Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 32

 

           

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Төрийн албан хаагчийн 3-р 16 айлын орон сууцны 6 тоотод оршин суух, иргэн Шангас овогт Батаагийн Ядамсүрэн,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4-р баг,12-р гудамж 27 тоотод оршин суух, иргэн Хиад боржигон овогт Агваансүрэнгийн Ариунтуяа нарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох,

        Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн “ Сахилгын шийтгэл ногдуулах тухай “ А/37 болон А/38 дугаартай тушаалуудын Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Б.Ядамсүрэнг Увс аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд, А.Ариунтуяаг  Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа, хариуцагч С.Батжаргал, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, гуравдагч этгээд С.Амраа, Д.Лхамхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Ядамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Улсын Их Хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгууль зохион байгуулах сонгуулийн хорооны гишүүнээр томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаанд дангаараа сонгуулийн хороонд ажиллах санал гаргаагүй. Байнгийн бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах сургалтанд хамрагдаж, нөөцөд бүртгэгдэж, нөөцөд байсан хүмүүсийн бүртгэлээс намайг сонгуулийн хорооны гишүүнээр ажиллах сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарч үүний дагуу ажилласан. Гэтэл дээрх тушаалаар намайг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр үүрэгт ажлаас халах тухай сахилгын шийтгэл ногдуулж миний эрхэлж байсан ажлыг хүлээн авсан. Эдгээр тушаалуудад заасан хууль зүйн үндэслэлүүдийг буруу гэж үзэж байна.Дээрх тушаалуудаар сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2 дахь заалтаар надад сахилгын шийтгэл ногдуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг зөрчсөн учраас дээрх тушаал илт хууль бус гэж үзэж байна. С.Батжаргал дарга нам эвслийн тухай асуудал ярьж, хариуцлага тооцох үндэслэл байхгүй. Түүнээс гадна захиргааны ерөнхий хуулийн дагуу оролцогч талуудын оролцоог хангаж сонсох үйл ажиллагаа хийж, тэр үед гаргасан саналыг шийдвэр гаргахад тусгаж ажиллах учиртай. Тэр үед сонсох үйл ажиллагаа зохион байгуулж байна гэж тэмдэглэл,  протокол хөтлөөгүй.Сонсох үйл ажиллагаа явуулж байгаа бол танилцуулаад төгсгөлд нь та бид хоёр ингэж ярилцлаа гэж зөвшилцөлд хүрч тэмдэглэл бичигдэх байсан. Сая шинээр гаргаж өгч танилцуулсан тэмдэглэлийн агуулга нь зөв байна. Харин зарим ярилцаагүй зүйлийг тэмдэглэлд дурдсан байна.Намайг хэлтсийн даргаар ажиллуулахгүй юм гэхэд төрийн жинхэнэ албанд ажиллуулах нь тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн нийгмийн хариуцлагын асуудал юм. Хөдөлмөрийн харилцаагаар бидний харилцаа зохицуулагдаж байгаа. Сонгуулийн үед Монгол Ардын намаас олон удаа алдаатай бичиг баримтууд ирүүлж, залруулахыг хүсэж, аймгийн сонгуулийн хорооны хуралдаан дээр ажиглагчаар сууя гэж хүсэлт их тавихад бид бүхэн санал хураахад нь суулгая, суулгахгүй гэж санал хураалт явуулахад нь олонхийн саналаар суулгая гээд С.Батжаргал, Алтан нар орж суугаад өөрийнхөө байр суурийг илэрхийлээд, санал хураалтын дүн сонсоод гарч байсан.Мөн дээрх шийдвэрт сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь заалтыг хэрэглээгүй. Иймд Засаг даргын тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Батжаргалын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/37, А/38 дугаар тушаалуудын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож,  аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэлийн шаардлагын дагуу гаргаж өгнө үү..” гэв.

        Нэхэмжлэгч А.Ариунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “...Миний би Агваансүрэнгийн Ариунтуяа нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Улсын Их Хурлын болон амгийн, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр томилогдон ажилласан.

       Сонгуулийн хуулийн дагуу сонгуулийн байгууллагын ажилтны эрх үүргийн хүрээнд сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалд санал бодлоо илэрхийлж, таслах эрхтэйгээр саналаа өгч оролцож байсан нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна.

        Увс аймаг дахь Захиргааный хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд сонгуулийн хорооны гишүүдэд хариуцлага тооцох тухай даалгаагүй байхад сонгуулийн байгууллагад ажилласан төрийн жинхэнэ албан хаагч намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Батжаргал 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/37, А/38 дугаартай агуулага адил боловч албан бичгийн 2 өөр дугаар бүхий бие даасан акт гаргасан.

      Энэ шийдвэр нь төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 буюу сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг зөрчсөн. Би төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг гүйцэтгэхдээ төрийн албаны тухай хуулийн хориглосон заалтууд 13 дугаар зүйл, 15 дугаар зүйл, 40 дугаар заалтуудыг зөрчсөн үйл ажиллагаа байхгүй. Харин даргатай үр дүнгийн гэрээг жил болгон байгуулж, хүлээсэн үүргээ амжилттай сайн биелүүлж дүгнэгдэж ирсэн.

    Би Сонгуулийн ерөнхий хорооноос баталж гаргасан байнгийн бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын хуралдааны дэг зэргийг баримтлан аливаа асуудлыг сонгуулийн хорооны хуралдаанар хэлэлцэхэд баримт материалтай танилцаж санал бодлоо хэлж, дарамт шахалт үзүүлэхгүй, өөрийн үзэл бодол тулгахгүй оролцож хуралдаанаас гарч байгаа шийдвэрт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, зөвхөн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд таслах эрхтэйгээр саналаа өгч ажиллаж байсан. Сахилгын шийтгэл ногдуулахдаа шүүхийн шийдвэр үндэслэв гэж дурдсан ба намайг төрийн албаны хууль болон сонгуулийн тухай хуулд заасан хориглосон үйлдэл гаргасан гэж шүүхийн аль ч шийдвэр дээр тусгагдаагүй. Хамгийн гол нь сонгуулийн хорооноос гарсан шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэлийг хянаж нэр дэвшигчийг бүртгэх, маргаантай байсан тойрог дээр нь нэр дэвшигчийг бүртгэхийг сонгуулийн хороонд даалгасан.

        Аймгийн Засаг даргын Тамгын газраас хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн дагуу аймгийн Тамгын газрын бүх ажилчдын амралтын хувиар гаргаад баталсан. 2016 оны 7 дугаар сарын 20-наас эхлээд би амрах ёстой байсан. Тэгтэл бид амралтаа хуваарийн дагуу амарч чадаагүй байж байтал шууд амралтыг ч биеэр эдлүүлээгүй 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өмнөх Тамгын газрын даргын ээлижнй амралтын талаар гаргасан тушаалыг биелүүлэхгүй ажлаас халах шийдвэр гаргасан нь төрийн албаны тухай хуулйин 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг зөрчиж, хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг зөрчсөн байна.

         Иймд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн “ Сахилгын шийтгэл ногдуулах тухай “ А/37 болон А/38 дугаартай тушаалуудын А.Ариунтуяад холбогдох хэсгийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү... “ гэв.

        Хариуцагч Увс аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Батжаргал шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа нар нь Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр ажилласан.Аймгийн сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 5-р зүйлд заасан “ Хууль дээдлэх,шударга ёсыг сахих, энгийн ойлгомжтой байх, маргааныг шуурхай, үндэслэлтэй , хуулийн хүрээнд шийдвэрлэх “ гэсэн зарчмуудыг удаа дараа зөрчин  сонгуульд оролцож байгаа МАН болон түүний нэр дэвшигчдийн эсрэг шийдвэр гаргаж байсан болох нь тогтоогдсон. Үүнд:

       1/ Аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч А.Хилэнбаатар,Ю.Сайнжаргал, Б.Гомбо нарыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргаж Сонгуулийн тухай хууль зөрчсөн нь нэр дэвшигчдийг бүртгэхийг даалгасан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 16 дугаартай шийдвэрээр,

        2/ Нэр дэвшигч С.Амрааг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийнн 5.1.1-д заасан “хууль дээдлэх “ зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан.Энэ нь МАН болон уг намаас нэр дэвшигч С.Амраагийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 14 дугаартай шийдвэр, уг шийдвэрт аймгийн Сонгуулийн хороо давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 221/МА2016/0426 дугаартай магадлалаар

        3/ Аймгийн сонгуулийн хороо МАН-аас аймгийн ИТХ-ын 25 дугаар тойрогт нэр дэвшиж бүртгэгдсэн Э.Баатарсанг Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тухай аймгийн АН-аас албан бичиг ирсэн гэх үндэслэлээр нэр дэвшигчийн үнэмлэх хуулийн хугацаанд олгоогүй нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-д заасан заалтыг зөрчсөн.Э.Баатарсан сонгуулийн тухай хууль зөрчөөгүй болох нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 95 дугаартай шүүгчийн захирамж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 01 тоот магадлалаар тус тус тогтоогдсон.Нэр дэвшигчийн үнэмлэх олгохгүй байсан эс үйлдлээрээ АН-ыг дэмжиж, МАН болон уг намын нэр дэвшигчийг эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулсан Сонгуулийн хорооны шийдвэрт Б.Ядамсүрэн бодитой нөлөөлж байсан гэж үзэж байна.

     4/ Аймгийн ИТХ-ын 16-р тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Отгонболдын төрсөн ахын эхнэр Д.Дэлгэрхишиг тус тойргийн 1-р хэсэгт санал авах байрны зохион байгуулагчаар ажиллаж байсан нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдсөн тул нэр дэвшигчид хамааралгүй ажилтан томилж ажиллуулахыг хүссэн өргөдлийг сумын сонгуулийн хороонд гаргасан боловч Дэлгэрхишиг нь Отгонболдод хамааралгүй этгээд гэсэн хариу өгсөн тул энэ талаар аймгийн Сонгуулийн хороонд хандахад мөн дээрх хариуг өгсөн.Энэ талаарх нэхэмжлэлийг шүүхэд өгч шүүх хуралдааны явцад Д.Дэлгэрхишигийг сольж ажиллуулахаар тохиролцож эвлэрснийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.

       5/Аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн Д.Насанбаяр нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй байхад нэр дэвшсэн талаарх мэдээллийг аймгийн сонгуулийн хороонд хүргүүлэхэд ог хариу ирүүлээгүй.Энэ асуудлыг сонгуулийн хорооны хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах гэсэн боловч Б.Ядамсүрэн нь тогтоол гаргавал МАН-аас шүүхэд хандана гэж хэлж шийдвэр гаргаагүй нь хуралдааны тэмдэглэлд тодорхой байна.Иймд  аймгийн Сонгуулийн хороо АН-аас нэр дэвшсэн Д.Насанбаярыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч эрх ашиг нь хөндөгдөөгүй этгээд гэсэн үндэслэлээр МАН-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

         6/ Аймгийн ИТХ-ын сонгуулийн 8-р тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Цэндсүрэнгийн эхнэрийн ах /хадам ах/ Д.Батнацаг тус тойргийн сонгуулийн хорооны даргаар томилогдон ажиллаж байгаа нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдал үүсэхээр байх тул нэр дэвшигчид хамааралгүй аижлтан томилж ажиллуулж өгөхийг хүссэн өргөдлийг МАН-аас нэр дэвшсэн Б.Гомбын менежер Б.Баяндалай аймгийн Сонгуулийн хороонд гаргасан.Сонгуулийн хороо уг өргөдлийг хуулийн хүрээнд зөв шийдвэрлэхийн оронд өргөдөл гаргагч өргөдөлдөө “хадам ах” гэж бичсэнийг ашиглан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “ хадам ах “ гэж заагдаагүй тул Д.Батнацагийг өөрчлөх боломжгүй гэсэн хариу өгсөн.Энэ нь АН-аас нэр дэвшигч Д.Цэндсүрэн нь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан учир илт АН-ыг дэмжсэн үйлдэл хийсэн гэж үзэж байна.

        Аймгийн сонгуулийн хороо сонгууль зохион байгуулах явцад хууль дээдлэх, шударга ёсыг сахих, маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх, энгийн ойлгомжтой байх зарчмуудыг удаа дараа зөрчиж байсан болох нь шүүхийн удаа дараагийн шийдвэр, бусад баримтуудаар тогтоогдож байна.Сонгуулийн хорооны хуралдаанаар дээрх асуудлыг шийдвэрлэхэд Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа нар хууль зөрчсөн санал өгч байсан нь Сонгуулийн хорооны шийдвэр алдаатай, буруу гарахад нөлөөлж сонгуульд оролцогч нам болон нэр дэвшигчдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байсан.Сонгуулийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.7-д “ Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж “ сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг “ ойлгоно гэсэн байх тул аймгийн Сонгуулийн хорооны гишүүнийн хувьд Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа нар нь сонгуулийн хорооны тогтоол гарахад хууль зөрчсөн санал гаргаж байсан, аймгийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай хууль зөрчсөн шийдвэр гаргаж байсныг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гаргасан.

       Б.Ядамсүрэнгийн хувьд өнгөрсөн 4 жилийн хугацаанд боловсролын салбарт хэтэрхий улс төржсөн үйлдэл гаргаж байсан. Боловсролын салбарын сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарыг бүгдийг нь солих ажлыг гардан зохион байгуулж байсныг олон түмэн мэднэ. А.Ариунтуяагийн хувьд төрийн албаны шалгалтыг будлиантуулж байсан үйл ажиллагаа явуулж байсан гэж хүмүүс ярьдаг.

       Мөн нэр дэвшигч Баатарсангийн хувьд ардчилсан намын хүмүүстэй уулзалт хийлгэж Насанбаярын хамт бүртгээд явсан. Насанбаяр нь хуулиар хасагдах ёстой хүн байтал Баатарсаныг барьцаалах маягаар сонгуульд орсон үйлдэл гаргасан.

        Иймд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохирсон эрх зүйн үндэслэл бүхий шийдвэр тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... “ гэв.

      Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нарын гаргасан зөрчил бүрийг нь тодорхой дурдаж тайлбарласан. Маргаан бүхий захиргааны акт нь сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2, 29.7, төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэж тухайн захиргааны акт гарсан. Сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр нь бодит байдалд тохирсон эрх зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Түүнээс биш өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан зүйл байхгүй.

       Сонгуулийн хороонд ажиллаж байгаа тухайн гишүүн нь сонгуулийн тухай хууль болон сонгуулийн хорооны хуралдааны дэгийг хэрэгжүүлж ажиллах ёстой байсан. Хавтас хэрэгт нэхэмжлэгч А.Ариунтугийн талаар  гэрч Эрдэнэсүрэнгийн мэдүүлэгт тусгаж өгсөн. Энэ байдлаас харахад аливаа асуудлыг олонхийн саналаар хэлэлцэх зарчмаа зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Монгол Ардын намаас нэр дэвшсэн Баяндалайгийн ирүүлсэн өргөдөлд хариу өгөхдөө зөвхөн өөрийн саналыг тусгасан хариуг албажуулж явуулсан зөрчил гарсан. Энэ нь Сонгуулийн тухай хууль тогтоомжоо зөрчиж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна.МАН-ын гаргасан Насанбаяртай холбоотой өргөдлийг шийдвэрлэхэд Б.Ядамсүрэн сонгуулийн хорооны хуралдаанд “ Тогтоол гаргах шаардлагагүй, албан тоотоор хариу өгөх нь зүйтэй.Тогтоол гаргавал шүүхэд өгч хүчингүй болох талтай, иймээс шийдвэр гаргах боломжгүй гэсэн хариу өгье “ гэсэн тайлбар хэлсэн нь  2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай хурлын тэмдэглэлд  тодорхой дурдагдсан ба үүнээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасан зүйлийг зөрчсөн байна гэдэг нь харагдана.

       Мөн төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь хавтас хэрэгт авагдсан байна. Тухайн сонгуулийн хуралдааны тэмдэглэл, гэрчин мэдүүлэг зэрэг зүйлүүд авагдсан. Нэр дэвшигч С.Амраагийн хувьд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсаар байхад бүртгэж аваагүй давж заалдах гомдол гаргасан.

       Нэр дэвшигч Э.Баатарсангийн асуудал байгаа, захиргааны зөрчил гаргаагүй талаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан байхад маргаад мөн давж заалдах гомдол гаргасан. Гэтэл Насанбаярын асуудал нь өр төлбөртэй гээд шүүхийн шийдвэр гарсныг судлахгүй зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тоотыг үндэслэж, өөрөө өр төлбөргүй гэснийг үндэслээд бүртгэж авсан байдаг. Иймд нэг намд илт үйлчилсэн гэдэг ойлголтыг төрүүлж байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А37, А38 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна...” гэв.

           Гуравдагч этгээд С.Амраа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 07 сарын 22-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байна.

         Би энэ ажлын байранд очоод төрийн албан хаагч байх ёстой талаар судалсан. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 13.1.8 заалтыг судалж унишихад төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч бол энэ хууль дүрмийг хамгийн сайн дээдэлж ажиллах ёстой гэж би ойлгосон. Шүүх хурал дээр надтай холбоотой асуудал яригдаж байгаа учраас иргэн хүний хувьд ганц хоёр зүйл хэлье гэж бодож байна. Сонгуулийн хороонд ажилласан энэ хүмүүс Үндсэн  хуулинд заасан сонгох сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн. Мөн Сонгуулийн хуулийг зөрчсөн нь  хоёр шатны шүүхйин шийдвэр нотлосон. Дараагийн асуудал нь иргэний зүгээс би гомдолтой байгаа. Миний амьдралын эрхэм зорилго гэж байдаг. Энэ эрхэм зорилго бол шударга байх, ард түмэн эх орныхоо төлөө өөрийн чаддаг мэддэг зүйлээрээ хувь оруулж явах юмсан гэсэн зорилготой. Тэгтэл миний амьдралын эрхэм зорилгыг сонгуулийн хороо алдагдуулсан үйлдлийг хийж маш их хохирол амссан. Мөнгөтэй холбоотой хохирлыг дурдахгүй байя, харин миний амьдрах бүхэл бүтэн 4 жилийн хугацааны ард, аймгийн иргэдийн хуралд  сонгогдчоод ард түмэн улс орны төлөө үгээ хэлээд сууж байх эрхэм зорилготой байсныг энэ хүмүүс үл тоосон. Би олон хохирол амссан. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл өнөөдөр Монгол улсад амьдарч байгаа иргэн болгон хуулийг дээдэлж ажиллаж шүүхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой. Энэ шүүхийн шийдвэрийг уландаа гишгэсэн ийм төрийн албан хаагчид өнөөдөр төрийн албанд ажиллах эрхгүй гэж үзэж байна. Энэ удаагийн сонгуулийн жилийн өөрийн ялалтыг хууль дүрмийг зөрчсөн төрийн албан хаагчдыг төрийн албанд ажиллах эрхгүйгээр хариуцлагыг тооцож цаашдаа Монгол улсын сонгуулийн үйл ажиллагаа шударга явагдах ёстой гэдгийг энэ хүмүүсийн асуудлаар ард түмэнд харуулах ёстой гэж зорьсон. Тийм учраас би хүсэлт гаргаж асуудлын төлөө явсан, цаашдаа ч явах болно. Хууль, шүүх шудрага байх  ёстой,  төрийн алба хаагч нар хууль дүрмээ дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс төрд төвийг сахих үзлийг баримталж ажиллах ёстой зарчмыг энэ шүүхийн шийдвэрээс харах байх гэж бодож байна.

            Би төрийн алба  болон хувийн байгууллага нийлээд улсад 26 жил ажилласан. 2008 оноос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Хуулийн заалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагч хурлын төлөөлөгч байж болохгүй гэдэг заалтаар ажлаас чөлөөлөгдсөн. Мөн үргэлжлүүлээд 2008-2012 онд, 2012-2016 онд дахин аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн  дээрх онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгохдоо тэргүүлэгчээр ажилласан. Энэ хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч гэдэг бол Увс аймгийн хэмжээний бодлого шийдвэрийг тодорхойлж хэрэгжилтийг ханган биелүүлэх, үр дүнг тооцдог эрх үүрэгтэй ажилласан. Миний хувьд төрийн албанд тавигдах боловсрол, туршлага, ур чадвар мэргэшсэн байдлаараа Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажил үүргийг гүйцэтгэж чадна гэсэн дүгнэлтийг өөртөө өгч байгаа. Иймд гуравдагч этгээдийн хувьд хуулийн дагуу дээрх хүмүүсийг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

            Гуравдагч этгээд Д.Лхамхүү шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Нэхэмжлэгч А.Ариунтуяа нь Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, сахилгын шийтгэл хүлээсэн байдаг.Төрийн албан хаагч хүн төрийн албан эрхийг хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчийн ёс зүйгээ баримтлах ёстой. Нэхэмжлэгч нар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байж эрхээ эдлэх ёстой зарчмыг ойлгохгүй байна. Иймд А.Ариунтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

        Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүхэд нэхэмжлэгч Б.Ядамсүрэн нь “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/37 болон А/38 дугаартай тушаалуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж Увс аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай”,  нэхэмжлэгч А.Ариунтуяа нь “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн “ Сахилгын шийтгэл ногдуулах тухай“ А/37 болон А/38 дугаартай тушаалуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  гаргажээ.

      Нэхэмжлэгч нар нь шүүхэд тус тусдаа бие даан нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 113 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэгтгэсэн байна.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нар, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа нар нь “ Сонгуулийн хорооны хурлаар хэлэлцэж байгаа асуудалд санал бодлоо илэрхийлж, таслах эрхтэйгээр санал өгч байсан нь Сонгуулийн тухай хуулийн 29.5.2-д заасан зөрчил болохгүй“ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

        Хариуцагч, түүний өмгөөлөгчийн зүгээс “ Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа нар нь сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байхдаа 2016 оны аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд оролцсон Монгол ардын нам, нэр дэвшигчдийг эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийсэн болох нь удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдээр болон хуралдааны тэмдэглэлүүдээр тогтоогдсон байх тул “ Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь үндэслэлтэй “ гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

       Гуравдагч этгээд нарын хувьд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй талаар байр суурь илэрхийлжээ.

       Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн А/37 болон А/38 дугаартай тушаалуудаар Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2, 29.7, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтуудыг баримтлан Увс аймгийн Сонгуулийн хороонд ажиллахдаа 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчийг эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийсэн болох нь удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа нарыг Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр үүрэгт ажлаас нь халжээ.

         Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн А/37 болон А/38 дугаартай тушаалууд нь нь агуулгын хувьд ижилхэн байгаа боловч тус тусдаа бие даасан актын албан бичгийн дугаар авагдсан байгаа болно.

          Нэхэмжлэгч Б.Ядамсүрэн нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2013.01.02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар, нэхэмжлэгч А.Ариунтуяа нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2013.04.15-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтнээр томилогдон, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөн, үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байжээ.

         Нэхэмжлэгч нарыг ажлаас халсан тухай захиргааны акт гарсны дараа Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016.07.22-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар С.Амрааг , 2016.07.24-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар Д.Лхамхүүг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон байна.

        Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Увс аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд нэхэмжлэгч Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа нар томилогдон ажилласан байна.

          Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарыг аймгийн сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Монгол ардын намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан санал өгсөн, мөн  Монгол ардын намын өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд татгалзсан санал өгч байсан зэрэг 6 удаагийн тохиолдлыг Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-д заасан зөрчил гэж үзэж байна.

          Хариуцагчийн тайлбартай холбогдуулан хэрэгт дараах шүүхийн шийдвэрүүд авагдсан байна.

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 14, 16 дугаартай шийдвэрүүдээр Монгол Ардын намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр С.Амраа, А.Хилэнбаатао, Ю.Сайнжаргал, Б.Гомбо нарыг бүртгэхээс татгалзсан аймгийн сонгуулийн хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоон нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан байна.

      Захиргааны хэргийн  Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 221/МА2016/0426 дугаартай магадлалаар 14 дугаартай шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн ИТХ-ын 16-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Отгонболдын төрсөн ахын эхнэр Д.Дэлгэрхишиг тус тойргийн 1 хэсгийн санал авах байрны зохион байгуулагчаар ажиллаж байгаа талаарх маргаанд Улаангом сумын сонгуулийн хороо нэхэмжлэгчтэй эвлэрэн өөр зохион байгуулагчаар солихоор эвлэрсэн эвлэрийг баталж, мөн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 17 дугаартай шийдвэрээр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 27 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Насанбаярыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасуулах тухай Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болж тус тус шийдвэрлэгдэж байсан байна.

       Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 95 дугаартай шүүгчийн захирамж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 01 дугаартай магадлалаар Монгол Ардын намаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч Э.Баатарсанг Сонгуулийн тухай хуульд заасан захиргааны зөрчлийг гаргаагүй гэж үзэн захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзжээ.

      Шүүхийн шийдвэрүүд бүхий маргаан шийдвэрлэгдэхээс өмнө Увс аймгийн Сонгуулийн хороо 2016.06.07-ны өдрийн 50 , 2016.06.20-ны өдрийн 89 , 2016.06.26-ны өдрийн 108 дугаартай албан бичгүүдээр Монгол Ардын нам болон Б.Бямбажаргал, Б.Баяндалай нарт холбогдох хариуг өгч байжээ.

         Хариуцагчийн тайлбарт дурдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбогдох дээрх маргаан бүхий асуудлуудад аймгийн Сонгуулийн хорооны гишүүд ямар байр суурь илэрхийлэн оролцож байсан талаар Увс аймгийн Сонгуулийн хорооны 2016.05.17-ны өдрийн 06, 2016.06.03-ны өдрийн 09, 2016.06.06-ны өдрийн 10, 2016.06.10-ны өдрийн 11, 2016.06.11-ний өдрийн 12, 2016.07.01-ний өдрийн 15, 2016.07.14-ний өдрийн 16 дугаартай тэмдэглэлүүдэд тусгагдсан байна.Эдгээр тэмдэглэлээс үзэхэд аймгийн сонгуулийн хорооны гишүүүнээр ажиллаж байсан Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа нар нь хариуцагчийн тайлбарт дурдагдсан асуудлуудыг хэлэлцсэн хуралдаанд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохгүй байх талаар тайлбар гаргаж саналаа өгчээ.

         Аймгийн Сонгуулийн хороо асуудлыг шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэж байсан нь хэрэгт авагдсан аймгийн сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл, гэрч Д.Баяраа, Б.Бүрнээхүү, Ж.Эрдэнэсүрэн, Н.Энхжаргал, Ц.Баттулга нарын мэдүүлгээр нотлогдож байна.

     Гэрч Б.Эрдэнэсүрэнгийн шүүхэд “Б.Ядамсүрэн Монгол Ардын намаас нэр дэвшигчийн менежер Б.Баяндалайгаас ирүүлсэн өргөдөлд гишүүдийн саналыг сонсохгүйгээр өөрийн бэлтгэсэн төслөөр хариуг албажуулж явуулж байсан “ гэх мэдүүлэг өгсөн байгаа ба асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж байсан талаар бусад гэрчүүд мэдүүлсэн болно.

      Харин нэхэмжлэгч нар нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-д заасан зөрчил гаргасан буюу аймгийн сонгуулийн хорооны хуралдааны үед Монгол Ардын нам болон нэр дэвшигчдийг эсэргүүцсэн агуулга бүхий ямар нэг бодит үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

    Иймд Б.Ядамсүрэн,А.Ариунтуяа нар нь аймгийн Сонгуулийн хорооны асуудал шийдвэрлэх хуралдаанд сонгуулийн хорооны гишүүний хувьд бие даан саналаа өгч байсныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж шүүхээс үзлээ.

       Нэхэмжлэгч Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа нар нь Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан баталгаагаар хангагдах эрхтэй байна.Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсоноос бусад тохиолдолд Төрийн албанаас халагдахгүй байх баталгааг хуульчилж өгсөн байна.

         Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн А/37 болон А/38 дугаартай хоёр тушаал нь Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа гэсэн 2 иргэнд хандсан захиргааны акт ба нэхэмжлэгч нар тушаалын өөрт холбогдох хэсгүүдийг хүчнингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг нэгтгэгдэн шийдвэрлэгдэж байгаа тул тушаалыг бүхэлд нь хүчингүйд тооцон нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

    Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

       Шүүхээс нэхэмжлэгч нарыг ажилд эгүүлэн тогтоон шийдвэрлэж байгаа тул тэдний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “ Дундаж цалин хөлс толорхойлох журам”-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын цалингийн тооцооны карт үндэслэн тооцоолж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

     Тус журамд зааснаар хоолны үнийн хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүйгээр заасан тул сарын цалингаас 25000 төгрөгийг хасч тооцов.Дундаж цалин хөлсийг дараах хүснэгтээр тодорхойлсон бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 2251685 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ядамсүрэнд, 1935674 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ариунтуяад олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ядамсүрэнгийн хувьд:

Тооцоолол

Сарын ажлын өдөр

Ажлаас халагдахаас өмнөх 3 сард авсан цалин

/хоолны мөнгө 25000 төгрөг хассан дүн/

2016 оны 6 сар

1425948 төгрөг

20 хоног

2016 оны 5 сар

1425948 төгрөг

22 хоног

2016 оны 4 сар

1425948 төгрөг

21 хоног

1 сарын дундаж цалин хөлс

1425948 төгрөг

 

1 сарын дундаж ажлын өдөр

 

21 хоног

1 өдрийн дундаж цалин хөлс

67902 төгрөг

 

Ажилгүй байсан хугацаа

2016.07.22-ны өдрөөс 2016.10.18 хүртэл буюу 2 сар 18 хоног

 

Нийт олгох олговор

4074132 төгрөг үүнээс амралтын олговор 1822447 төгрөгийг хасаад

2251685 төгрөг

 

Нэхэмжлэгч А.Ариунтуяагийн хувьд:

Тооцоолол

Сарын ажлын өдөр

Ажлаас халагдахаас өмнөх 3 сард авсан цалин

/хоолны мөнгө 25000 төгрөг хассан дүн/

2016 оны 6 сар

970764 төгрөг

20 хоног

2016 оны 5 сар

970764 төгрөг

22 хоног

2016 оны 4 сар

1210459 төгрөг

21 хоног

1 сарын дундаж цалин хөлс

1050662 төгрөг

 

1 сарын дундаж ажлын өдөр

 

21 хоног

1 өдрийн дундаж цалин хөлс

50031 төгрөг

 

Ажилгүй байсан хугацаа

2016.07.22-ны өдрөөс 2016.10.18 хүртэл буюу 2 сар 18 хоног

 

Нийт олгох олговор

3001882 төгрөг үүнээс амралтын олговор 1066208 төгрөгийг хасаад

1935674 төгрөг

 

        Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн тус бүр 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас нэхэмжлэгч нарт тус бүр 70200 төгрөг гаргуулан олгох нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн А/37, А/38 дугаартай тушаалуудыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Б.Ядамсүрэнг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд, нэхэмжлэгч А.Ариунтуяаг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосугай.

        2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.251.685 / хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга зургаан зуун наян тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ядамсүрэнд, 1.935.674 / нэг сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ариунтуяад тус тус олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугара зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа нараас улсын тэмдэгтийн хураамжинд тус тус урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас тус тус 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ядамсүрэн, А.Ариунтуяа нарт олгосугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ