хууль зүйн үндэслэл:

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын улсын ерөнхий байцаагчийн баталсан төлөвлөгөөт удирдамжийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 06-нд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийх үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа “*******” ХХК нь 2025 онд ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүйгээр ус ашиглаж буй зөрчлийг илрүүлсэн.

“*******” ХХК-д холбогдох зөрчлийн хэрэгт 25300001131 дугаартай зөрчлийн хэрэг нээж, Усны тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.4.7 усны экологи-эдийн засгийн үнэлгээ, усны үнэ, тариф тогтоох чиглэлээр судалгаа хийх аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох гэж заасны дагуу усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/715 дугаар албан бичгээр Шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 0050215 дугаартай шийтгэлийн хуудсыг бичиж, хариуцагчид гардуулсан.

“Монголжуюаньли” ХХК 2025 оны 11 дүгээр сарын 24-нд ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан.

Уг гомдлын дагуу ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 122/ШШ2026/0006 тоот шийдвэрээр “2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0050215 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлсүгэй” гэж заасны дагуу аймгийн Байгаль орчны газрын 2026 оны 02 дугаар сарын 52 дугаар албан бичгээр Усны газарт Шинжээч томилж, усны нөхөн төлбөр тооцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. Усны газрын 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/174 дүгээр албан бичгээр Шинжээч томилох тухай хариу ирүүлсний дагуу Усны газрын шинжээчийн багийг 2026 оны 3 дугаар сарын 25-нд “Дахин шинжээч томилж, шинжилгээ дахин хийлгүүлэх тухай” тогтоолоор хуулийн дагуу томилсон.

Усны газраас 2026.04.15-ны өдрийн 01/258 дугаар албан бичгээр “Дахин шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай” дүгнэлт 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлснийг тус компанийн гүйцэтгэх захирал Ш.Чуданжий, уурхайн дарга Х.Гүрсоронзон болон өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир нарт шинжээчийн дүгнэлттэй танилцана уу гэж утсаар мэдэгдсэн. Мөн холбогдох мэйл хаягаар хүргүүлсэн боловч ирээгүй тул шийтгэлийн хуудсыг бичиж, монгол шуудангаар илгээсэн. Хариуцагч Х.Гүрсоронзонг хаана байгааг асуухад аймагт байна гэж хариулсан. Х.Гүрсоронзон 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн биеэр ирэхэд дахин танилцуулсан.

2. Гомдол гаргагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь цаасан болон цахим хэлбэртэй байж болно гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг цахимаар илгээсэн.

Хоёр. ******* аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, зөрчлийн хэргийн эрх бүхий албан тушаалтан С.Дархиагийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0050217 дугаартай шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй тухайд дараах тайлбар гаргаж байна.

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 122/Ш2026/0006 тоот шийдвэрийг хүчинтэй гэж ойлгон дахин шинэ акт гаргасан. “*******” ХХК нь 2025 оны 11 дүгээр сарын 24-нд ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өргөдөлдөө зөрчлийн хэргийг хүлээн зөвшөөрч байна, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шинжээч томилж өгнө үү гэж бичсэн байсан.

Дахин шинжээчийн дүгнэлтээр 2025 онд баталгаажуулалт хийж ирүүлсэн усны тоолуурын заалтаар 56768 м3 усыг дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүйгээр ашигласан усанд 386,249,472 (гурван зуун наян зургаан сая хоёр зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан хоёр) төгрөг гарсныг танилцуулахад ирээгүй бөгөөд 2026 оны 04 дүгээр 21-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гүрсоронзонд цахимаас хэвлэж өгөхөд эх хувь дээр танилцах хүсэлтэй байна гэхэд нь, эх хувийг хэргийн материалаас үзүүлэхэд “танилцав 2026 оны 04 дүгээр сарын 21-нд” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. “*******” ХХК-иас ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиад холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0050217 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “... Эрх бүхий албан тушаалтан нь шинжээчийн дүгнэлтийг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан ба шинжээчийн дүгнэлтийг танилцуулахаасаа өмнө буюу 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шийтгэлийн хуудас бичсэн. Энэ нь оролцогчийн шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн. Шинжээч томилохдоо тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор бус зөрчлийн хэрэг нээх болсон үйл баримтыг үндэслэлтэй эсэх болон хуулийн тодорхой зүйл заалтыг тайлбарлуулах, гомдол гаргагчийн гомдлын үндэслэл нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар асуулт асуусан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Мөн 2025 онд ашигласан усны төлбөрийг тоолуураар баталгаажуулан гэрээнд заасан журмаар бүрэн төлсөөр ирсэн тул усны нөөцөд болон усан санд ямар нэгэн хохирол үүсээгүй. 2025 онд ус ашигласан төлбөрийг 3 дахин үржүүлж нөхөн төлбөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь Улсын ерөнхий прокурорын 2021 оны А/94 дүгээр тушаалаар батлагдсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ын 1.1, 2.2, 2.3, 3.1, 3.12 дахь заалтыг зөрчсөн ...” гэж тайлбарлан маргаж байна.

  2. Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  3. ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0050217 дугаартай шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-ийг 2025 онд үйл ажиллагаа явуулахдаа ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүйгээр ус ашигласан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учруулсан нөхөн төлбөрт 386,249,472 төгрөг төлүүлэх шийтгэл оногдуулжээ.

  4. Зөрчлийн хэргийн материалаас үзвэл, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ дахин хийлгүүлэх тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоол гарч шинжилгээний байгууллагын шинжээч Б., Г., Б. нарыг шинжээчээр томилсон (1-р хх-ийн 120 дугаар хуудас), уг тогтоолын дагуу дахин шинжилгээг хийж гарсан дүгнэлтийг Усны газрын 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/258 дугаар албан бичгээр ******* аймгийн Байгаль орчны газарт хүргүүлсэн (1-р хх-ийн 132-134 дүгээр хуудас), шинжээчийн дүгнэлттэй гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гүрсоронзон 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр танилцсан (1-р хх-ийн 132, 139 дүгээр хуудас), гомдол гаргагчийн өмгөөлөгч нараас шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг ******* аймгийн Прокурорын газрын ахлах прокурор О.*******т 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан (1-р хх-ийн 141-143 дугаар хуудас), 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай Прокурорын тогтоолоор уг гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн (1-р хх-ийн 152-154 дүгээр хуудас), улмаар өмгөөлөгч нараас ******* аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт хандан ахлах прокурор О.*******ын шийдвэрийг хүчингүй болгуулах гомдол гаргасныг (1-р хх-ийн 155-157 дугаар хуудас) 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр Прокурорын тогтоолоор хүлээн авахаас татгалзаж, хариу хүргүүлсэн (1-р хх-ийн 159-162 дугаар хуудас) үйл баримт тогтоогдож байна.

  5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй”, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Холбогдогч дараах эрхтэй” гээд 2.6 дахь заалтад “эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах”, 2.9 дэх заалтад “зөрчлийн хэрэгтэй танилцах”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана”, 4.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно.”, 5 дахь хэсэгт “Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно.” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, холбогдогч нь зөрчлийн хэрэгтэй танилцах, зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар гомдол гаргах эрхтэй байна.

6. Тухайн тохиолдолд, эрх бүхий албан тушаалтан С.Дархиа нь маргаан бүхий актыг гаргахдаа оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, тодруулбал зөрчлийн хэргийн холбогдогч, түүний өмгөөлөгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэй байхад гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шинжээчийн дүгнэлтийг танилцуулахаасаа өмнө буюу 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 0050217 дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэг, Монгол Улсын ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр тушаалаар батлагдсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох журам”-ын 3.7, 3.12-т заасан “оролцогчийн шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрх”-ийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

7. Мөн эрх бүхий албан тушаалтан нь тогтоолоор томилогдсон шинжээчид дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг нь танилцуулж, баримтжуулаагүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

8. Хариуцагчийн гаргасан “... Шинжээчийн дүгнэлтийг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “*******” ХХК-ийн дэд захирал Ш.Чуданжийд мэйл хаягаар хүргүүлсэн. Компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гүрсоронзонтой 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр утсаар ярьж шинжээчийн дүгнэлттэй танилцахыг мэдэгдсэн. Гомдол гаргагчийг шинжээчийн дүгнэлттэй мэйлээр болон биечлэн танилцах боломжоор хангасан ...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

Учир нь, 1-р хавтаст хэргийн 137-138, 140 дүгээр хуудсанд эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, мэйл илгээсэн баримт авагдсан хэдий ч энэ нь “*******” ХХК-ийн дэд захирал Ш.Чуданжий тухайн мэйлийг хүлээн авсан, шинжээчийн дүгнэлттэй танилцсаныг нотлох баримт болохгүй, түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гүрсоронзонд маргаан бүхий шийтгэлийн хуудас бичигдсэн өдөр буюу 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцахыг утсаар мэдэгдсэнийг “гомдол гаргагчид шинжээчийн дүгнэлттэй танилцах, гомдол гаргах эрхийг бодитоор олгосон” гэж үзэх боломжгүй юм. 

9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд 1.3 дахь хэсэгт “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”, 1.5 дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох;” гэж тус тус заажээ.

10. Гомдол гаргагч “*******” ХХК-ийн хувьд 2025 онд ус ашиглах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан зөрчил үйлдсэн болох нь хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (1-р хх-ийн 53 дугаар хуудас), зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол (1-р хх-ийн 47 дугаар хуудас), холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 56-57 дугаар хуудас), ******* аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 258 дугаар албан бичиг (1-р хх-ийн 59 дүгээр хуудас), Усны газрын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/627 дугаар албан бичиг, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... гэрээний хугацаа дууссан 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эрх бүхий албан тушаалтны хяналт шалгалт эхэлсэн 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд зөвшөөрөлгүй ус ашигласан үйл баримттай маргахгүй ... ” гэх тайлбараар тус тус тогтоогддог хэдий ч эрх бүхий албан тушаалтан нь усны нөөцөд учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг гаргуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, оролцогчийн шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхийг хязгаарласан нь дээрх байдлаар тогтоогдож байгаа энэ нөхцөлд хариуцагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг бүхэлд нь хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

11. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгох шийтгэлээс зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг салгаж шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл хүн, хуулийн этгээдийн үйлдсэн зөрчил болон уг зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн асуудал хоёр хоёулаа тогтоогдсон, баримтаар нотлогдсон тохиолдолд түүнд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах үндэслэл бүрдэнэ.

12. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулах, Зөрчлийн тухай хуульд хохирол, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргийг хүлээх бөгөөд зөрчлийн улмаас учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг холбогдох хууль, журмын хүрээнд тогтоолгүйгээр “*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус, гомдол гаргагчийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан “шинжээчийн дүгнэлттэй танилцах, гомдол гаргах” эрхийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэв.

13. Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Дархиагийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0050217 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгосугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ЦЭРЭНХАНД