| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/02596/И |
| Дугаар | 191/ШШ2025/09067 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/09067
2025 10 23 191/ШШ2025/09067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .. тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6,272,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.******* иргэн Ц.*******ын хамт 2010 оны 10 сарын 11-ний өдөр 10 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй иргэн П.ээс зээлж авсан, зээлийн гэрээг бичгээр байгуулсан, нотариатаар гэрчлүүлсэн. 2010 оны 12 сарын 28-ны өдөр иргэн П. Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.*******аас дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү болох 12 490 000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Дээрх шүүхэд Д.*******, Ц.******* нар хариу тайлбар гаргасан боловч Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 сарын 13-ны өдрийн 628 тоот шийдвэрээр 12 544 000 төгрөгийг Д.*******аас гаргуулахаар шийдвэр гарч, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Д.******* 12 544 000 төгрөгийг иргэн П.эд төлж барагдуулсан. Иргэн Д.******* иргэн Ц.*******ын зээлсэн мөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар зээлдүүлэгч П.эд бүрэн төлсөн, бөгөөд уг төлбөрийн 50 хувь болох 6 272 000 төгрөгийн хувьд иргэн Ц.*******, Д.*******ын нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, иргэн Ц.******* уг мөнгийг төлж барагдуулах талаар амлалт өгч баталгаа гаргаагүй, өөрөөр хэлбэл эрх зүйн тодорхой харилцаа үүсээгүй байх тул иргэн Ц.******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэсний дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул 6 272 000 төгрөгийг Ц.*******оос гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.*******тай хамт иргэн Д.тай гэрээ байгуулан тус бүр 17,500,000 төгрөг, сарын 10 хувийн хүүтэй авсан. (2009 оны 02 дугаар сарын 04-нд 15,000,000, 3 дугаар сарын 05-нд 20,000,000) Миний 17,500,000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг зээл, хүүгээс хасаж тооцохоор Д.******* 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр надаас авсан. Бидний ажлууд эрсдэлд орж үүргээ зөрчсөнөөс Д.г төлөөлж М. Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 217 магадлал зээлдэгч нараар төлбөрийг тэнцүү хувааж төлүүлэх шийдвэр гарган бид тус бүр үндсэн зээл 17,500,000, зээлийн хүү 1.000.000, улсын тэмдэгтийн хураамж 198,500, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 50,000, нийт 18,748,500 төгрөг төлж тооцоог дуусгасан. Дээрх магадлалын тооцоонд Д.*******ын 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр авсан 5,000,000 (Таван сая) төгрөг ороогүй тул оногдох хүүгийн хамт нэхэмжлэлээс хасуулж тооцуулах хүсэлтэй, үлдэх 1,272,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, 2011.04.13-ны өдрийн №628 шийдвэр, 2010.12.28 нэхэмжлэл, 2011. 03.01-ний өдрийн хариу тайлбар, 2011. 03.24-ний өдрийн хариу тайлбар, зээлийн гэрээ, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, мэдэгдэх хуудас, монгол шуудангийн дугтуй зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, 2011.11.10-ны өдрийн №1375 шийдвэр, 2023.09.27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, мөнгөн гүйлгээний журнал, №794 шүүхийн гүйцэтгэх хуудас, №217 магадлал, зээлийн тооцоо нийлсэн акт, зээлийн гэрээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүгчийн захирамжаар: 2011.07.26-ны өдрийн №341 шүүхийн гүйцэтгэх хуудас, 2011.07.22-ны өдрийн №4529 шүүгчийн захирамж, 2011.04.13-ны өдрийн №628 шийдвэр, №325 шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2024.03.27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон СБД-ийн шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.*******ын төлбөрийг төлбөр авагч нарт хувь тэнцүүлэн олгох хүснэгт, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэгчийн данснаас мөнгө шилжүүлэх тухай, мөнгөн гүйлгээний журнал зэрэг баримтууд авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ц.*******од холбогдуулан, 6,272,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ. Үүнд:
а/ Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ц.******* нар нь иргэн П.тэй 2010 оны 10 сарын 11-ний өдөр Зээлийн гэрээг байгуулан, 10 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Улмаар П. нь Д.*******д холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд Зээлийн гэрээний үүрэгт 12,490,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Д.******* нь зээлийн гэрээний үүргийг Ц.*******той хамтран хариуцах талаар маргасан боловч Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 сарын 13-ны өдрийн №628 тоот шийдвэрээр хариуцагч Д.*******аас 12,544,000 төгрөгийг гаргуулах шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг шийдвэрийн дагуу Д.******* нь 12,544,000 төгрөгийг иргэн П.эд төлж барагдуулсан буюу иргэн Ц.*******ын хамтран зээлсэн мөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар өмнөөс нь бүрэн төлсөн. Ц.*******, Д.*******ын нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, иргэн Ц.******* уг мөнгийг төлж барагдуулах талаар амлалт өгч баталгаа гаргаагүй, эрх зүйн тодорхой харилцаа үүсээгүй тул Ц.*******оос 6,272,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч Ц.******* нь Д.*******ын хамтаар иргэн П.тэй 2010 оны 10 сарын 11-ний өдөр Зээлийн гэрээг байгуулан, 10 сая төгрөгийг зээлсэн, уг мөнгөн хөрөнгийг хувааж авсан талаар маргаагүй боловч Д.******* нь 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн, буцааж өгөөгүй байгаа тул үүнийг хасаж тооцуулна, Ц.******* нь Д.******* нар нь иргэн Д.тай гэрээ байгуулан тус бүр 17,500,000 төгрөг, сарын 10 хувийн хүүтэй авсан. Үүнээс Д.*******ын зээл 17,500,000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг зээл, хүүгээс хасаж тооцохоор Д.******* 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээж авсан тул нэхэмжлэлээс хасуулж тооцуулах хүсэлтэй, үлдэх 1,272,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж маргажээ.
4. Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно. Үүнд:
5. Иргэн П. болон Д.*******, Ц.******* нарын хооронд 2010.10.11-ний өдөр Зээлийн гэрээг байгуулжээ. Уг зээлийн гэрээний нөхцөлөөр 10 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай байхаар тохирсон, зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч нар хувааж авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна. /хх12-14/
6. Улмаар, зээлдэгч нар нь гэрээгээр тохирсон үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс шалтгаалан, зээлдүүлэгч П. нь зээлийн гэрээний үүргийг шаардаж, Сүхбаатар дүүргийн шүүхэд хариуцагчаар Д.*******ыг тодорхойлон, Зээлийн гэрээний үүрэгт 12,490,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. /хх-9/
7. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №628 шийдвэрээр Д.*******аас Зээлийн гэрээний үүрэгт 12,544,000 төгрөгийг гаргуулж П.эд олгож, Д.*******аас 5,046,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, улмаар №2011.07.26-ны өдрийн №341 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2011.07.22-ны өдрийн №4529 дугаартай шүүгчийн захирамж тус тус бичигджээ.
8. Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2011.08.04-ний өдрийн №325 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Д.*******д холбогдох ажиллагааг явуулжээ.
9. Ийнхүү Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №628 шийдвэрийн дагуу явагдсан ажиллагааг 2024.03.27-ны өдрийн №24/04-214 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болон тухай Нийслэлийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуусгавар болгожээ.
10. Дээрх тогтоолд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №628 шийдвэртэй, 341 тоот гүйцэтгэх баримт бичгийг хянаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 /131, 142/ дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтыг үндэслэн Төлбөр төлөгч ******* *******д холбогдох 201125041074 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ.
11. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн бол Ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана гэж заасан, төлбөр төлөгч Д.*******д холбогдох ажиллагааг төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр хаасан байхаас гадна П.******* нь шүүхийн шийдвэрийн дагуу удаа дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөр төлж байсан үйл баримт тогтоогджээ.
12. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ц.*******од холбогдуулан, П.тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөн хөрөнгийг зээлдэгч нар тэнцүү хувааж авсан боловч зээлдүүлэгч нь хариуцагчаар зөвхөн Д.*******ыг тодорхойлж, шүүхийн шийдвэрээр дан ганц Д.*******аас зээлийн үүрэг болох 12,490,000 төгрөгийг бүхэлд нь төлүүлснээр, Ц.******* нь зээлийн үүргээс чөлөөлөгдсөн буюу зохигчийн хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, хариуцагч Ц.******* уг мөнгөнөөс төлж барагдуулаагүй, эрх зүйн харилцаа үүсээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлээ тодорхойлсныг хариуцагч баримтаар няцаагаагүй байна.
13. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар зохицуулсан.
14. Зохигчийн хооронд нэгэнт гэрээний харилцаа бий болоогүй байхад шүүхийн шийдвэрийн дагуу Ц.*******ын бусдаас зээлсэн, хожим гүйцэтгэх ёстой байсан үүргийг нь Д.******* бусдад /П./ гүйцэтгэсэн, улмаар уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан буцаан шаардах шаардлагад хамаарч байна.
15. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Д.*******ын шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт төлбөрт төлөгчид гүйцэтгэх хуудасны дагуу төлсөн 12,544,000 төгрөгийн 50 хувь болох 6,272,000 төгрөгийг хариуцагч Ц.*******оос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
16. Хариуцагч Ц.******* нь зээлдэгч Ц.гаас авсан зээлийн тооцоо нийлсэн жагсаалт гэх баримтад тусгагдсан 2009.05.18-ны өдөр 5 сая төгрөг хүлээн авав. Хүлээлгэн өгсөн Ц.*******, хүлээн авсан Д.******* гэсэн баримтад үндэслэн Д.*******д 5 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасуулж тооцуулна гэж маргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна энэхүү маргаантай харилцаанд хамааралгүй буюу тусдаа эрх зүйн харилцаанд хамааралтай болохыг тайлбарлаж, маргасныг хариуцагч баримтаар няцаагаагүй, өөрөөр хэлбэл, П. болон Д.*******, Ц.******* нарын хооронд 2010.10.11-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.*******ын шаардлагатай хамааралтай буюу харилцан тооцох боломжтой, тухайн мөнгөн төлбөрөөс хасаж тооцох ёстой гэх маргаангүй үйл баримт, эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.
17. Харин, энэхүү маргаанд хамааралгүй буюу тухайн тусдаа эрх зүйн харилцааны улмаас үүссэн төлбөр тооцооны асуудлаар шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлж, тусад нь нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.
18. Хариуцагч Д.******* нь шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан, уг баримт нь хавтаст хэрэгт авагдсан байсныг шүүх хуралдаанд мэдсэн, мөн уг баримттай танилцсантай холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас баримт гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.*******оос 6,272,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******оос 115,302 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД