2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/10210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, 36-р хороо, Баянмонгол хороолол 416-р байрны 83 тоотод оршин суух, Халх овогт *******-н нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.  

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч О.Дарамринчин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Л.Оюунтөгстэй 2024 оны 11-р сарын 14-ний өдөр 28 дугаартай барилга угсралтын материал түрээслэх гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр түрээслүүлэгч би түрээслэгч Л.Оюунтөгсөд Солонгос улсад үйлдвэрлэсэн 120х60, 120х50, 120х40, 120х30, 120х20, 10х10 булан, 10х20 булан, 240-н булан, 120-н булан зэргийг тус бүр хоногийн 290 төгрөгөөр түрээслэсэн. Түрээсийн төлбөрийг сар бүр төлөх гэрээтэй байсан боловч түрээсийн төлбөрөөс зөвхөн 3,880,200 төгрөг төлж үлдэгдэл үндсэн түрээсийн 50,132,590 төгрөгийг төлөөгүй байна. Тооцоолол хүснэгт хавсаргав.

Гэрээгээр сар бүр төлбөр төлөх байсан бөгөөд энэ хугацаанд төлбөр төлөөгүй бол хоногийн 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр гэрээ байгуулсан бөгөөд энэ алданги 7,519,888 төгрөг тооцогдон нийт үндсэн түрээсийн төлбөр 57,652,478 төгрөг болно. Тооцоолол хүснэгт хавсаргав.

Гэрээ анх байгуулахад барьцаанд 4,000,000 төгрөг байршуулсан бөгөөд үүнийг нийт төлөх төлбөрөөс хасаад 53,652,478 төгрөгийн үндсэн түрээсийн тооцоо гарч байна. Мөн засвартай пум, булангийн төлбөр 173,000 төгрөг, түрээслүүлсэн бараагаа цагийн ажилтан болон тээврийн хэрэгсэл хөлслөн авсан зардал 840,000 төгрөг, анх түрээслэсэн 270 ширхэг 40х120 пумнаас 214 ширхэгийг буцаан өгч үлдэгдэл 56 ширхэгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байна. Үүнийг зах зээлийн ханшаар тооцоолон 3,080,000 төгрөг болно. Тооцоолол хүснэгт хавсаргав. Иймд Л.Оюунтөгсийн орлого, эд хөрөнгөөс түрээсийн төлбөр 46,132,590 төгрөг, алданги 7,519,888 төгрөг, засвартай сапудны төлбөр 173,000 төгрөг, дутуу 56 ширхэг пумны үнэ 3,080,000 төгрөг, цагийн ажилтан болон тээврийн хэрэгсэл хөлсөлсний зардал 840,000 төгрөг, нийт 57,745,478 төгрөг гаргуулах асуудлаар нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхой бус гэсэн шалтгаанаар 2025 оны 9-р сарын 23-ны 191/ШЗ2025/39211 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Лхагвасүрэнгийн Оюунтөгсийг эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү гэжээ /хх-1-2/.

 

2. Хүсэлт гаргагч О.Дарамринчин шүүхэд гаргасан хүсэлтдээ: Оюунтөгсийг эрэн сурвалжлах хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-43/.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, зарлагын баримтууд /хх-4-12/, 2024 оны 11-р сарын 14-ний өдрийн 28 дугаартай барилга угсралтын материал түрээслэх гэрээ /хх-13-14/, Л.Оюунтөгсийн түрээслэсэн пум, булангийн тооцоо нэртэй хүснэгт /хх-15-24/, Л.Оюунтөгсийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-25/, О.Дарамринчин-н иргэний үнэмлэх хуулбар /хх-26/, *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9-р сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/39211 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-27-28/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр Л.Оюунтөгсийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-34/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-32-33/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч О.Дарамринчин нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Лхагвасүрэн-н Оюунтөгс-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, барилга угсралтын материал түрээслэх гэрээний үүрэг шаардана гэж тодорхойлсон байна /хх-1-2/.

 

2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2024 оны 11-р сарын 14-ний өдрийн 28 дугаартай барилга угсралтын материал түрээслэх гэрээ, Л.Оюунтөгсийн түрээслэсэн пум, булангийн тооцоо нэртэй хүснэгт, Л.Оюунтөгсийн иргэний үнэмлэхийн лавлагаа, *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9-р сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/39211 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтаас үзэхэд Л.Оюунтөгс нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тиймээс шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШЗ2025/44969 дугаар захирамжаар Л.Оюунтөгсийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний хаягийн бүртгэл ******* дүүрэг, 42-р хороо, 5-р байрны 9 тоот гэх хаягийн лавлагаа ирсэн байна /хх-34/.

 

Дээрх хаягаар ******* шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тухайн хорооны засаг дарга нь “хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй” болохыг тодорхойлж, баталгаат шуудангийн магадлагаанд “хаягт газар ийм хүн байхгүй” гэх тайлбар бичигдсэн байна /хх-32-33/.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Оюунтөгс нь ******* дүүрэг, 42-р хороо, 5-р байрны 9 тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан тухайн хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, Бяруузана овогт Лхагвасүрэн-н Оюунтөгс-н оршин байгаа хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч О.Дарамринчин нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилж, оршин байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа хаягийг олж тогтоохыг ******* дүүргийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хүсэлт гаргагчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-43/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай, Бяруузана овогт Лхагвасүрэн-н Оюунтөгс-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч О.Дарамринчин /холбоо барих утас-*******/-д мэдэгдэхийг ******* дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч О.Дарамринчин-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.