| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Мөнхзул |
| Хэргийн индекс | 122/2026/0028/З |
| Дугаар | 122/ШШ2026/0023 |
| Огноо | 2026-09-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 122/ШШ2026/0023
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Мөнхзул би ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн иргэн О.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох “Газар өмчлөх өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар өмчлөх шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Энхтуяа шүүхэд 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр ирүүлсэн “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлтдээ: Тус шүүхэд газрын асуудлаар нэхэмжлэл гаргасан Олзхишиг овогтой Энхтуяа миний хүсэлтийг аймгийн Засаг дарга М.******* хангаж, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А/441 тоот захирамжаар надад өмчлүүлэх тухай шийдвэр гарсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нь нэхэмжлэгч О.Энхтуяагийн ******* аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Газар өмчлөх өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар өмчлөх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч аймгийн Засаг дарга нэхэмжлэгчид маргаан бүхий газрын өмчлүүлэхээр 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А/441 тоот захирамж гаргасан байна.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч иргэн О.Энхтуяа нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан ******* аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч иргэн О.Энхтуяа нь “Газар өмчлөх өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар өмчлөх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ О.МӨНХЗУЛ