| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 187/2017/0512/Э |
| Дугаар | 512 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 512
2018 6 22 512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,
шүүгдэгч: Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.овогт Н.А д холбогдох эрүүгийн 1805 0190 50492 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1973 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр иргэн Д. Ү.ыг өөрийн машинаар төлбөртэй хүргэж өгөхдөө машинд нь мартаж буусан “Айфоне 6” загварын гар утсыг Д. Ү.ын эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад худалдан мөнгийг нь завшиж, 590 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.А мэдүүлэхдээ:
Би хохирогчийг эцсийн буудал дээр буулгаад нөгөө талаас нь хүн авсан. Миний машинд суусан тэр хүн хохирогчийн орхисон гар утсыг олж аваад унтраасан байхаар нь би тэр утсыг түүнтэй булаацалдаж байж буцааж авсан. Тэгээд гар утсыг авч хохирогчийг буулгасан газраа буцаж очиход тэр байгаагүй. Би гар утсыг Ц.Дд 100 000 төгрөгөөр зарсан. Одоо хохирогчийн гар утсыг буцаан өгч, мөн Ц.Дд 100 000 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Би хохирогчийн гар утсыг бусдад зарсан буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон 500 000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин ийм зүйл хийхгүй гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч-Д. Ү. мэдүүлэхдээ:
2018 оны 3 дугаар сарын 27-ны өглөө ажилдаа явах гээд Өргөө кино театрын урд талын автобусны буудал дээрээс такси бариад гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр буухдаа гар утсаа мартаад буусан байсан. Цагаан өнгийн Верна загварын автомашинд суусан, улсын дугаарыг нь харж амжаагүй. Миний гар утас “Айфоне 6” загварын, саарал өнгийн гар утас байсан, хар өнгийн гэртэй. Би гар утсаа 2 жилийн өмнө Япон улсаас 1 400 000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би алдсан эд зүйлээ хүлээн авсан. Гар утсаа мартаж буусан машины жолооч нь Н.А гэх хүн мөн байсан. Би Н.Атай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 6, 8 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-И.Ц.Д мэдүүлэхдээ:
Би Амгалан ахаасаа “Айфоне 6” маркийн гар утсыг 100 000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ асуудлын талаар мэдээд худалдаж авсан гар утсыг буцааж Амгаланд хүлээлгэж өгсөн. Мөн Амгалан ахаас 100 000 төгрөгөө буцааж авсан гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
Н.А нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн автомашинаар төлбөртэй таксийн үйлчилгээ эрхэлж, хохирогч Д. Ү.ыг Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр хүргэж өгөөд буулгахдаа түүний машинд нь орхисон “Айфоне 6” загварын гар утсыг Д. Ү.ын эзэмшилийнх болохыг мэдсээр байж бусдад худалдан мөнгийг нь завшиж, 590 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д. Ү., гэрч И.Ц.Д нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулах нь зүйтэй.
Н.А нь хохирогчид “Айфоне 6” загварын гар утсыг буцаан өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х.овогт Н.Аг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.А нь торгох ялыг 1 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН