Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ20176/00150

 

“Хаан” банкны Баян-Өлгий аймаг дахь

салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 543 дугаар шийдвэр,          

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2016/00054 дүгээр магадлалтай,

“Хаан” банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Ө.Серикбол, А.Алтынгүл нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 92.160.475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ө.Серикбол, А.Алтынгүл нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Хаан” банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Үсен шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээ болон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 19.064.874 төгрөг, хүү 3.693.856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159.783 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээний үлдэгдэл 58.333.873 төгрөг, хүү 10.498.179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409.910 төгрөг, нийт 92.160.475 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Серикбол, А.Алтынгүл нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийг 21,6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 7199 дугаартай зээлийн гэрээгээр 65.000.000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай тус тус авсан нь үнэн. Зээлийг зохих журмын дагуу зарцуулж 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээл, түүний хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу саадгүй төлж байсан. Улс орны хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэж иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор бараа материал борлогдохгүй болж сүүлийн хэдэн сар төлбөрөө төлж чадаагүй. Ингэхдээ санаатайгаар төлбөрийг саатуулаагүй. Бид нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээний хугацаа одоогоор дуусаагүй. Бид зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон учир ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт хүсэлт гаргаж 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр авсан зээлийн хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сунгуулсан.

2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээгээр авсан 30.000.000 төгрөгийн зээлийн хугацаа 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусна. Би цаашид гэрээний хугацаа дууссан үед үндсэн зээл, түүний хүүг хугацаа хэтэрсэн хүүгийн хамт бүрэн төлж барагдуулах болно. ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар энэ асуудлаар өмнө нь танай шүүхэд гурван ч удаа нэхэмжлэл гаргаж байсан.

Бидний авсан зээлийг төлж барагдуулах хугацаа болоогүй ба үүрэг хүлээсэн хугацаанд авсан зээл, түүний хүү, хугацаа хэтэрсний хүүг төлж бүрэн барагдуулах болно. Иймд ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Ө.Серикбол, А.Алтынгүл нартай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээ болон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, РД:БК76101971, Шеруши санырау овогт Өсерийн Серикбол, РД:БЮ77092608, Жантекей базархул овогт Ахманы Алтынгүл нараас 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 19.064.874 төгрөг, хүү 3.693.856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159.783 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээний үлдэгдэл 58.333.873 төгрөг, хүү 10.498.179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409.910 төгрөг, нийт 92.160.475 төгрөгийг гаргуулан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ө.Серикбол, А.Алтынгүл нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үндсэн зээлдэгч Ө.Серикбол, А.Алтынгүл нарын өмчлөлийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах, Ү-0213001258 улсын бүртгэлийн дугаартай 160 м.кв талбайтай, 2 давхар 12 өрөө бүхий амины сууц, гарааж складын хамт, Өлгий сумын 9 дүгээр багт байрлах, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0277808 дугаар гэрчилгээтэй 787 м.кв талбайтай газар, Өлгий сумын 4 дүгээр багт Тирлик зах дотор байрлах, Ү-0213003019 улсын бүртгэлийн дугаартай 70 м.кв талбайтай Авдуллали-1 цахилгаан барааны дэлгүүр, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-ийг баримтлан хариуцагч Ө.Серикбол, А.Алтынгүл нарын хөдлөх хөрөнгө болох БӨА 95-58 дугаартай Nissan skyline маркийн суудлын автомашин, гимнастикийн аппарат, цахилгаан бараа жагсаалтаар, гэрийн эд хогшлыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618.753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Серикбол, А.Алтынгүл нараас 618.753 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2016/00054 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 543 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, гэснийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618.753 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ө.Серикбол, А.Алтынгүл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 543 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 212/МА2016/00054 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа эрх хэмжээгээ хэтрүүлж хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгчид ашигтайгаар буюу хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн юм.

Анхан шатны шүүх нь зээлийн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлах хууль болон гэрээнд заасан үндэслэл бүрдсэн эсэх талаар дүгнэлт хийхгүйгээр хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг шаардлагыг ханган шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах ёстой байсан боловч зөвхөн нэг талын эрх ашгийн төлөө анхан шатны шүүх шийдвэрт огт дүгнэлт хийгээгүй, хэрэглээгүй хуулийг заалтыг давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт болгон оруулж байгаа нь хууль бус хэмээн үзэж байна.

Монгол улсын дээд шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар “Давж заалдах шатны шүүхээс гаргах магадлалын тухай” зөвлөмжид нэмэлт өөрчлөлт гэдгийг дараах байдлаар тайлбарласан байна. Нэмэлт, өөрчлөлт гэдэгт найруулга, үг, үсгийн алдаа, тооны засвар ч орохоос гадна тогтоох хэсгийн зарим заалтыг бүхэлд нь өөрчлөх ч тохиолдол хамаарна. Шийдвэрийн зарим заалтыг хүчингүй болгоод оронд нь өөр заалт оруулсан тохиолдол мөн нэмэлт, өөрчлөлтөд хамаарна хэмээн заажээ.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 гэж өөрчлөхдөө анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нь хүртэл нэмэлт өөрчлөлт оруулсан явдал хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл нотлох баримтанд үндэслэж зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар дүгнэлт хийж байгаа явдал нь байж болохгүй явдал хэмээн бодож байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл болгоогүй нотлох баримтын талаар дүгнэлт хийж, магадлалын үндэслэл болгож буй явдал нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн явдал мөн байна. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй. Өмнөх анхан болон давж заалдах шатны шүүх хурлуудаар бид банкны нэмэгдүүлсэн хүүд маргаж байсан боловч бидний маргаагүй мэтээр дүгнэлт хийсэн байна. Нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэл бүрдээгүй, зээлийг эгүүлэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан асуудал болон зээлийг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл байхгүй хэмээн маргасаар байхад шүүх бидний эрхийг зөрчиж буруу дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан асуудалд дүгнэлт хийгээгүй байхад нэмэгдүүлсэн хүү тогтоон шийдвэрлэсэн явдал нь хууль бус байх ба үүнийг давж заалдах шатны шүүх нь нөхөн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.

Анх банктай зээлийн гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусмагц үндсэн зээлийг хүүтэй хамт төлнө гэдэг асуудлыг шүүхэд удаа дараа хэлж байгаа. Банк ашгийн төлөө байгууллагын хувьд мэдээж өөрийн хувийн ашгийг л бодож байгаа. Бид иргэний хувьд 36 сарын хугацаатай зээл авсан ба энэ хугацаандаа зээлээ төлнө гэсэн төсөөлөл буюу бодолтой байгаа. Банк их хэмжээний зээлийг олгоод зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэг талын санаачлагаар гэрээг цуцална гэдэг нь зарчмын хувьд буруу гэж үзэж байна. Банк бид гурвын хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудал явсаар явсаар сүүлдээ банк нэг талын санаачлагаар гэрээг цуцлуулах гэж байна.

Шүүх төвийн сахигчийн хувьд энэхүү асуудалд шударга хандах ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэхүү тэнцвэрт байдлыг хадгалахгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар хуулийг тайлбарласанд маш их гомдолтой байна.

Банк зээлийн гэрээний хуваарьт бидний хүсэлтийн дагуу тухайн үед өөрчлөлтийг оруулж өгөлгүй хугацаа алдсанаас болж бидэнд их хэмжээний хүү бодогдсон байна. Хэрэв шүүхээс зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлах нь зүйтэй гэж үзэж байгаа бол зээлийн гэрээний хүүг багасгаж өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хариуцагч Ө.Серикбол, А.Алтынгүл нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 92.160.475 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан, хариуцагч нар гэрээ цуцалсныг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 65.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар тус тус зээлсэн, энэ талаар маргаагүй байна. /хавтаст хэргийн 5-25 дугаар тал/.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний 5.2.5-т заасан зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн хугацаанд нь бүрэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. 

Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Хариуцагч нар зээлийн төлбөрийг 2015 оны 03 дугаар сараас хойш төлөөгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаанд төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-г зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэйг зохицуулсан Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлт, гэрээ цуцлах үндэслэл нөхцөл зэрэг асуудлыг хуульд нийцүүлэн дүгнэж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар зээлийн хүүг буруу тооцсон талаар тайлбар гаргаж маргаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүүгийн хэмжээг багасгах талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2016/00054 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр төлсөн 618.753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ