Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/142

 

 

 

 

 

  2025              01          28                                         2025/ДШМ/142

 

 

А.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Манилцэцэг,

шүүгдэгч А.Э-,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/1212 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Д.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Э-д холбогдох эрүүгийн 2406000001799 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

 

Шүүгдэгч А.Э- нь 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “E-mart” худалдааны төвд Б.У-ыг “тэргээрээ хөл цохилоо” гэсэн шалтгаанаар нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөж, гараараа цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солих болохыг мэдэгдэж, хохирогч Б.У- нь өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Д.Батмөнх давж заалдах гомдолдоо: “...миний үйлчлүүлэгч А.Э- нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч,өөртөө дүгнэлт хийж, цаашдаа ийм зүйл хийхгүйгээ амлаж байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй, 90 настай эмээ, 60 гарсан эхийгээ тэжээн тэтгэж, ажил хийж амьдардаг зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. …” гэжээ.

 

Шүүгдэгч А.Э- тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Прокурор Г.Манилцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Прокурорын зүгээс А.Э-д торгох ял оногдуулах санал гаргасан. Учир нь, хохирогчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт А.Э- хохирогчид учирсан хохирлыг баримтаар нэхэмжилсэн тохиолдолд хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Прокурорын зүгээс А.Э- анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, мөн хувийн байдлын хувьд тухайн үед эрхэлсэн тодорхой ажилтай, 90 настай эмээ болон 60 настай эхийгээ асардаг. “E-mart” дэлгүүрт ажилладаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой зэрэг нөхцөл байдлуудыг тодорхойлсон баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Д.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч А.Э- нь 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “E-mart” худалдааны төвд Б.У-ыг “тэргээрээ хөл цохилоо” гэсэн шалтгаанаар нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөж, гараараа цохисноос эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын уг, баруун доод зовхи, баруун хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.У-ын “... “E-mart” худалдааны төвд ажлаа хийгээд байж байгаад уг иргэний хажуугаар тэрэг түрч гарахдаа миний тэргэнд хөлөө цохиод, над руу “хүлээж чадахгүй байна уу” гэж уурлаад, гаръя, зодолдъё гээд байсан. Би тоолгүй ажлаа хийгээд явж байтал тэр ах лифтнээс бууж ирснээ над руу дайраад толгойгоороо намайг мөргөөд “гаръя” гээд салахгүй байсан, салахгүй болохоор нь “би ажлаа хиймээр байна” гээд өөрөөсөө түлхээд холдуулсан чинь намайг заамдаад дарж унагаад нүд рүү цохиод байсан. Хэдэн удаа цохисныг нь санахгүй байна, олон удаа цохиод би биеэ хамгаалаад цээж рүү нь хөлөөрөө жийсэн, тэгээд бид хоёр болиод намайг ална гээд байхаар нь би цагдаа дуудсан юм... Намайг мөргөөд, дарж унагаад нүүр болон нүд хэсэг рүү цохисон юм...” /хх 9-10/ гэсэн мэдүүлэг,

 

“...Б.У-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын уг, баруун доод зовхи, баруун хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8896 дугаар  дүгнэлт /хх 20-21-22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.Э- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч А.Э- нь хохирогч Б.У-тай маргалдах явцдаа нүүр хэсэгт нь мөргөж, гараараа цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Д.Батмөнх “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Д.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/1212 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Д.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН