Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 429

 

 

 

 Ж.Э, Р.Б нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант

 сумын Засаг даргад холбогдох захиргааны

 хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:       Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                      Г.Банзрагч,

                                                 Д.Мөнхтуяа

                                                 П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:             Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/55 тоот захирамжийг хүчингүй болгуулах”

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0012 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0464 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч Ж.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0012 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э, Р.Б нарын гаргасан Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/55 тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0464 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0012 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0464 дүгээр магадлалыг нэхэмжлэгч Ж.Э би анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх өөрийн онцлог болох нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулаагүй гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Хэргийн үйл баримтын талаар: Нэхэмжлэгч Ж.Э-г Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө бүрэн гүйцэд төлөөгүй, тухайн газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5. Гомдлын үндэслэлийн талаар: Захиргааны шүүхийн онцлог нь нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах үүргийг давхар гүйцэтгэдэг. Шүүх энэхүү хуулиар оноосон үүргээ бүрэн гүйцэт гүйцэтгээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхэд 32 дугаар зүйл 32.1-т заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсэн нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүргээ хангалттай гүйцэтгээгүй байна. Мөн нэхэмжлэгч талд нотлох баримтаа хуулийн шаардлага хангуулж өгөх боломжийг олгоогүй байна. 

6. Энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүх Газрын тухай хуулийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэдэг дүгнэлтийг хийхдээ нэхэмжлэгчийн жилд 102.000 төгрөг төлж байсан үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч талаас гэрээгээ дүгнэе, төлбөрийн хэмжээгээ лавлая гэж хандахад гэрээ дүгнэх шаардлага байхгүй...” гэдэг тайлбар өгсөн захиргааны байгууллагын ажилдаа хайнга, үл тоосон хандлагыг огт дүгнээгүй, тодруулаагүй байна. Нэхэмжлэгч талаас дутуу байж болох ч гэрээний дагуу төлбөрийг төлж байна гэж ойлгож байсан, үүргээ ухамсарлаж байсан байна.

7. Мөн шүүх үндэслэлдээ “... Ж.Э нь газар эзэмших гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээгээ шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгч нарыг газар эзэмших гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нарыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн..” гэдэг дүгнэлтийг хийхдээ илэрхий логик алдаа гаргаж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заахдаа гэрээ нь гэрчилгээний хамт хүчинтэй гэдэг нь гэрээ дангаараа хүчин төгөлдөр биш гэдгийг тодотгосон бөгөөд эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл гэж заагаагүй байна. Талуудад үүрэг болгосон нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга, газрын даамал ч адил гэрээг дүгнэх үүргээ биелүүлээгүй байна. Мөн гэрээ байгуулагдаагүй дүгнээгүй юм бол газрын төлбөрийг хэн яаж тогтоосон зэрэг асуудлыг шүүх тогтоогоогүй буюу хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй. Мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

8. Шүүх нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гол нотлох баримтыг үнэлэхдээ “...гэвч энэхүү 24 хуудас баримт нь Монгол хэл дээр орчуулагдаагүй, хаана, хэдийгээс хэдий хүртэл ямар хугацаагаар эмчлүүлсэн эсэх нь тодорхойгүй... зэрэг шалтгааны улмаас нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ..” гэж дүгнэсэн нэхэмжлэгч талын хуулийн мэдлэг дутмаг, гаргаж өгсөн гол баримтыг хуулийн шаардлага хангуулах боломжоор хангаагүй, цаашлаад хууль зүйн туслалцаа авах, ач холбогдлыг нь ойлгох, эрх үүргийг бүрэн тайлбарлаагүй байна гэж үзэхээр байна.

9. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015, 2016 онд тус бүр 15,15 га газар төмс тарьсан, шийдвэр гарсны дараа дэвтэр болон үйл ажиллагаагаа нөхөн харж, санахад 2014 онд Т-150 трактороор бүрэн хагалж уринш хийсэн, 2015 онд төмс тарьж сургуулийн хүүхдүүдээр хураалгасан, 2016 онд төмс тарьж цэргүүдээр хураалгасан, 2017 онд мөн төмс тарьж цэргүүдээр хураалгасан, хурааж авсны дараа хор цацаж нэг жил өнжөөх шаардлагатай тул 2018 онд ашиглаагүй, 2019 онд ашиглах гэтэл 2019 оны 3 сард маргаан бүхий захирамж гарсан зэрэг үйл баримтыг тогтоогоод байгаа нь шүүх хэргийн үйл баримтыг бус хариуцагчийн гаргасан нэг талын нотлох баримтанд хэтэрхий хөтлөгдөж шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

10. Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, үүний улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлсөн, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохуйц ноцтой алдаа гаргаагүй байна...” гэж дүгнэсэн, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гомдоогүй, анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг минь үнэлсэнгүй, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн тогтоосонгүй гэдэг агуулгаар анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа билээ. Давж заалдах шатны шүүх заавал ноцтой алдаа хайх шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан зарчмынхаа дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа явуулсан эсэхэд хяналт тавих ёстой гэж үзэж байна.

11. Иймд нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн хэргийг шийдвэрлэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0012 дугаартай шийдвэр, энэхүү алдааг залруулаагүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0464 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. 

13. Нэхэмжлэгч Ж.Э, Р.Б нар нь “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “газрын төлбөрөө төлж байсан, 2014 оны 8 дугаар сард гадаадад эмчилгээнд явж 3 жил эмчлүүлж байгаад ирсэн тул хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, гэхдээ 2015 онд уринш хийж, 2016, 2017 онуудад төмс ногоо тариалсан” гэж маргажээ.

14. Маргаан бүхий, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/55 дугаар захирамжаар, ...Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн, иргэн Ж.Э нь “Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн, газрын төлбөрөө төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа ашиглаагүй” гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

15. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, тэдгээрт хууль зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзлээ. 

16. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх, газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагын тавьсан  шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй байна.

17. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Э-д Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 242 дугаар захирамжаар, Жаргалант сумын нутаг Хар толгойн урд 133 га газрыг “үр тариа тарих” зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр Р.Б-ыг бүртгэжээ. Гэвч газар эзэмшигч Ж.Э, Р.Б нар нь 2012-2018 онуудад газрын төлбөрт төлбөл зохих нийт 1078098 төгрөгөөс 718732 төгрөгийг төлж, 359366 төгрөгийг төлөөгүй, мөн эзэмшил бүхий 133 га газрыг 2016-2018 оны хооронд зориулалтын дагуу ашиглаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, тус сумын газар тариалангийн мэргэжилтэн А.О-ийн тодорхойлолт, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ж.Э, Р.Б нарыг байлцуулан тариалангийн газар дээр очиж үзсэн сумын ажлын хэсгийн тэмдэглэл болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

18. Иймд маргаан бүхий Жаргалант сумын Засаг даргын А/55 дугаар захирамжаар, иргэн Ж.Э нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн, газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

19. Түүнчлэн, нэхэмжлэгч Ж.Э-гаас “2014 оны 8 дугаар сард гадаадад эмчилгээнд явж 3 жил эмчлүүлж байгаад ирсэн, иймд хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй” гэсэн тайлбар гарган маргаж, түүний өвчтэй байсныг нотлох баримт хэмээн 24 хуудас баримтыг шүүхэд ирүүлсэн боловч тэдгээр нь нотлох баримтын шаардлага хангахгүй /Монгол хэл дээр орчуулгагүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-н гаргасан тайлбараар монгол хэл рүү орчуулах газар Монгол улсад байхгүй гэсэн тайлбар зэргээс үзэхэд/ тул анхан шатны шүүхээс тэдгээрийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

20. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...анхан шатны шүүхийн шийдвэр, энэхүү алдааг залруулаагүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөх”-ийг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0464 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.ТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧ                                               Б.МӨНХТУЯА