| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 187/2017/0550/Э |
| Дугаар | 550 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхцэцэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 550
2018 7 02 550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхцэцэг,
шүүгдэгч: Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн Ш овогт Б.Чт холбогдох эрүүгийн 1705 0147 60647 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ш овогт Б.Ч.
Шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21-22 цагийн орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ХИТ-16” баарны хамгаалагч Н.Дыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Ч мэдүүлэхдээ:
Би 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Модны 2-т байдаг караокед 2 найзтайгаа хамт орж нэг шил архи, тус бүр 2 пиво уусан. Тэгээд тог тасрахаар нь гараад хуучин ажилладаг байсан “Хит-16” бааранд орсон. Би бааранд ороод хамгаалагчид өөртэйгээ хамт ажиллаж байсан хүмүүсийн нэрийг хэлж “тийм хүн ажиллаж байна уу” гэж асуутал “тийм хүн байхгүй” гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би түүнийг зөрүүлж заамдахад араас Д миний хоолойг боохоор нь 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохисон. Тэгж байтал гаднаас хамт явсан 2 найз маань ирээд биднийг салгасан. Хохирогчид 800 000 төгрөг өгсөн. Улсын яллагчаас санал болгож байгаа 450 000 төгрөгөөр торгох ялыг би сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Д мэдүүлэхдээ:
Би өөрийн төрсөн ах Д.Стэй хамт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХИТ-16” нэртэй баарыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг юм. Би өөрөө тухайн бааранд хамгаалагчаар ажилладаг бөгөөд манай ах Д.С нь захирлаар ажилладаг. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21-22 цагийн орчимд манай бааранд гаднаас хэсэг залуучууд ирж үйлчлүүлсэн бөгөөд тэдгээр залуучууд бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэд нарыг бааранд орж ирэх үед би гадаа хамгаалагчаар ажиллаж байсан. Гэтэл манай зөөгч эмэгтэй гарч ирээд дотор зодоон болоод байна гэж хэлсэн. Намайг баар руу ороход баарны дижи ажилтай Зулаагийн баруун талын хөмсөг нь хавдсан байдалтай, нэг залуу намайг мөргөчихлөө гэж хэлсэн. Харин Д.Сг нэг залуу заамдаад зогсож байсан бөгөөд над руу нэг өндөр залуу ирээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залууг барьж аваад коридор руу гараад хэрэггүй гээд тайвшруулах гэтэл тэр өндөр залуу муухай орилсон. Тэр үед миний араас гурван хүн хүрч ирээд хоёр нь миний хөлнөөс өргөөд газарт унагаасан бөгөөд намайг газарт унасан байхад дээрээс цохиж зодож байсан. Би тэд нарыг өөрөөсөө холдуулж түлхээд гараад зугтаахад тэдгээр залуучууд намайг зодох гэж хөөсөн. Би баарнаас гараад зугтаасан. Намайг цохисон өндөр залуугийн царай төрхийг харсан. Нөгөөх нь урьд “ХИТ-16”-д ажилладаг байсан залуу гэж байсан. Бусдыг нь би хараагүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ намайг 10 залуучууд зодсон гэж мэдүүлсэн. Би андуурч мэдүүлсэн байна. Учир нь надтай маргалдсан Ч болон түүний найз хоёр залуутай зэрэг орж ирсэн үйлчлүүлэгч нарыг хамт явж байсан гэж андуураад 10-аад залуучууд байсан гэж мэдүүлсэн байна. Намайг Ч гэгч нь “би энэ бааранд хуучин ажиллаж байсан учраас та нар хүндлэх ёстой” гэж хэлснээс мөн миний ихэр Д.Стэй маргалдан 1 цохихоор нь би өмөөрөөд очсон чинь “чи хэн бэ” гэж миний нүүрэн тус газар толгой хэсэг рүү цохиод зүүн гарын ядам хурууг хажуу тийш дарж гэмтээсэн. Ч нь намайг ахыгаа өмөөрсөн гэх шалтгаанаар зодсон. Б.Ж надтай маргалдсанаас өөр зодож цохисон асуудал байхгүй. Харин Б.М сүүлд бааранд орж ирсэн. Зодоонд оролцоогүй. Би эмчилгээний зардалд 800 000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Намайг зодсон Ч гэх залуутай би сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 14-18 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Б мэдүүлэхдээ:
Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн үед өөрийн найзууд Ч, Б.М нартай Модны 2-ын орчимд байдаг караокед орох гэж уулзсан юм. Тэгээд Модны 2-ын караокед дуулаад сууж байхад тог тасраад 23 цагийн орчимд гарсан. Тэгээд тэндээсээ гараад Модны 2-т байдаг “ХИТ-16” нэртэй бааранд орохоор болсон. Баарны гадаа би үлдээд надаас өмнө Ч, Б.М нар орсон бөгөөд удалгүй тэр хоёрын араас ороход баарны дотор хүлээн авах хэсэгт нь Чтай баарны хамгаалагч гээд нэг залуу маргалдаад зогсож байсан. Би тэд нар дээр очоод юу болоод байгаа талаар асуухад Ч тухайн баарны хамгаалагчтай маргалдаад зууралдаж эхэлсэн. Тэр үед бужигналдаж эхэлсэн бөгөөд Б.М үүдний хэсэгт зогсоод байж байсан. Тэгээд гаднаас хоёр хамгаалагч орж ирээд Чыг шууд боогоод эхлэхээр нь би тэд нарын дундуур орж маргааныг салгах гэхэд нэг өндөр хамгаалагч нь миний хамар руу цохиод, өшиглөөд байсан. Тэгээд би тэр хамгаалагчийг араас нь хөөсөн бөгөөд нэг ломбард руу ороод тэр залуутай уулзъя гээд дагуулаад гараад ирэх үед цагдаа нар орж ирсэн. Ерөнхийдөө Ч л тэр хүмүүстэй маргалдаад байсан. Бусад нь хөндлөнгөөс харсан, зодооныг болиулах үйлдэл хийж байсан гэжээ. (хэргийн 19- 20 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-Б.Б.М мэдүүлэхдээ:
Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр найзууд болох Б.Ж, Э.Б нартай хамт Модны 2-т байдаг “Кристалл” караокед уулдсан. Тэндээсээ 23 цагийн үед гараад мөн Модны 2-т байдаг “ХИТ-16” нэртэй бааранд орсон. Тухайн үед түрүүлээд Ч ганцаараа орсон. Түүний араас би, миний араас Б.Ж орж ирсэн. Э.Б, Б.Жтай хамт орж ирсэн. Намайг баар руу ороход Ч баарны ажилтантай хэрэлдэж байсан. Тэгээд би тэд нарын дундуур орж маргааныг салгасан бөгөөд Б.Ж, Э.Б хоёр гаднаас орж ирсэн. Тэр үед Ч баарны ажилтантай маргалдаад байсан, сүүлдээ бужигналдаад эхэлсэн. Тэгээд би баарнаас гараад гадаа нь зогсож байсан. Тэгтэл цагдаа нар хүрээд ирсэн гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-Н.Д.С мэдүүлэхдээ:
2017 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө миний ажиллуулдаг Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ХИТ-16 нэртэй бааранд ажлаа хийж байх үед 22 цагийн орчимд үүдний хэсэгт манай баарны зөөгч Золжаргалтай үл таних нэг залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирж уулзаад, хавираад, мангасдаад, дээрээс нь цохиж байгаа харагдсан. Би тэр залуу дээр шууд очиход миний араас нэгдэх нь намхан, хоёр дахь нь бүдүүн залуу ирсэн бөгөөд бүдүүн залуу нь баруун талын гараараа миний зүүн талын нүдний хэсэгт цохисон. Одоо тэр хэсэг нь хөхөрсөн байдалтай байна. Тэр үед манай хамгаалагч Д гаднаас орж ирэх үед Дын араас дахиад үл таних дөрвөн залуу орж байгаа харагдсан бөгөөд яг зодуулж байх үеийг хараагүй. Тэр үед жижиг нуруутай залуу нь миний ард гарч байгаад хоолой боосон. Тэр үед Золжаргалыг зодож байсан согтуу залуу болон махлаг залуу нь миний баруун зүүн гар талд зогсоод миний гарыг ард талд өчсөн байсан. Би тухайн үед боолтонд орж манараад огцом хөдөлж гараад цагдаад дуудлага өгсөн. Намайг баарны гадаа хашаан дотор байхад намайг зодсон гурван залуу гарч ирсэн бөгөөд тэд нар дээр нэмэгдэж бүсэлхий хэсэгтээ жижиг цүнх үүрсэн залуу ирээд миний хөл рүү өшиглөөд байсан. Би тэр үед цагдаад дуудлага өгсөн байсан бөгөөд цагдаа нарыг ирэх хооронд бааран дотор Дыг зодож байсан дөрвөн залуу зам дээрээс машинд суугаад яваад өгсөн бөгөөд бүсэлхий хэсэгтээ жижиг цүнх үүрсэн залуу мөн зугтаасан гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14084 тоот дүгнэлтэд:
1. Н.Дын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун сарвууны 3 дугаар хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
Б.Ч нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 98 дугаар хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21-22 цагийн орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ХИТ-16” баарны хамгаалагч, хохирогч Н.Дыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун сарвууны 3 дугаар хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Д, гэрч Ц.Б, Б.Б.М, Н.Д.С, Л.Чаминчулуун нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14084 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Чт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Б.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй болно.
Хохирогч Н.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотойгоор 403 000 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд “...би хохирлын 800 000 төгрөг хүлээн авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш овогт Б.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Чыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Ч нь торгох ялыг 01 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Дд 800 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,
улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН