Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2026/0694

 

 

 

2026 07 28 128/ШШ2026/0694

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Г******* /РД:*******/,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*******, Ш.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчид олгохоос татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.1-д заасны дагуу суманд тасралтгүй 5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах,

1.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар 60 хувиар алдсанд тооцож, холбогдох нөхөн төлбөр олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах.

Хоёр.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Төрийн албаны мөнгөн урамшууллын тухайд миний бие төрийн захиргааны албан тушаалд дараах хугацаанд ажилласан болно.Үүнд:

-Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 13 хүртэл (5 жил 9 сар);

-Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газарт Багийн зохион байгуулагчаар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 23 хүртэл (2 жил 11 сар); мөн Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15 хүртэл (4 жил 1 cap);

-Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Онги-Таац голын сав газрын захиргаанд мэргэжилтнээр 2022 оны 09 дүгээр сарын 15-ний өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. 2024 оны 06 дугаар сарын 03-ний өдөр хэвээр хадгалагдаж байсан албан тушаалд эргэн орсон тул үүнээс хойш одоог хүртэл тасралтгүй 24 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалтын гол нөхцөл шаардлага болох суманд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч гэснийг бүрэн хангаж байна. Мөн Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.1 дэх заалтын гол нөхцөл шаардлага болох суманд тасралтгүй 5 жил, түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч гэснийг бүрэн хангаж байна. Мөн журмын 2.3 дахь заалтын гол нөхцөл шаардлага болох тухайн төрийн захиргааны алба хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн тасралтгүй байх гэснийг бүрэн хангаж байна. Миний ажиллаж байсан сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, багийн зохион байгуулагч, хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн зэрэг албан тушаал нь Засгийн газрын 2022 оны Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай 487 дугаар тогтоолын хавсралтад зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарна. Энэ нь журмын 2.1-д заасан Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд гэснийг бүрэн хангаж байна. Хууль болон журамд заасан төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох гол гурван нөхцөл шаардлагыг би бүрэн хангасан гэж өөрийгөө үзэж байна.

Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн тухайд миний бие 2023 оны 02 дугаар сард албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж явахдаа авто осолд орж, нуруу нугасны хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвар алдсан. Уг ослыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн актаар үйлдвэрлэлийн осол гэж тогтоосон. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д заасны дагуу нөхөн төлбөр авах эрхтэй гэж үзэж байна.

Хариуцагч байгууллагын тухайд 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/2059 тоот, нэхэмжлэгчид нөхөн төлбөр, урамшуулал олгохоос татгалзсан хариуг ирүүлэхдээ хууль тогтоомжийг илт буруу тайлбарлан урамшуулал, нөхөн төлбөр олгохоос зайлсхийн миний эрх ашгийг хохироосон байна гэж үзэж байна.

Үүнд дурдахдаа Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 3.1-д дараах хугацааг энэ журмын 2.1-д заасан тасралтгүй ажилласан хугацаанд хамааруулж тооцно. Журмын 3.1.1-д эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сар хүртэл сараар эмчлүүлсэн хугацаа гэж заасан тэгтэл та энэ хугацаанаас илүү хугацаагаар эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан тухай дурдсан. Миний ойлгож байгаагаар журмын энэ зохицуулалт нь 2.1 дэх заалт буюу 5 жил хүрэхгүй тохиолдолд хэрэглэх заалт буюу нэг ёсондоо төрийн албан хаагчид боломж олгосон зохицуулалт гэж ойлгож байна. Миний хувьд 3.1 дэх заалт хамаарахгүй. Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл (5 жил 9 сар), мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газарт Багийн зохион байгуулагчаар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл (2 жил 11 сар); мөн Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл (4 жил 1 сар), Онги-Таац голын сав газрын захиргаанд мэргэжилтнээр 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс чөлөө авах хүртэл 5 сар гээд тасралтгүй ажилласан хугацаа байна. Мөн та сүүлийн 5 жил тасралтгүй ажиллаж байгаа тул мөнгөн тэтгэмжид хамрагдана гэж үзэхэд хүргэсэн байна гэж дурдсан. Төрийн албаны тухай хуулийн 51.3, Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.1 дэх заалтад сүүлийн 5 жил тасралтгүй ажиллаж байгаа гэсэн үг байхгүй байна.

Мөн тус сав газрын захиргааны дарга С.Д******* нь үйлдвэрлэлийн ослын улмаас нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж дурдсан. Миний ойлгож байгаагаар манай сав газрын захиргаанд өөрийн мэдлийн төсөв байхгүй, бүх төсөв нь дээрээс буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хуваарилагдаж ирдэг. Үүнд төрийн албан хаагчийн нөхөн төлбөртэй хамааралтай зардал ирдэггүй учир тус сав газрын захиргааны дарга С.Д******* нь нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Энэ шийдвэр нь зөвхөн хариуцагчаас гарна гэж үзэж байна. Иймд хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас гаргасан 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/2059 тоот нь миний хууль ёсны эрх ашгийг илтэд хөндсөн, мөн Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 83 дугаар тогтоолд дурдсан үйл баримттай зөрчилдсөн, хууль бус гэж үзэж байна.

2.2.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие 2005 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Экологи, байгаль хамгаалал мэргэжлээр дүүргээд, 2006 онд төрийн албаны шалгалт өгч тэнцэн нөөцөд бүртгэгдэн, 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдон тус сумандаа нийт 5 жил 9 сар ажилласан. Ингээд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шилжин ирж ахин төрийн албаны шалгалт өгч тэнцэн нөөцөд бүртгэгдэн, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газарт Багийн зохион байгуулагчаар томилогдон 2 жил 11 сар, Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр 4 жил 1 сар ажиллаад 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Онги-Таац голын сав газрын захиргаанд мэргэжилтнээр шилжин томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Онги-Таац голын сав газрын захиргаанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа буюу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийн шилжих шөнө Улаанбаатар хотод албан томилолтоор яваад буцах замдаа авто осолд орж нуруу нугасны хүнд бэртэл аван, Бүсэлхийн L1, L2 нугалмын их биеийн шахагдсан хугарал, нугас дарагдал, нугасны бүрэн бус гэмтэл, аарцгийн эрхтний саа гэсэн оношоор Улаанбаатар хотод Гэмтэл согог судлал үндэсний төвд яаралтай хагалгаанд орж, 8 сар хэвтэрт хүний асаргаанд байж, хөдөлмөрийн чадвар алдсан. Ингээд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дүгээр заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу 3 сар ажлаас чөлөө авсан. Хагалгаанд ороод биеийн байдал дээрдэхгүй байсан тул ахин 3 сараар 4 удаа чөлөөгөө сунгаад жил гаруй биеэ эмчлүүлж байгаад биеийн байдал дээрдсэн тул хүсэлт гаргаж 2024 оны 06 дугаар сарын 03-ний өдөр хэвээр хадгалагдаж байсан албан тушаалд эргэн орсон. Чөлөөтэй байсан хугацаанд Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоол гарч Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам хэрэгжиж эхэлсэн байсан. Би чөлөөтэй байсан болохоор энэ журмын талаар мэдээгүй, надад энэ талаар хэл дуулгаагүй, миний материалыг явуулаагүй, шаардлага хангасан бусад албан хаагчдын материалыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам руу явуулж бүгд урамшууллаа авсан. Би ажилдаа эргэн ороод энэ талаар сонсон материалаа бүрдүүлэн хариуцагч руу байгууллагын албан тоотоор 2 удаа /2024 оны 06 дугаар 10-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр/ хүргүүлсэн боловч хариу ирээгүй. Ингээд 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Гомдол шилжүүлэх тухай хариу ирсэн. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ерөнхий сайдад гомдол гаргасан бөгөөд харин энэ гомдлын дагуу 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Гомдол хүргүүлэх тухай хариу, хариуцагчаас 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай татгалзсан хариу ирүүлсэн нь шүүхийн байгууллагад хандаж хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах шаардлага үүссэн.

Мөн листтэй байх хугацаа буюу 2023 оны 03 дугаар сараас 08 дугаар сарыг дуустал буюу 5 сар байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож нийгмийн даатгалын шимтгэл байгууллагаас төлсөн. 2023 оны 09 дүгээр сараас листийн хугацаа дуусаж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоож тэтгэвэрт орсон. Энэ хугацаанаас ажилд орох хүртэл хугацаа буюу 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 06 дугаар сар хүртэл Үйлдвэрлэлийн осол, мэргэшлээс шалтгаалах өвчний сангаас буюу төрөөс хариуцан төлж байсан. Энэ хугацаанд байгууллагаас давхар төлж болохгүй учир нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тасарсан харагдаж байгаа болно. Албан томилолтоор явж байхдаа осолд орсон учир байгууллагын орон тооны бус комисс, цагдаагийн байгууллага, шүүх шинжилгээний алба зэрэг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт гаргасан. Миний бие үйлдвэрлэлийн осолд өртсөн бол нөхөн төлбөр авдаг тухай мэдээгүй, манай байгууллага мөн энэ талаар хэлээгүй. Сүүлд хууль зүйн туслалцаа авахад энэ талаар сонсоод судалж үзэхэд Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой зохицуулалт байдаг гэдгийг мэдсэн. Тиймээс энэ нөхөн төлбөрөө хариуцагч байгууллагаас нэхэмжлэхээр шийдсэн. гэжээ.

2.4.Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-д Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна гэж, мөн тус тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д дараах хугацааг энэ журмын 2.1-д заасан тасралтгүй ажилласан хугацаанд хамааруулж тооцно. 3.1.1.эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацаа гэж тус тус заасан байдаг. Ц.Г******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлэх хүсэлтийн дагуу Онги-Таац голын сав газрын захиргааны дарга С.Д******* 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 13 сар чөлөө олгож нийгмийн даатгалыг ажил олгогчоос олгосон байна. Энэ нь 3.1.1-д хэсгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацаа хамаарахгүй байх гэсэн заалтаас хэтрүүлэн чөлөө олгосон нь тасралтгүй 5 жил гэсэн хугацааг хангахгүй байгаа тул тус яамнаас хүргүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/2059 дугаар албан бичиг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д Гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө гэж заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2026 оны ХЭГ/428 дугаартай албан бичигтэй танилцан дараах хариуг танд хүргүүлж ажилласан байна.

Монгол Улсын Их Хурлаас 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн баталсан Төрийн албаны тухай хууль-нд одоогийн мөрдөж буй Төрийн албаны тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.3 дахь хэсэгт заасан Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална гэсэн хуулийн заалт батлагдан гаргаагүй байна. Харин Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн албаны тухай хууль-ийн шинэчилсэн найруулгаар батлагдан энэ хуулийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан. Тухайн хуульд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Төрийн албаны тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.3 дахь хэсэгт заасан Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална гэсэн заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх үүднээс Төрийн албаны тухай хуулийн 51.3, 60.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 02 сарын 28 өдрийн 83 дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоол баталсан. Дээрх хуулийн хэрэгжиж эхэлсэн хугацаа болон Засгийн газраас баталсан тогтоолын хүрээнд хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс таны ажилласан тасралтгүй 5 жил (60), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал хуулийн нөхцөлийг хангахгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 125 дугаар зүйлд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх харилцааг 125 дугаар зүйлийн 125.4 дэх хэсэгт Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан энэ хуулийн 125.1-д заасан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулж болно гэж хуульчилсан. Онги-Таац голын сав газрын захиргааны даргын тушаалаар баталсан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/02 дугаар Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй байна. Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд нөхөн төлбөр олгох шийдвэр гаргахыг даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2026 оны 428 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас иргэн Ц.Г*******ын гаргасан өргөдлийн дагуу холбогдох мэдээллийг хууль, дүрэмд нийцүүлэн судалж хариу өгөхийг чиглэсэн албан бичиг ирүүлсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан бөгөөд нэгдүгээр үндэслэл, шаардлагыг хүчингүй болгуулах тухай хүсэлтэд хариу өгөхөөр Онги, Тарнын голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ц.Г******* танд 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22/59 дугаартай албан бичгээр хариу өгсөн. Уг хариунд дурдсанаар, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан хаагчид урамшуулал олгох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр томилогдсон албан хаагч тасралтгүй 5 жил ажилласан бол зохих журмын дагуу урамшуулал олгохоор зохицуулсан байдаг. Гэвч уг журмын 2.1-д тасралтгүй ажилласан хугацаанд оруулан тооцох зарим тохиолдлыг мөн тусгасан. Тухайлбал журмын 3.1.1-д эрүүл мэндийн шалтгаанаар 3 сар хүртэлх хугацаагаар эхэлсэн чөлөөг тасралтгүй ажилласнаар тооцно гэж заасан. Цаашид шалгаж үзвэл, гомдол буюу хүсэлт гаргагч Ц.Г******* дээрх албан тушаалд томилогдсоны дараа эрүүл мэндийн шалтгаан үүссэн бөгөөд энэ асуудал 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн байна. Тухайн үеийн Онги, Тарнын голын сав газрын захиргааны дарга эхлээд хуульд заасан үндэслэлээр 3 сарын хугацаатай чөлөө олгосон бөгөөд эрүүл мэндийн байдал сайжраагүй тул дахин 3 сараар сунгаж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 13 сарын хугацаатай чөлөө олгосон байдаг. Журмын 3.1.1-д заасан эхний 3 сарын нэмэгдүүлсэн хугацааг тасралтгүй ажилласнаар тооцох боловч түүнээс илүү гарсан хугацааг тасралтгүй ажилласнаар тооцох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, мөн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан байна. Тодруулбал, өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан үүргээ гүйцэтгэхгүйгээр эмчлүүлэх, сэлгэн ажиллуулах шаардлагатай болсон тохиолдолд түр чөлөөлж, оронд нь орлон гүйцэтгэгч албан хаагч томилохоор зохицуулсан байна. Иймд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл олгосон 3 сарын хугацаатай чөлөөг иргэн Ц.Г*******ын хувьд тасралтгүй ажилласан хугацаанд тооцох боломжгүй харагдаж байна. Харин Онги, Тарнын голын сав газрын захиргааны дарга асан Д******* 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/3 тоот, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/9 тоот, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/14 тоот, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/3 тоот, мөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/5 тоот тушаалуудыг Төрийн албаны тухай хуулийн 46.1.1, журмын 3.1.1-д үндэслэн гаргахдаа иргэн Г*******д үүнээс цаашид чөлөө олгох эрх зүйн зохицуулалт байхгүй байна, иймд эрүүл мэндийн байдлаа магадлуулж, хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосны дараа эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэнэ гэсэн байдаг. Ийнхүү таны ажилласан хугацааг тасралтгүй ажилласнаар тооцох боломжгүй гэдэг асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэвч тухайн үеийн захиргааны дарга хуульд нийцүүлж байсан эсэх нь эргэлзээтэй байгаа тул, олгосон 3 сарын чөлөөнөөс болж иргэн Ц.Г*******д тасралтгүй ажилласан хугацаа байгаа мэт харагдаж байна. Үүнийг няцаах нотолгоо нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа юм. Учир нь журмын 3.5-д төрийн захиргааны албан хаагчийн албан тушаал, тасралтгүй ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт бичиг нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт өөр албан тушаалд шилжүүлэн томилсон тушаал болон холбогдох бусад баримт бичиг байна гэж заасан. Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар Г*******ын ажилласан хугацаа тасарсан байна. Тодруулбал, 2023 оны 03 дугаар сараас эхэлсэн лавлагаанд тухайн даатгуулагчийн төрлийг 21 буюу даатгуулагч 30 хоног буюу түүнээс дээш хугацаагаар эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгааны хуудсаар чөлөөлөгдсөн тохиолдолд ажил олгогч холбогдох шимтгэлийг дангаараа төлнө гэсэн зохицуулалтын дагуу тайлагнасан байна. Энэ төрлөөр ажил олгогч 2023 оны 02 дугаар сараас 08 дугаар сар хүртэл, мөн 2024 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл шимтгэл төлсөн байна. Ажил олгогч хуулийн дагуу 6 сарын хугацаанд шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд 6 сараас илүү хугацаанд төлөх үүрэг хуульд байхгүй. Мөн 2024 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацаанд төлөх ёстой шимтгэлийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан хариуцаж, тэтгэврийн даатгалын санд төлөх шимтгэлийг уг сангаас төлсөн байна. Ингэж үзвэл, Ц.Г*******ын ажилласан хугацаанд 2024 оны 03 дугаар сар хүртэлх 13 сарын завсарлага байгаа тул журмын дагуу тасралтгүй ажилласан 5 жилийн шаардлагыг хангахгүй байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, дээрх хууль зүйн үндэслэлийн хүрээнд Ц.Г*******ын ажилласан хугацаа тасарсан байгаа тул нэгдүгээр шаардлагыг хангах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн осолтой холбогдуулан ажил олгогчоос тэтгэмж олгох тухай шаардлагын хувьд, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллага буюу байгууллагын дотоод журмаар ажилтан эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдах, эсхүл удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд тэтгэмж олгох харилцааг зохицуулж болно. Тэтгэмж олгох эсэхийг өөрийн төсөвт багтаан сав газрын захирал шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Гэвч хэрэгт авагдсан 2019, 2024 оны дотоод журамд уг харилцааг зохицуулсан заалт байхгүй байна. Иймд хуульд болон дотоод журамд зохицуулаагүй харилцаагаар шууд тэтгэмж олгох үндэслэл байхгүй тул хоёрдугаар шаардлагыг мөн хангах үндэслэл байхгүй гэж үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, баримтыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Г******* нь 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар төрийн захиргааны албан тушаалын ТЗ-3 зэрэглэлээр[1],

2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Их-Уул, Ягаан толгойн 6 дугаар багийн зохион байгуулагчаар[2] төрийн захиргааны албан тушаалын ТЗ-1 зэрэглэлээр,

2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төрийн захиргааны түшмэлээр[3] төрийн захиргааны албан тушаалын ТЗ-3 зэрэглэлээр,

2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Онги-Таац голын сав газрын захиргааны газрын Газрын доор усны нөөц, хяналт, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр[4] төрийн захиргааны албан тушаалын ТЗ-5 зэрэглэлээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

3.Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сав газрын захиргаадын удирдлага, мэргэжилтнүүдийн чадавхжуулах сургалтыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулсан, тус сургалтад Газрын доорх усны нөөц, хяналт, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Г******* оролцож, албан томилолтоор ажил, үүргээ гүйцэтгэж яваад ирэх замдаа 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө автомашины осолд өртөж, Онги-Таац голын сав газрын захиргааны Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар Ц.Г*******ыг Үйлдвэрийн орол, хурц хордлогод өртсөн гэж дүгнэсэн бөгөөд актыг Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч баталгаажуулсан байна.

4.Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0628893 дугаартай шийдвэр, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр тус тус нэхэмжлэгчийг хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 24 сараар тогтоожээ.

5.Түүнчлэн нэхэмжлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3 сарын хугацаатай чөлөө олгох хүсэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг үндэслэн Онги-Тааз голын сав газрын захиргааны даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар[5] 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сарын хугацаанд,

2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3 сарын хугацаатай чөлөө олгох хүсэлтийг үндэслэн Онги-Тааз голын сав газрын захиргааны даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар[6] 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 3 сарын хугацаанд,

2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2023 оныг дуустал чөлөө олгох хүсэлтийг үндэслэн Онги-Тааз голын сав газрын захиргааны даргын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай тушаалаар[7] 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны дуустал хугацаанд,

2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 3 сарын хугацаатай чөлөө олгох хүсэлтийг үндэслэн Онги-Тааз голын сав газрын захиргааны даргын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар[8] 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03 сарын хугацаанд,

2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3 сарын хугацаатай чөлөө олгох хүсэлтийг үндэслэн Онги-Тааз голын сав газрын захиргааны даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар[9] 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 сарын хугацаанд тус тус чөлөө олгосон байна.

6.Улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу Онги-Тааз голын сав газрын захиргааны даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар[10] 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Газрын доорх усны нөөц, хяналт, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилогдсон бөгөөд 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар[11] 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Усны чанар экологи, үнэ тариф, төлбөр хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилогдож, тус албан тушаалд одоо ажиллаж байна.

7.Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар Ц.Г*******ын 2008 оны 1 сараас 2013 оны 11 сар хүртэлх /70 сар/ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос цалин хөлснөөс, 2014 оны 1 сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл төлөгдөөгүй, 2015 оны 11 дүгээр сараас 2023 оны 02 сар хүртэлх /87 сар/ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос цалин хөлснөөс тус тус тооцож, 2023 оны 3 сараас 8 сар хүртэл Онги-Таац голын сав газрын захиргаанаас Нэг сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан даатгуулагчийн төрлөөр 550,000 төгрөгөөс 68.750 төгрөгөөр тооцож, 2023 оны 9 сараас 12 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, 2024 оны 1 сараас 5 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдасны тэтгэвэр авагч даатгуулагчийн төрлөөр 660,000 төгрөгөөс 56,100 төгрөгөөр тооцож, 2024 оны 6 сараас хойш цалин хөлснөөс тооцож тус тус төлсөн байна.

8.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчид олгохоос татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.1-д заасны дагуу суманд тасралтгүй 5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

8.1.Улсын Их Хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баталсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална гэж нэмэлт оруулж[12], 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон бөгөөд Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ыг баталсан байна.

8.2.Тус журмын 2.1-д Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна гэж, 3.1-д Дараах хугацааг энэ журмын 2.1-д заасан тасралтгүй ажилласан хугацаанд хамааруулж тооцно: 3.1.1-д эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацаа гэж, 3.5-д Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт бичиг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажилд томилсон, өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан тушаал болон холбогдох бусад баримт бичиг байна, 4.1-д Төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авах хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ажил олгогчид гаргана, 4.3-т Байгууллагын удирдлага энэ журмын 4.1-д заасан хүсэлт, 4.2-т заасан баримтыг хянан үзэж төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

8.3.Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэг-т ажиллаж байгаа, төрийн захиргааны албан тушаалд, тасралтгүй 5 жил буюу 60 сар, түүнээс дээш хугацаанд ажилласан, одоо ажиллаж байгаа албан хаагч таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал авах эрх үүсэхээр байна.

8.4.Уг шаардлагыг хангаж буй төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авах хүсэлтээ, шаардлага хангаж буйг нотлох баримт бичгийн хамт ажил олгогчид гаргах бөгөөд төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу холбогдох албан тушаалтан урамшуулал авах нөхцөл хангасан төрийн захиргааны албан хаагчийн Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянасны үндсэн дээр тасралтгүй ажилласан хугацааг тооцож, байгууллагын удирдлагад танилцуулж, шийдвэрлэхээр зохицуулжээ.

8.5.Онги-Таац голын сав газрын захиргааны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 53 тоот албан бичгээр Ц.Г*******д Төрийн албан тухай хуулийн 51.3 дахь заалтын дагуу мөнгөн урамшуулалыг ажил олгогчоос олгох, тэтгэмж, урамшуулал, дэмжлэг дээр суулгаж өгөх агуулга бүхий хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газарт[13] хандан гаргасан, тус яамны Хяналт, үнэлгээ, аудитын газраас ирсэн ажлын хэсэг уг хүсэлтийг хэлэлцээд чөлөөтэй байсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тасарсан учир мөнгөн урамшуулал олгох боломжгүй талаар тайлбар өгсөн ба Онги-Таац голын сав газрын захиргаанаас 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 69 тоот албан бичгээр Ц.Г*******ын мөнгөн урамшуулал авах хүсэлтийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад уламжилсан байна.

8.6.Үүний дараа Онги-Таац голын сав газрын захиргаанаас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 тоот албан бичгээр Ц.Г*******ын өргөдөл, гомдлын талаарх тайлбар, холбогдох материалыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүлсэн боловч хариу өгөөгүй байна.

8.7.Улмаар Ц.Г*******ас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад хандан Мөнгөн урамшуулал, нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ХЭГ/428 дугаартай албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хүргүүлжээ.

8.8.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 03/2059 тоот албан бичгээр ...Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1-д ... заасан ... шаардлагыг хангахгүй байгаа тул Таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй... гэх хариуг Ц.Г*******д хүргүүлснийг шүүх дараах үндэслэлээр хууль бус татгалзал гэж дүгнэлээ.

8.9.Хэдийгээр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалт нь цаг хугацааны хувьд уг хууль батлагдахаас өмнөх, эсхүл батлагдсаны дараах цаг хугацаанд үйлчлэх эсэхийг нарийвчлан заагаагүй боловч Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын Гурав.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар-т ...Хуулийн төсөл батлагдсанаар эхний жилд дунджаар 1534 хүнд 5.0 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгогдох ба цаашид энэ урамшуулалд жилд дунджаар 1.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Уг зардлын эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ... гэснээс үзвэл хууль тогтоогчоос шаардлага хангасан буюу Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны 1534 албан хаагч-д мөнгөн урамшуулал олгох эрх олгосон байдлаар хуулийг баталсан буюу зөвхөн хууль батлагдсан хугацаанаас хойш 60 сар-ыг авч үзэх бус, хууль батлагдахаас өмнө шаардлага хангаж буй албан хаагчид ч мөнгөн урамшуулал авах эрх нээлтэй байдлаар зохицуулсан гэж үзэхээр байна.

8.10.Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид... гэснийг тухайн хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам үйлчилж эхлэх үед ажиллаж байгаа хуулийн шаардлага хангасан алба хаагч гэж тайлбарлах нь хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийн зорилго, агуулгад нийцэхээр байна.

8.11.Учир нь хуулиар энэхүү урамшуулал авах эрхийг хязгаарласан өөр ямар нэгэн зохицуулалт байхгүй, төрийн захиргааны албан хаагч суманд тасралтгүй 5 жил буюу 60 сар ажилласан байх нь тухайн урамшууллыг олгох гол урьдчилсан нөхцөл байна.

8.12.Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч Ц.Г******* нь 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилласан 70 сар,

2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Их-Уул, Ягаан толгойн 6 дугаар багийн зохион байгуулагчаар томилогдон ажиллаж эхэлснээс хойших хугацаа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх бөгөөд тасралтгүй 60 сар ажилласан байх хуулийн шаардлагыг хангасан, одоо ч төрийн захиргааны албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж байх тул нэхэмжлэгчид Төрийн албан тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.

8.13.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөх зохицуулалтыг хуульчилсан.

8.14.Энэ тохиолдолд ажил олгогч захиргааны байгууллага болох Онги-Таац голын сав газрын захиргаанаас нэхэмжлэгч Ц.Г*******ыг эрүүл мэндийн байдалтай нь холбогдуулан төрийн албанаас түр чөлөөлөөгүй, харин түүний хүсэлтийг үндэслэн 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 5 сар хүртэл чөлөө олгосон, уг чөлөө олгосон тушаалуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон аливаа шийдвэр гараагүй байх тул тасралтгүй ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэх боломжгүй, түүнчлэн захиргааны байгууллагын хуульд нийцээгүй шийдвэр, үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй юм.

8.15.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Төрийн албан тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдан хэрэгжиж эхэлсэн хугацаа /2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр/-аас хойш нэхэмжлэгчийн төрийн захиргааны албанд тасралтгүй 5 жил, түүнээс дээш хугацаанд ажилласан байх хуулийн шаардлагад хамаарах хугацааг тооцон үзсэн нь үндэслэлгүй, дээрх хууль тогтоогчийн үзэл баримтлал, хуулийн зорилгод нийцээгүй, нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан урамшуулал авах төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг эдлүүлээгүй хууль бус шийдвэр байна.

8.16.Иймд нэхэмжлэгчийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчид олгохоос татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.1-д заасны дагуу суманд тасралтгүй 5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар 60 хувиар алдсанд тооцож, холбогдох нөхөн төлбөр олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

9.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно: 125.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин, 125.2-т Энэ хуулийн 125.1-д заасан нөхөн төлбөрийг хоёр болон түүнээс дээш удаа олгохоор хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болно гэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1-д Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна:, 28.1.15-д үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох гэж тус тус заасан.

9.2.Нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр олгох хүсэлтийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандан гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон, түүнчлэн ажил олгогч нь хариуцагч бус Онги-Таац голын сав газрын захиргаа байх бөгөөд хариуцагчийн аливаа хууль бус эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр байхгүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

9.3.Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч Ц.Г*******ас ажил олгогчид хандан үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр авах хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд ажил олгогчид хандан хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

10.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Г*******ын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/2059 дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг, Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.1 дэх заалтад заасны дагуу суманд тасралтгүй 5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг нэхэмжлэгч Ц.Г*******д олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгөөс 35.100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ГАНЗОРИГ